Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/00229

 

2021 01 26

184/ШШ2021/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, Д ХХК /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ........... дугаар гудамж, ....... тоот хаягт байрлах, О ХХК /РД:............../,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, ......... дугаар гудамж, ....... тоот хаягт оршин суух, Х овогт Ч-ийн О /РД: .........../ нарт холбогдох,

 

Барилгын тоног төхөөрөмж /122,875 ам.долларын үнэ бүхий/-ийг дагалдах хэрэгслийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2012 онд Ч.О-тэй Малайз улс руу хамт явж 122,875 ам.долларын үнэ бүхий барилгын тоног төхөөрөмжийг дагалдах тоног төхөөрөмж материалын хамт худалдан авч оруулж ирсэн. Ч.О нь уг тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалтад сууж Монголд ирээд худалдан авна гээд хашаандаа суурилуулж авсан. Хариуцагч нь тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэл явуулж блок хийж эхэлсэн. 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ хийж Хаан банкинд уг тоног төхөөрөмжийг барьцаалан 100,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлээс би 15,000,000 төгрөгийг авсан. 85,000,000 төгрөгийг Ч.О өөрийн хувийн данс руу шилжүүлэн авч, надад Хандгайтад байшин барьж өгнө гэж хэлсэн боловч өөртөө машин авч, мөн охиныхоо өр төлбөрийг барагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Надад байшин барьж өгсөн юм ч байхгүй. Банкны олгосон зээлийн мөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж байгааг шалгаж байсан тул Ч.О тоног төхөөрөмжийг өөрийн үйлдвэрийн хашаанд суурилуулан ашиглаж байгаагаар үзүүлдэг байсан ба шүүхээс тоног төхөөрөмжийг буцаан олгох нь зүйтэй гэсэн боловч өөрийн мэдэлд одоог хүртэл байлгаж өгөхгүй байна.

Тухайн тоног төхөөрөмжийг худалдан авах нэрийдлээр үнийг нь төлөөгүй байж 2012-2017 он хүртэл уг тоног төхөөрөмжийг ашиглан барилгын ажил, блок хийж ашиг орлого олж байснаа нуун, өнөөдрийг хүртэл үнийг нь төлөөгүй байгаагаар барахгүй мөнгөө нэхэхээр тоног төхөөрөмжөө буцааж ав гэж доромжлох болсон. Хариуцагч нэгэнт худалдан авсан тоног төхөөрөмжийнхөө үнийг төлөхгүй гэж байгаа бол тоног төхөөрөмжөө, дагалдах хэрэгслийн хамт буцаан авах хүсэлтэй байна.

Тухайн төхөөрөмжийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг О ХХК-тай байгуулсан. Мөн тухайн компанийн захирал нь Ч.О тул О ХХК болон Ч.О нараас 122,875 ам.долларын үнэтэй барилгын тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийг гаргуулж өгнө үү.

Бидний хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн, хамтарч ажиллахаар тохиролцоогүй, ажил хийж гүйцэтгээд олсон ашгаа хуваах талаар тохиролцсон зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч буюу хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид 2 анх Малайз явж ирээд энэ хүн зээл авч тоног төхөөрөмж авсан мөнгөө өгч чадахгүй байна гээд тоног төхөөрөмжийг ажиллуулъя гэсэн. С.Б нь 2015 оны 8 дугаар сараас РБМ тоног төхөөрөмжийг Шарга морьтын зуслангийн газар харж хандах хүнгүй байна хашаандаа авчраад хадгалж байгаач гэсний дагуу би дүүтэйгээ очиж аван, хашаандаа авчирсан. Одоог хүртэл хашаандаа хадгалж байна. 2017 оны намар Б нь Налайхын цаана байрлах зуслангийн байшингийнхаа ард 1,000,000 төгрөгийн хөлсөөр саравч хийлгэе гэж хуурч аваачин 3 хоног ажиллуулчхаад урьдчилгаа өгөхгүй болохоор нь орхиод явсан. Үүнээс өс хонзон санаж бүхий л талаар болсон бодит байдлыг өөрт ашигтайгаар илт гуйвуулж намайг гүтгэн доромжилж байна. Шударга үнэнээр бол энэ хүн надад хадгалалтын хөлсийг зах зээлийг жишгийн дагуу төлөх ёстой.

Энэ хүн намайг 100,000,000 төгрөг аваад хувьдаа завшсан гэж хэлээд байна. Би энэ хүнтэй хамтарч ажиллая гээд банкнаас зээл хөөцөлдөөд, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаад /дүүгийнхээ нэг байрыг, эгчийнхээ нэг байрыг, үйл ажиллагаа явуулж байгаа объектоо/ барьцаалаад 100 сая төгрөгийн зээл аваад С.Б-д 15 сая төгрөгийг өгч, өөртөө Крантаа машин авсан.

Зээлээ ганц дэлгүүрийн ашгаар эргэн төлөлт хийж чадахгүй байсан тул объектоо зарж зээлээ хаасан. С.Б өөрөө барилга байшин барьж ашигласан РБМ тоног төхөөрөмжийнхөө үнийг хэд дахин нугалж надаар төлүүлэх гэж 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон.

Мөн одоо амьдарч байгаа хашаа байшинг минь авахыг санаархаж шүүхээр түдгэлзүүлэх тэмдэглэгээ хийлгэсэн байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Баяраа РБМ тоног төхөөрөмжөө авъя гэж нэг ч удаа над дээр ирээгүй, утсаар ч яриагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч О ХХК, Ч.О нарт холбогдуулан 122,875 ам.долларын үнэтэй РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...Ч.О нь худалдаж авчихаад мөнгийг төлөөгүй, энэ асуудал шүүхээр шийдэгдсэн, буцааж өгөх үүрэгтэй гэж түүнд даалгасан ч 122,875 ам.долларын үнэлгээтэй барилгын тоног төхөөрөмжийг маань бүрэн бүтэн, анх өгсөн тоо ширхэг чанараар нь буцааж өгөхгүй байна. Авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй хүнтэй хамтарч ажиллах боломжгүй байсан гэж, хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ Тухайн тоног төхөөрөмжийн анх худалдаж авсан үнийг нь мэдэхгүй. Түүнээс худалдаж аваагүй. Хамтарч ажиллая гэж тохиролцож, Хаан банк ХХК-иас 100,000,000 төгрөгийн зээл аваад С.Б-д 15,000,000 сая төгрөгийг өгч, өөртөө Крантаа машин авсан. Хадгалуулсан тоног төхөөрөмж өөрийнх нь өгсөн тэр чигээрээ байгаа гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хариуцагч талын нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцсон, тоног төхөөрөмжийг хадгалуулсан гэх үйл баримт болон нэхэмжлэгч талын тоног төхөөрөмжийг худалдсан гэх үйл баримт, харилцааг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдах худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, харин хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн болно.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэсэн зүйл, заалтуудад нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, үйл баримтууд нийцэж байх ба нэхэмжлэгч талаас РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн ашиглалтаар, хариуцагч талаас крантай машинаар тээвэрлэх үйлчилгээгээр хамтарч барилга барих ажлыг гүйцэтгэн ашиг олохоор харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн ...Миний хуучны танил А Хэнтийд барилгын ажлыг Мишээл экспо дээрээс олсон. А, О 2-ыг Хэнтий рүү явуулсан. Би санхүүгээ барихаар тохиролцсон. 450 сая төгрөгийн гэрээ байсан гэх тайлбар, хариуцагчийн ...Бид 3 хамтарч ажиллаж ашиг олъё гэж тохиролцож Хэнтий аймагт тухайн ажлыг эхлүүлсэн. Б 50%, А бид 2 20/30%-иар ашгаа хуваая гэж тохирсон гэх тайлбар, барилгын тоног төхөөрөмжийг тээвэрлэсэн, зөөсөн, хадгалж байсан үйл баримтууд, уг тайлбаруудын нотолгоо ХААН банкны хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, шүүхийн шийдвэр, захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Талуудын хамтран ажиллах гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж заасан үндэслэлээр буюу 2013 оноос шүүхэд маргаан үүсгэх хүртэлх хугацаанд талууд хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, цаг хугацааны хувьд хамтарч ажиллах зорилгоо биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дуусгавар болсон тул хэн аль нь хамтын хөрөнгөө хуваах, хувь нийлүүлсэн хөрөнгөө буцаах авах эрхтэй болно.

 

Гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш хариуцагч тал нь нэхэмжлэгчийн өмчлөлийн РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт буцааж өгөөгүй өөрийн эзэмшилд байлгаж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заасны дагуу тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслээ буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Маргааны зүйлийн талаар тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн өмч гэх РБМ-

1000 загварын барилгын тоног төхөөрөмжийн иж бүрдэл, дагалдах хэрэгслийг хил гаалиар орж ирсэн буюу шинэ эд зүйлийн үнэлгээ болох 122,875 ам.долларын үнэтэй тоног төхөөрөмж хариуцагчид хүлээлгэн өгсөн тул ийм үнэ бүхий тоног төхөөрөмжийг авна гэж, хариуцагч нь тоног төхөөрөмжөө ав гэдэг өөрөө ирж авдаггүй, ямар үнэтэй тоног төхөөрөмж өгснийг мэдэхгүй, хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг сүүлд нь түр хадгалж байгаач гэсний дагуу л хадгалж байгаа гэж тус тус тайлбар гаргадаг. Тухайн эд хөрөнгийг буцааж авах, өгөх асуудлын маргааны үндэс нь барилгын тоног төхөөрөмжийн шинж чанар, тоо ширхэг, үнэлгээний асуудал байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д ХХК нь 2012 оны 03 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр нэг иж бүрдэл РБМ-1000 загварын Хөөс Цементийн машиныг дагалдах хэрэгслүүдийн хамтаар 75,000 ам.доллар, 500 кг хөөсний бодис 6,300 ам.доллар, 500 кг хатууруулагч бодис 1,325 доллар, 500 кг зөөллөгч бодис 2,500 доллар, 150 м2 РБМ хэвний бүтээц 27,750 доллар, нэг шүршин бүрэгч машин 10,000 доллар, нийт 122,875 ам.долларын барилгын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдан авчээ. 2012 оны 03 сарын 13-ны өдөр худалдагч талаас худалдан авагчид тухайн иж бүрдэл, дагалдах хэрэгслийг деталь бүрээр задлан 41 ширхэг зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогддог.

 

2012 оноос 2019 он хүртэлх хугацаанд барилгын иж бүрдэл РБМ-100 тоног төхөөрөмжийг ашиглаж байсан болох нь баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогддог, энэ талаар талууд маргадаггүй.

 

Талуудаас маргааны зүйл болох эд хөрөнгөд мэргэжлийн хүмүүсээр зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

...РБМ-1000 загварын холигч тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнд шавардлагын машин, өндөр технологийн шахагч систем, хянах систем орно. Тоног төхөөрөмж нь дээр дурдсан бүрэлдэхүүний хувьд бүрэн бүтэн, бусад холбоос, боолт, хоолойнууд угсарсан байдалтай байна. Цаашид хэвийн ашиглах боломжтой.

Бусад тоног төхөөрөмжид конвейер, хөөс гаргагч тоног төхөөрөмж, хийн компрессор, шүршин бүрэгч машин зэрэг орно. Эдгээр тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг контейнерт хадгалж байсан бөгөөд цаашид ашиглах боломжтой байна.

Бусад дагалдах хэрэгслүүдэд хүргэлтийн болон төмөр хоолойнууд, хөөсний бодис, хатууруулагч болон зөөлрүүлэгч бодисууд орж байна.

Хөрөнгүүдийг үзэж танилцахад үндсэн 9 төрлийн хөрөнгө байсан бөгөөд бусад дагалдах хэрэгслүүд нь тоног төхөөрөмжүүддээ угсрагдсан байдалтай, ашиглагдаж байсан тул элэгдэл хорогдол үүссэн, багасаж цөөрсөн байдалтай байна.

РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмж, бусад тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн үнэлгээ нь 116,151,280 төгрөгийн үнэтэй 41 нэр төрлийн эд зүйл, тоног төхөөрөмжийн элэгдлийг тооцоод 58,075,640 төгрөг гэжээ.

 

Тухайн эд хөрөнгийг анхны шинж чанар, тоо ширхгээр хариуцагч талаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2012 оноос 2020 он хүртэлх хугацааны элэгдэл, хорогдлыг тооцон иж бүрдэл, дагалдах хэрэгслийн үнэлгээг 58,075,640 төгрөг гэж тооцон РБМ-1000 загварын Хөөс, цементийн машин 1 ширхэг, бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж болох хөөс гаргагч 1 ширхэг, конвейер 1 ширхэг, шүршин бүрэгч машин 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, РБМ-ын хөөсний бодис 63 уут, хатууруулагч бодис 30 кг, зөөлрүүлэгч бодис 20 кг, хүргэлтийн хоолой 10 метр гэсэн 9 төрлийн хөрөнгө байна гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч хэдийгээр тоо ширхэг, чанарын доголдолгүй буцааж авна гэх хэдий ч энэ шаардлагаа буюу хэдэн тоо ширхэгтэй, ямар үнэлгээтэй эд хөрөнгийг хүлээлгэж өгч байсан, хамтарсан эсэхээ нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь мөн хэдэн ширхэг ямар чанартай эд хөрөнгө хүлээж авсан, хадгалж байсан буюу хадгалалтын гэрээ байгуулсан гэсэн татгалзлаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд буюу одоо байгаа 9 нэр төрлийн иж бүрдэл, дагалдах хэсэгтэй РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчаар О ХХК, Ч.О нарыг тодорхойлсон байх хэдий ч хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын ... регистрийн дугаартай О ХХК нь татан буугдсан мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн гэх 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11/6... тоот албан бичиг, лавлагаагаар хариуцагч О ХХК буюу хуулийн этгээд нь татан буугдаж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар улсын бүртгэлээс хасагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Тухайн О ХХК нь татан буугдсанаас хойш түүний эрх үүрэг нь өөр хуулийн этгээдэд буюу эрх залгамжлагчид шилжээгүй талаар хариуцагч Ч.О тайлбарладаг тул хариуцагч О ХХК-д холбогдуулсан шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч Ч.О-ээс РБМ-1000 загварын барилгын тоног төхөөрөмжийг, бусад төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-ээс РБМ-1000 загварын Хөөс, цементийн машин 1 ширхэг, бусад дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж болох хөөс гаргагч 1 ширхэг, конвейер 1 ширхэг, шүршин бүрэгч машин 1 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, РБМ-ын хөөсний бодис 63 уут, хатууруулагч бодис 30 кг, зөөлрүүлэгч бодис 20 кг, хүргэлтийн хоолой 10 метр /2 ороомог/-ыг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан Д ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулж Итгэлт эстимэйт ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ