Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 154

 

2020/ШЦТ/154

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Ж.Б, Ц.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж-н Б, Ө овогт Цын Б нарт холбогдох 1912006850002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Урд элстэй гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Жгийн Б /РД:ак82101718/ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Ямаатын өвөр гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овогт Ц-н Б /РД:ае74031072/ 

                       Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн  Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас тус аймгийн Өлзийт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг өөрийн Пронтер маркийн - улсын дугаартай авто машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эийн өгсөн: “...хууль бус мод бэлтгэсэн байна гэж албаны хүмүүсээс мэдсэн, өөр тодорхой юм мэдэхгүй байна. Хууль бусаар бэлтгэсэн модийг экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлэгдэх байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  39-40 хуу/, 

Гэрч Д.Эийн  өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед сумын цагдаа Этой Далт гэх газраар явж байтал - улсын дугаартай Пронтер маркийн машин мод ачсан явж байсан. Зогсоогоод шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод тээвэрлэн явж байсан. Тэгээд сумын цагдаа бид хоёр машинтайн сумын төвд ирж саатуулсан. Би өөрөө Архангай аймгийн Хайрхан суманд байгаль хамгаалагч хийдэг. Хайрхан сумын Жарантай багийн Улаан хус, Хар эрэг гэх хоёр газарт л талбайн тусгаарлалт хийсэн газар байдаг. Урд элстийн гурван цохиот гэх газар мод бэлтгэлийн зөвшөөрөл олгогдсон газар биш. Б надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гээд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ярьж байсан. Би Бд мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байгаа, нэг дэх өдрөөс ирнэ ирэхээр нь аваарай модоо хийгээд авчих, эрхийн бичиг ирэхээр нь хийгээд өгье Улаан хус гэх газраас модоо авна шүү гэж хэлсэн. Мод бэлтгэх эрхийн бичгийг Архангай аймгийн ойн ангиас аваад би болон манай нөгөө байгаль хамгаалагч Ж бид хоёр бичилт хийж өгдөг. Эрхийн бичиг дууссан тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Тухайн үед Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирсэн. Тэр үед нь мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Би холоос ирсэн болохоор явдал чирэгдэл болоод яахав гээд модоо хийчих дараа нь би эрхийн бичиг ирэхээр нь хийгээд өгчихье гээд мөнгийн төлүүлээд Улаан ус, Хар эрэг гэх газрын аль нэгээс нь аваарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 хуу/,

Гэрч Л.Жын  өгсөн: “...тухайн өдөр би хониндоо явж байхад Урд элст гэх газар байдаг Б гэх айлд Өлзийт сумаас ирсэн Б гэдэг залуу - улсын дугаартай Пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд цагаан шувуут гэх газраас мод ачаад явсан. Тухайн үед машинд хэн хэн сууж явсаныг би хараагүй. Тухайн автомашин хол байсан. Ц гэх газар мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон газар мөн эсэхийг мэдэхгүй байна. Манай багийн галын түлээний модыг Жарантай багийн Улаан хус гэх газраас бэлтгэх ёстой гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/, 

Гэрч С.Эийн өгсөн: “...Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Урд Элстэй гэх газар нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлтэй газар биш, талбайн тусгаарлалт хийгдээгүй газар. Манай Хайрхан сум хоёр байгаль хамгаалагчтай мод бэлтгэх эрхийн бичиг хоёулаа олгодог. Хоёр байгаль хамгаалагч 4 багаа хоёр хоёроор нь хариуцаж ажилдаг, Жарантай багийг байгаль хамгаалагч Ж хариуцдаг. Баг хариуцсан байгаль хамгаалагч байхгүй тохиолдолд нөгөө багийн хариуцсан байгаль хамгаалагч явж хяналт шалгалт хийж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Мод бэлтгэх эрхийн бичиг дууссан тохиолдолд өөрөөр мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Манайх мод бэлтгэх эрхийн бичгээ Архангай аймгийн ойн ангиас аваад манай байгаль хамгаалагч нар бичилт хийж иргэдэд олгодог...” гэх мэдүүлэг /хх-ийн  51-53 хуу/, 

Гэрч Д.Мын  өгсөн: “...Урд элстэй нь гурван цохио гэдэг газар нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй газар биш. Жарантай багийн мод бэлтгэх талбай тусгаарласан газар нь Улаан хус, Хар эрэг гэх газрууд ордог...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/,

А.Бын гэрчээр өгсөн: “....би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумаас Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт байдаг баз Бгийнд эхнэр хүүхдийн хамт айлчилж очсон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сум руугаа явах гээд Бд би отор нүүдэлд явах гэсэн юм. Түлээ модгүй болчихоод байна гэсэн чинь Б надаас түлшний мод аваад яв гэхээр нь би өөрийн Пронтер маркийн - улсын дугаартай машиндаа Бгийн бэлтгэсэн байсан модноос ачаад авч явсан. Б надад хэлэхдээ би мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Би Бг мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг нь мэдэхгүй байна. Би Өлзийт сумаас л мод бэлтгэх эрхийн бичиг авч явсан. Хайрхан сумаас мод тээвэрлэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, 

Ж.Бгийн гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хайрхан сумын байгаль хамгаалагч Э-с утсаар залгаад өвлийн түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авах гэсэн юм гэж асуухад Жарантай багийн Улаан хус гэх газраас модоо бэлдэж бай манай зөвшөөрлийн бичиг дууссан зөвшөөрлийн бичиг ирэхээр нь нөхөөд өгч болно гэсэн юм. Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Жарантай багийн Урд элстийн Гурван цохиот гэх газраас түлшний мод бэлтгэсэн байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баз Б эхнэр хүүхдийн хамт айлчилж ирээд хоноод 10 дугаар сарын 31-ний өдөр буцаад явсан юм буцахдаа Б нь надад хандаж Булган аймгийн суманд отороор явах гэж байгаа мод түлээ байхгүй хэцүү байна өөрийнхөө бэлдсэн модоо надад өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би өөрийн бэлдсэн модоо Б-н Пронтер маркийн - улсын дугаартай машинд нь ачиж өгсөн. Улаан хус гэх газраас мод бэлтгэхэд хэцүү шавар намаг ихтэй , уул даваагаар явдаг зам хэцүү болохоор нь гэрийнхээ ойролцоо Урд элстийн гурван цохиот гэх газраас мод бэлтгэсэн юм. Урд элстийн Гурван цохиот гэх газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон газар зөвшөөрөл олгогдсон газар биш. Мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газраас мод бэлтгэж болохгүй талаар би мэднэ. Б Өлзийт сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Хайрхан сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/,

Ц.Бын яллагдагчаар өгсөн: ”...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа Пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү авч явсан. Б надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би түлээний модгүй болчихоод өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ачаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Б мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн, түүнээс надад бол өгөөгүй. Тухайн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2018 онд Улаанбаатар хотоос 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Киа Пронтер маркийн автомашинаа би авсан үнээрээ үнэлүүлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/,

Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “...би өвлийн модоо бэлтгэх гээд мөн цас хүйтрэнэ гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Тэр бэлтгэсэн модоо Бд өгч явуулсан. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Э нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, миний мод бэлтгэсэн газар манай гэрээс ойрхон болохоор явган алхаж очоод модоо бэлтгэсэн. Харин мод бэлтгэсэний дараа Бын пронтер маркийн - улсын дугаартай автомашинаар ачсан. Би цахилгаан хөрөөтэй явсан, өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан. Модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохоор шууд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/,

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэнд: Иргэн Ц.Бын бэлтгэж тээвэрлэсэн мод нь /хуурай шинэс/ нийт тоо ширхэг 55 ширхэг, нийт шоометр 5.4088 м3 шоометр модыг бэлтгэжээ. 5.4088 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 210.943 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07 хуу/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 хуу, 11-12 хуу, 29-31 хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10 хуу, 28 хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 94-97 хуу/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-104 хуу/,

Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-113 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас шүүгдэгч Ж.Б нь зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн  Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас тус аймгийн Өлзийт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг шүүгдэгч Ц.Б нь өөрийн Пронтер маркийн - улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй, 55 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 210.943 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн  Хайрхан сум Жарантай баг, Урд элстийн гурван цохиот нэртэй газраас тус аймгийн Өлзийт сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 5.4088 метр куб хэмжээтэй 55 ширхэг, хуурай шинэс модыг өөрийн Пронтер маркийн - улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эийн өгсөн: “...хууль бус мод бэлтгэсэн байна гэж албаны хүмүүсээс мэдсэн, өөр тодорхой юм мэдэхгүй байна. Хууль бусаар бэлтгэсэн модийг экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлэгдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн  39-40 хуу/, гэрч Д.Эийн  өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед сумын цагдаа Этой Далт гэх газраар явж байтал - улсын дугаартай Пронтер маркийн машин мод ачсан явж байсан. Зогсоогоод шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод тээвэрлэн явж байсан. Тэгээд сумын цагдаа бид хоёр машинтайн сумын төвд ирж саатуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  42-43 хуу/, гэрч Л.Жын  өгсөн: ...тухайн өдөр би хониндоо явж байхад Урд элст гэх газар байдаг Б гэх айлд Өлзийт сумаас ирсэн Б гэдэг залуу - улсын дугаартай Пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд цагаан шувуут гэх газраас мод ачаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/, гэрч Д.Мын  өгсөн: ...Урд элстэй нь гурван цохио гэдэг газар нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй газар биш. Жарантай багийн мод бэлтгэх талбай тусгаарласан газар нь Улаан хус, Хар эрэг гэх газрууд ордог...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/ , Ц.Бын яллагдагчаар өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа Пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү авч явсан. Б надад хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичигтэй мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би түлээний модгүй болчихоод өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ачаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Б мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн, түүнээс надад бол өгөөгүй. Тухайн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би 2018 онд Улаанбаатар хотоос 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Киа Пронтер маркийн автомашинаа би авсан үнээрээ үнэлүүлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу,  Ж.Бгийн  яллагдагчаар өгсөн: ...би өвлийн модоо бэлтгэх гээд мөн цас хүйтрэнэ гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Тэр бэлтгэсэн модоо Бд өгч явуулсан. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Э нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Би ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, миний мод бэлтгэсэн газар манай гэрээс ойрхон болохоор явган алхаж очоод модоо бэлтгэсэн. Харин мод бэлтгэсэний дараа Бын пронтер маркийн - улсын дугаартай автомашинаар ачсан. Би цахилгаан хөрөөтэй явсан, өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан. Модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохоор шууд өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ мөн хуулийн 34.4.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно. гэж тус тус заасан байх бөгөөд Ж.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Э нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан. Модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болохоор шууд өгөөд явуулсан...гэх мэдүүлэг, Ц.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Хайрхан суманд байдаг баз Бгийнд очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өдөр нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр Бгийн бэлдэж тавьсан модноос өөрийн унаж явсан Киа пронтер маркийн автомашин дээр ачсан юм. Тэгээд би Өлзийт сумын төв рүү явж байх замд Хайрхан сумын цагдаа болон ойн байцаагч нар ирсэн. Тэгээд намайг Хайрхан сумын төв рүү ачсан...гэх мэдүүлэг, Гэрч Л.Жын  өгсөн: ...тухайн өдөр би хониндоо явж байхад Урд элст гэх газар байдаг Б гэх айлд Өлзийт сумаас ирсэн Б гэдэг залуу - улсын дугаартай Пронтер маркийн машинтай ирсэн. Тэгээд цагаан шувуут гэх газраас мод ачаад явсан зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Ж.Бгийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Г.Э нь тухайн модыг гарал үүслийн гэрчилгээгүй, эрхийн биччиггүй гэдгийг шүүгдэгч Ц.Б мэдээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд энэ нь шүүгдэгч Ц.Б нь тухайн модыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авна гэдгийг  мэдээгүй тээвэрлэсэн нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар “…Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ж.Бгийн бэлтгэсэн түлээг өөр сумаас сумын хооронд тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй, мөн Ж.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сум орж мод бэлтгэх эрхийн бичгээ авах гээд ортол мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсан. Тэгсэн байгаль хамгаалагч Э нэгдэх өдөр мод бэлтгэх эрхийн бичиг ирнэ, тэрнээс өмнө модоо бэлтгээд байж бай гэхээр нь модоо бэлтгэсэн байсан. Мод бэлтгэхэд би ганцаараа явсан, надтай хамт хүн яваагүй. Б манайд ирээд отор хийж явна, түлээгүй болчихоод байна, түлээний мод өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийн бэлтгэсэн модоо өгч явуулсан..гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/, гэрч Д.Эийн  өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед сумын цагдаа Этой Далт гэх газраар явж байтал - улсын дугаартай Пронтер маркийн машин мод ачсан явж байсан. Зогсоогоод шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиггүй, мод тээвэрлэн явж байсан. Тэгээд сумын цагдаа бид хоёр машинтайн сумын төвд ирж саатуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/ зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Ж.Бгийн үйлдлийн улмаас 210.943 /хоёр зуун арван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 632.829 төгрөг /зургаан зуун гучин хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөг гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 632.829 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулахдаа шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон 370.860 төгрөгийн үнэлгээ бүхий 50488 м3 хэмжээтэй 55 ширхэг хуурай шинэс модыг гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 261.969 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ, мөн хуулийн  4 дэх хэсэгт  ”...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг гаргуулан авч улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч Ж.Бгээс гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 50488 м3 хэмжээтэй 55 ширхэг хуурай шинэс модны үнэ 370.860 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ж.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

Шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ж.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон хугацааг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний торгох ялын 15 /арван тав/нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Монгол овогт Жгийн Бг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт Цын Быг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний торгох ялаас 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хасаж тооцсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Пронтер маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан авч улсын төсөвт, шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон 5.0488 м3 модны үнэ 370.860 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлөх, 632.829 төгрөгнөөс хасаж хохиролд оруулан тооцож, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Бгээс хохирлын үлдэгдэл 261.939 төгрөгийг гаргуулж. Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.О