Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01185

 

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144/ШШ2020/00223 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00003 дугаар магадлалтай,

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У.Нд холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 4,366,246.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “БД” ХХК нь хариуцагч У.Нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 4,366,246.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144/ШШ2020/00223 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч У.Нэс даатгалын нөхөн төлбөрт 4,366,246.69 төгрөг гаргуулж “БД” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Нэс 84,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00003 дугаар магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144/ШШ2020/00223 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдол гаргахдаа Төрийн банкин дахь 100111000941 дугаартай харилцах дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,794 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэртэй, нэхэмжлэгч “БД” ХХК-ийн хариуцагч У.Нд холбогдуулан гаргасан 4,366,246.69 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч “БД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам би эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1.Хэргийн үйл баримтын хувьд: 2017.12.15-ны өдөр Цагаанхүүгийн Цэрэнцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Уртнасангийн Номин-Эрдэнэ нар “Капитрон банк” ХХК-аас тэтгэврийн зээлийн нөхцөлөөр 1,000,000 төгрөг, 2018.01.22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.10.26-ны өдөр 2,400,000 төгрөгийг тус тус зээлж авсан байдаг. “БД” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ” байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Гэтэл зээлдэгч Цагаанхүүгийн Цэрэнцэцэг нь 2019.08.22-ны өдөр өвчний улмаас нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч нас барсан гэх үндэслэлээр даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү “Капитрон банк” ХХК нь даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч “БД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн 616 тоот тушаалаар 4,727,741 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож “Капитрон банк” ХХК-д олгосон. Нөхөн төлбөрийг Капитрон банканд төлснөөс хойш үндсэн төлбөрөөс зээлдэгч нар 361,494.31 төгрөгийг төлсөн тул манай компанид 361,494.31 төгрөгийг буцаан шилжүүлсэн. “Капитрон банк” ХХК-тай байгуулсан “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу “БД” ХХК-д шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хүрээнд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч У.Номин-Эрдэнийг хариуцагчаар татаж, даатгалын нөхөн төлбөрт төлсөн 4,366,246.69 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг- шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 болон 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой. Анхан шатны шүүхээс гаргасан дүгнэлт болон шийдвэр үндэслэлтэй, мөн тодорхой байсан.

4.2.Өөрөөр хэлбэл: Нэгдүгээрт, “Капитрон банк” ХХК нь үндсэн зээлдэгч Цагаанхүүгийн Цэрэнцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Уртнасангийн Номин-Эрдэнэ нартай зээлийн гэрээ байгуулсан ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа,

Хоёрдугаарт, Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, тэтгэврийн зээлийн хүсэлт, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Уртнасангийн Номин-Эрдэнэ нь гарын үсэг зурсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл гарын үсэг зурсантай холбоотойгоор маргадаггүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийг хамтран үүрэг гүйцэтгэгч Уртнасангийн Номин-Эрдэнэ нь төлж байсан нь хэрэг: авагдсан нотлох баримтаар (2020.10.16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарын хамт хавсаргасан Зээлийн дансны хуулгаас харагдана) мөн адил тогтоогдож байгаа,

Гуравдугаарт, “БД” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын хооронд “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан ба тус гэрээний 4 дүгээг зүйлийн 4.5.1-т зааснаар зээлдэгч нь нас барсан тохиолдлыг даатгалын эрсдэлд тооцон даатгалын нөхцөлд хамруулахаар харилцан тохиролцсон ба зээлдэгч Цагаанхүүгийн Цэрэнцэцэг нь өвчний учир нас барснаар даатгалын тохиолдол бий болсон. Иймд “БД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу даатгалын тохиолдол үүссэн дээрх үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөрийг “Капитрон банк” ХХК-д шилжүүлсэн. Энэ нь мөн адил хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа,

Дөрөвдүгээрт, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэжээ. Үүний дагуу “Капитрон банк” ХХК-тай байгуулсан “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу “БД” ХХК-д шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус гэрээнүүд хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь заалтыг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл “БД” ХХК болон “Капитрон банк” ХХК нар нь хууль зөрчиж гэрээ байгуулаагүй. Энэ нь мөн адил хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

4.3.Дээр дурдсан дөрвөн үндэслэлийг тус бүрд нь анхан шатны шүүхээс нэг бүрчлэн шалгаж, хянан шийдвэрлэсэн байтал хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй болохоор анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаана гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалаас гарсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно, 42.3-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно, 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид шаардлагатай гэх нотлох баримтыг гаргаж өгөх, боломжгүй бол шүүхэд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргах, маргааны хүрээнд мэтгэлцэх бүрэн эрхтэй. Анхан шатны шүүхээс тус эрхийг зохигчдод бүрэн олгосон байдаг. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05- ны өдрийн 144/ШШ2020/00223 дугаар шийдвэр болон хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан байгаа.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч “БД” ХХК хариуцагч У.Нд холбогдуулан 4,366,246.69 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “Капитрон банк” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж тус банкнаас тэтгэвэр барьцаалж олгож буй зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгож ирсэн. Үндсэн зээлдэгч Ц.Цэрэнцэцэг 2018.08.08-ны өдөр нас барж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс банкны шаардлагаар 2018.10.15-ны өдөр зээлийн үлдэгдэл 4,366,246.69 төгрөгийг төлсөн, иймээс хамтран зээлдэгч У.Нэс уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч У.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Ц.Цэрэнцэцэг тэтгэврээ барьцаалж зээл авсан, хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгийг аваагүй, Ц.Цэрэнцэцэг нас барсан ч зээлийг хуваарийн дагуу хэвийн төлж байхад мэдэгдэлгүй “БД” ХХК нь “Капитрон банк” ХХК-д зээлийг бүхэлд нь төлснөөрөө тухайн зээлийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд хамрагдах боломжгүй болгож, У.Номин-Эрдэнийн эрх ашгийг хохироосон” гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

8.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг тодруулаагүйгээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

9.Хэргийн баримтаас үзвэл, Ц.Цэрэнцэцэг өөрийн тэтгэврийг барьцааж “Капитрон банк” ХХК-аас 3 удаа зээл авсан, уг зээлийн хамтран зээлдэгч гэж У.Н гэрээнд гарын үсэг зурсан, Ц.Цэрэнцэцэг 2019.08.08-ны өдөр нас барсан бөгөөд “Капитрон банк” ХХК нь даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 4,727,741 төгрөгийг “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу “БД” ХХК-аас шаардсаныг тус компани мөнгийг 2019.10.15-ны өдөр төлсөн, хожим нь У.Н 361,494.31 төгрөгийг зээлд төлсөн гэх үндэслэлээр энэхүү мөнгийг “Капитрон банк” ХХК-аас буцааж “БД” ХХК-д шилжүүлсэн, эдгээр үйл баримт тогтоогджээ.

10.Нэхэмжлэгч “БД” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, хоёр компанийн хооронд байгуулагдсан дээрх 2019.03.20-ны өдрийн “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”, мөн 2020.06.10-ны өдөр байгуулсан “эрх шилжүүлэх гэрээ”-г зааж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсгийг хууль зүйн үндэслэл болгосон байна.

11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан “хууль гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрх шилжүүлж болно” гэснийг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэснийг баримталж хууль зүйн дүгнэлт хийжээ.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй, түүнчлэн дараах байдлыг харгалзаагүй байна.

Үүнд, хэдийгээр нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2019.03.20-ны өдрийн “зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 4.5.1-д “зээлдэгч нас барсан” нь даатгалын эрсдэлд хамаарахыг заасан, энэ үйл явдал зээлийн барьцаа хөрөнгө болох тэтгэвэр олголт зогсох, улмаар зээлдүүлэгч “Капитрон банк” ХХК-д зээл төлөгдөх баталгаагүй болох эрсдэл үүсэх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй боловч зөвхөн нэг зээлдэгч нас барсан явдал нь даатгалын тохиолдлыг бий болгосон буюу зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх эсэхэд анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Хэргийн баримтад авагдсан зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны мэдээллээс үзэхэд зээлдэгч нар төлбөрийг сар бүр төлөх үүргийг хүлээсэн, Ц.Цэрэнцэцэг 2019.08.08-ны өдөр нас барсны дараа хариуцагч У.Н нь 2019.09.11-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 272, 867,7 төгрөг, 2019.10.15-ны өдөр 273,787.17 төгрөг, нийт 546,654.87 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

Ц.Цэрэнцэцэг, У.Н нарын зээлд төлбөр төлөгдсөн сүүлийн өдөр буюу 2019.10.15-ны мөн өдөр “БД” ХХК нь “Капитрон банк” ХХК-д зээлийн гэрээний гүйцэтгэлд даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр 4,727,741 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. (Хожим нь “Капитрон банк” ХХК-аас 361,494.31 төгрөгийг буцааж “БД” ХХК-д шилжүүлсэн)

Дээрхээс үзэхэд хамтран зээлдэгч У.Н зээл төлөх хуваарь зөрчсөн эсэх, даатгалын тохиолдол үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөр шаардах эрх “Капитрон банк” ХХК-д, нөхөн төлбөрийг төлөх үүрэг “БД” ХХК-д тус тус үүссэн эсэх, улмаар хариуцагчийг буруутай гэж үзэн, нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар “Капитрон банк” ХХК-д төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр өөрийн хохирлыг шаардах эрхтэй буюу хуулийн дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаар анхан шатны шүүх зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэв.

Зөвхөн “БД” ХХК нь “Капитрон банк” ХХК-д даатгалын нөхөн төлбөр төлсөн энэ үйл баримт нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

13.Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасны дагуу, улмаар уг шаардах эрхийг хоёр компанийн хооронд байгуулагдсан 2020.06.10-ны өдрийн “эрх шилжүүлэх гэрээ”-гээр мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардаж байгаа бол шаардах эрх үүсгэж буй зээлийн гэрээний үүргийн биелэлтэй холбоотой “Капитрон банк” ХХК-ийн эсрэг гаргах татгалзлыг хариуцагч У.Н нь “БД” ХХК-д гаргаж болох юм. Иймээс мөн хариуцагч зээлийн үүргээ зөрчсөн гэж үзэх эсэх, улмаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг тэглэх хуульд заасан боломжийг хязгаарлаж эрх ашиг хөндсөн гэх хариуцагчийн татгалзлын талаар шүүх дүгнэлт хийх нь зөв байжээ.

15.Иймд магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “БД” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам”-ийн 2021.01.27-ны өдөр төлсөн 84,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН