Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 53

 

Б.Ц-, Б.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0153/Э/001/2019/0450

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       Б.Ц-, Б.А-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         П.Батжаргал

Нарийн бичгийн дарга                 Т.Төмөрчөдөр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Ц-, Б-ын А- нарт холбогдох, 1918000170104 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.Ц-, Б.А-, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ийн Ц-.

Монгол Улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийлгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ын А-.

Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “У-” нэртэй дэлгүүр дотор уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2300 төгрөгийн эд зүйл, бэлэн 20.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дугнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж,

-Шүүгдэгч Х- овогт Б-ын А-, Х- овогт Б-ийн Ц- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ц-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.А-од оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Энэ хэргийн дэлгүүрт болсон үйл явдлын видео бичлэг хэрэгт авагдсан. Уг видео бичлэгт дэлгүүрийн арын өрөөнөөс хохирогч И.Э- кармандаа гараа хийчихсэн, өөрөөр хэлбэл зугтсан, тэмцэлдсэн, цохиулсан, хүчинд автсан шинжгүй тайван байдалтай гарч ирж байгаа дүрс бичлэг нь түүний “би арын өрөөнөөс гарах гэхэд Б.Ц- намайг түлхээд, хэвлий рүү цохихоор нь түлхээд дэлгүүрийнхээ камертай хэсэгт гарч ирэхэд ...” гэх мэдүүлгийг үгүйсгэдэг. Түүнчлэн дэлгүүрийн камертай хэсэгт болсон үйл явдлын тухай хохирогч “жижиг биетэй залуу нь “ална шүү” гээд компьютер эвдэх гээд байсан...” гэж, “жижиг биетэй залуу нь “уучлаарай” гээд лангууны нөгөө талаас “гар барья” гээд гараа сунгахаар нь гараа өгсөн чинь миний гарыг татаж аваад шилэн хүзүүгээр дараад “би шоронд 15 жил байхдаа би банди болж үзээгүй шүү, чамайг ална шүү” гэтэл том нь архиа бариад “чамайг ална шүү” гээд над руу далайсан...” гэж мэдүүлсэн үйл баримтууд камерийн бичлэгт бичигдээгүй байдаг.

Шүүгдэгч нарыг цагаатгах талын нотлох баримт болох CD бичлэгийн бичлэгт дэлгүүрийн арын өрөөнөөс хохирогч И.Э- кармандаа гараа хийчихсэн гарч ирж байгаа хэсэг нээгдэхгүй болсны улмаас 2020.05.01-ний өдрийн анхан шатны шүүх хурал дээр шинжлэн судлуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагаатгах талын нотлох баримт устсан байсан. Гэхдээ уг эд мөрийн баримтаар хураагдсан СБ бичлэгийг шинжлэн судлуулж байсан нь 2019.01.19-ний өдрийн анхан шатны шүүх хурлын тэмдэглэл / XX-120-129, 125-р тал, 2019.06.19-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл /ХХ-147-151, 149-р тал/, 2020.01.20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл / ХХ-2013-220, 214-р 2.1, 217-р тал/-д тус тус тэмдэглэгдэж үлдсэн байх тул уг нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой гэж үзэж байна.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх “гэмт үйлдэл эхлэхдээ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэйгээр эхэлсэн ба гэмт үйлдэл нь төгсгөлдөө дээрэмдэж авснаар төгсжээ гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3.т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасныг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,3-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх, дүрсний бичлэгтэй харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах аргаар үнэлэх хуулийн шаардлагыг тус тус зөрчсөний улмаас анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн “миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй” / XX-14/, мөнгө өгсний дараа тэгж хэлсэн.... , шүүгдэгч нараас салахын түүс болоод мөнгө өгсөн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч нь шүүгдэгч нарын архидан согтуурч, салж өгөхгүй байгаа үйлдэл, “соёлгүй ах захаа хүндэлдэггүй, чамайг сургаж өгнө, би цагдаагийн ахмад байна” гэх мэт янз бүрийн үгээр айлгаж, архи хундаглуулж уусан танхайн шинжтэй үйлдлийн улмаас айж, залхаж мөнгө өгсөн нь тогтоогддог ба энэ талаар шүүгдэгч нар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Дээрх 20,000 төгрөгийг хохирогч өөрөө гаргаж өгсөн байх ба энэ талаар “40,000 төгрөг өгчих гэсэн, надад мөнгө байхгүй гэхэд шүүгдэгч нар сүүлдээ 20,000 төгрөг өг гэсэн учир би энэ хоёр хүнийг явуулахын тулд 20,000 төгрөг өгсөн боловч яваагүй. Сүүлд н.О- эгч орж ирээд энэ хоёр хүнийг хөөж явуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт, “тэгж байтал гаднаас дэлгүүрийн эзэн О- гэх эмэгтэй орж иртэл тэр 2 залуу дахин О- эгчээс архи нэхээд байхаар нь О- эгч хөөгөөд гаргасан” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлснээс үзэхэд 20,000 төгрөг өгсөн үйлдэлд дээрмийн гэмт хэргийн шинж байхгүй байна. Учир нь хохирогч болон шүүгдэгч нар мөнгөний хэмжээн дээр наймаалцан багасгаж, уг мөнгийг хохирогч өөрөө “явуулахьн түүс болоод” өгсөн боловч шүүгдэгч нар яваагүй, сүүлд дэлгүүрийн эзэнд хөөгдөж гарч байгаа үйл баримт нь дээрмийн гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын биеэ авч явж байгаа байдал, үг ярианаас хохирогч айсан, залхсан боловч тэдний зүгээс хүч хэрэглэн довтолсон буюу хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасньг үндэслэн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарьн үйлдлийг өөрчлөн зүйлчлэх, хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох дүрс бичлэг хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй, хохирогчийн өмнөх мэдүүлэг дараагийн мэдүүлгээсээ зөрүүтэй, ийм тохиолдолд л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасан шүүгдэгчид ашигтай байх заалтыг хэрэглэхгүй юм бол өөр ямар тохиолдолд хэрэглэх вэ?

Хохирльн хэмжээ өчүүхэн бага “20 000 төгрөг”-ийн хохиролтой хэрэг дээр хуулийг зөв хэрэглэхгүйн улмаас “ 10.000 төгрөг хулгайлсан ардын хүүхэд шоронд суудаг” гэх хэлц бий болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл муу үр дагавар энэ мэт хэргийн шийдвэрээс улбаатай байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ц-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдолдоо:

Миний бие одоог хүртэл үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Хор уршиг, учирсан хохирол тун бага тул бодолцож үзнэ үү. Яллах дүгнэлт, үйлдсэн хэрэг минь эргэлзээтэй, иймд үнэн зөвөөр зүйлчилж тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо:

Прокурор Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл гаргаснаас хойш хэрэг шийдэгдэхгүй олон шүүх хурал болсон. Энэ хугацаанд байн байн ажлаасаа чөлөө авч хэзээ хурал болох бол, яах бол, ял авбал яанаа, эхнэр минь төрөхөд эхнэрийнхээ хүүхдийнхээ хажууд байхгүй шоронд байвал яанаа, мөн банкны зээл хэн төлөх вэ, сайхан ажил амьдрах боломжууд минь үгүй болж байгаад үнэхээр их харамсаж гэмшиж байна. 20.000 төгрөгнөөс 2 жил 1 сар авч байгаадаа үнэхээр их харамсаж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А- тайлбартаа:

Маш их гэмшиж, харамсаж байна, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц- тайлбартаа:

4 нас болон 3 настай 2 хүүхэдтэй тул энэ байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос Б.А-, Б.Ц- нарыг бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “У-” нэртэй дэлгүүр дотор уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2300 төгрөгийн эд зүйл, бэлэн 20.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ц-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тэдэнд урд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч П.Батжаргал  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь  хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэмт үйлдлээ эхэлсэн ба бусдын эд хөрөнгийг дээрэмдсэнээр гэмт үйлдэл нь төгссөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч И.Э-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-13-14-р тал/, гэрч И.О-, Д.О- нарын мэдүүлэг /хх-23-24, 29-р тал/, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан хэдий ч тэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял хөнгөрүүлэн оногдуулж болохоор заасан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-ын ...ял хөнгөрүүлж өгнө үү... гэсэн гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүгдэгч Б.Ц- нарын...тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэснийг тус тус хүлээн авч, харин ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү ...гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг:   

           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Б.А-,  Б.Ц- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.А-од оногдуулсан 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч Б.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүгдэгч Б.Ц- нарын гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ