Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00714

 

 

 

 

 

 

Б.З, Н.Н, С.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.З, Н.Н, С.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, Файн эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Н.Н, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-гаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.З, Н.Н, С.Д нар шүүхийн шийдвэрийн дагуу Амар капитал ББСБ ХХК-д 45,109,204 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 6,000,000 төгрөг төлсөн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эгч С.Дын Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, ТЗ-40-ийн 77 тоот 2 өрөө орон сууцыг илт хохиролтойгоор маш багаар үнэлсэн үнэлгээг 2020 оны 09 сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Дээрх орон сууц нь хотын А бүсэд байрладаг. Төлбөрийг мөнгөөр төлж байхад орон сууцыг маш багаар үнэлж зарах гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 1108 дугаар захирамжаар Б.З, Н.Н, С.Д нараас 45,109,204 төгрөгийг гаргуулж Амар капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011330 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ТЗ-40 байрны 77 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 19271147/07 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 19271147/11 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 4-130/31198 тоот мэдэгдлийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн Файн-Эстимейнт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцыг 111,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нарт үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 4-219/33294 тоот албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулан гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.З, Н.Н, С.Д нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ТЗ-40 байрны 77 тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.З, Н.Н, С.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Тус үнэлэгдэж буй орон сууц нь хотын А бүсэд байрладаг бөгөөд зах зээлийн үнийн ханш нь байршлаасаа шалтгаалж үнэлгээ нь өндөр байдаг. Гэтэл үнэлгээний компани нь үнэлгээг хийхдээ болон орон сууцны байршлыг харгалзаагүй бөгөөд үнэлгээний тайланд тусгаагүй. Мөн орон сууцыг үнэлэхдээ засвар үйлчилгээ хийсэн байгааг анхаарч үзээгүйгээс зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд шүүхээс уг үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ ямар харьцуулалтын арга хэрэглэсэн нь тодорхойгүй, мөн ямар үндэслэлээр тогтоогдохгүй байна гэдгээ тайлбарлаагүй нь үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01108 дугаар захирамжаар хариуцагч Н.Н, С.Д, Б.З нараас 44,882,922 төгрөг болон 226,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Амар капитал ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, ТЗ-40 байрны 77 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан байна. /хх 20-21/

 

Дээр дурдсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг төлбөр төлөгч Б.З, Н.Н, С.Д нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ. /хх 1/

 

Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, хотын төвд байршилтай нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж тайлбарладаг бол хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1, 17/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс 2020 оны 08 сарын 31-ний өдөр өмчлөгч бөгөөд төлбөр төлөгч С.Д, төлбөр төлөгч Н.Н, Б.З нарт орон сууцны үнийн саналаа ирүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурджээ. /хх 39, 40, 35/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хх 44, 45/

 

Шинжээчээр томилогдсон Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 70/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ. /хх 50-70/ Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлан-аас үзэхэд үнэлгээчин нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг харгалзсан /хх 59-60, 61/, адил байршил, м.кв, зориулалт бүхий бусад үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан /хх 62/, орон сууцны өрөө тус бүрийн зургийг авч бэхжүүлсэн /хх 68/ болох нь тогтоогдож байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, байршлыг харгалзан үзээгүй, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй үнэлгээчин биечлэн танилцаагүй гэсэн нэхэмжлэгч нарын тайлбар, давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар няцаагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрхээс гадна, анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийг 1 дэх заалтад хариуцагч байгууллагын нэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэж буюу ...шүүхийн... гэсэн үгийг орхигдуулсан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдолд төлөх тэмдэгтийн хураамжийн талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тусгайлан зохицуулсан байтал мөн зүйлийн 7.1.2-т заасныг удирдлага болгосон зэрэг алдаа гаргасан боловч эдгээр нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Н.Н, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Згаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Згаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР