Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 152

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч И.И.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарт холбогдох эрүүгийн 1918000170104 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Ц-, 1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол Улсын иргэн, Б.А-, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Угалз” нэртэй дэлгүүр дотор уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан И.И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 300 төгрөгийн эд зүйл, бэлэн 20 000 төгрөг авсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б.Ц-гийн өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Б.А-ын гэр лүү нэг том савтай пиво авч орсон. Тэгээд авсан пивоо уучихаад байж байтал Б.А- 0.75 литрийн архи гаргаж ирэхээр нь тэр архийг нь талд нь ортол уусан. Тэгээд бид хоёр 16 цагийн үед Б.А-ын гэрээс гараад шууд Угалз дэлгүүр лүү орсон. Угалз дэлгүүрт таньдаг зүс мэддэг хүн байвал архи зээлж авах зорилготой орсон. Тэгээд орсон чинь танихгүй залуу байсан. Б.А- бид хоёр авч явж байсан тал шил архиа тэр дэлгүүрийн арын өрөө лүү шууд явж ороод уусан. Тэгээд бид хоёр тэр дэлгүүрийн арын өрөө рүү орох замдаа худалдагчаас нь жижиг ундааны аяга хоёр авахаар орсон. Тэгээд Б.А- тэр дэлгүүрээс гарахдаа худалдагчаас ах нь энэ байранд олон жил амьдарч байна дараа нь буцаагаад өгье гэж хэлээд 20 000 төгрөг авсан. Тухайн мөнгийг авахдаа Б.А- бид хоёр худалдагч залууг заналхийлж айлгаж сүрдүүлж авсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б.А-ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-нд 12 цагийн орчим манай гэрт Б.Ц- гэх манай найз ирээд бид хоёр хамт архи, пиво хувааж уусан. Б.Ц- бид хоёр манай гэрт 15 цаг хүртэл архи ууж сууж байгаад гадаа гараад байрны урд талын саравчинд 17 цаг хүртэл дахиад үргэлжлүүлээд гэрт ууж байсан архи пивоо уусан. Тэгээд бид хоёр ууж байсан аягаа унагаачихаад хоёулаа дэлгүүр лүү орж аяга авъя гэсэн. Тэгээд байрны тэнд байдаг Угалз нэртэй дэлгүүр лүү ороод дэлгүүрийн худалдагч залууд барьж явсан тал шил архиа өгөөд ахын дүү ахдаа нэг хийгээд өг гээд дэлгүүрийн арын өрөө рүү орсон. Худалдагч залуу бид хоёрт хандан ингэж болохгүй та хоёр ингээд гар гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр арын өрөөнөөс гараад үүдний хэсэгт очоод ахын дүү ахдаа архи хийгээд өг гэж хэлээд хоёр татсан. Тэр үед Б.Ц- тэр худалдагч залуугийн хүзүүнээс татаад юм хэлээд байсан. Тэгээд бид хоёр гарахдаа ахын дүү ахдаа 40 000 төгрөг өгчихөө гэсэн чинь ахаа би зүрх муутай би танд 20 000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20 000 төгрөг бас 2300 төгрөгийн ундаа, аяга авсан. Би тухайн үед тэр худалдагч залуугийн цээж хэсэг рүү нь цохисон. Тэгээд Б.Ц- бид хоёр Угалз дэлгүүрээс гараад Дархан сумын 04 дүгээр багийн Nice нэртэй бааранд орж пиво уусан гэх мэдүүлэг,

Хохирогч И.И.Э-ын өгсөн: Би эгч И.О-ын ажилладаг Дархан сумын 8 дугаар баг 14 дүгээр байранд байрлах Угалз дэлгүүрт 16 цагаас 17 цагийн хооронд худалдагчаар ажиллаж байхад 16 цаг 30 минутын орчим гаднаас махлаг том биетэй шар царайтай ноосон малгай өмссөн нэг залуу туранхай шөвгөр царайтай саравчтай малгай өмссөн залуутай хамт орж ирсэн. Тэгээд надаас нэг удаагийн 2 ширхэг цаасан аяга авчихаад махлаг том биетэй шар залуу нь надад хандаж намайг өмнө нь орж ирэхэд чи их ууртай харьцаад харьцааны соёлгүй байсан шүү гэхээр нь би ямар нэг зүйл хэлээгүй. Орж ирсэн саравчтай малгайтай намхан биетэй залуу нь өврөөсөө архи гаргаж ирээд лангуун дээр тавьхаар нь би тэр залууд хандаж та наад архиа аваад дэлгүүрээс гараарай энд архи зардаггүй бас ууж болохгүй гэж хэлэхэд том биетэй залуу нь миний урдаас би цагдаа байна намайг энэ хавийнхан андахгүй би 18-д ийм дэлгүүртэй би чамайг архи зардгийг чинь мэдэж байна гэтэл хажуунаас жижиг биетэй залуу нь дахин нэг аяга авна гэхээр нь би аяга өгтөл том биетэй нь надад хандаж би чамайг энд харж байгаагүй юм байна чи хаана байдаг юм хэзээ ирсэн бэ? гээд асуугаад байхаар нь би энд байдаг гэж хэлсэн. Тэгсэн чинь битгий худлаа яриад бай чамайг энэ хавиар байдгийг хараагүй би энэ хавьд байнга байдаг багаасаа энд өслөө гээд дэлгүүрийн ар талын амралтын өрөө рүү шууд зөвшөөрөлгүй яваад орчихсон. Тэгэхээр нь би энэ чинь байгууллага та эндээс гарчих гэтэл улам их уурлаад намайг татаад чи нааш ир энд 2-лаа ийм зүйл ярихгүй гээд амралтын өрөө рүү оруулах гээд байхаар нь би энд ажлаа хийж байна гэтэл надад чамайг энд ажилладагүйг би мэдэж байгаа гээд байхаар нь би гараа татаж аваад кассан дээрээ ирээд байж байтал гаднаас үйлчлүүлэгч орж ирэхээр нь би тухайн хүнд үйлчилж байсан чинь жижиг биетэй залуу нь хойд өрөө рүү гүйгээд орсон. Тэгэхээр нь би үйлчлүүлэгчидээ бараагаа өгчихөөд амралтын өрөө рүү ороход 2-лаа орон дээр суучихсан архиа хуваагаад уугаад байхаар нь та 2 одоо дэлгүүрээс гар гэтэл том биетэй залуу нь би цагдаа байна намайг дуудаад өг үсрээд л 24 цаг эрүүлжүүлэхэд хононо гэтэл жижиг нь хажуу талаас нь намайг Ц- гэдэг чи намайг таних уу? гээд байсан. Тэгэхээр нь би үгүй гэтэл том биетэй залуу нь за 2-лаа ярих яриа байна эрчүүдээрээ уугаад явж байна эхнэр мөнгө өгөхгүй байна бид 2 мөнгөгүй явж байна чи надад 40 000 төгрөг өг гээд айлган сүрдүүлээд байхаар нь тийм зүйл байхгүй энэ миний дэлгүүр биш би энд ажилладаг юм гэж хэлтэл тийм юм байхгүй чи зүгээр мөнгө өг гээд байхаар нь би гарах гэтэл жижиг нь амралтын өрөөний үүдэнд зогсчихоод гаргахгүй байсан чинь хойноос том биетэй залуу би чамд мэдрүүлээд өгье гээд миний гарыг татаж аваад шилэн хүзүүгээр дараад би шоронд 15 жил байхдаа банди болж үзээгүй шүү чамайг ална шүү гэтэл том нь архиа бариад чамайг ална шүү гээд над руу далайхаар нь та нар ямар сонин юм бэ, ингээд явчих гэхэд жижиг нь би энэ дэлгүүрийг хааж байгаад чамайг ална шүү эсвэл 40 000 юм уу 20 000 төгрөг өг гээд сүрдүүлээд байсан. Жижиг биетэй залуу нь ална шүү гээд лангуун дээр байсан зөөврийн компьютер эвдэх гээд байхаар нь би айсандаа 20 000 төгрөг өгсөн. Тэгж байтал гаднаас дэлгүүрийн эзэн Оюун гэх эмэгтэй орж иртэл тэр 2 залуу дахин Оюун эгчээс архи нэхээд байхаар нь О- эгч хөөгөөд гаргачихсан. Жижиг нь намайг амралтын өрөөнд байхад мөнгө өг хэрэв өгөхгүй бол би чамайг ална гээд хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа хүчтэй цохисон. Том биетэй залуу нь зүгээр үгээрээ маш ихээр айлган сүрдүүлж дарамталсан гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч И.И.О-ын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагаас 17 цагийн хооронд манай дүүг 2 залуу орж ирээд дээрэлхэж байгаад 20 000 төгрөг авсан байсан. Би дүү рүүгээ 16:20 цагт залгахад хүмүүс дээрэлхээд байна гэсэн. Би утсыг нь  чанга яригч дээр нь тавиулж байгаад ямар учиртай хүмүүс вэ гэхэд “Би цагдаагийн хошууч Б.А- байна. Та нар намайг барахгүй шүү гээд байсан. Намайг цагдаа дуудлаа шүү гэхэд одоо гарлаа гээд орилоод байсан. Ингээд би Угалз дэлгүүрийн эзэн Оюун гэх хүнтэй утсаар яриад манай дүүг хүмүүс дээрэлхээд байна гэж байна. Та нэг очооч гэхэд 16:40 цагт Оюун эгч над руу залгаад би ирчихлээ танай дүү бүр айчихсан байна одоо дэлгүүрийг чинь хаагаад гэр рүү чинь явуулчих уу гэхэд нь тэг тэг гэж хэлээд дүүгээ орж ирэхэд нь би буцаж дэлгүүр лүү явсан. Би дэлгүүр лүү явж байх замдаа цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

Гэрч Д.О- өгсөн: Тухайн өдөр намайг зах дээр явж байхад И.О- залгаад би дүүгээ дэлгүүрт үлдээгээд өөрөө хүүхдээ хөхүүлэх гээд гэрт байна. Та ойрхон байвал дэлгүүр лүү ороод өгөөч гэхэд нь за гэж хэлээд Угалз дэлгүүрт яваад очиход 2 залуу зогсож байсан. Бүдүүн залуу нь архи барьчихсан байсан. Би яагаад хүүхэд айлгаад байгаа юм. Одоо явцгаа цагдаа дуудлаа шүү гэхэд дууд дууд гээд байсан. Тэгээд одоо гар гэхэд гарлаа гээд нэлээн халамцуу 2 залуу гараад явсан. И.И.Э-аас юу болсон талаар асуухад намайг хойд өрөө рүү оруулаад гаргахгүй айлгаад байсан. Би арай гэж гарч ирлээ гээд нэлээн айчихсан байсан гэх мэдүүлэг /хх 29/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 15-30/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна тэдний гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг юм.

 

            Иймд шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б.Ц- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 69-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Б.Б.А- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 70, 84-85/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1918000170104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн 1918000170104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Ц-, Б.Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ