Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00313

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багт байрлах ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... компанид холбогдох

15.195.000 /арван таван сая нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 155/2021/00094/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ..... төрийн өмчит хувьцаат компанитай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №... тоот гэрээ байгуулж .... дугаар багт байрлах .....хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ус дулаан дамжуулах төв -ийг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээг байгуулсан. Энэ асуудлаар 2019 онд түрээсийн төлбөрөө өгөхгүй шүүхэр шийдвэрлүүлэхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №155/ШШ2019/01.... дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №0.... дугаартай магадлалаар түрээсийн төлбөр болох цахилгааны зардал, цалингийн зардал зэрэг 10.857.000 төгрөгийг ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанид гаргуулан өгөх шийдвэр гарч байсан юм. Өнөөдөр ...... төрийн өмчит хувьцаат компани нь түрээсийн төлбөрөө өгөхгүй дахин шүүхэд хандахад хүрч байна. ..... төрийн өмчит хувьцаат компани нь 2019 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад дулааны төлбөр болох 34.757.500 төгрөгийг айл өрх, аж ахуйн нэгжүүдээс бүрэн гүйцэд мөнгийг нь авсан байдаг юм. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр .....хязгаарлагдмал хариуцлагатай компани, ...... компанийн хооронд ус дулаан дамжуулах төвийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан юм.

...... хязгаарлагдмал хариуцлагатай компани, ....... компанийн хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №.....тоот гэрээний дагуу .......хувьцаат компани нь 7 дугаар багт байрлалтай ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ус дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад түрээслэн ажилласан хугацааны цахилгааны зардал 4.455.234 төгрөг мөн 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад гэрээгээр ажилласан гурван ажилтны цалин хөлсний зардал 10.740.000 төгрөг бүгд 15.950.000 төгрөгийн зардлуудыг .......төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ...... төрийн өмчит хувьцаат компанитай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18/19 тоо гэрээ байгуулж Мөрөн сумын ....дугаар багт байрлах ......ХХК-ийн ус дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслэгч байгууллага нь өөрийн үйлдвэрлэж байгаа дулааныг уг ус дулаан дамжуулах төвөөр хүргэж аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд түрээсэлсэн. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний ерөнхий 3 буюу түрээсийн төлбөр дээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сард гарсан бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна гэж, гэрээний 5.4-т мөн ус дулаан дамжуулах төвийн гарсан бүх зардал үүнд ус, цахилгаан, засвар гэх мэт бүх зардлыг бүрэн хариуцна гэж байгаа. Энэхүү байгуулсан түрээсийн гэрээний дагуу ....... төрийн өмчит хувьцаат компани Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багт байрлах ...... ХХК-ийн ус, дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад түрээслэн ашигласан хугацааны цахилгааны төлбөр нийт 4,455,234 төгрөг, 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад гэрээгээр ажилласан гурван ажилтны цалин хөлсний зардалд 10,740,000 төгрөг гарсан ба нийт 15,195,000 төгрөгийг ...... төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ус дулаан дамжуулах 14 төв ажилладгаас зөвхөн 11 дүгээр төв нь ...... ХХК-ийн эзэмшил ашиглалтанд байдаг. Бусад 13 төв нь ....... төрийн өмчит хувьцаат компанийн мэдэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Миний судалж мэдсэнээр бусад 13 дахин дамжуулах төвд 4 хүн ээлжээр ажилладаг байхад ...... ХХК-ийн дулаан дамжуулах төвд гурван хүн л ээлжээр ажиллаж байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ....... төрийн өмчит хувьцаат компанийн түрээсэлсэн ус дулаан дамжуулах төвөөр дамжуулж нийт 22 айл өрх, 2 аж ахуйн нэгж ус, дулаан ашиглаж нийт 36,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагад өгсөн байдаг юм билээ. 300,000,000 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр дамжиж ус дулаан нь хэрэглэгчдэд дамжин очдог. Ингэж очихдоо гар аргаар биш тог, цахилгаанаар ажиллаж байгаа. Цахилгаан ашиглаж ажиллаж байгаа учир төлбөр гарна. Энэ гарах төлбөрийг гэрээнд зааснаар түрээслэгч тал төлөх ёстой боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөр төлөхгүй бол цахилгаан тасалдана, цахилгаан тасалдсанаас айл өрх, аж ахуйн нэгжид дулаан болон цэвэр ус очих боломжгүй, түрээслэгч байгууллагад биш иргэд, аж ахуйн нэгжид хохиролтой байсан учраас тэдний эрх ашгийн үүднээс цахилгааны төлбөрийг түрээслүүлэгч өөрөө төлсөн ийм учиртай. Яагаад ажилтан ажиллуулсны хөлсийг өгөхгүй, нэг хүн ажиллуулна гэж маргаад байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр нэг хүн ажиллуулах байсан юм бол бусад 13 төв дээрээ яагаад 1 хүн ажиллуулахгүй байгаа юм бэ? .......төрийн өмчит хувьцаат компани нь бусад 13 төвд ажиллаж байгаа 4 хүн тус бүрийг цалинжуулдаг байж яагаад тохирсон цалингаа өгөхгүй байгааг нь гайхаж байна. Энэ ус дулаан дамжуулах төвд ажиллаж байгаа ажилчдын цагийн хуваарь нь өдрийн цагаар 08-20 цаг хүртэл, шөнийн цаг нь 20-08 цаг хүртэл хуваарь гарган ажилладаг ба хэрэв бусад төвүүдтэй адил 4 хүн ажиллуулдаг байсан бол энэ хүмүүсийн нөхцөл байдал дээрдэх байсан. Гурван хүн ажиллаж байгаагаараа хөдөлмөрийн хууль тогтоомжийг, мөн дээрээс нь цаг хугацаандаа цалингаа авч чадахгүй байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал ч зөрчигдөж байгаад асуудал бий. ...... төрийн өмчит хувьцаат компани нь түрээсийн гэрээний дагуу ажилчдыг ажиллуулах, хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулж эдгээр хүмүүсийг цалинжуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх асуудал байх ёстой. Гэтэл энэ хүмүүсийг ажиллуулчихаад хүн ажиллуулахгүй цалин хөлс өгөхгүй ийм байгаа учраас манайх өөрсдөө ажиллуулах асуудал үүссэн. Ямар учраас ажилтан тэнд ажиллах ёстой байдаг гэхээр Дулаан Орд ХХК-ийн 300,000,000 төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж байдаг. Үүнийг хэвийн ажиллуулах, тухайн объектын аюулгүй байдал, гадна дотно тохижилт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хянах самбарыг байнгын хяналтанд байлгахын тулд ажилтан ажиллуулдаг. Би гэрэл зураг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ зурагт байгаа хянах самбарыг байнга хянаж байх ёстой. Энэ хянах самбар нь ирж байгаа усны халууны хэм, цэвэр усны даралт зэргийг нь шалгаж ажилладаг үүрэгтэй. Заагдсан түвшин алдагдвал хөлдөх дэлбэрэх аюултай байдаг юм. Хэрвээ ажилтан ажиллаагүйгээс дээрхи асуудал үүсэх юм бол .....ХХК төдийгүй дээрхи нэрлэгдээд байгаа 22 айл, 2 аж ахуйн нэгж, цаашлаад ..... төрийн өмчит хувьцаат компанид өөрт нь асар их хохиролтой. Иймээс аюулгүй ажиллагааны асуудлыг хангахын тулд ажилтан ажиллаад байгаа юм. Мөн гэрээнд заавал ийм мэргэжлийн ийм хүн ажиллуулна гэсэн нэг бүрчлэн заасан заалт байхгүй. Тийм учраас ажилчдын тоо, тэдний мэргэжлийн түвшинг заагаагүй учраас хэнийг ажиллуулах нь түрээслэгчийн өөрийнх нь эрх мэдлийн асуудал юм. Түрээслэгч өөрөө ажиллуулаагүй учраас түрээслүүлэгч аюулгүй ажиллагаагаа хангах өөрсдийн эд хөрөнгөө хамгаалахын тулд эдгээр гурван ажилтныг ажиллуулаад байгаа юм. ...Нэхэмжлэгч хариуцагч хоёр байгууллагын хооронд 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн гэрээний харилцаа байгаагүй учир 3 ажилтан тус бүрийн 2020 оны 4, 5 дугаар сарын цалин болох 2.280.000 төгрөгийг, цахилгааны зардалд 4.455.234 төгрөг нэхэмжилснээс төлөгдөөгүй байгаа 3.828.000 төгрөгийг, нийт 6.108.000 төгрөгийг нэхэмжилсэн 15.195.000 төгрөгөөс хасаж үлдэх 9.087.000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ........төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ......,, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь манай ....... төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр тохиролцсон ажлын байрны цахилгааны зардал 4.455.234 төгрөг, гурван ажилтны цалин хөлсний зардал 10.740.000 төгрөг нийт 15.195.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхэд өмнө нь тус байгууллага нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь үндэслэлгүйгээр зардал нэхэмжилж байсныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлаас харж болно. Энэ удаа ч мөн үндэслэл муутай буюу 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад нийт 4.455.234 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан гэж нэхэмжилж байгаа нь хэт өндөр буюу бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн гурван ажилтны цалин хөлс 10.740.000 төгрөг гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээнд ажилчдын тоог заагаагүй бөгөөд ажилтны сарын цалин 384.000 төгрөг байна гэж гэрээгээр тохиролцсон. Тухайн дулаан дамжуулах төв нь бусад дулаан дамжуулах төвүүдтэй харьцуулахад ямар ч ачаалалгүй буюу 3 ажилтан ажиллуулах хэмжээний хүчин чадалтай биш тул 3 ажилтан ажиллуулж байгаа гэж үндэслэлгүй зардал нэхэмжилж байна. Мөн энэхүү 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээг байгуулж байхад нэхэмжлэгч ......,, ХХК-ийн захирлаар М.Л гэж хүн байсан бөгөөд гэрээг байгуулахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М-ы гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгийн нэр дээрх компани байсан ба ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ манай байгууллага шударгаар биелүүлэх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр хүлээсэн ажилтны цалин, цахилгааны төлбөрийг ор үндэслэлгүй нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....... хязгаарлагдмал хариуцлагатай компаниас дулааны төв түрээсэлсэн цахилгааны зардал 4,455,234 төгрөг, 2019 оны 9-12 дугаар сар, 2020 оны 01-5 дугаар сар хүртэл хугацаанд 3 ажилтан ажиллуулсан цалинд 10,740,000 төгрөг, нийт 15,195,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг хариуцагч байгууллагаас гаргаж байгааг дэмжиж оролцож байна. Учир нь цахилгааны зардал Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн лавлагаагаар тооцоход 1.400.000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Мөн хамгийн маргаантай асуудал болох гурван ажилтны цалинд нийт 10,740,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа. Учир нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр ажилтны нэг сарын цалинг 384,000 төгрөг, цалинг сар бүр олгож байхаар тохиролцсон. Гэрээний талууд ажилтны тоо, ямар мэргэжилтэй хүн ажиллуулна гэдгээ гэрээнд тусгаагүй. Гэхдээ гэрээнд үнийн дүнг тодорхой бичсэн 384,000 төгрөг гэж байгаа учраас гэрээний үнийн дүнгээр буюу нийт 9 сарын цалинг сард 384,000 төгрөгөөр тооцож, мөн цахилгааны зардалд 1.400.000 төгрөгийг нэмээд нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлага болох 15.195.000 төгрөгөөс 4,856,000 төгрөгийг төлөх боломжтой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ, харин илүү нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ....... төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 15.195.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч байгууллагаас 9.087.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад нийт 4.455.234 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан гэдэг нь хэт өндөр, гэрээнд ажилчдын тоог заагаагүй ба тухайн ус, дулаан дамжуулах төв нь бусад төвүүдтэй харьцуулахад ямар ч ачаалалгүй буюу 3 ажилтан ажиллуулж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм гэж тайлбар гарган маргаж байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Н.Б-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №10, О.Б-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №8, Б.С-тэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №9, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2019/0...... дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай магадлалын хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Голомт банкны 2021 оны 01 дүгээр сарын 05, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 20, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдийн орлогын мэдүүлгийн баримт, Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн 2019 оны 11, 2020 оны 01,2020 оны 03, 2020 оны 05 сарын төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд, Х..... ТӨХК, ......ХХК нарын 2018 оны 03 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлалтай ус дулаан дамжуулах төв, мөн 300м2 гадна дулааны шугам сүлжээ худалдан авч өгөх гэрээ-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019.0915-2020.05.15 хүртэлх орсон орлогын жагсаалт, 2020.09.15-2020.12.31 хүртэлх борлуулалтын орлогын жагсаалт гэх баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дугаартай албан бичгийн нотоариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ......ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ...... ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/49 дугаартай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ...... ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/19, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/15 дугаартай .......ТӨХК-аас санхүүжилт хүссэн тухай албан бичгүүд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Ус дулаан дамжуулах төв 11 байрны гадна болон дотор байдал, тоног, төхөөрөмж, ажилчдын ажиллаж байгаа байдлыг харуулсан зураг гэх тайлбартай баримт, Б.С, О.Б, Н.Б нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Насандэлгэрийн амины сууцны барилгын гадна дулааны шугамын ажлын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ...... ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №9 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №УКА-51/2016 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-33-12 тоотод оршин суудаг Ж.Н-н амины орон сууцны гадна дулааны шугамын ажлын улсын комиссын акт -ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгө үнэлгээний ажлын тайлан гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, иргэн Ж.Н-н амины орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны шугам угсрах, ус дулаан дамжуулах төвийн барилга барих ажлын төсөв гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудыг,

Хариуцагч байгууллагын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч ХХК-аас ирүүлсэн ...... ХХК-ийн буюу 9..... кодтой хэрэглэгчийн 2019 оны 9 сараас 2020 оны 5 дугаар сарын цахилгаан эрчим хүч хэрэглэсний нэхэмжлэхүүд, Хувийн дулаан дамжуулах төвөөс ирсэн дуудлагын бүртгэл гэх баримтуудыг тус тус хэргийн зохигч нь нотлох баримтаар гаргаж өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ г байгуулж, энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ..... дугаар гудамжинд байрлах Ус дулаан дамжуулах төв-11 цаашид /УДДТ гэх/ -ийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, түрээсийн төлбөр, УДДТ-11-ээс гарсан зардлуудыг түрээслэгч бүрэн хариуцаж, олсон ашгаас 70 хувийг түрээслүүлэгч, 30 хувийг түрээслэгч тал авах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүр түрээслүүлэгчээс ирсэн нэхэмжлэхийн дагуу төлөх, УДДТ-11 дүгээр төвд ажиллах хүний цалин болох 384.000 төгрөгийг сар бүр төлж байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 31-32-р тал/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талууд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .....дугаар багийн .....дугаар гудамжинд байрлах Ус дулаан дамжуулах төв-11-ийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэхээр гэрээг байгуулж түрээслэгч байгууллага болох Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь өөрийн үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд хүргэж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байгаа ба талууд энэхүү үйл баримтанд маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ Ус дулаан дамжуулах төвд 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1, 2, 3, 4, 5 саруудад гэрээгээр ажилласан гурван ажилтны цалин хөлсний зардал 10.740.000 төгрөг, цахилгааны зардал 4.455.234 төгрөг, нийт 15.195.000 төгрөгийн зардлыг гэрээний дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй учир 3 ажилтан тус бүрийн 2 сарын хугацааны цалин хөлс болох 3х2х380.000=2.280.000 төгрөг, цахилгааны зардалд нэхэмжилсэн 4.455.234 төгрөгөөс төлөгдөөгүй байгаа 3.828.000 төгрөгийг, нийт 2.280.000+3.828.000=6.108.000 төгрөгийг нэхэмжлэлийн нийт шаардлага болох 15.195.000 төгрөгөөс хасаж үлдэх 15.195.000-6.108.000=9.087.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ тухайн ус дулаан дамжуулах төв нь бусад дулаан дамжуулах төвүүдтэй харьцуулахад ямар ч ачаалалгүй буюу 3 ажилтан ажиллуулах хэмжээний хүчин чадалтай биш, гэрээнд ажилтны тоог хэд байхаар тохиролцоогүй тул 1 ажилтны нэг сард авах цалинг 384.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн саруудын цалин хөлсийг өгөх боломжтой, цахилгааны зардалд нэхэмжилсэн 4.455.234 төгрөг нь хэт өндөр, бодит гарсан зардал биш байх тул Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн гаргасан тооцооны дагуу 1.400.000 төгрөгийг төлж үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Зохигч нь Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-ний 3.4-т УДДТ-11-р төвд ажиллах хүний цалин болох 384.000 төгрөгийг сар бүр төлнө гэж, 5.4-т УДДТ-11-д гарсан бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна /ус, цахилгаан, засвар гэх мэт/ гэж харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Энэхүү гэрээ ёсоор нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч ..... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь түрээслэгч буюу ....... хувьцаат компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгч ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Н.Б, О.Б, Б.С нартай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №8, 9, 10, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ №3, 4, 5, ХААН банк болон Голомт банкны орлогын баримтууд /хх-ийн 21-25-р тал/ -ыг үндэслэн 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1, 2, 3 дугаар саруудад Мөрөн сумын .. дугаар багийн . д...угаар гудамжинд байрлах Ус дулаан дамжуулах төв №11-д ажилласан 3 ажилтны цалин хөлсөд нийт 8.460.000 төгрөгийг,

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-д Өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрхтэй гэж заасан ба Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлбөрийн нэхэмжлэхийн баримтууд /хх-ийн 27-30-р тал/ -ыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт нэхэмжилсэн 731.000 төгрөг, нийт 9.087.000 төгрөгийг хариуцагч ....... төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Н-г 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх тул О.Б, Н.Б, Б.С нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нөхөж хийсэн баримт байна гэх тайлбар гарган маргаж байгаа боловч ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ...... дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хэсгийн нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсэгт Д овогтой Н-г Гүйцэтгэх захирал-р томилсоныг бүртгэв гэх бичвэрээс үзвэл Д.Н-г ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг тухайн өдөр бүртгэснээс биш, уг өдөр Д.Н-г захирлаар томилсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь бичвэр хэсэгт нэмэлт өөрлөлтийн агуулга, Бүртгэсэн огноо, ажилтан тэмдэг гэсэн бүртгэлийг хийсэн байх бөгөөд Д.Н-г захирлаар томилогдсоныг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хугацаа, бүртгэсэн ажилтан хэн бэ гэдгийг нотолж буй баримт болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....... хувьцаат компаниас 9.087.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 160.342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-д зааснаар хариуцагч .......төрийн өмчит хувьцаат компаниас 9.087.000 /есөн сая наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.925 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х....... төрийн өмчит хувьцаат компаниас 160.342 /нэг зуун жаран мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч.хя.....згаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН