Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1094

 

 

“Ш б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О-О” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 482 191 298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “О-О” ХХК-тай 2015 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймагт 14569Х тоот хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлыг хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид гэрээнд заагдсан ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөн, тооцоо нийлсэн ба нийт төлбөр болох 3 938 561 юаниас 2 436 000 юанийг цувуулан авч, үлдэгдэл 1 502 561 юанийг хариуцагч тал одоо болтол төлөхгүй өдий хүрлээ. Гэрээний дагуу гарсан бусад зардлууд болох 5 ажилтны хөдөлмөрийн виз болон 2 хүний бизнес визний төлбөрт 3 890 юань, таслагч машиныг авчрах тээврийн зардалд 950 юань нийлээд 4 840 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн юанийн ханш болох 317,7 төгрөгт шилжүүлж 1 537 668 төгрөг, мөн үүн дээр 2 ширхэг Монгол гэр болон шланк, насосны нийт 3 290 000 төгрөгийг нэмж, нийт 4 827 668 төгрөг шаардсаныг хариуцагч тал маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах шаардлагагүй байх.

Харин талуудын хооронд байгуулагдсан Өрөмдлөгийн ажлын гэрээний дагуу нэхэмжлэгч тал хэдийгээр 5493 метр өрөмдлөг хийсэн боловч захиалагч талын эрх бүхий этгээдийн хүлээж авахдаа тодорхойлсон 5166 метрээр тооцож, үүнийг гэрээнд заасны дагуу нэг метрийг 751 юаниар үржүүлэхэд 3 879 666 юаниас 2 336 000 юанийн төлөлт хийсэн. Ингээд үлдэгдэл 1 443 666 юанийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 4 827 668 төгрөгийн бусад зардлыг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ажлын хөлсөнд төлсөн зарим төлөлтийг дутуу тооцсоноос илүү нэхэмжилсэн байсан 18 710 942 төгрөгийг нэхэмжлэлээс хасч багасгаж байна. Хариуцагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээж авч үйлдсэн гар бичмэлийг эс зөвшөөрч, уг баримтыг шаардлага хангахгүй гэж тайлбарлан, тооцоо нийлж гэрээ дүгнээгүй учир 5166 метр хэмжээтэй ажил хийгдээгүй, хичнээн төгрөгийн үлдэгдэлтэйг нарийн тооцсон баримтгүй гэж маргаж байна. Гэтэл тооцоо нийлж гэрээг дүгнээгүй учир төлбөр төлөхгүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн хайгуулын талбайд 5000 метр өрөмдлөгийн ажил хийнэ гэсэн ч өрөмдлөгийн ажлыг гэрээний А тал болох “О-О” ХХК- ийн инженерүүдийн хяналтан дор явуулж байсан. Нэг цооногт 100 м яваад зогсоно гэсэн тогтсон заавар байхгүй. Харин нэг цооногт хэдий хэмжээний гүн явахыг захиалагч А тал л мэднэ. Б тал харин А талаас өгсөн зааварчилгааны дагуу өрөмдлөгийн ажлаа хариуцан ажиллаж байгаа болохоос биш “тэдэн метр яваад тийм зүйл гарч ирнэ, одоо болно, болоогүй” гэх асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй, ийм нарийн асуудлыг огт мэдэхгүй. Хэдийгээр гар бичмэлийг үндэслэж 5166 метрээр тооцсон боловч, манай талаас баримтаар гаргаж өгсөн 24 ширхэг өрмийн ажлын дэвтрүүдээр нийт 5493 метр өрөмдлөгийн ажил хийсэн байгаа. Гэтэл бид энэ хэмжээгээр биш, өөрсдийнх нь бичиж өгсөн 5166 метрээр тооцсон байдаг. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчсөн гэж үзвэл, өөрөөр хэлбэл 5000 метр явахаар гэрээнд тохирсон боловч 3173 метр явсан гэж үзсэн бол “О-О” ХХК нь гэрээнээс татгалзах, гомдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл гэрээг дүгнээгүй учир үлдэгдэл төлбөр өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Бүхэл бүтэн 4 ширхэг өрмийн машин авч очоод, 50-60 хүн ажилласан байгаа. Мөн хариуцагчийн төлөөлөгч М.Дэлгэр гэдэг хүн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөөд хувааж төлөх санал гаргасан байсан. Гомдлын шаардлага гаргаагүй учраас гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзнэ гэж хуульчлаад өгсөн. Хариуцагчийн зүгээс ажлыг хүлээж аваад, цааш нь эрх бүхий байгууллагад тайлагнаад яваад байгаагаараа энэ ажлыг хүлээж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг төлбөрөө дангаар юаниар төлдөг байсан гэж мэдүүлдэг. Харин Монгол төгрөгөөр төлсөн гэх 3 баримтуудыг НӨАТ-ын падаан бичиж өгөх зорилгоор өгсөн гэж ярьдаг. Ингэж бичүүлж авчихаад төлбөрөөс хасч тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Дансаар 2 091 000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Бид “Ш б б” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулсан ба тухайн жилд зөвхөн гэрээний 1.1-д заасан 14569Х талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. 14569Х талбайд ашигтай гүйцэтгэсэн өрмийн нийт ажлын хэмжээг манай талаас ажиллаж байсан БНХАУ-ын геологич нэхэмжлэгч талд тодорхойлж өгсөн байгаа. Зарим цооног нурснаас болж ашиггүй цооног болжүнийн тооцоонд орохгүй байгаа. Ажлын хэмжээг тодорхойлсон баримт манай талд байхгүй учир нэхэмжлэгч тал гаргаж өгнө үү. Ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны байдлаар манай талаас нэхэмжлэгч талд нийт 2 086 000 юань, 171 950 000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2015 оны 08 дугаар сарын 18-нд “Ш б б” ХХК-ийн захирал Ши Хай Шань тооцоо нийлж, нийт 1 786 000 юань авсан гэж гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 08 дугаар сарын 27-ны 100 000 юань, 08 дугаар сарын 29-ний өдрийн 200 000 юань болон Монгол төгрөгөөр төлсөн 171 950 000 төгрөг тооцоонд ороогүй. Ашигтай ажлын хэмжээг тодорхойлж гэрээнд заасан нэгж үнийн дагуу гаргасан нийт ажлын хөлснөөс төлөгдсөн тооцоог хасч, үлдэгдлийг эдийн засгийн хямралаас болж төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлд бичигдсэн 3 290 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөгдөөгүй төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор 30 хувийг, 2017 оны 6 сард 30 хувийг, 2017 оны 12 сард 40 хувийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу гарсан бусад зардлыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар болон гэрээтэй холбоотой маргахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 5166 метрийн цооногийг өрөмдөөгүй. Харин 3173.29 метр цооногийг өрөмдсөн. Гэрээ дүгнэсэн гээд байгаа гар бичмэл баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Гэрээг байгуулахдаа хоёр талын төлөөлөгчид хэн аль нь байлцаад, тамга тэмдгээ дараад хийсэн байдаг. Хариуцагч талаас 2 636 151 юань төлсөн. Юаниар 2 086 000, Монгол төгрөгөөр төлсөн нь нийт 550 151 юань болж байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 250 919 юань илүү төлсөн байна. Гэрээний дагуу ганц газар өрөмдлөг хийгдээгүй, маш олон газар хийгдсэн. Цооног өрөмдөөд, хүссэн үр дүндээ хүрээд дараагийн цооног руу орох байдлаар хийгдэж явж байгаад өрөмдлөгийн ажил бол дууссан. Нэхэмжлэгч талд шаардах эрх үүсч байгаа гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал өнөөдөр уулын орой дээр гараад Фанг Еи Донг гэдэг хүнтэй гэрээгээ дүгнэсэн гэж яриад байдаг. Гэтэл энэ гэрээг дүгнэхэд анх гэрээ хийгдэхэд байсан төлөөлөх эрхтэй хүнтэй хийж дүгнэх ёстой байхад “О-О” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, энэ компанитай тусдаа гэрээ байгуулаад тоног төхөөрөмж, бусад ажил хариуцаж байсан хүнийг оруулж ирээд гарын үсэг зуруулчихаад үүнийгээ гэрээг дүгнэсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн заавал захиалагч тал гэрээг дүгнэж ажлын үр дүнг хүлээж авч байж шаардах эрх үүснэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл цооног тус бүрийг тухай бүрт нь өрөмдсөн гэдгийг дүгнэсэн зүйл байхгүй. Дансаар нийт 2 091 000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.3-т заасныг баримтлан хариуцагч “О-О” ХХК-иас 358 697 495 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш б б” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 104 782 861 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийи 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 568 906 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 951 437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/ 02556 дугаартай шийдвэрийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд 353 869 827 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүйгээс гадна, мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан нь шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон үзэж байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажлын гэрээг дүгнэсэн баримтгүй, мөн гэрээнд заагдсан хугацаа нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар заагдсан гэрээг талуудаас сунгасан, нэмэлт өөрчлөлт хийсэн баримтгүй, хэдий хүртэл хугацаанд цааш гэрээг үргэлжлүүлэн сунгасан нь тодорхойгүй, өрөмдлөгийн ажил яг хэдийд дууссан болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс өрөмдлөгийн ажлын цооногийг хэмжиж хариуцагч талд хүлээлгэн өгсөн баримтгүй байхад нэхэмжлэгч талын ажлын үр дүнг хүлээн авсан гэсэн тайлбарыг нь үндэслэн хэдийгээр ажлын үр дүнг хүлээлцсэн баримтгүй ч гэрээний дүн болох 5000 метр цооног өрөмдсөнөөр тооцох боломжтой гэх утга бүхий дүгнэлт хийн шийдвэрээ гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн нотлох баримтын шаардлага хангасан, эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газраар баталгаажсан 14569Х тоот хайгуулын талбайд хийсэн ажлын тайланг нотлох баримтаар үнэлэхдээ буруу дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Өрөмдлөгийн ажлын гэрээг хэрэгжүүлэхдээ ажлын гүйцэтгэлийг цооног тус бүрээр нь хариуцагч талд хүлээлгэн өгөөгүй, нийт 24 ширхэг цооног өрөмдсөн ажлын гүйцэтгэлийн дэвтэр гэх баримтыг хөтөлсөн гэх боловч энэ баримт нь дан ганц нэхэмжлэгч талаас сүүлд нөхөж зориудаар бүрдүүлсэн баримт гэж дүгнэхэд бүрэн болохуйц хариуцагч талын нэг ч эрх бүхий этгээд үр дүнг нь хүлээн авсан болон цооногийн хэмжилтийг хийхэд байлцсан талаар баримтаар баталгаажигдаагүй, хариуцагч талын гэх нэг ч этгээдийн гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын хэмжээнд үнэлэлт хийгээд тогтохгүй нэхэмжлэгчийг 5493 метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх нь талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдан 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өрөмдлөгийн ажил хийхээр тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг болон өмнөх удаа дараа хойшлогдож байсан шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хандан хүсэлт гарган гэрчээр асуулгасан этгээдүүд бүгд өөр хоорондоо зөрүүтэй 2015 оны 10 сарыг гартал өрөмдлөгийн ажил үргэлжилсэн гэж мэдүүлсэн боловч харин яг хэдний өдөр ажил дуусгавар болж, хэн гэх хариуцагч талын этгээдэд ажлыг хүлээлгэн өгсөн тухайд тодорхой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгг заасан хуулийн шаардлагыг хангасан мэдүүлгийг өгөөгүй тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох боловч асуугдсан гэрчүүд нь гэрээний үр дүнг хүлээлгэн өгсон талаарх мэдүүлгийг огт өгөөгүй, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэйгээр өгөгдсөн тул дээрх мэдүүлгүүд нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлогооны хэрэгсэл болж чадахгүй байсан болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээнд заасан хугацаандаа ажлыг хүлээлгэн өгсөн тухайд үйлдэгдсэн ямар ч баримт хэрэгт авагдаагүй, ажлын үр дүнг хүлээн авахыг шаардсан боловч татгалзсан талаарх ямар ч баримт хэрэгт мөн авагдаагүй, нэхэмжлэгч тал хэдий хэмжээтэй цооног өрөмдсөн, яг хэзээ ажлаа дуусгавар болгосон болох нь ч яг таг нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад хариуцагч талыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасны дагуу “Ш б б” ХХК-ийн гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлыг бүрэн хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус нэхэмжлэгч талд илт үйлчилсэн шийдвэрийг шүүх гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх талуудын өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг 5000 метр байхаар гэрээнд заасан, энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул гүйцэтгэвэл зохих ажлын хэмжээг 5000 метрээр тооцох нь зүйтэй гэж дүтнэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд мөн хуулийн 346.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өрөмдсөн цооног тус бүрийн хэмжээгээр үр дүнг хүлээлгэн өгч, харин хариуцагч зохих хөлсийг тухай бүрд нь төлөх нь хуульд нийцэхээр хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ганцхан ширхэг цооногийг 5493 м өрөмдөх ажил гүйцэтгээгүй, тайлбартаа 24 цооног өрөмдсөн гэх боловч энэ тухайгаа нотлох баримтгүйгээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хугацаанд маргаан бүхий 14569Х хайгуулын талбайд хийсэн хайгуулын ажлын тайлангаа хийж гүйцэтгэн Ашигт малтмалын газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн албажуулсан байх ба энэ тайлангаар хариуцагч нь 5000 м, 5493 м биш харин 3173 м өрөмдсөн болох нь тогтоогдсоор байтал анхан шатны шүүх “тайланг гаргасан Б.Энх-Амгаланг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан боловч, тухайн тайланг хариуцагчийн файлаар илгээсэн гэх мэдээллийг үндэслэн, өрөмдлөгийн ажил хийгдсэн тайлбайд хэмжилт хийлгүйгээр тус комнаниас өгөгдсөн дүнгээр тайланг гаргасан болох нь гэрчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байх тул тайланд дурдагдсан 3173,29 м-ийн ажил хийгдсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд уг тайланд өрөмдлөгийн ажлын хэмжээг өөр өөр дүнгээр зөрүүтэй бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

Гэрч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тайланг гаргах геологич ямар баримтыг үндэслэн тайланг гаргадаг тухай болон мөн өөрийн биеэр хоёр удаа ажлын талбайд очиж байсан тухайгаа, мөн ашигт малтмалын хайгуулын тайланг гаргахдаа хайгуул хийж өрөмдсөн ажлын хэмжээгээ нуун дарагдуулах ямар ч шаардлагагүй, харин ч эсрэгээрээ хайгуулын гүйцэтгэсэн ажлын хэмжээ их байх тусам ашиглалтын эрх авах асуудлыг дэвшүүлэхэд амар болох тухай өгүүлсэн мэдүүлгийг огт үнэлээгүй атлаа нэхэмжлэгч компанийн эрх бүхий этгээдүүд биш гэрчүүдийн мэдүүлгийг үнэн гэж үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч тал ч мөн адил өрөмдлөгийн ажлыг хийсэн, хэмжилт хийсэн баримтыг шүүхэд гарган өгөөгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгаж байсан талаар баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх ямар ч үндэслэлгүй тайлбарыг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 5493 м өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн болохоо нотлохоор цооногийн өрөмдлөгийн ажлын 24 ширхэг дэвтрийг өгсөн тухай дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй байхад энэ хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх “...хариуцагч талын зүгээс ажлын үр дүнг гэрээгээр тохирсон 5000 м-т хүрээгүй гэж тайлбарлан маргасан боловч, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш тийнхүү гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасны дагуу шаардах эрхгүй, тийнхүү шаардлага гаргаагүй бөгөөд, гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болсон учир захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй” гэж дүгнээд хариуцагчаас 5000 м-ийн өрөмдлөгийн ажлын үлдсэн ажил болох 1483 м-ийн ажлын хөлс 1 113 849 юань буюу 353 869 827 төгрөгийг хариуцагч талаас төлөхөөр зөвшөөрсөн бусад зардлын хамтаар гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ажлын үр дүн бий болоогүй гэж маргаагүй боловч энэ үр дүн нь хэдий хэмжээтэй, мөн гүйцэтгэгч нь зохих ёсоор үүргийн гүйцэтгэлээ албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тал дээр л хариуцагч маргасан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлохыг шаардах үүрэгтэй байсан бөгөөд хэрвээ нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлож чадахгүй бол нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байсан, шүүх энэ үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн анх шүүхэд гарган өгсөн 5166 м өрөмдлөг хийснийг хүлээн авсан гэх гэрээ дүгнэсэн баримтыг хуульд заасан шаардлагыг хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн үед Монгол Улсад байгаагүй хариуцагч байгууллагын урилгаар ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын иргэнтэй хийсэн баримт мэтээр хуурамчаар бүрдүүлсэн баримт болохыг нь анхан шатны шүүх зөв зүйтэй үнэлж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн тайлбарыг нь гэрээ дүгнэсэн буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримт гэж дүгнэсэн нь хууль бус.

Мөн нөгөө талаар анхан шатны шүүх үлдэгдэл гэж үзсэн 1483 м-ийн ажлын хөлс 1 113 849 юанийг тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж ойлговол 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн монгол төгрөгийн юаньтай харьцах ханшаар тооцсон нь мөн ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр бичсэн байх боловч шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 20 минутанд өгч бүртгэлийн 7718 дугаарт бүртгүүлсэн байна.

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан, гэрээний дуусгавар болох хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байсан тул 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд гэрээний ямар үүргийн харилцаа үүсэж байсан болох нь тодорхой бус байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өрөмдлөгийн ажлаас бусад зардлыг хариуцагч нэгэнт ажил хийгдсэн тул төлөхийг зөвшөөрсөн, харин өрөмдлөгийн гэрээтэй холбоотойгоор хариуцагч тал шүүхэд хандан гомдлын шаардлага гаргаагүй байхад гомдлын шаардлага гаргах эрхгүйгээр дүгнэсэн нь мөн ойлгомжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийн хувьд хариуцагч талаас ажлын үр дүнг хүлээн аваагүй, хүлээн авахаас татгалзсан тухай баримтгүй байхад ажлын үр дүнг хүлээн авсан гэж шүүх дүгнэхэд учир дутагдалтайгаас гадна мөн нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т зааснаар гүйцэтгэвэл зохих ажил болох ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биечлэн гүйцэтгээгүй байгааг анхаарахгүйгээр хариуцагчийг 5000 м өрөмдлөгийн ажил хийсэн үр дүнг хүлээн авсан гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болох юм.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр хуульчлагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээ чухам хэн гэх хариуцагч талын этгээдэд хүлээлгэн өгснөө нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас үлдсэн ажил болох 1483 м-ийн ажлын хөлс 1 113 849 юань буюу 353 869 827 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч “Ш б б” ХХК нь хариуцагч “О-О” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон гэрээнээс үүдэлтэй бусад зардалд 1 507 401 юань, 3 290 000 төгрөг буюу нийт 482 191 298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 18 710 942 төгрөгөөр багасгаснаас хариуцагч бусад зардал болох 4 840 юань, 3 290 000 төгрөг буюу нийт 4 827 668 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчийн Баян-Өлгий аймагт байрлах 14569Х, 13443Х, 12881Х тоот хайгуулын талбайд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, цооногийн гүн 0-500м бол 1 метрийг 751 юань, 500-800 метр бол 939 юаниар тооцох, мөн өрмийн нийт хэмжээ 4000 метрээс дээш хүрээгүй бол хүрээгүй хэсгийн метр тутмын үнэ 75 ам.доллараар тооцож төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Талууд гэрээнд заасан 13443Х болон 12881Х тоот хайгуулын талбайд өрөмдлөгийн ажил хийгээгүй талаар маргаагүй байна. Харин 14569Х тоот хайгуулын талбайд хийсэн 5000 метр өрөмдлөгийн ажлын хэмжээ, төлбөрийн талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээгээр нийт 5000 метр өрөмдлөгийн ажил хийхээр тохиролцсон боловч 5493 метр хэмжээтэй өрөмдлөг хийсэн ч, захиалагч талыг төлөөлөн ажил хүлээн авсан этгээдийн бичиж өгсөн гар бичмэлийг үндэслэн нийт 5166 метр хэмжээтэй өрөмдлөгийн ажлын хүрээнд ажлын үр дүнг тооцсон” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...дээрх гар бичмэлийг үйлдсэн гэх этгээд нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй, Монгол Улсад ажиллах эрхийн хугацаа нь баримтыг үйлдсэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул уг гар бичмэлээр гэрээг дүгнэсэн байх боломжгүй. Мөн хариуцагчийн 2015 оны хайгуулын ажлын тайлангаар өрөмдлөгийн ажил нийт 3173.29 метр хийгдсэн” гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Фанг Еи Донг /Fang Yi Dong/ гэгчийн үйлдсэн гэх 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өрмийн ангийн шинэ зам тавьсан ажлын тайлбар гэх гарчиг бүхий Хятад хэл дээр бичсэн гар бичмэлийг гэрээний талуудын ажил хүлээлцсэн акт гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, уг гар бичмэлийг үйлдсэн хүнийг Fang Yi Dong бус, харин бичиг баримтанд Fang Yi Zhong гэсэн байх бөгөөд тэрээр хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу уг хайгуулын талбайд хяналт тавин ажиллаж байсан геологич болох нь тогтоогдоогүй байна. /хэргийн 1 дэх хавтас 161, 168 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3173,29 метрийн ажил хийгдсэн болох нь “О-О” ХХК-иас Ашигт малтмалын газарт 2016 онд гаргасан тайлангаар нотлогдоно гэж тайлбарласантай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газраас “О-О” ХХК-ийн Баян-Өлгий аймагт байх 14569Х тоот ордын 2015 оны тайлан гаргуулах хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/27356 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу тус газраас “Тус компани нь XV-014569 тоот хайгуулын зөвшөөрөлтэй холбоотой 2015 оны тайлангаа цаасаар ирүүлээгүй” гэсэн хариу албан бичиг ирүүлжээ. /хэргийн 1 дэх хавтас 153 дугаар тал/ Үүнээс үзэхэд хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дахь Оюуттолгой нэртэй талбайд 2015 онд буюу 7 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан” гэх нэг талын баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 1 дэх хавтас 148, 6 дахь хавтас 218-235 дугаар тал/

 

Түүнчлэн, дээрх ажлын тайланг гаргасан гэх Б.Энх-Амгалан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ “өрөмдлөг хийж буй газарт очиж байсан уу” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад “очиж байгаагүй” гэж, “энэ тайланг гаргахдаа хэдэн цооног байгаа вэ” гэх даргалагч шүүгчийн асуултад “очоод цооногийг тоолоход 18 ширхэг байсан” гэх зэргээр зөрүүтэй хариулснаас үзэхэд “О-О” ХХК-ийн файлаар илгээсэн мэдээллийг үндэслэн, өрөмдлөгийн ажил хийгдсэн талбайд хэмжилт хийлгүйгээр тус компаниас өгөгдсөн дүнгээр тайланг гаргасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байх тул хариуцагч талын тайланд дурдагдсан 3173.29 метрийн өрөмдлөгийн ажил хийгдсэн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 7 дахь хавтас 86 дугаар талын ар тал, 87 дугаар тал/

 

Нөгөө талаар нэхэмжлэгч “Ш б б” ХХК нь гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй болон хариуцагч “О-О” ХХК нь гүйцэтгэгчээс гэрээнд заасан өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар шаардаж байсан гэх байдал хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байхын зэрэгцээ гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч 14569Х тоот хайгуулын талбайд өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг хариуцагч үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй байна.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогдох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дэлгэр /Deligeer/ 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч байгаа болон төлөгдөөгүй төлбөрийг зохих хуваарийн дагуу төлж барагдуулна гэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилтай холбоотой шаардлага гаргаж маргаагүй, дутуу ажлын хөлсийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж зааснаар талуудын гэрээгээр тохиролцсон 5000 метр өрөмдлөгийн ажлыг нэхэмжлэгчээс бүрэн хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн өрөмдлөгийн ажлаас ашиггүй гүйцэтгэсэн цооногийг хасч тооцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг нэхэмжлэгч гэрээнд зааснаас илүү буюу 5493 метр гэж тайлбарлаж, тухайн үед үйлдсэн гэх 24 цооног өрөмдсөн гар бичмэл бүхий тэмдэглэл ирүүлсэн болон тухайн өрөмдлөгийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ши Хайсан /Shi Haisan/, Жан Ру Фун /Jiang Run Fu/ нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг талуудын гэрээгээр тохиролцсон 5000 метрээр тооцож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Улмаар хариуцагч буюу захиалагч нь нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчид дансаар 2 091 000 юанийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хэргийн 1 дэх хавтас 121-143 дугаар тал/

 

Түүнчлэн, захиалагч “О-О” ХХК нь 3 удаагийн үйлдлээр буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15 600 000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдөр 46 800 000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 109 550 000 төгрөг, нийт 171 950 000 төгрөг шилжүүлснийг тухайн өдрүүдийн юанийн ханшаар тооцоход 550 151 юань болж байх бөгөөд үүнийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 1 дэх хавтас 106, 107, 7 дахь хавтас 8 дугаар тал/

 

Иймээс хариуцагч нь 3517 метр өрөмдлөгийн ажлын хөлс нийт 2 641 151 юанийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хэргийн 1 дэх хавтас 20, 121-143 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн гэрээгээр тохиролцсон 5000 метрийн өрөмдлөгийн ажлын хөлс 3 755 000 юань байхаас хариуцагчийн төлсөн 2 641 151 юанийг хассанаар, үлдэгдэл ажлын хөлс 1 113 849 юань буюу 353 869 827 төгрөг, мөн бусад зардалд 4 840 юань, 3 290 000 төгрөг буюу 4 827 668 төгрөг, нийт 358 697 495 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд илүү шаардсан 104 782 861 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 927 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                  С.ЭНХТӨР