Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0062

 

Иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагч Увс аймгийн Сагил сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, гуравдагч этгээд У.Цэцэгбал нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сагил сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 11 дүгээр зүйлийн 11.4, 103 дугаар зүйлийн 103.1.1, 103.1.2, 103.1.5-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн “Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт миний гаргасан анхны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн ихэсгэсэн талаар бичжээ. Миний бие анхны нэхэмжлэлдээ бичсэн нотлох баримтуудаа хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл миний өмгөөлөгч Дамдинсүрэн “Х.Сайнбаяр, Г.Азжаргалын дунд дахин санал хураалт явуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тань хангах хуулийн үндэслэл байхгүй. Харин Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын саналыг авахдаа илэрхий хууль зөрчсөн байгаа тул түүнийг зөрчил гэж тогтоосон бол Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан ойлголтын дагуу 103.2-т зааснаар таны нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрдэн” гэж зөвлөсөн тул сумын Ардчилсан намын эрх бүхий хүмүүс хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ихэсгэсэн юм. Хэдийгээр энэхүү нэхэмжлэлийг Г.Азжаргал гаргаж байгаа ч Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг илэрхий зөрчиж саналаа өгсөн Б.Цэцэгмаа, С.Өлзийням болон энэ хоёр хүний саналыг авсан сонгууль зохион байгуулагчдын үйлдэл, үйл ажиллагаа нь Г.Азжаргалын сонгогдох эрхийг зөрчихөөс гадна түүний цаад талд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг зөрчиж, тэднийг сонгосон сонгогчдын хууль ёсны саналд ноцтой нөлөөлсөн... Сонгох, сонгогдох эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх учраас аль нэг нь давуу байдал эдлэх учиргүй. Тиймээс саналаа өгсөн санал авах байрны зохион байгуулагч Б.Цэцэгмаа, С.Өлзийням тэдний саналыг авсан бусад сонгууль зохион байгуулагчид Сонгуулийн тухай хуулийн ямар зүйл, заалтуудыг зөрчсөн болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн эхэнд бичигдсэн миний анхны нэхэмжлэл, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэл, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр хэлсэн үгэнд тодорхойлж өгсөн болно. Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь Үндсэн хуульд байхгүй 19.9 гэсэн заалт бичиж хүсэлт гаргасан, түүнийг нь өөр хэсэг болох 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу өөртөө хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасан зарчим, түүнд нийцүүлсэн 87, 90, 35 дугаар зүйлийн холбогдох заалт, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөнөөр 35 дугаар зүйлийн 35.7.7 дахь заалт, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Сонгуулийн хорооны дэг”-ийг бүхэлд нь, 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалт зөрчигдсөн, 92 дугаар зүйлийн 92.2.1 дэх заалт, 103 дугаар зүйлийн 103.1.1, 103.1.2-т заасныг тус тус зөрчигдөх нөхцөлийг бий болгосон ба 103 дугаар зүйлийн 103.1.5 дахь заалт хэрхэн зөрчигдсөнийг анхны нэхэмжлэлдээ миний бие нотолсон ба мөн анзаараагүй өнгөрсөн зөрчлийг шүүх нэмж тогтоосон. Сумын сонгуулийн хороо нь Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын саналыг авснаар дээр дурдсан хуулийн заалтууд зөрчигдөн, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.7.8 дахь заалтыг баримтлан уг хоёр хүний саналыг авах үүрэг даалгавар өгч болохгүй гэдгээ мэдэж байх хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлэхгүй саналыг авахуулснаар хуулийн зөрчлийг бодитоор бий болгосон гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, орхигдуулсан, миний нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтад ач холбогдол өгч "Үндэслэх" хэсэгтээ бичсэн байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудасны доод хэсэгт "...Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас саналаа өгч чадаагүй, тухайн өдрөө саналаа өгөх оролдлогыг удаа дараа хийсэн боловч амжиж өгч чадаагүй гэсэн үйл явдал болсон болох нь гэрч... тайлбар зэргээр нотлогдож байна" гэжээ. Гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан зэргээс нэхэмжлэгчийн маргаан үүсгэж буй объект болох 1169, 1173 дугаар хэсгийн газар нутаг дээр байгаль, цаг уурын ямар нэгэн таагүй үйл явдал болж Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын санал авахад саад учруулаагүй гэдгийг мэдэж болно. Харин энэ хоёр хүн тухайн өдөр болох 2016 оны 10 сарын 18-нд урьд нь зарласан байр буюу 1169 дугаар санал авах байранд биш газар санал өгөх гэж удаа дараагийн оролдлого хийсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг тайлбар зэргээс харагдаж байна. Энэ нь хууль бус үйлдэл тул сонгууль зохион байгуулагчдад хариуцлага хүлээлгэх зорилго агуулаагүй юм бол хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд энэхүү нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12дугаар хуудсанд "...С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь... хүсэлт гаргаснаар ахлах зохион байгуулагч нь зөвшөөрөл өгч явуулжээ... эсэргүүцэлтэй тулгарч улмаар Сагил сумын сонгуулийн хороонд бичгээр хандсаны дагуу... саналыг нь өгүүлж буцаасан байдаг. Энэ байдал нь... тогтоогдож байна” гэжээ. Тухайн хоёр хүний гаргасан хүсэлт, түүнд зөвшөөрөл олгосон ахлах зохион байгуулагчийн зөвшөөрөл нь Сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч нотолсон. Гэтэл энэ нотлох баримтын зөв, буруу эсэхийг үнэлэхгүй орхигдуулсан мөртлөө тухайн хоёр хүний хүсэлт, түүнд олгосон зөвшөөрөл хууль ёсны мэтээр "Үндэслэх" хэсэгтээ бичсэн нь нэг талыг барьсан бөгөөд энэ нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Мөн тухайн хоёр хүн "...Сагил сумын сонгуулийн хороонд бичгээр хандсан..." гэсэн нотлох баримтыг хавтаст хэргээс би олж үзээгүй. Цаашлаад "...хэрэгт авагдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл... сумын сонгуулийн хороо үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд байх бөгөөд нэхэмжлэгч иргэн Г.Азжаргалын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна" гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа сумын сонгуулийн хороо сонгогчийн саналыг өгүүлэх үүрэг даалгавар өгөх эрх байхгүй гэдгийг нотолсон. Мөн 1173 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Х.Намжилмаа хууль зөрчиж энэ хоёр хүний санал авахгүй гэж эсэргүүцсэнийг гэрчүүд болон шүүх өөрөө нотолсон. Өөрийн хэсэгт сонгогчийн санал авах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг санал авах байрны ахлах зохион байгуулагч хүлээнэ гэж Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д маш тодорхой заасан учраас ахлах зохион байгуулагч Х.Намжилмаа эсэргүүцсэн. Гэтэл сумын сонгуулийн хороонд сонгогчийн санал өгүүлэх хуулийн ямар заалт байгааг заахгүйгээр ерөнхий байдлаар "...хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн..." гэж дүгнэлт гаргасан нь хуулийг буруу хэрэглэхийн хамт энэхүү нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудасны төгсгөл хэсэгт "...Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрсдийн ажиллаж байсан 1169 дүгээр хэсэг дээр хэсгийн санал авах байранд өгөх байсан саналыг 1173 дугаар хэсгийн санал авах байранд өгсөн нь гэх заалтыг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгуулийн албан ёсны санал хураах өдрийн өмнөх өдөр өгөх байсан саналыг сонгуулийн албан ёсны санал авах өдөр өгсөн нь... гэх заалтыг "Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.7-2.9-д заасныг зөрчсөн байгаа нь зөрчлийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэж байна" гэжээ. Яг энэ бичсэн өгүүлбэрээр ийм зөрчил гарсан гэдгийг шүүгч тогтоосон байна. Иймд миний бие нь энэ үйл баримт нийтэд илэрхий байсан учраас үүнийг тогтоолгох гэж зөрчил шалгах эрх бүхий этгээдэд хандаагүй. Зөрчлийг шалгах шаардлагатай гэж үзсэн бол шалгуулах бүрэн эрх шүүхэд байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

“...С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар өөрийн хариуцлагагүй байдлаас Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.5-д заасны дагуу 1169 дүгээр хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадалгүй дараагийн өдөр 1173 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2.1,    103 дугаар зүйлийн 103.1.5-д заасныг зөрчсөөр МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаяр 187, МАН-аас нэр дэвшигч У.Цэцэгбал 186, АН-аас нэр дэвшигч Г.Азжаргал 185 сонгогчийн санал авсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн нь Увс аймгийн Сагил сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Сайнбаярын сонгуулийн дүнг хүчингүй болгож, нэр дэвшигч Х.Сайнбаяр, Г.Азжаргал нарын дунд дахин санал хураалт явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгах, сонгуулийн зохион байгуулагч нарт хуулийн дагуу арга хэмжээ авахыг эрхий бүхий албан тушаалтанд даалгах, “Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүй тооцохыг сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам батлах тухай” 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.2 дахь хэсэгт “зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх сонгогчийн саналыг санал авах өдрийн 09.00-20.00 цагийн хооронд авна” гэж тогтоожээ.

 Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдөр нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байсан бөгөөд сумын сонгуулийн хорооны 1169 дүгээр хэсгийн зохион байгуулагчаар ажиллаж байсан иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар “иргэний үнэмлэх байхгүй” гэх шалтгаанаар уг өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадаагүй нь Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна” гэж заасныг шууд зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогдохгүй байна.

Харин Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагт иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар “Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдэлж саналаа өгөх тухай” хүсэлтийг сумын сонгуулийн хороонд гаргасан.

Улмаар дээрх иргэдийн хүсэлтийг хүлээн авч, санал өгөхийг зөвшөөрч сумын сонгуулийн хороо нь сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй хэсэг буюу Увс аймгийн Сагил сумын 1173 дугаар хэсгийн байранд сонгогч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг авсан нь Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх “Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.2-д “Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, 4.3-д “Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө”, 4.4-д “Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” гэж заасанд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, сонгогчдын сонгох эрхийг эдлүүлсэн сумын сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчимд нийцсэн, мөн хуулийн 103.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан”, 103.1.2-д “хуульд зааснаас өөр өдөр санал авсан”, 103.1.5-д “сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн” гэж заасныг зөрчөөгүй болох нь “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Увс аймгийн Сагил сумын 1173 дугаар хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаар нотлогдож байгаа.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргах...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн “...Б.Цэцэгмаа, С.Өлзийням нар нь МАН-аас нэр дэвшигчдэд саналаа өгсөн. Энэ 2 иргэн хууль, ёс зүйгээ дээдлэн санал хураалтад оролцоогүй бол МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаярын авсан санал 2-оор хасагдаж саналын тоо 185 болж тэнцэх боломжтой байсан нь харагдаж байна” гэсэн тайлбар үндэслэлгүй, мөн үйл баримтын талаарх нотлох баримтыг цуглуулах, шалгах, тогтоох боломжгүй юм.

Нэгэнт дээрх дүгнэлтээр Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь иргэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарт эдлүүлсэн сумын сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон. Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “Сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц … ойлгоно” гэж заасан ноцтой зөрчил энэ хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, ноцтой зөрчлийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сумын сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                  ШҮҮГЧ                                                                    Э.ХАЛИУНБАЯР