Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 372

 

Х.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0533 дугаар магадлалтай, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Х.Т-ийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, Х.Т-ийг аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаар эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Т-ийн ажилгүй байсан 85 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4,624,425 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0533 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2” гэж, 2 дахь заалтын “...аймгийн Засаг даргад даалгасугай.” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан...” гэснийг “... Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 221/МА2017/0533 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шүүгч нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, гомдох эрхгүй захирамж гаргасан, улмаар нэхэмжлэгч шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтуудыг шинжлэн судлуулах хүсэлтийг шүүхэд тавиагүй байхад шүүгч өөрийн санаачлагаар нотлох баримтыг шинжилсэн, гуравдагч этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэлгүйгээр буцааж байсан гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байгаа юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүгчийн ажиллагааны талаар гомдолд тусгасан байтал үүнд дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сүхбаатар аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Т-ийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулжээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга нэхэжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр түүнийг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэл, бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Х.Т-ийг захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23.1.1-д нийцэхгүй байх ба түүнийг удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж буруутгасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу биш юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан ба анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтад нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл баримт дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасан шаардлагыг хангаагүй гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0533 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН