Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2021/00572

 

 

          2021        03        09  

                           184/ШШ2021/00572

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ФК ХХК /РД:,,,,/-ийн

Хариуцагч Боржигон овогт Д. Э /РД:,,,,,,,,,,,,,,/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.177.200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, М.Э, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Д/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ФК ХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, М.Энар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ФК ХХК барьцаалан зээлдүүлэх зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд энэ үйл ажиллагааныхаа дагуу хариуцагч Д.Этэй анх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөг зээлдүүлсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээ нь 2018 онд хариуцагчийн зүгээс зээлийг н.Б гэдэг хүний 5890906909 дугаартай данснаас нэхэмжлэгч байгууллагын данс руу зээлийн үлдэгдэл 3.882.500 төгрөгийг шилжүүлж хаасан бөгөөд хариуцагч Д.Э нь зээл хаасан өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин зээл авахаар хүсэлт гаргаж хүсэлтээ өөрийн гараар бичиж өгч дахин 3.940.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээл авч мөн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч өөрийн гараар хүсэлт бичиж, гарын үсэг зурж зээлж авсан мөнгөө н.Б гэх хүний ,,,,,,,,,,, дугаартай данс руу шилжүүлэг хийлгүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээнүүд дээр хариуцагч тал маргаж байвал 2017, 2018 оны зээлийн гэрээнүүд дээр зурсан хариуцагчийн гарын үсэг, манай байгууллагад бичгээр гаргаж өгч байсан хүсэлт дээрх гарын үсэг, шүүхийн баримт дээр зурагдсан гарын үсгүүд яг адилхан таарч байгаа юм. Сүүлд өнгөрсөн 7 хоногт нэхэмжлэгчээс өөрийн “Хаан банк” ХХК-ийн интернэт банкны дансны хуулгыг шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн дансны хуулга дээр хариуцагч талын зээлийг хаасан, дахин зээл авсан, зээлийн мөнгийг н.Б гэх хүний данс руу шилжүүлсэн гэх 2 удаагийн орлого, зарлага дурдагдсан байгаа. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу бид хариуцагчийн өөрийн хүссэн данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч Д.Э 2 удаагаа зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд нийт 5 удаагийн төлөлт буюу 1 удаагийн төлөлтөд 197.000 төгрөг төлж нийт 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 985.000 төгрөг төлсөн байдаг. Энэ нь зээлийн гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөөд, зээлийн төлөлтөө хийж байсныг нь нотлох юм. Хариуцагч Д.Э нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй тул нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 3.940.000 төгрөг, хүүгийн төлбөрт үлдсэн 1 сарын хүү болох 197.000 төгрөг, алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 1.970.000 төгрөг нийт 6.107.200 төгрөг, нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардал болох 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт 6.177.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчаас 5 удаагийн зээлийн эргэн төлөлт хийхдээ 2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийсэн, н.Б гэх хүнийг танихгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь хариуцагч Д.Э нь өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Д.Э нь манай байгууллага дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, өөрийн гараар хүсэлт бичиж зээл авсан байдаг. Энэхүү харилцааг тодруулбал хариуцагч нь эхлээд 2017 онд нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөгийн зээл аваад энэхүү зээлийн төлбөрт 2018 онд хүү алданги тооцоод 3.882.000 төгрөг төлж зээлээ хаасны дараа дахин зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж 3.940.000 төгрөгийг зээл авч, зээлийн олголтоо н.Б гэдэг хүний данс руу шилжүүлэг хийлгүүлсэн байдаг гэв.   

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэгч байгууллагаас 2017 онд 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хүү, алданги нь нийлээд 3.940.000 эргэн төлөхөөр болсон. Харин 2018 онд дараагийн гэрээг хийхдээ хүү, алдангийг дахин гэрээнд тусгасныг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч байгууллага дээр очиж өөрийн гараар өргөдөл бичиж, утасны дугаараа өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сард миний хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр намайг эрэн сурвалжлуулахаар өргөдөл гаргасан байна. Миний хувьд нэхэмжлэгч байгууллагыг 2017 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж хүү, алданги шаардсан бол би зээлийн гэрээний барьцаа болох машинаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулахад бэлэн байна. Одоогоор би эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. н.Б гэх хүний дансаар зээл авсан асуудлыг нэхэмжлэгч тал надад зөвлөсний үндсэн дээр хийсэн болохоос гар дээрээ ямар ч мөнгө аваагүй юм. 5 удаагийн эргэн төлөлтийн хувьд би 2017 оны анх зээлсэн зээлээ л төлж байна гэсэн бодолтой мөнгө шилжүүлдэг байсан гэв.    

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байгаа.  Тухайн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ФК ХХКас зээлдэгч Д.Эийн данс руу зээл болох 3.940.000 төгрөг шилжиж ороогүй байдаг бөгөөд харин н.Б гэх хүний данс руу рүү шилжиж орсон юм. Үүнээс үзэхэд Н.Б болон ФКнарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн юм шиг харагдаж байгаа тул ФКболон Д.Эийн нарын хооронд байгуулсан бодит гэрээ нь өөрөө хууль зөрчсөн байгаа юм. Хоёрдугаарт 2017 оны зээлийн гэрээний хүү алданги болох 940.000 төгрөгийг 2019 оны зээлийн гэрээний хүү алданги болгон тооцож байгаа тул тус зээлийн гэрээ нь үндсээрээ буруу байна гэж үзэж байгаа юм. н.Б нь Д.Эийн зээлийг хаасан асуудал бол тухайн 2 хүний хоорондох асуудал болохоос ФК ХХК-ид хамаарахгүй тул нэхэмжлэгчээс н.Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлэх шаардлага үүсээгүй байна. Гэрээ шинэчилж хийнэ гэсэн буруу процесс бодит амьдралд явагдаад байдаг юм. Иймд талуудын хооронд  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг цоо шинэ гэрээ гэж тайлбарлаж байна. Гэвч тухайн гэрээнээс харахад цоо шинэ гэрээ биш гэдэг нь харагдаж байна. Учир нь 2017 зээлийн гэрээний хүү, алданги нийлээд 940.000 төгрөг болж байгаа юм. Гэтэл 2018 оны зээлийн гэрээн дээр 3.940.000 төгрөг гэж яагаад зааж өгсөн нь тодорхойгүй байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хуучин гэрээ гэж тодорхойлж байгаа үндэслэл гэвэл нэгдүгээрт тус зээлийн гэрээнд өмнөх 2017 оны зээлийн гэрээний хүү, алдангийг мөн фидуцийн гэрээгээр барьцаалсан автомашиныг мөн 2018 гэрээний барьцаанд тооцсон байгаа юм. Хоёрдугаарт гэвэл тухайн зээлийн гэрээгээр зээлсэн мөнгө болох 3.940.000 төгрөг нь өөрөө Д.Эийн гар дээр очоогүй, түүний дансанд ороогүй байна. Тийм учраас Иргэний хуульд заасан зээлдэгч болон зээлдэгчийн үүрэг гэсэн хууль зүйн агуулга байхгүй болж байгаа юм. Тэгэхээр өмнөх гэрээ дуусгавар болчихсон юм бол өмнөх гэрээний хүү, алданги яагаад дараагийн гэрээнд зурагдсан нь эргэлзээтэй байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.Эийг дуудаж аваачаад хүсэлт бичүүлж авахуулсан гэдгийг хариуцагч өөрөө тайлбарлаад байгаа юм. Нэг ёсондоо 2017 оны зээлийн гэрээ 2018 оны зээлийн гэрээ болон үргэлжлээд явсан юм. Тиймээс хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч ФК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, М.Энар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргаж буй 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн зүгээс н.Б гэх хүнээр зээлээ төлүүлсэн, хоёр хүний хоорондох энэ харилцаа нь ФК ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй гэсэн тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч ФК ХХК нь хариуцагч Д.Эийн зээлийг н.Б гэх хүн хаасан болохоор дараагийн зээл болох 3.940.000 төгрөгийг н.Б хүний данс руу шилжүүлээгүй, харин хариуцагч Д.Эээс н.Бын данс руу зээлийн олголтоо авах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчээс н.Бын данс руу Д.Эийн зээлсэн мөнгийг олгосон гэдгийг хариуцагч тал сайн ойлгох хэрэгтэй.  Дээрх бүх харилцаа бол яах аргагүй Д.Э гэх хүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа юм. Тухайн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр бүх төлбөр нь төлөгдөж хаагдаад, тухайн зээлийн гэрээтэй холбоотой Д.Эийг гүйцэтгэх эрх нэгэнт дуусгавар болчихсон байгаа учраас нэхэмжлэгч тал тус зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй гэдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэгч ФК ХХК-ийн хариуцагч Д.Этэй байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллага надтай 2018 онд зээлийн гэрээ байгуулахдаа дахиж хүү, алданги тооцсон гэдэг тайлбар гаргаж байна. Энэ тайлбар нь өөрөө ямар ч үндэслэлгүй, учир дутагдалтай тайлбар юм. 2018 онд зээл аваад зээлээ, хүүгээ төлөөд дуусчихсан юм. 2017 болон 2018 оны зээлийн гэрээ нь хоорондоо ямар ч хамааралгүй гэрээнүүд гэдгийг өмнөх тайлбараа нэхэмжлэгч тал хангалттай дурдчихсан учир дахиж тайлбарлах шаардлагагүй байх. Талуудын хооронд болсон процессоос харахад н.Б нь Д.Эийг муу зээлдэгч гэдэг ангилалд оруулахгүйн тулд түүний зээлийг хааж өгөөд, зээлийг хааж өгсний хариуд Д.Эийн дахин зээлсэн мөнгийг өөрийн данс руу шилжүүлж авсан юм шиг харагдаж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь Д.Эийг дуудаж авчраад, хүсэлт бичүүлээд зээл авахуулсан гэх тайлбар нь өөрөө ямар ч үндэслэлгүй байна. Манай байгууллага бол санхүүгийн байгууллага бөгөөд санхүүгийн байгууллагын хувьд харилцагчаа хүндэтгэж, түүний хүсэл зоригийг үндсэн дээр түүнтэй харилцах асуудал нь тэргүүн зорилт байдаг. Хариуцагчийг дуудаж авчраад хүсэлт бичүүлсэн зүйл огтхон ч байхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний хүү, алданги тооцож буй үйл явдлууд нь хариуцагчийн хүсэлт зоригийн дагуу явагдсан үйл ажиллагаанууд гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                          ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч ФК ХХК нь хариуцагч Д.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.177.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ФК ХХК нь хариуцагчтай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3.940.000 төгрөг, үндсэн хүү 197.000 төгрөг, алданги 1.970.000 төгрөг, нийт 6.107.000 төгрөг, түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн хамт 6.177.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй нөхөн байгуулсан гэрээний харилцаа байхгүй хариуцагчийн өөрийн хүсэлтээр гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч Д.Э нь уг нэхэмжилж буй зээлийн гэрээ нь сүүлд нөхөн байгуулсан гэрээ төдийгүй, анх нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3.000.000 төгрөгийн үндсэн зээлийн гэрээний үүргээс хүү, алдангийн төлбөрийн 940.000 төгрөгийг нэмж тооцон шинээр гэрээ байгуулсан төдийгүй 3.940.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлдэж, зээлдүүлсэн үйл баримт болоогүй, уг мөнгийг аваагүй, зээлийг Д.Батмягмар гэх хүний дансаар шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа ч Д.Батмягмарыг танихгүй, түүнээс уг мөнгийг дамжуулан аваагүй, өмнөх зээлийн гэрээний хүү, алдангийн төлбөрийг оруулж тооцсон үнийн дүнгээс дахин зээлийн хүү, алданги нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2 өөр огноотой барьцаат зээлийн гэрээ  байгуулагджээ.

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр БЗГ/18/03/28 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Д.Э нь зээлдүүлэгч ФК ХХК-иас 3.940.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлж, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёото Королла Ран Х маркийн 55-18 УНГ улсын дугаартай автомашиныг түргэн борлогдох үнэ 4.137.000 төгрөгөөр үнэлэн барьцаалан зээл олгохоор тохиролцсон 1 дэх гэрээ авагдсан.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр БЗГ/17/09/35 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр зээлдэгч Д.Э нь зээлдүүлэгч ФК ХХК-иас 3.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй зээлдүүлж, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёото Королла Ран Х маркийн 55-18 УНГ улсын дугаартай автомашиныг түргэн борлогдох үнэ 3.165.000 төгрөгөөр үнэлэн барьцаалан зээл олгохоор тохиролцсон 2 дахь гэрээ авагджээ.

Мөн түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой талуудын хооронд “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/Фидуци/” БЗГ/17/09/35-1 дугаартай гэрээгээр барьцаанд бариулсан автомашиныг нэхэмжлэгч тал өмчлөлдөө шилжүүлж, хариуцагч унаж ашиглах нөхцөлтэйгөөр, зээлийн гэрээний үүрэг ноцтой зөрчигдөн 5 болон түүнээс дээш хоног зөрчсөн тохиолдолд автомашиныг зээлдүүлэгч хураан авах эрхтэй байхаар харилцан тохиролцсон агуулгатай гэрээ давхар байгуулагджээ.

Нэхэмжлэгч барьцааны зүйлийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, хариуцагч уг автомашиныг унаж ашиглаж байгаа талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч тал 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай зээлийн гэрээний үүрэг шаардсан гэх ба хариуцагч тал уг гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх уг гэрээний үүрэгт 3.940.000 төгрөг нэхэмжлэгч тал хариуцагчид шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал хариуцагч өөрийн хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн БЗГ/17/09/35 дугаартай зээлийн гэрээний 3.882.500 төгрөгийн үүргийг Д.Батмягмарын 5890906909 тоот данснаас төлж уг зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон, түүнчлэн хариуцагч өөрийн хүсэлтээр дахин шинээр 3.940.000 төгрөгийн зээлийг хүссэний дагуу Д.Батмягмарын дансаар уг зээлийг хариуцагчид олгосон гэх тайлбар нотлогдоогүй.

 Хариуцагч тал 3.940.000 төгрөгийн зээлийг Д.Батмягмарын дансаар дамжуулан өөртөө аваагүй гэх татгалзал нь Д.Батмягмарын дансны хуулга болон түүний зарцуулалт, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Хаан банк” ХХК-ийн 128273363 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзвэл барьцаалан зээлдүүлэх 4774 кодтой үндсэн үйлчилгээ явуулдаг болох нь тогтоогддог.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай гэрээний дагуу 3.940.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгөх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан байх ба нэхэмжлэгч тал 3.940.000 төгрөг хариуцагчиийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, өмнөх гэрээний үүрэгт 3.000.000 төгрөгийг хариуцагч авсан талаар маргаагүй ч тус гэрээний хүү, алданги оруулан тооцсон 3.940.000 төгрөгөөс дахин хүү, алданги тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэх татгалзал үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 3.940.000 төгрөгийг аваагүй гэх татгалзал үндэслэлтэй тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

Харин нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар бус зээлийн гэрээний үндсэн үүрэг шаардсан нь үндэслэлтэй, түүнийг шаардах эрхтэй.

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн БЗГ/17/09/35 дугаартай зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй, хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар гэрээний хугацааг 5 сар буюу 150 хоногоор сунгах эрхтэй байхаар тохиролцсон хэдий ч гэрээг сунгасан талаар баримтгүй тул хариуцагч нь 3.000.000 төгрөгийн үндсэн үүрэг дээр 30 хоногийн 5,5 хувийн хүүгийн хамт 3.165.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүссэн, үүнээс хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 165.000, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 165.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 197.000, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.000, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 197.000, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 197.000, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 197.000, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 197.000, төгрөгийн нийт 1.317.000 төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн талаар нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул 1.848.000/3.165.000-1.317.000=1.848.000/ төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэг үүсчээ.

 Тус 2017 оны хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр талууд тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.4-т зааснаар алданги төлөхөөр тохиролцсон мэт боловч зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэж тохиролцохдоо хоног тутамд уг хэмжээгээр тооцох талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул алданги тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаат зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Эээс 1.848.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байх тул ханган ФК ХХК-д олгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн хохиролд хариуцагчийг эрэн сурвалжилж хаяг тодруулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхэд хамаарах төдийгүй, шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар заагаагүй, нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал буюу хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн 70.200 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн өмчлөгч боловч уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргахгүй, зээлийн гэрээний үүрэг хангуулснаар барьцаа хөрөнгийг хариуцагч талд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн болохыг дурдан шийдвэрлэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчид зээлийн гэрээний үүрэгт 3.940.000 төгрөг зээлдүүлснээ нотлоогүй тул хариуцагч Д.Эийн нэхэмжлэгч ФК ХХК-ид холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр БЗГ/18/03/28 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.786 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 44.518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФК ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Эээс 1.848.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ФК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.329.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗГ/18/03/28 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.786 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 44.518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФК ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.