Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 419

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаярыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш б б ХХК-ийн,

Хариуцагч: О-О ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 482,191,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш б б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани О-О ХХК-тай 2015 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймагт 14569Х тоот хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлыг хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид гэрээнд заагдсан ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөн, тооцоо нийлсэн ба нийт төлбөр болох 3,938,561 юаниас 2,436,000 юанийг цувуулан авч, үлдэгдэл 1,502,561 юанийг хариуцагч тал одоо болтол төлөхгүй, өнөө маргааш өгнө гэсээр өдий хүрлээ. Мөн О-О ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 5 ажилтны хөдөлмөрийн виз болон 2 хүний бизнес визний төлбөрт 3,890 юань, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн таслагч машиныг авчрах тээврийн зардалд 950 юань, шланкны төлбөр 20,000 төгрөг, усны насосны төлбөрт 70,000 төгрөг, Монгол гэр 2 ширхэг 3,200,000 төгрөгийг манай компаниас түр гаргасан байсан. 1,507,401 юань буюу ханшийг 317,7 төгрөгөөр тооцоход 478,901,298 төгрөг дээр 3,290,000 төгрөгийг нэмээд, нийт 482,191,298 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч О-О ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрээний дагуу гарсан бусад зардлууд болох 5 ажилтны хөдөлмөрийн виз болон 2 хүний бизнес визний төлбөрт 3,890 юань, таслагч машиныг авчрах тээврийн зардалд 950 юань нийлээд 4,840 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн юанийн ханш болох 317,7 төгрөгт шилжүүлж 1,537,668 төгрөг, мөн үүн дээр 2 ширхэг Монгол гэр болон шланк, насосны нийт 3,290,000 төгрөгийг нэмж, нийт 4,827,668 төгрөг шаардсаныг хариуцагч тал маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах шаардлагагүй байх. Эдгээр зардлууд хэрэгт баримтаар тодорхой нотлогдсон байгааг мөн дурдах нь зөв байх.

Харин талуудын хооронд байгуулагдсан Өрөмдлөгийн ажлын гэрээний дагуу нэхэмжлэгч тал хэдийгээр 5,493 метр өрөмдлөг хийсэн боловч захиалагч талын эрх бүхий этгээдийн хүлээж авахдаа тодорхойлсон 5,166 метрээр тооцож, үүнийг гэрээнд заасны дагуу нэг метрийг 751 юаниар үржүүлэхэд 3,879,666 юаниас 2,336,000 юанийн төлөлт хийсэн. Ингээд үлдэгдэл 1,443,666 юанийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 4,827,668 төгрөгийн бусад зардлыг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд төлсөн зарим төлөлтийг дутуу тооцсоноос илүү нэхэмжилсэн байсан 18,710,942 төгрөгийг нэхэмжлэлээс хасч багасгаж байна. Хариуцагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээж авч үйлдсэн гар бичмэлийг эс зөвшөөрч, уг баримтыг шаардлага хэнгэхгүй гэж тайлбарлан, тооцоо нийлж гэрээ дүгнээгүй учир 5,166 метр хэмжээтэй ажил хийгдээгүй, хичнээн төгрөгийн үлдэгдэлтэйг нарийн тооцсон баримтгүй гэж маргаж байна. Гэтэл тооцоо нийлж гэрээг дүгнээгүй учир төлбөр төлөхгүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн хайгуулын талбайд 5000 метр өрөмдлөгийн ажил хийнэ гэсэн ч өрөмдлөгийн ажлыг гэрээний А тал болох О-О ХХК-ийн инженерүүдийн хяналтан дор явуулж байсан. Нэг цооногт 100 метр яваад зогсоно гэсэн тогтсон заавар байхгүй. Харин нэг цооногт хэдий хэмжээний гүн явахыг захиалагч А тал л мэднэ. Б тал харин А талаас өгсөн зааварчилгааны дагуу өрөмдлөгийн ажлаа хариуцан ажиллаж байгаа болохоос биш тэдэн метр яваад тийм зүйл гарч ирнэ, одоо болно, болоогүй гэх асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй, ийм нарийн асуудлыг огт мэдэхгүй. Хэдийгээр гар бичмэлийг үндэслэж 5,166 метрээр тооцсон боловч, манай талаас баримтаар гаргаж өгсөн 24 ширхэг өрмийн ажлын дэвтрүүдээр нийт 5,493 метр өрөмдлөгийн ажил хийсэн байгаа. Гэтэл бид энэ хэмжээгээр биш, өөрсдийнх нь бичиж өгсөн 5,166 метрээр тооцсон байдаг. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчсөн гэж үзвэл, өөрөөр хэлбэл 5000 метр явахаар гэрээнд тохирсон боловч 3,173 метр явсан гэж одоо үзсэн бол О-О ХХК нь гэрээнээс татгалзах, гомдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл гэрээг дүгнээгүй учир үлдэгдэл төлбөр өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Бүхэл бүтэн 4 ширхэг өрмийн машин авч очоод, 50-60 хүн ажилласан байгаа шүү дээ. Мөн хариуцагчийн төлөөлөгч М.Дэлгэр гэдэг хүн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөөд хувааж төлөх санал гаргасан байсан. Гомдлын шаардлага гаргаагүй учраас гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзнэ гээд хууль тогтоогч хуульчлаад өгсөн байгаа. Хариуцагчийн зүгээс ажлыг хүлээж аваад, цааш нь эрх бүхий байгууллагад тайлагнаад яваад байгаагаараа энэ ажлыг хүлээж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг төлбөрөө дангаар юаниар төлдөг байсан гэж мэдүүлдэг. Харин Монгол төгрөгөөр төлсөн гэх 3 баримтуудыг НӨАТ-ын падаан бичиж өгөх зорилгоор өгсөн гэж ярьдаг. Ингэж бичүүлж авчихаад төлбөрөөс хасч тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Дансаар 2,091,000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэв.

Хариуцагч О-О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дэлгэр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Бид Ш б б ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулсан ба тухайн жилд зөвхөн гэрээний 1.1-д заасан 14569Х талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. 14569Х талбайд ашигтай гүйцэтгэсэн өрмийн нийт ажлын хэмжээг манай талаас ажиллаж байсан БНХАУ-ын геологич нэхэмжлэгч талд тодорхойлж өгсөн байгаа. Зарим цооног нурснаас болж ашиггүй цооног болж үнийн тооцоонд орохгүй байгаа. Ажлын хэмжээг тодорхойлсон баримт манай талд байхгүй учир нэхэмжлэгч тал гаргаж өгнө үү. Ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны байдлаар манай талаас нэхэмжлэгч талд нийт 2,086,000 юань, 171,950,000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2015 оны 8 дугаар сарын 18-нд Ш б б ХХК-ийн захирал Ши Хай Шань тооцоо нийлж, нийт 1,786,000 юань авсан гэж гарын үсэг зурсан байгаа. 2015 онэы 8 дугаар сарын 27-ны 100,000 юань, 8 дугаар сарын 29-ний өдрийн 200,000 юань болон Монгол төгрөгөөр төлсөн 171,950,000 төгрөг тооцоонд ороогүй байгаа. Ашигтай ажлын хэмжээг тодорхойлж гэрээнд заасан нэгж үнийн дагуу гаргасан нийт ажлын хөлснөөс төлөгдсөн тооцоог хасч, үлдэгдлийг эдийн засгийн хямралаас болж төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлд бичигдсэн 3,290,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөгдөөгүй төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор 30 хувийг, 2017 оны 6 дугаар сард 30 хувийг, 2017 оны 12 дугаар сард 40 хувийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу гарсан бусад зардлыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар болон гэрээтэй холбоотой маргахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 5,166 метрийн цооногийг өрөмдөөгүй. Харин 3,173.29 метр цооногийг өрөмдсөн. Гэрээ дүгнэсэн гээд байгаа гар бичмэл баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Гэрээг байгуулахдаа хоёр талын төлөөлөгчид хэн аль нь байлцаад, тамга тэмдгээ дараад хийсэн байдаг. Хариуцагч талаас 2,636,151 юань төлсөн байдаг. Юаниар 2,086,000, Монгол төгрөгөөр төлсөн нь нийт 550,151 юань болж байгаа. Ингээд нэхэмжлээд байгаа мөнгөнөөс 250,919 юань илүү төлсөн байна. Гэрээний дагуу ганц газар өрөмдлөг хийгдээгүй, маш олон газар хийгдсэн. Цооног өрөмдөөд, хүссэн үр дүндээ хүрээд дараагийн цооног руу орох байдлаар хийгдэж явж байгаад өрөмдлөгийн ажил бол дууссан. Нэхэмжлэгч талд шаардах эрх үүсч байгаа гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал өнөөдөр уулын орой дээр гараад Фанг Еи Донг гэдэг хүнтэй гэрээгээ дүгнэсэн гэж яриад байдаг. Гэтэл энэ гэрээг дүгнэхэд анх гэрээ хийгдэхэд байсан төлөөлөх эрхтэй хүнтэй хийж дүгнэх ёстой байхад О-О ХХК-ийг төлөөлөх эрхгүй, энэ компанитай тусдаа гэрээ байгуулаад тоног төхөөрөмж, бусад ажил хариуцаж байсан хүнийг оруулж ирээд гарын үсэг зуруулчихаад үүнийгээ гэрээг дүгнэсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн заавал захиалагч тал гэрээг дүгнэж ажлын үр дүнг хүлээж авч байж шаардах эрх үүснэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл цооног тус бүрийг тухай бүрт нь өрөмдсөн гэдгийг дүгнэсэн зүйл байхгүй. Дансаар нийт 2,091,000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш б б ХХК нь хариуцагч О-О ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон гэрээнээс үүдэлтэй бусад зардалд 1,507,401 юань, 3,290,000 төгрөг буюу нийт 482,191,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний үлдэгдлээс 18,710,942 төгрөгийг хасч, бүгд 463,480,356 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч О-О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс үүдэлтэй бусад зардал болох 4,840 юань, 3,290,000 төгрөг буюу нийт 4,827,668 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,443,666 юань буюу 458,652,688 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэж заасны дагуу валютаар гаргасан шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юанийн албан ёсны ханш болох 317,7 төгрөгөөр тооцсон нь хуульд нийцсэн бөгөөд ханшийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ш б б ХХК нь захиалагч О-О ХХК-ийн Баян-Өлгий аймагт байрлах 14569Х, 13443Х, 12881Х тоот хайгуулын талбайд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч О-О ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, цооногийн гүн 0-500м бол 1м-ийг 751 юань, 500-800м бол 939 юаниар тооцох, мөн өрмийн нийт хэмжээ 4000 метрээс дээш хүрээгүй бол хүрээгүй хэсгийн метр тутмын үнэ 75 ам.доллараар тооцож төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /1-р хх 14-21/

Талууд гэрээнд заагдсан 13443Х болон 12881Х тоот хайгуулын талбайнуудад өрөмдлөгийн ажил хийгээгүй бөгөөд, гэрээний төлбөрийг зөвхөн 14569Х тоот хайгуулын талбайд нийт 5000 метр өрөмдлөгийн ажил хийхээр тодорхойлон зааж, уг ажлын гүйцэтгэлд төлбөр тооцохоор тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба, энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

Харин гэрээгээр тохиролцсон хэмжээгээр ажлын үр дүн гүйцэтгэгдсэн эсэх, гэрээний хугацаа дуусахад талууд ажлын үр дүнг харилцан акт үйлдэж хүлээлцсэн эсэх талаар өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гарган маргаж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... гэрээгээр нийт 5000 метр өрөмдлөгийн ажил хийхээр тохиролцсон боловч бодит байдал дээр нийт 5,493 метр хэмжээтэй өрөмдлөг хийсэн ч, захиалагч талыг төлөөлөн ажил хүлээн авсан этгээдийн бичиж өгсөн гар бичмэлийг үндэслэн нийт 5,166 метр хэмжээтэй өрөмдлөгийн ажлын хүрээнд ажлын үр дүнг тооцон шаардсан...гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд, цооногийг хэдий хэмжээтэй гүн явахыг захиалагч талын геологичдийн зааварчилгаагаар хийж гүйцэтгэн дараагийн цооног руу ордог байсан, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн 24 ширхэг дэвтрээр нотлогдоно, ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад түүнээс хойш өдрийг хүртэл аливаа гомдол шаардлага гаргаагүй нь ажлын үр дүн доголдолгүй байсныг нотлож байна... гэж тайлбарласан бол,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...дээрх гар бичмэлийг үйлдсэн гэх этгээд нь тухайн цаг үед О-О ХХК-ийг төлөөлөх эрхгүй, маргаан бүхий хайгуулын талбайд бус өөр газарт тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажил хариуцдаг байсан бөгөөд, Монгол улсад ажиллах эрхийн хугацаа нь баримтыг үйлдсэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул уг гар бичмэлээр гэрээг дүгнэсэн байх боломжгүй. Мөн О-О ХХК-ийн 2015 оны хайгуулын ажлын тайлангаар өрөмдлөгийн ажил нийт 3,173.29 метр хийгдсэнийг гэрээгээр тохирсон үнээр тооцвол нийт 250,919 юань илүү төлсөн... гэж тус тус тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

О-О ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Ш б б ХХК-д БНХАУ-аас Монгол улс руу цахим хэлбэрээр нийт 2,091,000 юань төлсөн болох нь зохигчдын тайлбар, цахим шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдох ба энэ талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй. /1-р хх 121-143/

Харин хариуцагчийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 25-нд 15,600,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 09-нд 46,800,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-нд 109,550,000 төгрөг гэх зэргээр 3 удаагийн төлөлтөөр нийт 171,950,000 төгрөгийг тухайн төлбөр төлсөн өдрүүдийн юанийн ханшаар тооцож, бүгд 550,151 юань нэмж төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал ...бодитоор төлбөрт тооцон хүлээж аваагүй, НӨАТ-ын баримт болгож бичиж өгсөн... гэж тайлбарлан няцаах боловч, уг тайлбараа баримтаар нотлоогүй байх тул дээрх 550,151 юанийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн гэж дүгнэв.

Иймд захиалагч О-О ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Ш б б ХХК-д ажлын хөлс нийт 2,641,151 юань төлсөн болох нь тогтоогдсоныг гэрээний Ажлын зардал болон төлбөрөө төлж тооцоо дуусгах 4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу тооцвол бүгд 3,517 метр өрөмдлөгийн ажлын хөлс төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хх-20/

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өрмийн ангийн шинэ зам тавьсан ажлын тайлбар гэх гарчиг бүхий Фанг Еи Донг /Fang Yi Dong/ гэгчийн Хятад хэл дээр бичсэн гар бичмэлд ... Jang захиралтай өрмийн анги 2015 оны 5 сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 14569 тоот лицензийн байршилд 5,166 метр өрөмдсөн гэж бичигдсэнийг нэхэмжлэгч Ш б б ХХК ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан баримт гэж тайлбарлан, энэ хэмжээгээр ажил гүйцэтгэгдсэн гэж үзэн төлбөрийн зөрүүг шаардана. /1-р хх-25/

Мөн нэхэмжлэгч Ш б б ХХК нь гэрээгээр тохирсон хэмжээнээс илүү буюу нийт 5,493 метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн болохоо нотлохоор цооногийн өрөмдлөгийн ажлын 24 ширхэг дэвтрийг эх хувиар нь нотлох баримтаар гаргасан. /2-р хавтаст хэргээс 6-р хх-212 хуудас хүртэл/

Дээрх дэвтрүүдийг өрөмдлөгийн ажлыг гардан гүйцэтгэсэн Ш б б ХХК-ийн ажилчдын ээлжийн ахлахууд хөтлөж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээр ажилчдын Монгол улсад HG ангиллын визтэй хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгосон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2015 оны 5/1941 дугаар албан бичиг, тэдний хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болсон тухай 5/8291 дугаар албан бичиг болон, ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул энэ хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. /1-р хх 219-231/

Гэвч талууд өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг 5,000 метр байхаар гэрээнд зааж, энэ талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: тус гэрээг хэрэгжүүлэх явцад хэрэв геологийн байдалд ямар нэгэн томоохон өөрчлөлт гарч, гэрээг өөрчлөх шаардлага гарвал хоёр тал хэлэлцэн тохирч, нэмэлт гэрээг байгуулах ба, тус бичгээр үйлдсэн гэрээ нь ч мөн энэхүү гэрээний нэг хэсэг болно гэж заасны дагуу нэмэлт гэрээ хийгээгүй байх тул гүйцэтгэвэл зохих нийт ажлын хэмжээг 5,000 метрээр тооцох нь зүйтэй. /1-р хх-17/

Түүнчлэн, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Фанг Еи Донг гэгчийн үйлдсэн гар бичмэлийг гэрээний талуудын ажил хүлээлцсэн акт гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь гар бичмэлийг үйлдсэн хүнийг Fang Yi Dong бус, харин Fang Yi Zhong гэдэг бөгөөд, тэрээр О-О ХХК-ийн эзэмшил дэх Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах 14885Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд компанийн дутагдалтай болон гэмтсэн сэлбэг, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэгтэйгээр 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллах эрхтэйгээр Монгол улсад түр оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд, маргаан бүхий 14569Х тоот хайгуулын талбайд ажиллаагүй, мөн О-О ХХК-ийг төлөөлөн гэрээ дүгнэх эрх бүхий этгээд болон уг хайгуулын талбайд хяналт тавин ажиллаж байсан геологичийн аль нь ч биш байх тул уг гар бичмэлийг ажил хүлээлцэж үйлдсэн акт гэж үзэх боломжгүй байна. /1-р хх 161, 168/

Харин Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт захиалагч ... гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу захиалагч О-О ХХК нь ажил гүйцэтгэгч Ш б б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй бөгөөд, тийнхүү ажлын үр дүнг хүлээж авсан талаар маргаагүй, гагцхүү гүйцэтгэсэн ажлын хэмжээг харилцан хүлээлцэж, акт үйлдээгүй гэж маргаж байгаа.

Нэгэнт гүйцэтгэгчийн хийсэн ажлыг захиалагч хүлээж авсан бөгөөд, акт үйлдээгүй гэх үндэслэлээр гэрээний дагуу гүйцэтгэгдсэн ажлыг үгүйсгэх үндэслэлгүй ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу Ш б б ХХК-ийн гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлыг бүрэн хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагч тал ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан 5000 метрийн хэмжээнд хүрээгүй, харин 3,173.29 метрийн өрөмдлөг хийсэн гэж марган, тус компаниас Ашигт малтмалын газарт 2016 онд гаргасан тайланг нотлох баримтаар шүүхэд гаргаж, тайланг гаргасан Б.Энх-Амгаланг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан боловч, тухайн тайланг хариуцагч О-О ХХК-ийн файлаар илгээсэн гэх мэдээллийг үндэслэн, өрөмдлөгийн ажил хийгдсэн талбайд хэмжилт хийлгүйгээр тус компаниас өгөгдсөн дүнгээр тайланг гаргасан болох нь гэрч Б.Энх-Амгалангийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байх тул тайланд дурдагдсан 3,173.29 метрийн ажил хийгдсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд, уг тайланд өрөмдлөгийн ажлын хэмжээг өөр өөр дүнгээр зөрүүтэй бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй. /6-р хх-229, 232, 233/

Түүнчлэн, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд цооног тус бүрийн ажилд захиалагч талын геологичдийн зааварчилгаагаар цооногийг нээж хаадаг, улмаар геологичийн зааварчилсны дагуу дараагийн цооногийн ажилд ордог байсан болох нь гэрч Жиан Рун Фугийн ...өрмийн 4 машин ажиллаж, О-О ХХК-ийн 2 геологичийн хяналтан дор ажлаа хийсэн. 1 цооногийг хэдэн метр явахыг захиалагчийн геологич мэдэж зааварчилдаг. Бид зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй байсан. 24 ширхэг өрмийн дэвтрийг өрөм хийдэг манай компанийн ажилчид хөтөлсөн. Нийт 24 нүх ухсан. 5,400 орчим метр болсон. Гар бичмэлийг уулан дээр үйлдээд, хотод очоод тамга тэмдэгтэй хийж өгье гэсэн боловч биднийг хотод ирэхэд явчихсан байсан. Өрөмдсөн цооногуудыг захиалагч талд тэдний талын Хятад хүмүүсийн зааварчилгаагаар хийж, үзүүлж шалгуулсны дараа За гэхээр нь хүлээлгэж өгч байсан... гэх, гэрч Б.Энх-Амгалангийн ...ажил дууссан, эхэлсэн үед заавал геологичид хүлээлгэж өгөх ёстой. Геологич байхгүй үед өрөмдлөг хийж буй тал дур мэдэн ажиллах эрхгүй... гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн хариуцагч талын зүгээс ажлын үр дүнг гэрээгээр тохирсон 5,000 метрт хүрээгүй гэж тайлбарлан маргасан боловч, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш тийнхүү гэрээгээр тохирсон хэмжээнд хүрээгүй талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу шаардах эрхгүй, тийнхүү шаардлага гаргаагүй бөгөөд, гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болсон учир захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Иймд дээрхийг нэгтгээд, гэрээгээр тохиролцсон 5,000 метрийн өрөмдлөгийн ажлын хөлс 3,755,000 юань байхаас хариуцагчийн төлсөн 2,641,151 юанийг хассанаар, үлдсэн ажил болох 1,483 метрийн ажлын хөлс 1,113,849 юань буюу 353,869,827 төгрөг, мөн бусад зардалд 4,840 юань, 3,290,000 төгрөг буюу 4,827,668 төгрөг, нийт 358,697,495 төгрөгийг хариуцагч О-О ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш б б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд илүү шаардсан 104,782,861 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О-О ХХК-иас 358,697,495 /гурван зуун тавин найман сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш б б ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 104,782,861 /нэг зуун дөрвөн сая долоон зуун наян хоёр мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,568,906 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,951,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА