Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1604

 

2018 оны 06 сарын 27 өдөр                       Дугаар 183/ШШ2018/                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Ц.Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... хороо, рапид харш, ... байр, ... тоот хаягт оршин суух ... овогт Б.Г /РД: /-д холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Б.Г, түүний өмгөөлөгч Н.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.                                                                    

 

          

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г нь 2014 оны 8 дугаар сарын 15-нд зээлсэн 4 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар бичиг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлж авсан 4 000 000 төгрөг мөн хугацааны алданги 1 520 000 төгрөг, нийт 5 520 000 төгрөгийг хариуцагч Б.Г гаргуулж өгнө үү гэв. 

 

 

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг би Ц.Таас би зээлж аваагүй юм. Би 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-н Эрээн хотод Ц.Ттай анх танилцсан. Тухайн үед Ц.Т нөхөр Т хамт явж байсан. Бидний хооронд ачаа тээврийг Эрээнээс-Замын үүд рүү яаж зөөх талаар ярилцаж зөвлөлдсөн зүйл байгаа.  Тээвэр хийх машин олдохгүй байна таньд таних, мэдэх жолооч байна уу гэж Т болон Т нар хэлсэн. Би өөрийн мэдэх жолооч руугаа ярьж 10 машин олж өгөхөөр болсон боловч 4 машин л надад олдсон би тээврийн урьдчилгааг авч жолооч нарт өгсөн нь үнэн би тэр мөнгөнөөс өөртөө илүү авч ашиг олсон зүйл байхгүй. Т, Т нарт 4 машин цементыг Эрээн-Замын Үүдын чиглэлд ачаа тээвэрт би туслаж байсан. Үүнээс хойш Т, түүний нөхөр Т нартай огт холбоогүй байсан. Урьд нь 2017 оноос тус шүүхэд  Ц.Т нь 2 удаа нэхэмжлэл гаргаж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй байснаас 2 удаа нэхэмжлэл буцаагдсан. Би Т удаа дараа гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбарыг хуульд зааснаар гаргаж байсан билээ. Иймд би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          

 

           Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Б.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдаанд “... 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20 000 юань зээлсэн, тухайн үеийн ханшаар 4 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагч 2016.08.19-нд зээлийн гэрээг нөхөж байгуулсан, манай нөхөрт цементний үлдэгдэл 4 000 000 төгрөг өгөх нь үнэн болно гэж бичиг мөн хийж өгч байсан иймд зээлийн гэрээний дагуу нийт 5 520 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

 

 

 

         Хариуцагч Б.Г нэхэмжлэгч Ц.Таас би 20 000 юань зээлж байгаагүй, 2016.08.19-нд гудамжинд таараад надруу дайрсаар байгаад таньдаг нотариат дээрээ утсаар яриад дагуулж очоод зээлийн гэрээ байгуулсан, цементийн үлдэгдэл 4000 юань өг гэж нөхөр нь бичиж өг гэхээр нь нөхөрт нь бичиж өгч байсан, баримтыг гараарай засаад шүүхэд ирүүлсэн байна. Тухайн үед цемент зөөх машин жолооч өгөх ажлын хөлсний тооцоог дууссан.Уг зээлийн гэрээний дагуу би 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч Ц.Т 2016 оны 8 дугаар сарын 19-нд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Гас 5 520 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг зээлийн гэрээгээр “Б.Гантулга би Ц.Т 4 000 000 төгрөгийг 2014.08.15-нд зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийн мөнгийг 2016.09.15-нд төлж дуусгана. ...”  гэж харилцан тохиролцсон байна.

 

          Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж хуульд заажээ.

 

          Нэхэмжлэгч Ц.Тын зээлийн гэрээний дагуу шаардаж буй  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хүсэл зоригийн агуулгаас үзэхэд  2014.08.15-ны өдөр зээлсэн 4 000 000 төгрөгийг алдангын хамт нэхэмжилжээ.

 

        Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж маргаж байх тул зээлдүүлэгч зээлдэгчид зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

 

       Гэтэл нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдаанд 2011.08.31-ний өдөр зээлсэн 20 000 юань буюу 4 000 000 төгрөгөө нэхэмжилж байна, 2014.08.15-ны өдөр 4 000 000 төгрөг өгөөгүй, зээлийн гэрээнд он сар нь алдаатай бичигдсэн, зээлийн гэрээг 2016.08.19-нд нөхөж хийсэн гэжээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2016.08.19-ний өдрийн зээлийн гэрээ, “цементний үлдэгдэл 4 000 000 төгрөг өгөх үнэн болно” гэх нотлох баримтуудаар 2011.08.31-нд 20 000 юань зээлсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь нотолж чадахгүй байна./х.х-ийн 3, 64 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтуудын агуулгад 2011.08.31-ний өдөр хариуцагчид 20 000 юань зээлсэн гэх үйл баримттай холбогдохгүй, уг өдрийн үйл баримтыг илэрхийлэхгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

          Нэхэмжлэгч Ц.Т зээлийн гэрээний үндэслэлээ 2011.08.31-ний өдөр зээлсэн 20 000 юань буюу 4 000 000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж буй нь шаардах эрхийн хугацаа дууссан байна.

 

           Нэхэмжлэгч Ц.Т нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх тул нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Т 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.     

 

          Нэхэмжлэгч Ц.Т нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар нотлогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

           Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д  заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Б.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ