Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02412

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02412

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ын хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 26 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, Э.Эрдэнэхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2013 оноос хойш Баянзүрх дүүрэг, 12 хороо, Жанжин 26 гудамж, 688 тоот хаягт амьдраагүй, цахилгаан эрчим хүч ашиглаж байгаагүй. Л.Д-гийнх манай байшинтай залгаад амбаараа барьсан байсан. Цахилгааны утас масс өгөөд Л.Д-гийн амбаар дээр унаад гал гарч улмаар манай байшин араасаа болон дээврээсээ шатаж эхэлсэн. Гэрч гадаа юм аа угаагаад сууж байтал цахилгааны утаснаас масс өгч гал дүрэлзсэн гэж хэлсэн. Цагдаагийн ахлах дэслэгч н.Мөнхтөр Эрчим хүчний байгууллагын буруу гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учир үнэлгээний байгууллагаар үнэлүүл гэсэн. Үнэлгээ гаргуулаад Онцгой байдлын газарт очиход хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Цахилгаан түгээх станцаас хүн ирж байцаалт өгөөгүйгээс дүгнэлт гараагүй гэсэн. Нийслэлийн прокурорын газарт очиход энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шүүхийн журмаар шийдвэрлүүл гэж хэлсэн. Манай байшинтай залгаад манай ахын автомашин байсан. Мөн байшинд манай 70 настай ээжийн үе дамжсан хөрөнгө байсан. Тухайн үед би цочролд орсон байсан учир үнэлгээний байгууллагаар хөрөнгийг үнэлүүлэхдээ зарим зүйлсийг хэлэлгүй орхигдуулсан байна. Иймд хариуцагчаас үнэлгээний компанийн үнэлсэн мөнгөөр гэм хорын хохиролд 26 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн асуудал нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт гарсан. Уг айлыг тэжээж байгаа дэд станц нь 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад орсон. 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдөр баталсан журмын дагуу цахилгааны утсыг СИП маркийн утсаар сольсон байдаг. Зөрчлийн хэрэг нээж манай ажилтан очиж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнээс манай байгууллагад холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн зүйл байхгүй. Зөрчлийн хэргээс харахад Л.Д- гэх айл шатаж эхлээд нэхэмжлэгчийн байшин руу дамжиж гал гарсан байдаг. Галын аюулгүй байдлын нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт дээж болгон ирүүлсэн утас нь 160 градусаас дээш температурт хайлна, ахуйн нөхцөлд 800-1200 цельсийн температурт хайлдаг учир тухайн утаснаас гал гарсныг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт нь нэг хүнээс байцаалт аваад, пис пас дуугарахад тухайн утас тасраад цахилгаанаас болж гал гарсан гэх дүгнэлт байдаг. Харин галын шинжээчийн дүгнэлт нь тухайн газраас дээж авч шинжилгээ хийсэн. Уг дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн утсанд бөмбөлөг үүсээгүй байна. Бөмбөлөг үүсээгүй цахилгааны утсыг харуулав гэсэн байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтэд цахилгааны утсанд бөмбөлөг үүсээгүй учир гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж тодорхой дурдсан байгаа. Хэрэв бөмбөлөг үүссэн бол цахилгааны утаснаас гал гарсан гэж үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл бөмбөлөг үүсээгүй болохоор тухайн цахилгааны утсанд масс гараагүй гэж үзнэ. Цагдаагийн газрын шинжээч П.Алтанцог гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа ямар цахилгааны утас байсныг огт тогтоогоогүй. Цахилгааны утас болгон манайх биш байдаг. Тухайн айлын хашаанд маш олон утас байсан. Тэгэхээр Л.Д-гийн амбаарын дээр байсан утас нь хэний цахилгааны утас байсан нь мэдэгдэхгүй байна.

Цахилгааны шугам нь 2003 онд ашиглалтад орж 2006 онд сольсон байхад нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн газрын гэрчилгээг авсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хамгаалалтын зурвасыг зөрчиж шугамын доор байшингаа барьсан. Цахилгааны шинжээчийн гаргасан дүгнэлт холбогдох баримтаас харахад нэхэмжлэгч Зөрчлийн тухай хууль зөрчсөн байна. Мөн хоёр шинжээчийн дүгнэлтээс үзэхэд цахилгааны утаснаас гал гарах ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас гэм хорын хохиролд 25 669 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 330 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 286 298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК давж заалдах гомдолдоо: Тус айлуудыг тэжээж байгаа Ботаник Б фидерийн АТП 1535 нь 2003 онд ашиглалтанд орж 2006 онд утсыг сольж шинэчилсэн.

Д.О- нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.2-т Шугамын захын утаснаас хоёр тийш 2 м байна., 2.4, 2.6-т хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар өмчлөх гэрчилгээ авч мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт осол болсон талаарх хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцоогүй, удаа дараа дуудаж мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй, Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, бусдад гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нотолж чадаагүй гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Тус асуудалд Ш.Батжаргал, Б.Ишдорж нарт зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК уг хэрэгт холбогдоогүй бөгөөд тухай хэрэгт ажилтан Н.Лхагва-очирыг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. /хэргийн материалд гэрчийн мэдүүлэг, зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол нь байгаа/. Мөн хариуцагчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.6-д заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна. Компанийн зүгээс стандарт шаардлагад нийцээгүй эрчим хүч түгээсэн зүйл байхгүй бөгөөд үүний талаар тогтоосон баримт материал хэрэгт байхгүй ба тухайн шугам тоноглолд тогтмол үзлэг шалгалт хийж ирсэн.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.3-т зааснаар хяналт тавиагүй гэсэн байна. Тус хуулийн заалт нь улсын байцаагч буюу мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг бөгөөд манай компанийг хяналт тавиагүй хэрэгжүүлээгүй гэж учир дутагдалтай дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн атлаа Монгол Улсын Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж дүгнэхдээ ямар шалтгаан, эрх зүйн актаар мэргэжлийн байгууллагын гол дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн нь тодорхойгүй байна. Учир нь Цагдаагийн ерөнхий газрын шинжээч нь цахилгаан эрчим хүчний мэдлэггүй, тухайн гол шалтгаан нөхцөл болж байгаа цахилгааны утсанд шинжилгээ хийгээгүй бөгөөд гадаа хувцас угааж байсан хүний яриагаар дүгнэлт үйлдэж тухайн дүгнэлтийг шүүх ямар ч баримт материалгүй байхад илүү үнэн гэж нотлох баримтыг учир дутагдалтай шинжпэн судалсан байна.

Харин Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9/134 дугаартай шинжээчийн дүгнэлт нь илүү бодитой нарийн мэргэжлийн, шинжпэх ухааны арга барил ашиглаж тухайн гал гарсан үед газар дээр ажилладаг мэргэжлийн байгууллага юм. Тухайн дүгнэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсээс хийлгэсэн бөгөөд шинжээчийн 6 дугаар асуултанд Цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг болон үзүүр үүссэн байна уу хариултанд бөмбөлөг үүсээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн 7,8,9,11 дүгээр асуултын хариунд Цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй учраас гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй юм болон Монгол Улсын Эрчим хүчний инженерүүдийн холбооны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлтээр утаснаас үүдэн гал гарах боломжгүй гэсэн дүгнэлт хийж дүгнэсээр байтал ямар ч үндэслэлгүй эргэлзээтэй гэж дүгнэсэн учир дутагдалтай байна.

Иймд нэхэмжлэгч Д.О- нь Эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчиж хамгаалалтын зурвас чөлөөлөөгүй байшин барьсан нь түүний буруутай үйлдэл бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний инженерүүдийн холбоо болон Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтүүдээр цахилгааны утаснаас гал гарах боломжгүй гэж тус тус дүгнэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 26 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэргийн баримтаар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27 дугаар гудамж, 694 тоотод оршин суух Л.Д-гийн хашаанд байрлах амбаар шатаж, гал цааш тархсны улмаас байшин, эд зүйл шатсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Д.О- нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас шаарджээ. Хариуцагч тал цахилгааны утас тасарсан нь гал гарах шалтгаан болоогүй, ... нэхэмжлэгч хориглосон газар хашаа гэр, хашаа барьсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 502 дугаар зүйлээр Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах асуудлыг зохицуулахдаа мөн зүйлийн 1 дэх хэсэгт гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий 1 субъектыг орчин тойрондоо аюултай зүйлийн өмчлөгч буюу эзэмшигч байхаар тодорхойлжээ. Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, мөн нэхэмжлэгч Д.О-ын эд хөрөнгө байрлаж буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх агаарын цахилгаан дамжуулах шугамын өмчлөгч буюу эзэмшигч гэдэгт маргаагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэсэн ойлголтод эрчим хүч багтахаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч түүнийг агаараар дамжуулж буй цахилгааны шугамыг орчин тойрондоо аюултай зүйл гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзвэл 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр агаар дээр байрлаж буй цахилгаан дамжуулах шугам тасарч иргэн Л.Д-гийн амбаар дээр унасны улмаас гал гарсан болох нь тогтоогдсон байна. /хх197,199,201/ Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах дэслэгч Б.Цэдэнсодномын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 223/1258 дугаартай тогтоолоор томилогдсон галын шинжээч, хошууч С.Бат-Үсэг нь тухайн үйл баримт болсон хэргийн газрын үзлэг, цахилгааны утас тасарч айлын амбаар дээр унаж гал гарсан үйл баримтыг харсан гэрч П.Алтанцогийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн агаараар шонгийн модны хооронд татсан цахилгаан дамжуулагч утсанд богино холбоо үүсч улмаар хайлан тасарч хялбар шатах материал дээр унаж шатаад гал дамжин цааш тархан ассан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-201/ Энэ дүгнэлтээр гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдсон гэж үзэхээр байх тул уг бичгийн нотлох баримтыг тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцнэ.

Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Маргадын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч нь тогтоолд тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9/134 дугаартай дүгнэлт гаргасан байх боловч уг хийгдсэн шинжилгээ нь гал гарсан шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдолгүй асуудлаар дүгнэлт гаргажээ. Мөн анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээч томилохдоо маргааны үйл баримтыг тогтооход хамааралгүй асуулт тавьж шинжилгээ хийлгэн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт гаргуулсан байна. Иймээс бичгийн нотлох баримт болох 2 шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй болжээ. /хх-76-80, 191-193/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу бүрдүүлсэн бичгийн нотлох баримт болох зөрчлийн хэргийн материалд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 274/1258 дугаар дүгнэлт, Гал түймэр унтраасан тухай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1258/188 дугаар нотломж, зөрчлийн хэрэгт өгсөн гэрч П.Алтанцогийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бодит байдалд илүү үнэн, үндэслэлтэй гэж үнэлсэн дүгнэлтээ, мөн Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9/134 дугаартай дүгнэлт, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтүүдийг яагаад эргэлзээтэй гэж үзсэн болохоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заасанд нийцээгүй байгаа боловч энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй юм.

Нэгэнт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гал гарсан шалтгаан буюу орчин тойрондоо аюултай зүйл болох агаараар дамжуулах цахилгаан шугам тасарсаны улмаас гал гарч, нэхэмжлэгч Д.О-ын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон учир Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрчим хүчний тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлан, хариуцагчийг гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй гэсэн алдаатай дүгнэлт хийсэн боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хариуцагч тал хохирлын хэмжээнд маргаагүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн авагдсан бичгийн нотлох баримт буюу Гал түймэр унтраасан тухай нотломжид нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжилж буй 5 ханатай гэр нь иргэн С.Сүхбаатарынх, Исузу бигхорн /Isuzu Bighorn/ маркийн автомашин нь иргэн Ц.Бадамгаравын эзэмшлийн хөрөнгө гэж тусгагдсан, эдгээр хүмүүс Д.О-д өөрсдийн өмнөөс эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхийг олгоогүй байна. /хх-219/ Иймээс 5 ханатай гэрийн үнэ 3 263 000 төгрөг, автомашины хохирлын үнэ 310 000 төгрөг, нийт 3 573 000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй тул хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 22 097 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 903 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02350 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25 669 700 гэснийг 22 097 000 гэж, 330 000 гэснийг 3 903 000 гэж, 2 дах заалтын 286 298 гэснийг 268 435 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286 298 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД