Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/00425

 

      2021 оны өдөр

 02 сар      25  р                                               184/ШШ2021/00425

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Б.З /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Их наран  дугаар гудамж,  тоот

Нэхэмжлэгч: Б овогт Н.Н /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Их наран дугаар гудамж, тоот

Нэхэмжлэгч: О овогт С.Д /РД:/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, ТЗ байр, тоот

Хариуцагч: НШШГГ. Хаяг: Сүхбаатар дүүрэг,-р хороо, Үндсэн хуулийн гудамж

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Н, С.Д нарын хамт шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-д 45,109,204 төгрөгийн төлбөртэй. Энэ төлбөрийн 6,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эгч С.Д-н Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, ТЗ-ийн тоот өрөө орон сууцыг илт хохиролтойгоор маш багаар үнэлсэн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Дээрх орон сууц нь хотын төвд А бүсэд байрладаг. Төлбөрийг мөнгөөр төлж байхад орон сууцыг маш багаар үнэлж зарах гэж байгаа нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн орон сууцны үнэлгээг хүчинүй болгож өгнө үү.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1108 дугаар захирамжаар Б.З, Н.Н, С.Д нараас 45,109,204 төгрөгийг гаргуулж ‘’А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт шүүхийн шйидвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол, ТЗ дүгээр байр тоотод байрлах м.кв талбайтай өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19271147/07 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 19271147/11 тоот тоггоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-130/31198 тоот мэдэгдлийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн ‘’Ф” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, ТЗ дүгээр байр, тоотод байрлах, м.кв талбайтай өрөө орон сууцыг 111,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4-219/33294 тоот албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулан гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулж авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгч Б.З, Н.Н, С.Д нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.З, Н.Н, С.Д нар НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, ТЗ дүгээр байр, тоотод байрлах, м.кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ НШШГГ-аас  томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01108 дугаар захирамжаар  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З, Н.Н, С.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44,882,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./хх-ийн 20/

Захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нар нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.           

Дурдсан шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны  5 дугаар сарын 30-ны өдөр 184/ГХ2019/0723 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн19, 20 /

НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19271147/7, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 19271147/11 дугаартай тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч С.Д-н  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, ТЗ дүгээр байр, тоотод байрлах, м.кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураан авчээ. /хх-ийн 30, 37/

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгч нарт тухай бүрд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд энэхүү ажиллагааны талаар талууд маргаагүй болно.

НШШГГ-аас 2020 оны 8 дугаар сарын 31 өдөр 4-130/31198 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-ийн 39, 40, 43/

Төлбөр авагч “А” ХХК төлбөр төлөгч нартай харилцан тохиролцоогүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад  гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/424 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “Ф”  ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинээчээр томилогдсон “Ф” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн үнэлгээгээр төлбөр төлөгч С.Д-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 111,000,000  төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 51/

Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн  байгууллагын гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.

НШШГГ-аас төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тухай 4/219/33294  тоот мэдэгдлийг  2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулсан, нэхэмжлэгч  нар  2020 оны 9 дүгээр сарын 23-ны  өдөр буюу хуульд заасан хугацааны дотор тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 72-78/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйгээ болон өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болохоо шүүхэд бичгээр мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З, Н.Н, С.Д нарын нэхэмжлэлтэй, НШШГГ -т холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дүгээр байр, тоотод байрлах, м.кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ