Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00556

 

                        

 

 

 

            

 

 

2021           02          23                                        101/ШШ2021/00556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, оршин суух, Б.Б,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Д.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Ц.Г-д холбогдох 17.928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 64.39 метр квадрат хэмжээтэй, 3 өрөө орон сууцыг 2011-09-30-ны өдрийн Ү-220 тоот үл хөдлөхийн гэрчилгээтэй, нэхэмжлэгч Б.Б, Д.А, Б.М, Б.М дөрвөн хүний өмчлөлд байсан. Нэхэмжлэгч Б.Б нь 2015-12-11-ний өдөр хариуцагчийн охин Э.Б-тай (РД: *******) 2015-11-01-ний өдрөөс 2016-11-01-ний өдөр хүртэл 1 жил 2 сарын хугацаатайгаар, сарын 500.000 төгрөгөөр тооцож орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, 2016-11-01-ний өдөр гэрээний хугацааг 2017-05-01-ний өдөр хүртэл 6 сараар сунгасан. Энэхүү гэрээний хугацаанд болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах хугацаанд хариуцагч нь гэр бүлийн бүх гишүүдийн хамт тус орон сууцанд амьдарч байсан. 2018 онд нэхэмжлэгч Б.Б, Д.А нар ярилцаад тус байрыг 100.000.000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Энэ үед хариуцагч 90.000.000 төгрөгөөр банкнаас зээл авч тус орон сууцыг худалдан авах санал тавьж тохиролцсон. Банкнаас зээл авах шаардлагын дагуу 90.000.000 төгрөгийн 30 хувь болох 27.000.000 төгрөгнөөс 2018-05-31-ний өдөр 15.000.000 төгрөг,  2018-06-14-ний өдөр 500.000 төгрөг, 2018-07-24-ний өдөр 500.000 төгрөг, 2018-08-09-ний өдөр 500.000 төгрөг, 2018-08-17-ны өдөр 500.000 төгрөг, 2018-09-12-ны өдөр 1.000.000 төгрөг, 18.000.000 төгрөгийг төлж, үлдэх 9.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул бид банкны шаардлагыг хангахын тулд гэрээ байгуулах үед 18.000.000 төгрөгийг нь өгөөд дараа нь 9.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан.

2018-10-05-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэгч Б.Б нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, банкнаас 63.000.000 төгрөгний зээл авч төлбөрийг төлсөн.

Энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т хариуцагч “2.3-т заасан төлбөр тооцоог бүрэн төлж дуусна" гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчдэд төлөх ёстой 9.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 9.000.000 төгрөг дээр 2018-10-16-ны өдөр нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ц.Г нар нь зээлийн гэрээ байгуулж 2018-10-16-ны өдрөөс 2020-04-16-ны өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500.000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу хариуцагч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Алданги 4.500.000 төгрөг. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээгээр төлөхөөр хүлээсэн 9.000.000 төгрөгийг хугацаанд нь төлсөн бол бид нар тус мөнгөөр хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны ашиг олох эсхүл банкинд хадгалуулж хүүгийн орлого олох ёстой байсан орлого гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтад зааснаар 4.428.000 төгрөг, нийт 17.928.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Орон сууцыг худалдан авсан үеэс хариуцагч нар амьдарч ашиглаж байсан засварт зарцуулсан гэх төлбөр нэхэмжлэлд хамааралгүй, засвар хийсэн төлбөрийг тооцох талаар тохиролцоогүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-10-05-ны өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгийг 90.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 27.000.000 төгрөгийг төлсөн,  үлдэгдэл 63.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлж дуусгахаар хоёр тал харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд байрны урьдчилгаа 27.000.000 төгрөгийн 9.000.000 төгрөгийг дутуу төлсөн тул зээлийн гэрээг байгуулсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарладаг. Б.Б болон Д.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас авах гэрээний дагуу хариуцагчаас авах ёстой үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний төлөгдөөгүй зээл болох 9.000.000 төгрөг, бидний олох ёстой байсан орлого 4.428.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 17.928.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нар иргэн Ц.Г-с зээлийн гэрээний дагуу дээрх мөнгөн дүнгүүдийг шаардах эрхтэй байхын тулд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ буюу хэлцэл байгуулагдсан байх ёстой. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буйгаар 2018-10-16-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний дагуу 13.500.000 төгрөгийг нэхэмжлээд буй уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл.

Тодруулбал: Иргэн Ц.Г нь Б.Б, Д.А нарын үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр худалдах саналын дуудлагыг хүлээн авч Иргэний хуулийн 40.1-т заасанчлан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч, тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч талд гэрээний гол нөхцөл 90.000.000 төгрөгийн үнийг бэлнээр шууд төлөх боломжгүй байсан тул банкнаас мөнгө зээлж үүргийн гүйцэтгэлээ хангахаар болсон байдаг бөгөөд банкны мөнгө зээлэх урьдчилсан шаардлага нь нийт үнийн дүнгийн 27.000.000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байхыг шаардсан байна. Ийнхүү Ц.Г нь өөрт бэлэн байсан 18.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 9.000.000 төгрөгийг төлөх үүргийг хойшлуулан тус үүрэг дээрээ 2018-10-16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нөхцөл байдлаас үзвэл зээлийн гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус хуулийн 56.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүй байсан. Хэдийгээр өнгөц үзвэл хүсэл зоригоо гадагш илэрхийлсэн үйлдэл болох гэрээнд гарын үсэг зурсанаар объектив талыг хангаж буй мэт боловч хүсэл зоригийн дотоод нөхцөл болох субъектив талын тухайн хэлцэл /зээлийн гэрээ/-ийг байгуулах, уг гэрээний дагуу эрх зүйн үр дагаврыг талууд бий болгох хүсэл зориггүй байсан нь нэхэмжлэлд банкнаас худалдан авах нийт үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгааг худалдагчдаа өгсөн байхыг шаардсан бөгөөд тухайн үед хариуцагчид 30 хувь болон 21.000.000 төгрөг бүхэлдээ байхгүй байсан. Тиймээс бид харилцан тохиролцож банкны шаардлагыг хангахын тулд гэрээ байгуулах үед 18.000.000 төгрөгийг нь өгөөд дараа 9.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсоны... хэмээн дурдсанаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэсэг дүнг эргэн төлөх үүргийг хойшлуулах хүсэл зорилготой хэлцэл болох нь илэрхий учир анхнаасаа талуудын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018-10-16-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох учраас зээлийн гэрээний дагуу иргэн Ц.Г-с зээлийн гэрээний үндсэн үүрэг гэх 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нар иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны

дагуу 9.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд банкинд хадгалуулж олох байсан орлого 4.428.000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх:

Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо шаардах эрхтэй байхын тулд хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх ёстой бөгөөд хэрвээ хохирол хор уршиг учирсан тогтоогдвол ИХ-ийн 229.1 заалтыг баримтлан гэм хорын хохирлын хэмжээг тооцох хэрэгтэй болдог. Хариуцагчийн худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн зарим хэсэг болох 9.000.000 төгрөгийг 2 жилийн өмнө биелүүлэх хууль ёсны шаардлага тогтоогдохгүй болно. Учир нь талууд үнэ төлөх хугацааг хойшлуулан тогтоосон хэлцэл байгуулсан байдаг. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх гэм буруутай үйлдэл болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа тул хохирол шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч хохирол шаардахдаа үндэслээд буй Иргэний хуулийн 229.1-д тусгагдсан заалтаар хохирлыг шаардах боломжгүй юм. Учир нь дээрх зохицуулалт нь учруулсан гэм хорыг арилгах хэмжээг заасан зохицуулалт болохоос Иргэний хуульд тусгагдсан тусгай шаардах эрх биш билээ.

Нэхэмжлэгчидтэй анх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж байх үед байранд шаарлагатай засан сайжруулалт хийх, засвар үйлчилгээний зардлыг гэрээний үнийн дүнгээс хасч тооцохоор тохиролцож байсан. Тус байрыг худалдаж авснаас хойш хариуцагч Ц.Г нь сангийн хоолой, хана, гэх мэтчилэн байрны бүхий л хэсэгт засвар хийж, 13.000.000 төгрөгийн засан сайжруулалт хийлгэсэн байдаг. Тухайлбал: Ханын цаас болон ерөнхий засвар хийлгэсэн ажилчдад ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг, шинэ хаалга худалдан авч солиулахад 530.000 төгрөг, ариун цэврийн өрөө болон гадна тагт засуулахад ажилчдын хөлсөнд 700.000 төгрөг, цонх солиулахад 350.000 төгрөгийн зардал гарсан байдаг. Засвар хийхэд зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг худалдан авахад 6.000.000 төгрөг зарцуулсан байна. Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Б болон Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, Д.А нар хариуцагч Ц.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, олох ёстой байсан орлого 4.428.000 төгрөг, нийт 17.928.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчаас 2018-10-16-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Нэхэмжлэгч Б.Б, Д.А нар хамтран өмчлөх, Эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн хаягт байрлах, 64,39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч Ц.Г нь орон сууцыг худалдан авах, төлбөрийг урьдчилгаа 27.000.000 төгрөгнөөс 18.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогдож байна. Хариуцагч үүнийг няцаагаагүй. /хх-ийн 14-18 тал/

Ц.Г нь урьдчилгаанд төлөх 27.000.000 төгрөгнөөс 18.000.000 төгрөгийг төлсөн, банкнаас 63.000.000 төгрөгийг өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалттай ашиглах Орон сууцны зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр олгосон 81.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн гэдэг зохигч маргаагүй.

Талуудын хооронд 2018-10-16-ны өдөр Д.А нь 9.000.000 төгрөгийг, 2018-10-16-ны өдрөөс 2020-04-16-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаатайгаар төлж барагдуулах, Ц.Гд зээлдүүлэх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний зээлдүүлэгч талд Д.А, зээлдэгч талд Ц.Г гарын үсэг зурсан байна. /хх-ийн 12 тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, Д.А нар хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, 64,39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Г нь 90.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээг банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар олгох зээлийн хэмжээгээр, тодруулбал 90.000.000 төгрөгийн хэмжээнд байгуулж, үүнээс 81.000.000 төгрөгийг Б.Б, Д.А нарт хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 9.000.000 төгрөгийг 2018-10-16-ны өдрөөс 2020-04-16-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаатайгаар төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэл, орон сууцанд засвар хийсэн зардлыг тооцоонд оруулан тооцох байсан,  мөн зээлийн гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус хуулийн 56.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хариуцагч Ц.Г нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд үүргийг өөрчлөх талаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгон шинэ буюу зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэнтэй нийцэж байна.

 Талууд 2018 оны 10-р сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өмнөх үүргийн хэмжээг зээлийн гэрээний зүйл болгож, үүрэг биелүүлэх хугацаа, үүрэг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тухайн гэрээнд тусгасан ба зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь зохигчийн хооронд мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх хэлцлийн шинжийг агуулжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг болон гэрээний гол нөхцлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс дүгнэхэд зээлдэгч буюу хариуцагч Ц.Г нь гэрээний зүйл мөнгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Зохигч дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул хариуцагч Ц.Г-с үндсэн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.А нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Б.Б, Д.А нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, 64,39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Г нь 90.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний үүргийг сольж зээлийн гэрээг Д.А-тэй хийсэн хэдий ч Б.Б шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч мөнгийг банкинд хадгаламжинд хийсэн бол 4.428.000 төгрөгний ашиг орлого олох байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэлээс 13.500.000 төгрөгийг хангаж, 4.428.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Г-с үндсэн зээлийн үлдэгдэл 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.А-т олгож, нэхэмжлэлээс 4.428.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.590 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Г-с 225.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.А нарт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА