Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 17

 

                                                           Ж.Б, Ц.Б нарт холбогдох 

                                                           эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                     Прокурор                                                       Б.Б

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.А, Г.Э

                                     Шүүгдэгч                                                        Ц.Б

                                     Нарийн бичгийн дарга                                  М.Э нарыг оролцуулан

                Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б, Ц.Б нарт холбогдох 1912006850002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэй гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Ж.Б

            Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Ямаатын өвөр гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч овгийн Ц.Б

             Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум Жарантай багийн Урд элстийн гурван цохиот нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан, 

            Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн  Хайрхан сум Жарантай багийн Урд элстийн гурван цохиот нэртэй газраас тус аймгийн Өлзийт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг өөрийн Пронтер маркийн 17-89 АРА улсын дугаартай авто машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

            Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М овгийн Ж.Б-г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овгийн Ц.Б-ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний торгох ялаас 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 632.829 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг гаргуулан авч улсын төсөвт, шүүгдэгч Ж.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 50488 м3 модны үнэ 370.860 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх, 632.829 төгрөгнөөс  хасч хохиролд тооцож, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 17-89 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ц.Б-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Б-ээс хохирлын үлдэгдэл 261.939 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

              Шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Ж.Б намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Намайг гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Би тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг ойлгохгүй байна. Шийтгэх тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан гэжээ. 

               Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсгийг хуульд заасан үндэслэлгүй шийдвэр болсон гэж шүүгдэгч гомдол гаргасан. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ц.Б нь тухайн машиныг өөрийнхөө амьдралд хэрэг болдог гол эд хөрөнгө учраас машиныг битгий хураагаач гэсэн тайлбар гаргасныг харгалзан үзэж, шүүх бүрэлдэхүүн машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв машиныг хураалгүйгээр үнийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэх юм бол давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй. Бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-г 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэйн гурван цохио гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, хохирол 210.943 төгрөгийн хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн, Ц.Б-ыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэйн гурван цохио гэх газраас хууль бусаар бэлтгэсэн 55 ширхэг модыг өөрийн эзэмшлийн Портер маркийн 17-89 АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Б-д холбогдох хэргийг шийдсэн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт ойлгомжгүй байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж, тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох санал гаргаж байна. Учир нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулаад тээврийн хэрэгслийг нь Ц.Б-д буцаагаад олгочихсон байгаа нь хуульд нийцээгүй байна. Ц.Б-ыг гомдлоо татаад авчих гэсэн боловч өөрөө гомдолтой байгаа учраас гомдлыг хэлэлцүүлж байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хүндрүүлж өөрчлөлт оруулж болохгүй. Учир нь машиныг хураах гэж өөрчлөлт оруулахаар хүндэрч харагдах учраас учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ж.Б-ийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэйн гурван цохио гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байдаг. Ж.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг Ж.Б-ийн хувьд тохирсон гэж үзэж байгаа. Иймд Ж.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ж.Б-д зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж шийтгэл оногдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирч байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн Ж.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дах  хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж хуульчилжээ.

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр прокурор 10 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.

             Гэтэл уг яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...яллах дүгнэлтийн хуулбарыг хэзээ авсныг асууна...гэж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нараас яллах дүгнэлт гардаж авсан эсэхийг тодруулж зөрчлийг засуулалгүй, улмаар хэргийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. 

             Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ц.Б-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Т.ДАВААСҮРЭН

                         ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

                                                                          В.ЦЭЦЭНБИЛЭГ