Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01666

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Нт холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Нт даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх, түүний өмгөөлөгч О.Батсүх, Ж.Эрдэнэбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.а. “Х” ХХК нь “Г” ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗГ8140000040 дугаар “Зээлийн гэрээ” байгуулан 2,000,000 ам.долларын зээлийг авсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг ханган “Х” ХХК-аас 3,257,736,180 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 16,446,631.14 төгрөгийг тус тус гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 242 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-р шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед “Х” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-тай хийсэн гэрээний дагуу “Б” ХХК-аар дамжуулан “Х” ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “Г” ХХК-д 1,784,924 ам.доллар буюу шилжүүлэг хийх үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар нийт 3,307,558,323.27 төгрөгийг төлж, шүүхийн шийдвэрт заагдсан дүнгээс 33,375,511.83 төгрөгийг илүү төлсөн байдаг. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ганд хандсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/37251 албан бичигт мөн баталгаажуулсан.

1.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоход төлбөр авагч болон төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэх ёстой. Н талуудаас хүсэлт ирээгүй тул дуусгавар болгоогүй гэж тайлбарладаг. Төлбөр төлөгч дуусгавар болсон гээд холбогдох баримтыг явуулахад төлбөр авагчийн регистр байхгүй байна гэсэн албан бичиг хүргүүлсэн.

Иймд Н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1, 8.1, 8.2, 8.3, 8.4 дэх заалтуудыг зөрчиж төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заагаагүй илүү мөнгийг өөр валютаар төлбөр авагчид авч өгөх хууль бус ажиллагаа явуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа учраас Сүхбаатар дүүргийн шүүхийн 1480 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6604 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 551 дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн явуулж буй төлбөр авагч “Г” ХХК, төлбөр төлөгч “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Нт даалгаж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр “Х” ХХК-аас 3,274,182,811 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хустай нэртэй газарт орших 84.73 гектар талбай бүхий Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дархан-Уул аймгийн сум, 1-р баг орчим байрлах нэгж талбарын 000000000 дугаар бүхий 50.000 м.кв талбайтай газар эзэмших эрх, 462,405,590 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд 2.289.500 ам.доллароор төлж барагдуулахаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд төлбөр авагчаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14/846 албан бичгээр барьцааны зүйлээр хангуулахаар хүсэлт гаргасан байдаг. Гурван талын гэрээтэй холбоотой тухайн үеийн 2014 оны Монгол банкны ханшаар 1,422.89 төгрөгөөр тооцож гарсан байдаг. Гэвч уг гэрээтэй холбоотой зүйлс манай ажиллагаанд хамааралгүй. Нэхэмжлэгч тал манай байгууллагаар дамжуулж төлбөрөө төлөөгүй. Манайхаар 3,274,182,811 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 200,000 төгрөг, нийт 3,274,382,811 төгрөгийн төлбөр гарсан. Энэ төлбөрийг манай газраар бүрэн дамжуулж төлсөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлсөн баримтыг үндэслээд дуусгавар болгох боломжтой. Төлбөр төлж дууссан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлсөн баримтаа авчирч өгнө. Хүсэлт гаргасан бол дуусгавар болгоно. Хүсэлт ирүүлээгүй байхад дуусгавар болгох үндэслэл байхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай хүсэлт, төлбөр төлөгдсөн талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт ирүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэх aжиллaгaaг дуусгавар болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.а. Сүхбаатар дүүргийн шүүхээс 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Гны нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох 1480 тоот шийдвэрээр 3,257,739,180 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан. Уг төлбөрийг төлж барагдуулахын тулд 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК, “Б” ХХК болон “Г” ХХК гурвалсан гэрээг хийсэн бөгөөд уг гэрээ нь ашигт малтмалын лицензийг шилжүүлэх замаар худалдаж авах гэрээ байдаг. Талууд уг гэрээгээ зөвшөөрч хэлцлийн дагуу нийт 5 удаагийн төлбөр төлөгдсөн.

3.б. Эхний төлбөр 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 550.000 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 308.731 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 308.731 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 308.731 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 308.731 ам.доллар төлсөн. Анхны шийдвэр гарахдаа 2.289.520.75 доллар гэж гараад өөр ханшаар 1.784.924 ам.доллар төлөгдсөн. Доллароор байгуулсан гэрээнээс 504,596.77 ам.доллар төлөгдөөгүй байгаа гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрийг үндэслэн явуулж буй “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хувийн хэргийг хаахыг Нт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу төлбөрт 2,289,520.75 ам.долларыг төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 550,000.00 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 308.731.00 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 308,731.00 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 308,731.00 ам.доллар тус тус төлсөн гэрээний үлдэгдэл 504,596.75 ам.доллар байна.

5.б. “Г” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь шүүхийн шийдвэрт дурдагдсан зээлийн барьцаа болох Дархан-Уул аймаг дахь баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж эдэлбэр газрын хамтаар 1,784,924.00 ам.доллароор “Б” ХХК худалдан авах, үлдэгдэл 504,596.75 ам.долларыг зээлдэгч “Х” ХХК 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний дүн нь тухайн үеийн Монгол банкны ханш болох 1,422.89 төгрөгөөр тооцож гарсан байдаг. Дээрх төлбөрүүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын дансаар огт дамжиж төлөгдөөгүй, гэрээ байгуулсны дараагаар гэрээний дагуу Ганд ам.доллароор төлөлт хийсэн.

5.в. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай бүрэн санал нэг байна. “Х” ХХК-ийн ЗГ8140000040 тоот зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 504,596.75 ам.долларын үлдэгдэлтэй байна.  Зээлийн төлбөр бүрэн дуусаагүй үлдэгдэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа хууль журмын дагуу хийж байгаа, төлбөр авагч тал дуусгавар болгох хүсэлт өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Манай компани өөрийн өмч болох Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн уулын баяжуулах үйлдвэрийг “Б” ХХК-д худалдан борлуулж олсон орлогоороо дээр дурдсан өрийг бүрэн төлж барагдуулсан. Манай компани Нт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1019 тоотоор төлбөр бүрэн төлөгдсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн хүсэлт, төлбөр төлсөн болохыг нотолсон банкны баримтуудын хуулбар, төлбөр төлөгдсөн өдрүүдийн банкны ханшийн тодорхойлолтын хамт хавсруулан хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу “Г” ХХК-д хандан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх бичиг баримт хаах хүсэлт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах мөнгө шилжүүлэхийг хүссэн.

Гэтэл “Г” ХХК-аас “Х” ХХК-ийн регистрийн дугаар өгөгдөөгүй тул тус мэдэгдэлд дурдсан үйлдлийг гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгдье гэсэн гарын үсэгтэй хариу бичиг ирүүлсэн. Иймд Н тус хариу бичгийг хүлээн авсны дараа дээрх төлөгдсөн төлбөрөөс гадна ам.доллароор төлөхийг удаа дараа шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй тул 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 0111 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 0902 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 0926 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 0929 тоот шийдвэрүүдээр гомдол хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, Хууль зүйн сайд нарт шат дараалан гаргасан. Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заагаагүй илүү мөнгө болон шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдээр баталгаажаагүй төлбөрийн дүнг төлөхийг шаардаж байсан тул иргэний шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн.

Хөрөнгө нь “Г” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан тул “Г” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаас өөр аргагүй байсан тул оролцуулан гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн агуулга нь “Х” ХХК болон “Б” ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдсан, төлбөрөө төлөх тухай гэрээ бөгөөд “Г” ХХК нь борлуулалтын төлбөрийг хүлээж авах нөхцөл бүхий гэрээ байсан. Иймд манай компанийн нэрийн өмнөөс “Г” ХХК-ийн 9100000002 дансанд нийт 1,784,924 ам.доллароор буюу 3,257,736,180 төгрөг төлсөн баримтыг өгсөн. Энэ гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад хамаарахгүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Г” ХХК нь гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ хурлаар давж заалдах гомдолтой холбоотой гэрээний асуудлыг хэлэлцэх боломжгүй. “Б” ХХК-аас шилжүүлсэн ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцсон. Төлбөрийг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дансаар заавал дамжуулан хийх тухай хуулийн заалт байхгүй. Төлбөр төлөгч нь төлбөр төлснөө нотолсон нь Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын хянан шалгасан нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг Нт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх.1-9, 43/

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрээр “Х” ХХК-аас нийт 3,274,182,811 төгрөг гаргуулан “Г” ХХК-д олгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хустай нэртэй газарт орших 84.73 гектар талбай бүхий Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дархан-Уул аймгийн сум, 1-р баг, орчимд байрлах нэгж талбарын 000000000 дугаар бүхий 50,000 м.кв талбайтай газар эзэмших эрх, 462,405,590 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх.11-15/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх.70/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ууд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор “Зээлийн төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Х” ХХК-аас төлбөр авагч “Г” ХХК-д төлөх төлбөрийг “Х” ХХК-ийн өмнөөс “Б” ХХК төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулсан тохиолдолд “Г” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх нөхцөлийг гэрээний талууд тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “...үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасантай нийцжээ. /хх.93-94/

            6. Дээрх гэрээний дагуу “Б” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 550,000 ам.доллар, 2014  оны 07 дугаар сарын 01-ний өдөр 308,731 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 308,731 ам.доллар, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 308,731 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 308,731 ам.доллар, нийт 1,784,924 ам.долларыг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Төлбөрийн даалгавар”-аар тогтоогдсон /хх.54-57/

            Төлбөрийг ам.доллараар гүйцэтгэсэн үеийн Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцож төлбөр төлөгч “Х” ХХК-ийн өмнөөс “Б” ХХК нь төлбөр авагч “Г” ХХК-д нийт 3,307,558,323.27 төгрөг төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцсэн байна.

            Иймд төлбөр төлөгч “Х” ХХК нь төлбөр авагч “Г” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 3,274,182,811 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэх ба хариуцагч Н болон гуравдагч этгээд “Г” ХХК нарын гаргасан “шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 504,596.75 ам.доллар байгаа” гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.

            8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.       

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                   М.БАЯСГАЛАН