Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/00342

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2021/00342

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00090/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мххх сумын ххх дугаар багт орших, регистрийн дугаар хххх, Зэвсэгт хүчний ххх дүгээр тусгай ротын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ххх сумын ххх дугаар баг, хххх газар оршин суух, Хонин онход овогт О.П. холбогдох малчнаар ажиллах хугацаанд хорогдуулсан 137 толгой малын үнэ 8.430.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч ххх Р.Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц., хариуцагч О.П., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон З ... захирагч Р.Ц...нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус рот нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр О.П. хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилд авч нийт 353 толгой мал хүлээлгэн өгсөн. О.П. өөрийн хариуцлагагүйн улмаас 84 хонь зүй бусаар, 1 морийг ажилд хүлээлгэн өгөх үед гэмтээж зүй бусаар хорогдуулсан тул О.П. нэхэмжилж буй морь 1 толгой, хонь 84 толгой шинэ төлийг тооцохдоо охин төлөг оруулахгүйгээр нас гүйцсэн эм хонь 62 толгойг 85 хувиар төл авах ёстой гэж үзээд 62х85%=52 толгой хурга, нийт 137 толгой мал нэхэмжилж байна. Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малын эмч Т.Н., их эмч Д.Ц., иргэн О.П. нар нь үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашигласан, хорогдсон малыг өөрийн нүдээр харж баталгаажуулаагүй нэг малын зургаар 2-3 малын акт бичсэн нь дараах зургуудыг нягтлан үзэхэд батлагдаж байна. Үүнд: /3, 20/, /9, 22, 39/, /23, 40/, /24, 42/, /11, 41/, /6, 12, 43/, /1, 54/, /34, 56, 67/, /38, 53, 58/, /37, 55, 80/, /59, 66/, /2, 79/, /35, 84, 32/, /31, 83/, /8, 86/, /48, 47/ зэрэг зурагнуудыг давхцуулан оруулсан байгаа нь нотлох баримт болж байна.

Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн малын үнэлгээ гаргаж өгсөн албан бичгийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ ханшаар тооцоход дараах байдалтай байна. Үүнд: Адуу /соёолон үрээ/-1х700.000 /долоон зуун мянга/, эм хонь 27х100.000 /нэг зуун мянга/=2.700.000, төлөг 57х70.000 /далан мянга/=3.990.000 /гурван сая есөн зуун ерэн мянга/, хурга 52х20.000 /хорин мянга/=1,040.000 /нэг сая дөчин мянга/, нийт 8.430.000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгний малыг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны шатанд малнууд нэгэнт хорогдож, үрэгдсэн тул дээрх 137 толгой малын үнэ болох 8.430.000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч О.П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлтэй танилцлаа. Өмнө нь шийдвэрлэгдэж байв. Энэ удаа гаргасан нэхэмжлэлийг бас бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд О.П. намайг малын эмч Т.Н. болон Д.Ц. нартай үгсэн хуйвалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан... гэх мэтээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарчээ. Малчин хүний хувьд бас өнөөдөр хүртэл өөрийн итгэл үнэмшлээрээ, ариун цаган хөдөлмөрөөрөө амьдарч байгаа ба шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэлд тэмдэглэгдсэн ...84 толгой хонь, 2020 оны 1-р сараас эхэлж үхэж хорогдсон. Тухайн үед малын эмч Т.Н., малын эмч Ц. нар нь үзэж, холбогдох баримтыг хийж өгч байсан. Үхсэн малын тоо толгой, зүсмийн талаар бичиж тэмдэглэн, гар утсаар зургыг нь авч актад хавсаргаснаа, төлөөлөгч Б.т хүлээлгэн өгсөн. Б. нь акт баримтыг, гэрээнд заасны дагуу Зохигчийн дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж хэлээд таг чиг болсон. Уг нь зөвлөлийн хурал хийхээр надад мэдэгдэнэ гэсэн юм, тэгтэл чимээгүй болсон байсаар 2-3 сар болтол, цалин мөнгө ч өгдөггүй, тэгээд асуутал шүүх дээр уулзаарай гэж хэлсэн.

2. Малчин надтай нэг жилийн гэрээ байгуулсан хугацаа болоод гэрээгээ ч дүгнээгүй, гэрээний үүргээ энэ байгууллага биелүүлээгүй. Бид өөрсдийн боломж бололцоогоороо, малд нь тариаг нийлүүлж, үзлэгт хамруулж байсан. Бас малын эмчээс зээлээр эм тариа авч байгаа. Одоо өртэй байгаа. Тэжээл болон өвсний хувьд хүмүүсээс бас авч өгсөн. Байгууллагын бог мал нь тарга тэвээргэ муу авсан, хүйтэнд өл даахгүй, даарах, бээрэх, хөлдөх, хоол, ус нь таарахгүй маш хэцүү өвчин тусах нь амархан байсан. Иймд олноороо хоргодсон нь үнэн юм.

3. Акт, бичиг баримтаа 2020 оны 6 дугаар сард өгсөн юм. Учир нь Хилийн цэргийн хангамж хариуцсан орлогч И.Б. нь малын хорогдсон акт баримтыг авчихаад, яасан нь мэдэгдэхгүй алга болчоод 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4. Морины хувьд би дараагийн малчинд хүлээлгэн өгчихсөн. Тухайн үед зүгээр л байсан. Үүнийг өмнөх дарга Б. нь мэдээд морийг нэхэмжлэхгүй гэсэн юм.

5. Төл болох хурганы хувьд, ... жилбэгүй төллөсөн болохоор харангадсан, бас үхсэн хурга олон гарсан бүгдийг нь өвчиж, арьсыг нь дарга Б. 52 ширхэг хурганы арьсыг байгаагаар нь өгсөн. Үхсэн хургыг би хариуцахгүй.

6. Захирагчийн дэргэдэх зөвлөл нь хорогдсон малыг Зарлагдах талаар ярилцсан хэдий ч малчин намайг оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд ч олноор мал үхсэн байж таарахгүй гэсэн хардалтаар нэхэмжлэл анх гаргасныг дарга Б...н ярианаас сонссон. Одоо энэ нэхэмжлэл гаргаж байгаа дарга Р.Ц. нь нэхэмжлэлийнхээ шаардлагын бодит байдлыг мэдэхгүй, энэ хүн байгаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З....нь хариуцагч О.П. холбогдуулан 137 толгой буюу 8.430.000 төгрөгийн үнэ бүхий мал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь хариуцагч О.П. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллах хугацаандаа хорогдуулсан 137 толгой малын үнэ 8.430.000 төгрөгийг гаргуулана гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч нь тухайн жил цас ихтэй, зудтай хатуу жил болсон, хонь жилбэгүй хургалсан тул 84 толгой хонь, 52 толгой хурга үхсэн, соёолон үрээг надаас хүлээн авсны дараа тээвэрлэх явцад үхсэн, хорогдсон 84 толгой хонины зураг болон 52 толгой хорогдсон хурганы арьсыг арын албаны дарга н.Б.д хүлээлгэн өгсөн, соёолон үрээг надаас хүлээж авсны дараа хорогдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу нэг бүр нь 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий соёолон насны адуу 1 толгой, нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 27 толгой эм хонь, нийт 2.700.000 төгрөг, нэг бүр нь 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэ бүхий 57 толгой төлөг, нийт 3.990.000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, нэг бүр нь 20.000 /хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 52 толгой хурга, нийт 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөг, бүгд 8.430.000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулна гэж  2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Туслах аж ахуйн малчинтай байгуулсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлдвэрлэлийн даалгаврын төлөвлөгөөний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 01 дугаар “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаар албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн малын үнэлгээ гаргаж өгсөн албан бичгийн дагуу малын үнэнийн дүнг хүснэгтээр гаргав гэсэн малын үнийн хуулбар, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар албан бичиг, Үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт гэх 43 хуудас баримт, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар магадлал зэрэг баримтуудыг,

Хариуцагч нь З .... малчин О.П. ажил хүлээлцсэн акт, Тариалан сумын иргэн Бат-Эрдэнийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын Захирагч, хошууч Э.Баттулгын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа О.Ганбатын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 36/91 дүгээр албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 327 дугаар Журам батлах тухай тогтоолын хуулбар, тус журмын 2 дугаар хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч З .... Р.Ц. нь манай байгууллага О.П. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Малчнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан түүний салшгүй нэг хэсэг болгож Үйлдвэрлэлийн даалгаврын төлөвлөгөө болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан гэж тайлбарласан ба энэ нь Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын захирагч Э.Б., О.П. нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Туслах малчинтай байгуулсан гэрээ”, “Үйлдвэрийн даалгаврын төлөвлөгөө”, 2020 оны 01 дүгээр сарын 01 дугаар “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдож, талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь манай байгууллага О.П. нарын хооронд “Үр дүнгийн гэрээ” байгуулагдсан ба энэ Үр дүнгийн гэрээ нь Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтанд хамаарагдана гэж тайлбарлаж байгаа боловч тухайн Туслах малчинтай байгуулсан гэрээ гэх нэртэй хэлцлээр талууд 271 толгой малыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчин О.П. маллуулж, малчинд сар бүр цалин бусад олговрыг олгохоор гэрээний гол нөхцлөө тохиролцсоноос үзвэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт: “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт: “Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно.” гэж зохицуулсан байх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 2.1-д: “малчны цалин болон бусад олговрыг сар бүрийн үр дүнгийн үзүүлэлтийг харгалзан тогтмол олгоно.” гэж, гэрээний 4.2-т: “энэхүү гэрээг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дүгнэнэ.” гэж тус тус тохиролцсоноос үзвэл гэрээнд хөлсний хэмжээг талууд өөрсдөө тохиролцож тогтоон, ажлын явцад хөлсөө сар бүр авч, өгөлцөж байхаар тохиролцсон нь Хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай байна.

Нэхэмжлэгч нь малчнаар ажиллаж байсан О.П. 84 толгой тооны хонь хорогдсон гэж тухайн хорогдсон малуудын зураг, Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба эдгээр баримтуудыг малын эмч Т.Н, их эмч Д.Ц, иргэн О.П нар үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамчаар үйлдсэн, мөн /3, 20/, /9, 22, 39/, /23, 40/, /24, 42/, /11, 41/, /6, 12, 43/, /1, 54/, /34, 56, 67/, /38, 53, 58/, /37, 55, 80/, /59, 66/, /2, 79/, /35, 84, 32/, /31, 83/, /8, 86/, /48, 47/ зэрэг зургууд давхцсан буюу нэг малын зураг байна гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч ямар баримтуудаар дээрх үйл баримт нотлогдож байгаа талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн 57 толгой төлөг, 62 толгой эм хонь хургалах байсныг 85 хувиар бодож 52 толгой хурганы үнэ 1.040.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай ротын малчин О.П. ажил хүлээлцсэн акт гэсэн баримттай маргаагүй, уг актаар эм хонь 58 толгой, эр төлөг 13 толгой, эм төлөг 8 толгой, эр хурга 1 толгой, эм хурга 2 толгойг малчнаар ажиллаж байсан О.П. хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

 З ...... захирагч Э.Б., О.П.нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Туслах малчинтай байгуулсан гэрээгээр эм хонь 152 толгой, эр хурга 22 толгой, эм хурга 35 толгой, нийт 57 толгой хургыг талууд хүлээлцсэн байх ба тухайн жилийн хурга нь 2020 онд төлөг буюу 2 настай хонь болон нас нэмж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мал хүлээлцсэн актаар эр төлөг 13 толгой, эм төлөг 8 толгойг хүлээж авсан атлаа эдгээр төлөгнүүдийг анх 2019 онд хүлээн авсан хурганыхаа тооноос хассан эсэх нь тодорхойгүй, мөн анх хүлээлцсэн 152 толгой эм хониноос ротын хүнсний хэрэгцээнд зарцуулаад 62 толгой эм хонь үлдэж үүнээсээ 85 хувиар хургаа тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр үйл баримтуудыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Түүнчлэн 1 соёолон үрээг ажил хүлээлцэх үед О.П.. хүлээн авсан боловч тээвэрлэлтийн явцад үхсэн учир О.П. гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч уг соёолон үрээ тээвэрлэлтийн явцад үхсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэгч нь хэрэгт гаргаж өгсөн малчин О.П. хорогдуулсан 84 толгой малын зураг, Үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт зэрэг баримтуудыг малын эмч Т.Н., их эмч Д.Ц.., иргэн О.П. нар үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамчаар үйлдсэн гэж маргасан ба энэ нь холбогдох баримтаар нотлогдохгүй байгаа боловч 84 толгой хонь хорогдож, хорогдсон 84 толгой малын зураг, Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт зэрэг баримтуудыг хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад гаргаж өгсөн гэдэгтэй талууд маргаагүй, эдгээр баримтууд нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан шаардлага хангасан баримтууд байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэллээ.

Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт, хорогдсон 84 толгой малын зураг зэрэг баримтуудын 10, 26, 33 дугаар эм хонь хорогдсон тухай баримтууд, 40 дугаар төлөг үхсэн тухай баримт зэрэгт байгууллагын нэр, малын эзний нэр бичигдсэн боловч хэзээ хорогдсон он, сар, өдөр нь бичигдээгүй, 52, 53, 54, 58, 59, 66, 76, 77, 78 дугаар эм хонь хорогдсон тухай баримтууд, 55, 56, 57, 61, 62, 63, 64, 65, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86 дугаар төлөг хорогдсон тухай баримтууд зэрэгт Сумын нэр Тосонцэнгэл, малын эзний нэр О.П. гэж бичигдсэн учир З ... мал гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл эдгээр баримтуудаар малчин О.П.н маллаж байсан З . .. тусгай ротын 26 тооны төлөг, 12 тооны эм хонь хорогдсон гэдэг нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн соёолон адууг 700.000 /долоон зуун мянга/, эм хонийг 100.000 /нэг зуун мянга/, төлгийг 70.000 /далан мянга/, хургыг 20.000 /хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй маргаагүй тул эдгээр үнэлгээгээр хорогдсон гэх малуудыг үнэллээ.

Иймд хариуцагч О.П..с 26 толгой төлөгний үнэ 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг, 12 толгой эм хонины үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 3.020.000 /гурван сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 толгой соёолон үрээний үнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 15 толгой эм хонины үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 31 толгой төлөгний үнэ 2.170.000 /хоёр сая нэг зуун далан мянга/ төгрөг, 52 толгой хурганы үнэ 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөг, нийт 5.410.000 /таван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт: “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт: “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 149.830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж тус тус заасан байх тул  хариуцагчаас 63.270 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.П...с 26 толгой төлөгний үнэ 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг, 12 толгой хонины үнэ 1.200.000 төгрөг, нийт 3.020.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэгт 1 толгой соёолон үрээний үнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 15 толгой эм хонины үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 31 толгой төлөгний үнэ 2.170.000 /хоёр сая нэг зуун далан мянга/ төгрөг, 52 толгой хурганы үнэ 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөг, нийт 5.410.000 /таван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж 149.830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.П...с 63.270 /жаран гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА