Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01126

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2412 дугаар магадлалтай,

Д.Оын нэхэмжлэлтэй,

“УБЦТС” ТӨХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “УБЦТС” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас гэм хорын хохиролд 25,669,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 330,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас 286,298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2412 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “25,669,700” гэснийг “22,097,000” гэж, “330,000” гэснийг “3,903,000” гэж, 2 дахь заалтын “286,298” гэснийг “268,435” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Л.Ишжамц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна:

4.1.Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэсэн ойлголтод эрчим хүч багтахаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч түүнийг агаараар дамжуулж буй цахилгааны шугамыг орчин тойрондоо аюултай зүйл гэж үзэхээр байна...” /магадлалын 5 дугаар хуудас/,...Нэгэнт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гал гарсан шалтгаан буюу орчин тойрондоо аюултай зүйл болох агаараар дамжуулах цахилгаан шугам тасарсны улмаас гал гарч, нэхэмжлэгч Д.Оын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон учир Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч “УБЦТС” ТӨХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэжээ. /магадлалын 6 дугаар хуудас/

Иргэний хуулийн 502 дугаар зүйлд орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах харилцааг зохицуулсан бөгөөд 502.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүх энэ зохицуулалтыг “бүтэн агуулгаар” нь хэрэглээгүй, зөвхөн “эрчим хүч” гэдэг үгийг салган авч хэрэглэн цахилгааны шугамыг “орчин тойрондоо аюултай зүйл гэж үзнэ” гэсэн буруу дүгнэлт хийсэн. Цахилгааны шугам дангаараа “орчин тойрондоо аюултай зүйл” болохгүй бөгөөд Иргэний хуульд “барилга байгууламжид байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай бодис...” хэмээх агуулгаар тусгагдсан. Байрлуулах гэдэг нь “байранд орж орших”, “суурь төлвийг олох” гэж, дамжуулах гэдэг нь “нэгээс нөгөөд шилжих” гэж Монгол хэлний товч тайлбар тольд тайлбарлажээ.

Хариуцагч “УБЦТС'’ ТӨХК-ийн эзэмшлийн цахилгааны шугам нь ямар нэгэн барилга байгууламжид байрлуулагдаагүй, дамжуулагдан оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн байшин дээгүүр татсан шугам байсан бөгөөд уг байшин байрлуулагдаагүй, байшингаар дамжин цааш үргэлжлээгүй шугам юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг хуульчилж, 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.

Шүүх гэм хорын ерөнхий ангийн дээр дурдсан зохицуулалтыг хэрэглэх ёстой атал гэм хорын тусгай ангийн зохицуулалтыг хэрэглэсэн, тодруулбал, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хэрэглэвэл зохих хуулийг үл хэрэглэн гэм хорын маргааныг шийдвэрлэсэн. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүлээх хариуцлагыг “чангатгах” сөрөг үр дагаварт хүргэж байна.

4.2.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Маргадын 2018.06.06-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын нэгдсэн үнэлгээний төвийн шинжээч нь тогтоолд тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж 2018.07.23-ны өдрийн 9/134 дугаартай дүгнэлт гаргасан байх боловч уг хийгдсэн шинжилгээ нь гал гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдолгүй асуудлаар дүгнэлт гаргажээ. Мөн анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээч томилохдоо маргааны үйл баримтыг тогтооход хамааралгүй асуулт тавьж шинжилгээ хийлгэн 2020.05.06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт гаргуулсан байна. Иймээс бичгийн нотлох баримт болох 2 шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй болжээ.” гэжээ. /магадлалын 5 дугаар хуудас/

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018.07.23-ны өдрийн 9/134 дүгээр шинжээчийн дүгнэлт болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018.08.14-ний өдрийн 274/1258 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байсан тул уг зөрүүг арилгахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шинжээч томилон хэрэгт хамааралтай асуултууд тавьсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг “хэрэгт ач холбогдолгүй” гэж, шүүхээс томилогдсон Монголын Эрчим хүч инженерүүдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг шүүхийн тавьсан асуултад хариулсныг “маргааны үйл баримтыг тогтооход хамааралгүй” гэсэн учир дутагдалтай дүгнэлт хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо ... техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д ““шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон ... хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад ... шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал (шинжлэх ухаан, техник ... зэрэг)-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг” гэж, 6.1.5-д ““шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтыг эх сурвалж болох баримт бичгийг” гэж тус тус заасан.

Тодруулбал, гал гарсан нөхцөл байдлыг тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал тул физик, техникийн шинжлэх ухааны үүднээс шинжилгээ хийгээд гарсан үр дүн буюу шинжээчийн дүгнэлт нь гэм хорын асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Гэтэл давж заалдах шатны шүүх “...2 шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой болжээ гэж үнэлэх боломжгүй болжээ” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн болно.

Түүнчлэн, 2 шинжээчийн дүгнэлтэд дурдсан асуудлын хэд нь чухам хэрэгт хамааралгүй байгааг шүүх магадлалдаа дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

4.3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн:

а.Талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т заасан “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих” гэсэн хэргийн оролцогчийн эрхийг тус тус зөрчсөн. Давж заалдах гомдол гаргасан тал болох хариуцагч гомдлоо, нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлаад, шүүх бүрэлдэхүүний асуултад талууд хариулт өгснөөр шүүх хуралдаан дууссан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талуудад хоорондоо мэтгэлцэх боломж олгоогүй болно.

б.Хариуцагч талд давж заалдах гомдлын агуулга, үндэслэлийг бүрэн, хангалттай тайлбарлах бололцоо олгоогүй бөгөөд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар тайлбарыг хязгаарласан. Талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хариуцагч талд давж заалдах гомдлын агуулга, үндэслэлийг бүрэн, хангалттай тайлбарлах бололцоо олгоогүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлээс тодруулж харна уу.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн цахилгааны шугамаас үүдэлтэй эсэхийг бүрэн тогтоогоогүй, уг үйлдэлд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг судлаагүй, гэм хорыг шударгаар хуваарилахад анхаараагүй зэрэг асуудаг байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “УБЦТС” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагчийн өмчлөлийн шонгоос агаараар татсан утас шатаж галтай утас хажуу айлын амбаарын дээвэрт унаж,  гал даамжирч  манай хашаанд байсан байшин, гэр, автомашин, эд хогшил шатаж 25,669,700 төгрөгийн хохирол учирсан, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 330,000 төгрөг төлсөн, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...манай байгууллагад холбогдуулан зөрчлийн хэрэг нээгээгүй, зөрчлийн материалаас харахад Л.Долгорсүрэн гэх айл шатаж эхлээд нэхэмжлэгчийн байшин руу дамжиж гал гарсан, галын аюулгүй байдлын нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтэд дээж болгон ирүүлсэн утас нь 160 градусаас дээш температурт хайлна, ахуйн нөхцөлд 800-1200 цельсийн температурт хайлдаг учир тухайн утаснаас гал гарсныг тогтоох боломжгүй гэсэн, цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч гэрчийн мэдүүлгийг үндэслэн манай компанийн өмчлөлийн утсанд богино холбоо үүсч гал гарсан гэх дүгнэлт гаргасан, гэтэл шинжилгээнд ирүүлсэн утсанд бөмбөлөг үүсээгүй учир гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэсэн байгаа, бөмбөлөг үүсээгүй болохоор тухайн цахилгааны утсанд масс гараагүй гэж үзнэ. цахилгааны утас болгон манайх биш байдаг, Л.Долгорсүрэнгийн амбаарын дээр байсан утас нь хэний цахилгааны утас байсан нь мэдэгдэхгүй, цахилгааны шугам нь 2003 онд ашиглалтад орж 2006 онд сольсон байхад нэхэмжлэгч 2013.11.15-ны өдөр тухайн газрын гэрчилгээг авсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хамгаалалтын зурвасыг зөрчиж шугамын доор байшингаа барьсан, хоёр шинжээчийн дүгнэлтээс үзэхэд цахилгааны утаснаас гал гарах ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан байна.

7.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас 25,669,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахдаа “...хариуцагчийн эзэмшил өмчлөлд байдаг шонгийн мод хооронд агаараар татсан хөнгөн цагаан голчтой цахилгаан дамжуулагч утсанд богино холболт үүсч, улмаар хайлан тасарч хялбар шатах материал дээр унаж гал дамжин цааш тархан ассан байх үндэслэлтэй, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.3-т зааснаар хариуцагч нь эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж,  осол аваарыг судлах, дүгнэлт гаргах, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хяналт тавих үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлсэн гэх үндэслэлээ буюу гэм буруугүйгээ нотлоогүй” гэж үзжээ.

Харин давж заалдах шатны шүүх “Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэсэн ойлголтод орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээ хамаарна гэсэн, Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч түүнийг агаараар дамжуулж буй цахилгааны шугамыг орчин тойрондоо аюултай зүйл гэж үзэхээр байна..., хэрэгт авагдсан нотлох баримтаар гал гарсан шалтгаан ...агаараар дамжуулах цахилгаан шугам тасарсны улмаас үүссэн үйл баримт тогтоогдсон учир мөн зүйлд зааснаар уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч “УБЦТС” ТӨХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 26,000,000 төгрөг шаардсан боловч галд шатсан 5 ханатай гэр иргэн С.Сүхбаатарынх, Исузу бигхорн маркийн автомашин нь иргэн Ц.Бадамгаравын эзэмшлийн хөрөнгө тул нийт 3,903,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 22,097,000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэж үзсэн байна.

8.Хэргийн баримтаас үзэхэд 2018.05.28-ны өдөр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 гудамж, 694 тоотод гал гарч, улмаар уг галаас шалтгаалж хөрш залгаа 688 тоотод байрлах байшин, гэр, автомашин шатаж өмчлөгч нарт хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар хоёр шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн дүгнэлт хийжээ.

9.Харин гал гарсан шалтгааны талаар зохигч маргасан байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн бүрэн эрхийн дагуу дүгнэлт хийж, гал гарсан шалтгааныг шонгийн мод хооронд агаараар татсан эрчим хүч дамжуулж буй цахилгааны утаснаас буюу хариуцагчийн өмчлөлийн зүйлээс гарсан нь тогтоогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, агаараар татсан утсанд масс үүсч, уг утас тасарч иргэн Долгорсүрэнгийн амбаар дээр унасан тухай гэрч П.Алтанцогийн мэдүүлэг, гал гарсан шалтгааныг тогтоосон галын шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, гал өөр байдлаар гарсан гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан бусад шинжээчийн дүгнэлт гал гарсан шалтгааныг үгүйсгэх баримт болохгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заажээ.

Иймд гал гарсан шалтгаан нь хариуцагчийн өмчлөлийн утаснаас болоогүй гэх татгалзал үндэслэлгүй болно.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг шаардлага гаргах эрхийн хууль зүйн үндэслэл гэж үзсэн нь учир дутагдалтай талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

11.Зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйд гэм хорын хохирлыг гэм буруутайн улмаас гэм хор учруулагч хариуцлага хүлээхээс гадна гэм буруугүй боловч эзэмшигч, өмчлөгчийн хувьд хариуцлага хүлээдэг нөхцөл үүсдэг байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг, мөн хуулийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл /эс үйлдэхүй/-н хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцөлийг шаардсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж үзэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.3-т зааснаар тус байгууллага нь эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж, осол аваарыг судлах, дүгнэлт гаргах, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хяналт тавих үүрэгтэй, энэ үүргээ биелүүлснээ нотлоогүй гэсэн буюу хийх ёстой ажлаа зохих ёсоор хийгээгүй гэх агуулгатай, тодруулбал, гэм буруутай эс үйлдэхүйтэй холбоотойгоор дүгнэлт хийсэн нь өрөөсгөл байна.

Эрчим хүчний тухай хуульд тус байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг заасан хэдий ч анхан шатны шүүх дээрх байдлаар хариуцагчийг буруутай гэж үзэхдээ хэзээ, ямар үүргийг хэрхэн гүйцэтгэх байсан гэж үзсэнээ тодорхой дурдаагүй, ерөнхий байдлаар эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийгээгүй, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй, биелүүлснээ нотлоогүй гэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд гал гарсан явдалд хариуцагчийн гэм буруутай эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэхгүй.

12.Гэвч хариуцагчийн агаараар татсан эрчим хүч дамжуулах шугамыг орчиндоо аюул бүхий зүйл гэж үзэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймээс хариуцагч нь тухайн аюултай зүйлийн эзэмшигч, өмчлөгчийн хувьд бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэдэг ойлголтод орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгохоор, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг хэлэхийг тус тус заасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд тухайн агаараар татсан шугам нь “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх салбарын Амгалан-Ботаник фидерийн АТП 1535 станцад хамааралтай цахилгаан дамжуулах агаарын шугам байх тул эдгээрийг эрчим хүчний барилга байгууламж гэж үзэх үндэслэлтэй.

13.Харин Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д заасан хэм хэмжээний зохицуулалтад “барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч харилцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 502.2-т “онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна” гэжээ.

Дээрхээс үзэхэд онцгой аюул учруулж болох барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигч нь уг аюултай зүйлээс шалтгаалж бусдад гэм хор учирсан бол гэм буруутай эсэхээс үл хамаарч хохирлыг арилгах үүрэгтэй байна.

14.Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий гэж ойлгохыг заасан, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.12-т “галын аюултай бүтээгдэхүүн” гэж галын эх үүсвэрээс болон химийн урвалын үйлчлэлээр хялбар авалцан асах, хорт хий, утаа ялгаруулах, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материалыг хэлсэн байна.

Иймээс эрчим хүч түүнийг агаараар дамжуулж буй шугамыг орчин тойрондоо аюултай зүйл гэж үзнэ. Уг эрчим хүчийг агаараар дамжуулах цахилгаан шугам тасарсны улмаас галтай утас айлын амбаарын дээвэр дээр унаж гал гарсан, уг галаас нэхэмжлэгч Д.Оын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон учир Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2-т зааснаар уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч “УБЦТС” ТӨХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах нь хууль зөрчихгүй.

15.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь өмчид учирсан хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээний тайланг үндэслэж хохирлын хэмжээг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг гаргуулсан нь зөв болжээ.

16.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, гомдлыг хангахгүй орхив.

17.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч хууль хэрэглээний асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулаагүй байх тул энэ алдааг залруулж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2412 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “497 дугаар зүйлийн 497.1” гэснийг “502 дугаар зүйлийн 502.1, 502.2” гэж, “25,669,700” гэснийг “22,097,000” гэж, “330,000” гэснийг “3,903,000” гэж, 2 дахь заалтын “286,298” гэснийг “268,435” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “УБЦТС” ТӨХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Л.Ишжамц нар/-ийн 2021.01.18-ны өдөр 286,298 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ