Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01249

 

“ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01666 дугаар магадлалтай,

“ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох,

“ХС” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ХС” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан “ХС” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ГБ” ХХК оролцож тайлбар гаргасан байна.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрийг үндэслэн явуулж буй “ХС” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хувийн хэргийг хаахыг НШШГГт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01666 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрийг үндэслэн явуулж буй “ХС” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хувийн хэргийг хаахыг НШШГГт даалгасугай.” хэмээн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байгаа учир дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2014.05.27-ны өдөр “ГБ” ХХК, “ХС” ХХК, “Бэрэнгрупп” ХХК нарын хооронд байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу төлбөрт 2,289,520.75 ам.долларыг төлөх гэрээ байгуулсан.

4.2.Тус гэрээний дагуу 2014.06.02-ны өдөр 550,000.00 ам.доллар, 2014.07.01-ний өдөр 308,731.00 ам.доллар, 2014.08.08-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2014.09.12-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2015.05.27-ны өдөр 308,731.00 ам.доллар тус тус төлсөн гэрээний үлдэгдэл 504,596.75 ам.доллар байна. (Дээрх төлбөрүүдийг ам.доллараар хийсэн)

4.3.“ГБ” ХХК, “ХС” ХХК, “Бэрэнгрупп” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь шүүхийн шийдвэрт дурдагдсан зээлийн барьцаа болох Дархан-Уул аймаг дахь баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж эдэлбэр газрын хамтаар 1,784,924.00 ам.доллараар “Бэрэнгрупп” ХХК худалдан авах, үлдэгдэл 504,596.75 ам.долларыг зээлдэгч “ХС” ХХК 2014.09.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний дүн нь тухайн үеийн Монгол банкны ханш болох 1422.89 төгрөгөөр тооцож гарсан байдаг.

Дээрх төлбөрүүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын дансаар огт дамжиж төлөгдөөгүй, гэрээ байгуулсны дараагаар гэрээний дагуу Голомт банкинд гадаад валют болох ам.доллараар төлөлт хийсэн.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Хариуцагч тал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан доорх хариу тайлбартай бүрэн санал нэг байна.

Нэхэмжлэгч тал манай байгууллагаар дамжуулж төлбөрөө төлөөгүй. Манайхаар 3,274,182,811.00 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 200,000.00 төгрөг, нийт 3,274,382,811.00 төгрөгийн төлбөр гарч байгаа. Энэ төлбөрийг манай газраар бүрэн дамжуулж төлсөн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлсөн баримтыг үндэслээд дуусгавар болгох боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлсөн баримтаа авчирч өгнө. Хүсэлт гаргасан бол дуусгавар болгоно. Төлбөр авагч талаас хүсэлт ирүүлээгүй байхад дуусгавар болгох үндэслэл байхгүй. “ХС” ХХК-ийн ЗГ8140000040 тоот зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 504,596.75 ам.долларын үлдэгдэлтэй байна. Зээлийн төлбөр бүрэн дуусаагүй үлдэгдэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа хууль журмын дагуу хийж байгаа, төлбөр авагч тал дуусгавар болгох хүсэлт өгөөгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.11-ний өдрийн 001/ШХТ2022/01234 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ГБ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч “ХС” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...шүүхийн шийдвэрийн дагуу “ГБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 3,257,736,180 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 16,446,631.14 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн, хариуцагч энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2014.04.11-ний өдрөөс явуулсан, уг ажиллагааны явцад 2014.05.27-ны өдөр “ХС” ХХК болон “Бэрэн групп” ХХК, “ГБ” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж “Бэрэн групп” ХХК-аас “ГБ” ХХК-д 1,784,924 ам.доллар буюу уг шилжүүлэг хийх үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар нийт 3,307,558,323.27 төгрөг төлсөн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгийг ам.доллараар төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахгүй хууль бус үйлдэхүй гаргаж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ХС” ХХК-аас 3,274,182,811 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд 2,289,500 ам.доллар төлж барагдуулахаар 2014.05.27-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, төлбөрийг манай газраар бүрэн дамжуулж төлсөн бол хуульд заасны дагуу төлбөр төлсөн баримтыг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой. “ГБ” ХХК нь төлбөр төлөгдсөн тухай хүсэлт ирүүлээгүй тул ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “шүүхийн шийдвэрээр 3,257,739,180 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан. Уг төлбөрийг төлж барагдуулахын тулд 2014.05.27-ны өдөр “ХС” ХХК, “Бэрэн групп” ХХК болон “ГБ” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ нь ашигт малтмалын лицензийг 2,289,520.75 доллараар худалдаж авах гэрээ байдаг. Уг гэрээний дагуу нийт 5 удаагийн шилжүүлгээр 1,784,924 ам.доллар төлөгдсөн, зөрүү 504,596.77 ам.доллар төлөгдөөгүй” гэсэн тайлбар гаргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээжээ.

9.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж адил шийдвэр гаргасан боловч шүүхүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг гуравдагч этгээд гомдолдоо заасан байх бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд дээрх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Хэргийн баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.07.22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр “ХС” ХХК-аас 3,274,182,811 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хустай нэртэй газарт орших 84.73 гектар талбай бүхий Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 баг Элсэн эрэг орчим байрлах нэгж талбарын 080310249 дугаар бүхий 50.000 м.кв талбайтай газар эзэмших эрх, 462,405,590 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ 2014.04.11-ний өдрөөс эхлүүлж одоог хүртэл явуулж байгаа болох нь тогтоогдсон байна.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2014.05.27-ны өдөр төлбөр төлөгч “ХС” ХХК төлбөр авагч “ГБ” ХХК болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд зээлийн төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйл болсон ашигт малтмалын лиценз эзэмших эрхээ “ХС” ХХК нь “Бэрэн групп” ХХК-д 2,289,520.75 ам. долларт худалдахаар болсон, үүнээс 1,784,924 ам.долларыг “Бэрэн групп” ХХК “ГБ” ХХК-д төлөхөөр тохиролцсоны дагуу уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулахгүйгээр 2014.06.02-ны өдөр 550,000.00 ам.доллар, 2014.07.01-ний өдөр 308,731.00 ам.доллар, 2014.08.08-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2014.09.12-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2015.05.27-ны өдөр 308,731.00 ам.доллар, нийт 1,784,924 ам.долларыг тус тус төлсөн, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Дээрх 1,784,924 ам.доллар төлөгдсөнөөс хойш төлбөр төлөгч “ХС” ХХК нь эдгээр мөнгө шилжүүлсэн баримтыг НШШГГт хүргүүлж, тухайн төлбөр тус бүрийн төлөгдсөн үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар бодоход 3,307,558,323.27 төгрөг болсон, иймээс шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч “ГБ” ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хаах хүсэлтээ ирүүлж, урамшууллын мөнгийг шилжүүлэхийг мэдэгдэж 2016.12.01-ний өдөр 2/37251 тоот албан бичгийг хүргүүлсэн, уг албан бичгийн хариуд “ГБ” ХХК нь 2016.12.08-ны өдөр 05/4АА/3226 тоот албан бичгээр “...мэдэгдэлд дурдсан үйлдлийг гүйцэтгэх боломжгүй” гэсэн хариу өгч, гурвалсан гэрээний дагуу төлөгдөөгүй ам.долларын зөрүүг төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хүссэн, хариуцагч НШШГГ нь төлбөр авагч “ГБ” ХХК нь төлбөр бүрэн төлөгдсөн тухай хүсэлтээ ирүүлэхгүй байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй гэж үзсэн, энэ үндэслэлээр зохигч, гуравдагч этгээдийн хооронд маргаан үүсч, улмаар нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан журмын дагуу холбогдох дээд шатны албан тушаалтанд хандаж удаа дараа гомдол гаргаж хариу авсан эдгээр баримт хэрэгт авагдсан байна.

13.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлбөр төлөгч “ХС” ХХК төлсөн гэж үзэхдээ Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 210 дугаар зүйлийн 210.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

13.1.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох юм. “Бэрэн групп” ХХК нь “ХС” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан ашигт малтмалын лиценз эзэмших эрхийг худалдан авснаар тус компанийн “ГБ” ХХК-д төлөх төлбөрийг төлсөн нь хууль зөрчихгүй байна.

13.2.Түүнчлэн дээр дурдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.07.22-ны өдрийн 1480 дугаар шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр төлөх үүргийг төлбөр төлөгч “ХС” ХХК-д үүрэг болгосон.

Энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, эдгээр гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор төлбөрийг гаргуулах үүрэгтэй.

Хэдийгээр “Бэрэн групп” ХХК нь 1,784,924 ам.долларыг ГБ” ХХК-д төлөхдөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулаагүй буюу уг төлбөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлөгдөөгүй боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөр нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэгдсэн тул ам.доллараар төлсөн мөнгийг уг мөнгө төлөгдсөн үеийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцоход 3,307,558,323.27 төгрөг болсон, энэ нь шүүхийн шийдвэрт заасан хэмжээнд хүрсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийн хэмжээгээр төлбөр төлөгдсөн гэж үзнэ.

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж заажээ.

Нэгэнт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “ХС” ХХК-аас 3,274,182,811 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “ГБ” ХХК-д олгохоор явуулж байгаа ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр, түүний дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгдсөн байх тул тус газар нь цаашид дээрх шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад талуудын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээний дагуу зөрүү төлбөрийг ам.доллараар төлөхийг шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдал нь, төлбөр төлөгч энэ талаар удаа дараа гомдол гаргасан атал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байгаа нь хуульд нийцээгүй байна.

15.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3-т заасан эрх зүйн хамгаалалтын дагуу нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаалгахыг шаардах эрхтэй гэж дүгнэв.

16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийн асуудлаар талууд эвлэрэх, түүнчлэн төлбөр төлөх хугацааны талаар болон төлбөрийн оронд өөр гүйцэтгэлийг хүлээн авах талаар харилцан тохиролцож болох боловч энэ маргааны хувьд талууд шүүхийн шийдвэрт заасан төгрөгөөр төлөх төлбөрийг ам.доллар болгон өөрчилснөөр, үүнээс ханшийн зөрүү гарч талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсын дагуу зөрүү төлбөр гаргуулахаар гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж явуулах үндэслэлгүй юм.

17.Иймд нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хуулийн агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул гомдлыг хангах хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01666 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ГБ” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ГБ” ХХК /төлөөлөгч Б.Энхтүвшин/-ийн 2022.10.13-ны өдөр 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН