Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00932

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00932

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00640 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ү-ад холбогдох,

Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 24 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийг сууцыг Д.Ү-ын эзэмшлээс чөлөөлүүлж, түүнийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О- миний бие Д.Ү-тай 2013 оноос хойш хамт амьдарч байгаад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 24 тоотод миний эзэмшлийн газарт хувийн сууцыг барьсан бөгөөд уг хувийн сууцад Д.Ү- нь 2019 оноос хойш амьдарсан. Д.Ү-ыг хувийн сууцыг чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч чөлөөлөөгүй. Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчний 9 дүгээр гудамжны 24 тоотод байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцыг түүний хууль бус эзэмшлээс хувийн сууцыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дундын өмчлөлийн хөрөнгөнөөс өөрт ногдох хувь 15 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаас татгалзаж, тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц албадан чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна. Иймд Д.Ү-ын эзэмшлээс хувийн сууцыг чөлөөлж, түүнийг тус сууцнаас албадан гаргуулж өгнө үү. Орон сууцыг барихад Д.О-ийг нэг ч төгрөг оруулаагүй гэх Д.Ү-ын тайлбар үндэслэлгүй. Тухайн сууцыг барихад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр тухайн хувийн сууцыг барьсан гэх тайлбараа нотлох ёстой. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тухайн хувийн сууцыг өөрийн хөрөнгө мөн гэдгийг нотолж эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг өгсөн. Мөн хариуцагч талаас өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээг гаргуулж байх явцад өөрт нь бичиг баримт байхгүй байсан тул нэхэмжлэгчийн нэр дээр дээрх гэрчилгээнүүдийг бүртгүүлсэн гэх тайлбарыг гаргасан байна. Гэвч хариуцагч нь өнөөдрийг болтол энэ тайлбартай холбогдуулан холбогдох байгууллагад гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А321 тоот шийдвэрийг үндэслэж, 186 дугаартай гэр бүлийн хамтын эзэмшлийн газар эзэмших гэрчилгээ нь Д.О-ийн нэр дээр гарсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 24 тоот үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд мөн Д.О-ийн нэр дээр бүртгэгдсэн. Дээрх 2 үйл баримтаас үзэхэд Д.Ү- нь бичиг баримтгүй байсан тул Д.О-ийн нэр дээр тухайн газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан гэх тайлбар эргэлзээтэй. Учир нь 2014 оноос 2018 он хүртэл Д.Ү- нь бичиг баримтгүй явсан байх үндэслэлгүй бөгөөд хэрэв бичиг баримтгүй байсан бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. Түүнчлэн, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ү-ыг 70 гаруй насны хүн байдаг гэж тайлбар гаргасан боловч Д.Ү- нь 1967 онд төрсөн одоогоор 54 настай хүн байгаа гэжээ.

Хариуцагч Д.Ү- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 9 гудамжны 24 тоот хаягт өөрийн болон охиныхоо эзэмшлийн газарт 2016 оноос хойш эхлэн банк бус санхүүгийн байгууллагаас 3 удаа зээл авч хувийн сууцыг барьсан. Уг хувийн сууцыг 1 жилийн хугацаанд барьж дуусгасан ба 2018 оны 4 дүгээр сард улсын бүртгэлийн гэрчилгээ авах болоход өөрийн бичиг баримтаа гээгдүүлсэн тул Д.О-ийн нэр дээр гэрчилгээг гаргасан. Д.О- нь уг хувийн сууцыг барихад ямар ч оролцоо байхгүй, хөрөнгө гаргаагүй. Мөн Д.Ү- миний бие банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулаагүй одоог зээлийн үлдэгдэлтэй байна. Гэтэл Д.О- нь хүний итгэл эвдэн бусдын эд хөрөнгийг өөрийн мэт ашиглаж байгаа нь иргэний гэхээс илүү эрүүгийн залилах гэмт хэрэг байна. Уг байшинд миний бие 3 настай ач хүүгийн хамт амьдарч байна. Иймд зээлдэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: .Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ү-ын хууль бус эзэмшлээс Д.О-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамж, 24 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай, Ү-2201053641 дугаартай хувийн сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнд-Аюуш хариуцагч Д.Ү-аас дундын өмчлөлийн хөрөнгөнөөс өөрт ноогдох хувь 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ү-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Ү- нь Д.О-тэй хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оноос Ай Би И Капитал ББСБ ХХК-аас 3 удаа зээл авч Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчний 9 дүгээр гудамжны 24 тоот хаягт байршилтай 128 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьж ашиглалтад оруулсан. Тус хувийн сууцыг барих газар нь Д.Ү-ын эзэмшил учраас зээл авч хувийн сууц барьсан. Д.О- нь тухайн үед хашаа хувийн сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлээд Д.Ү-тай хамт амьдрахгүй гээд явсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан. Д.Ү- нь шүүх хуралдааны товыг мэдэж, хуралдаанд очих байсан боловч тухайн өдөр гэнэт даралт ихэсч ухаан алдаж шүүх рүү холбогдож чадаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчний 9 дүгээр гудамжны 24 тоот хаягт байршилтай 128 мк.в талбай бүхий хувийн сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тус хашаанаас албадан чөлөөлөх талаар дурдаагүй тул тухайн хашаа, хувийн сууцыг албадан чөлөөлөхгүй байх боломжтой гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Д.Ү-ад холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 24 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 15 000 000 төгрөг гаргуулахаар өөрчилж, шүүх хуралдаанд дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж анхны гаргасан шаардлагаа дэмжсэн байна. /хх-1, 33, 129-134/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд уг өөрчилсөн нэхэмжлэлийг гардуулах үүрэгтэй ба хариуцагч тал мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар өөрчилсөн нэхэмжлэлд тайлбар өгөх эрхтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй.

 

Нөгөө талаар, шүүх нэхэмжлэлийн шаардлагад 128 м.кв талбайтай хувийн сууц байршиж байгаа Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 24 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий хашааны газар хамаарч байгаа эсэхийг тодруулаагүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаас дүгнэвэл эзэмшигчийн эзэмшил хууль болон гэрээнд заасны дагуу үүсээгүй буюу хууль бус байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч Д.Ү- нь нэхэмжлэгч Д.О-тэй хамт амьдрах хугацаандаа уг 128 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьсан ба бичиг баримтгүйн улмаас нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэж тайлбарлан маргасан.

 

Иймд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримттай харьцуулан дүгнэвэл Д.О- нь маргаан бүхий 128 м.кв талбай бүхий хувийн сууцыг дангаар өмчлөх эрхтэй эсэх, уг хувийн сууцыг Д.Ү- нь ямар үндэслэлээр эзэмшиж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой болсноор талуудын хоорондын маргаантай үйл баримтад нотлох баримтыг хамааруулан үнэлэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ