Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 97

 

Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан хийж, Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сагил сумын сонгуулийн хороонд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0062 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 11 дүгээр зүйлийн 11.4, 103 дугаар зүйлийн 103.1.1, 103.1.2, 103.1.5-д заасныг баримтлан иргэн Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн “Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүйд тооцохыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0062 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх “...Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, ...эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна” гэж заасныг шууд зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан “Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг” зөрчсөн Сагил сумын сонгуулийн 1173 хэсэгт гарсан үйлдлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.16-д “Сонгогчдын нэрсийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд ...энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж зааснаас үзвэл Сагил сумын 1173 дугаар хэсгийн сонгогчдын нэг нэрийн жагсаалт бөгөөд 478 сонгогч бүртгэгдсэн байна.

Тэгвэл энэ 487 сонгогчоос Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “...сонгогчийн саналыг түүний хүсэлт, …эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна” гэж заасныг үндэслэн 6 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гарсан. Тэгвэл хуульд зааснаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчийн нэрсийг гаргахдаа тус хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4-д “Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, ...” гэж зааснаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг санал авах байрны нэрсийн жагсаалтаас тусад нь гаргаж, тухайн сонгогчийн хүсэлт, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн сонгогчийн сонгох эрхийг хангаж байгаа билээ.

Тиймээс Сонгуулийн тухай хуулиар зөөврийн битүүмжил, саналын хайрцгаар санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий газраас гарсан журмаар зохицуулан санал авах ажиллагааг журамд заасан. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам”-ын 2.7-д “Санал авах байр нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн нэрийг үндсэн нэрийн жагсаалтын тайлбар хэсэгт бичиж тэмдэглэнэ”, 2.8-д “Санал авах байр нь тухайн хэсгийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх энэ журмын 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4-д заасан сонгогчдыг байнга оршин суугаа газрын сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулах асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, 2.9-д “Санал авах байр нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу тусад нь гаргана...” гэж тус тус зохицуулсан байна. Гэтэл сумын сонгуулийн хороо дээрх журамд заасан ажиллагааг хийлгүй Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийг зөрчсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, сонгогчдын үндсэн нэрийн жагсаалтад /сонгуулийн санал авах өдөр санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа ажилтан гэсэн тодорхойлолтын үндэслэн тэмдэглэл хийн/ санал авах байрны нэрсийн жагсаалтаас хасалт хийж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах нэрсийн жагсаалтад сонгогчийн хүсэлтийг үндэслэн С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг 2016 оны 10 дугаар сарын 18-нд авах байсан ч дээрх хууль болон журмыг зөрчин, Сагил сумын сонгуулийн хороо энэ хоёр сонгогчийн саналыг сонгох эрхийг эдлүүлсэн гэсэн үндэслэлээр санал авах байранд 10 дугаар сарын 19-ний өдөр дахин санал өгөх зөвшөөрөл олгосон үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан С.Өлзийням, Б.Цэцэгмаа тайлбар, сумын сонгуулийн хорооны ажилтнуудын тайлбар, 1173 дугаар хэсгийн байрны ажиглагч нарын тайлбар зэргээр нотлогдож байдаг.

Энэ үйлдлээрээ Сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5. дахь заалтыг “сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, ...санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн” зөрчсөн байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэн Сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хуульд нийцэж байна гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Сагил сумын сонгуулийн хороо нь сонгогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлсэн гэх үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн “үйл ажиллагааны зарчим”-ыг зөрчиж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон 2 сонгогчийн саналыг санал авах байранд авснаар “Хууль дээдлэх” “Сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах” гэсэн зарчимд нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай ...магадлалын хянавал хэсэгт “...иргэдийн хүсэлтийг хүлээн авч, санал өгөхийг зөвшөөрч сумын сонгуулийн хороо... Сагил сумын 1173 дугаар хэсгийн байранд сонгогч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг авсан нь Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д, ...4.2-д, ...4.3-д, ...4.4-д заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын сонгох эрхийг эдлүүлсэн сумын сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “хууль эдлэх” зарчимд нийсэн...” байна, хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Сагил сумын сонгуулийн хорооны 1173 дугаар хэсгээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах 6 сонгогчдын нэрсийн жагсаалтад С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын нэрс орж, 10 дугаар сарын 18-ны өдөр саналаа өгөх байсан боловч “иргэний үнэмлэх байхгүй” гэх шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч чадаагүй байдаг. Үүгээрээ С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байгааг харж болно. Тэгэхээр энэ хоёр сонгогчийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлсэн гэх үндэслэлээр Сонгуулийн тухай хууль зөрчин санал хураалт явуулсан 1173 дугаар хэсгийн санал хураалтыг Увс аймгийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим”, 5.1.1 дэх хэсгийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчин сумын сонгуулийн хорооны үйлдлийг зөвтгөж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан үндэслэл нь сонгуулийн санал авах 1173 дугаар байранд сумын сонгуулийн хорооны шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийг зөрчин хоёр сонгогчийн саналыг санал авах байранд, санал авах өдөр авснаар тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.2, 103.1.5 дахь заалтаар 1173 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Сонгуулийн санал хураалт “Тэгш эрхийн зарчмаар нэг сонгогч нэг удаа санал өгөх” гэсэн зарчмын үндсэн дээр, хоёр сонгогчийн эрх зөвхөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөн эрхээ эдлэх байсан. Сумын сонгуулийн хороо “хууль дээдлэх” зарчмын хүрээнд Сонгуулийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөн санал авах ажиллагаа явагдаагүй үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0062 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Сагил сумын 1173 дугаар хэсгийн сонгуулийн саналын дүнг хүчингүй болгож, хуулийн дагуу дахин санал хураалт явуулж өгөхийг Сагил сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн “Увс аймгийн Сагил сумын Сонгуулийн хороо нь сонгуулийн санал авах 1169 дүгээр байрны зохион байгуулагч болох С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар, сонгуулийн санал авах өдрийн урд өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авах байтал дараа өдөр нь, өөр хэсэг болох 1173 дугаар хэсэг дээр саналыг авсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, эдгээр иргэдийн өгсөн санал нь хууль бус бөгөөд уг хэсгийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн” гэж маргасан байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдахад оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж, мөн Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд сонгуулийн үндсэн зарчмыг тодорхойлсон ба 4.1-д “сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.2-д “сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, 4.4-д “сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно”, 11.4-д “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.1.5-д зааснаар орон нутгийн сонгуулийн санал авах 1169 дүгээр байрны зохион байгуулагч болох С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь сонгуулийн санал авах өдрийн урд өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх байсан боловч мөн өдөр “иргэний үнэмлэхгүй” гэх шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгч чадаагүй, тухайн өдрөө саналаа өгөх оролдлогыг хийсэн боловч өгч чадаагүй байна.

Улмаар тэд орон нутгийн хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрсдийн үндсэн бүртгэлтэй 1173 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгөх хүсэлтийг Сагил сумын Сонгуулийн хороонд бичгээр гаргасныг тус хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар мөн өдөр хуралдаанаар хэлэлцэн “санал өгүүлэхээр” шийдвэрлэж, 1173 дугаар хэсгийн санал авах байранд тэдний хамт очиж саналыг нь өгүүлж буцаасан байна.

Ийнхүү тухайн сумын иргэдийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх бүхий байгууллага болох Сагил сумын Сонгуулийн хороо үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх байсан сонгуулийн байгууллагын ажилтан-сонгогч хоёр иргэний саналыг тэдний үндсэн бүртгэлтэй 1173 дугаар хэсгийн санал авах байранд өгүүлэхээр шийдвэрлэж, тэдгээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн дээрх үндсэн зарчмуудад нийцсэн, шүүхүүд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д “санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн” нь сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр байвал зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцохоор заасан, сонгуулийн байгууллагын ажилтан-сонгогч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь хуульд заасан нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр сонгох эрхээ эдэлж, нууцаар саналаа өгсөнийг санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн, сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс “эдгээр иргэд нь хууль зөрчин санал өгснөөр МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаяр, АН-аас нэр дэвшигч Г.Азжаргал нарын сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн, саналыг авснаар хуулийн заалтууд зөрчигдсөн” гэж захиргааны байгууллагыг буруутгаж буй нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Г.Азжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0062 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

     ШҮҮГЧ                                                                           Б.МӨНХТУЯА