Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 203/МА2023/00020

 

 

“******* даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2023/000... дугаар шийдвэртэй,

“******* даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У.*******д хариуцагдах,

Даатгалын нөхөн төлбөрт 4366246.69 гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Анандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч У.******* нар "******* банк” ХХК-аас тэтгэврийн зээлийн нөхцөлөөр 1000000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5000000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2400000 төгрөгийг тус тус зээлж авсан.

Ц.******* нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч "Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн.

Ийнхүү ‘’******* банк” ХХК нь даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч "******* даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 616 дугаартай тушаалаар 4727741 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож "******* банк” ХХК-д олгосон.

Нөхөн төлбөрийг ******* банканд төлснөөс хойш үндсэн төлбөрөөс зээлдэгч  361494.31 төгрөгийг төлсөн тул манай компанид 361494.31 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 4366246.69 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох У.*******эс гаргуулж "******* Даатгал” ХХК-д олгож өгнө үү.

“******* даатгал” ХХК нь “******* банк” ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу даатгалын тохиолдол гэж юу вэ, ямар тохиолдолд ******* банканд ******* даатгал нь даатгалын нөхөн төлбөр гэж өгдөг вэ гэх харилцааг зохицуулсан байгаа.

Даатгалын тохиолдол зээлдэгч нас барсан тохиолдолд үүсэж байна. Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний 10.6 дахь хэсэгт даатгалын тохиолдол бий болонгуут даатгалын төлбөрийг “******* даатгал” ХХК-аас олгоно. Эргээд “******* даатгал” ХХК нь зээлдэгчээс шаардах эрхтэй болох юм.

Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээний 1.6.4-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж энэхүү зээлийн гэрээний үүрэг үүсэж байгаа банканд зээлдэгчийн адил хүлээлгэх үүрэг хүлээнэ. Мөн гэрээний 5.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ гэрээн дээр У.******* нь хуудас бүрд гарын үсэг зурж танилцсан байдаг.

Үндсэн зээлдэгч нас барснаар даатгалын тохиолдол үүснэ гэж үзэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад тодорхой хэмжээнд зөрчигдсөн байсан. Зээлийн гэрээ дуусгавар болсон гэж ярьж байна.

“******* даатгал” ХХК нь зээлдэгчийн өмнөөс тухайн үүргийг шилжүүлж аваад байгаа юм. Хамтран ажиллах гэрээ болон зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ эрсдэлийг хүлээж байгаа гэрээний хүрээнд даатгалын төлбөр болохоос биш зээлдэгч хүний өмнөөс мөнгийг нь төлөөд гэрээний харилцаа дуусгавар болчхож байгаа зүйл биш.

Иргэний хуулиас харахад 236 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүргийн харилцаа дуусгавар болно гэсэн. Тэгэхээр “******* даатгал” ХХК нь зээлдэгчийн өмнөөс мөнгө төлөөгүй даатгалын зээлийн гэрээний үүргийн хүрээнд зээлийн төлбөрийг төлж банкийг эрсдэлээс хамгаалж байгаа.

 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол гэрээг хязгаарлаж болно гэж заасан. Энэ гэрээ нь “******* банк” ХХК болон зээлдэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр эрх шилжих талаар хязгаарлаж болно.

Барьцаат төлбөрийн гэрээгээр эрх шилжих нөхцөл хязгаарлаагүй учраас зээлийн эрсдэлийн гэрээ байгуулаад хамтран ажиллаад явсан байгаа. Зээлийн өр төлбөр шилжүүлэх гэрээгээр зээлийн даатгалыг тохироод шилжүүлсэн үйлдэл байгаа. Зөрчигдсөн зүйл байхгүй.

Үндсэн зээл болон зээлийн хүү дээр үүссэн нэмэгдэл хүү шаардаагүй. Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэл нь 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуусах хугацаанд тэтгэвэр барьцаалах зээлийн үлдэгдэлтэй байгаа Монгол улсын иргэнд хамаарна гэж заасан байдаг. Энэ хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө даатгалын тохиолдол бий болоод ******* даатгалаас олгосон учраас зээл тэглэхэд хамрагдаж чадалгүй хариуцагч хохирлоо гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэнэ гэсэн агуулга байна. Түүнээс биш үүрэг гүйцэтгэхгүй байна үүргээ зогсооно гэсэн зүйл байхгүй.

Мөн зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 2.5 дугаар зүйлд даатгагчийн ажилтны шаардлагаар зээлдэгч нь “******* банк“ дахь өөрийн дансандаа зээлийн өр төлбөрөө байршуулсан бол даатгуулагч нь энэ гэрээний 2.2-т заасныг баримтлан даатгагчид оногдох төлбөрийг “******* даатгал” ХХК-ийн “******* банк”-ны дансанд шилжүүлнэ гэсэн нөхцөл тавигдсан.

Шаардах эрх шилжиж байгаа нөхцөлд хариуцагч үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх нь ач холбогдолтой болох, мөн хэн нь ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг талаар мэдэх ач холбогдолтой болохоос биш үүрэг гүйцэтгэлийг зогсоох эсвэл үүрэг гүйцэтгэхгүй байх гэсэн нөхцөл болохгүй.

“******* банк” мэдэгдээгүйн улмаас уг мөнгийг хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн тохиолдолд “******* банк” ХХК нь “******* даатгал” ХХК-д мөнгийг шилжүүлэх гэрээ байгаа. Шаардах эрх шилжүүлэх нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч буюу “******* даатгал” ХХК эсвэл “******* банк”-наас зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй биш юм.

Мэдэгдэхийн ач холбогдол нь үүрэг гүйцэтгэгч нь хэнд үүргээ гүйцэтгэж өгөх вэ гэдэгт ач холбогдолтой. Үүнийг зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 2.5 дахь хэсэгт зааж өгчихсөн.

Нэхэмжлэлд дурдсан даатгалын тохиолдол үүссэнээс хойш зээлдэгч талаас 661491 төгрөгийг “******* банк”-нд төлчихсөн байсан. “******* банк”-наас буцааж манайх руу шилжүүлсэн. Түүнээс биш үүрэг гүйцэтгүүлэгч “******* даатгал” ХХК “******* банк”-наас заавал хариуцагчид мэдэгдэнэ гэсэн хуулийн болон гэрээний шаардлага байхгүй гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Даатгалын тохиолдол бий болсон зүйл байхгүй. Үндсэн зээлдэгч Ц.******* нь нас барсан ч гэсэн зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан. У.******* нь 500000 гаруй төгрөг төлчихсөн байсан.

Гэтэл Ц.******* нас барсан гээд зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байхад даатгалын тохиолдол бий боллоо гээд ******* даатгалаас зээлийн төлбөр төлсөн. “******* даатгал” ХХК-аас нөхөн төлж байгаа нь үндэслэлгүй. Үндэслэлгүй нөхөн төлбөр төлчхөөд шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

“******* банк”-наас шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр нөхөн төлбөр нэхэмжилж байгаа гэж ярьдаг. Гэтэл “******* даатгал” ХХК-ийн зүгээс тухайн даатгалын тохиолдол үүслээ гэж үзэж “******* банк”-наас олгосон зээлийн төлбөрийг төлчихсөн байдаг.

“******* банк”-наас төлбөр хийгдсэнээр зээлийн гэрээ дуусгавар болсон гэж ойлгоод байгаа. Гэтэл ******* банкнаас өр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гээд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон байхад ямар өр төлбөр нэхэмжлэхээр “******* даатгал” ХХК-д “******* банк”-наас шаардах эрх шилжүүлсэн гэрээ нь ямар ч үндэслэлгүй.

Шаардах эрх шилжүүлэн авсан нь шинэ үүрэг гүйцэтгэгчээс хуучин үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх олгодог. Гэтэл ******* даатгалаас нөхөн төлбөр төлчихөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон байдаг. Гэтэл шаардах эрхийн гэрээ гэсэн зүйл барьж ирээд үүнийг үндэслээд “******* даатгал” ХХК-аас нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Тухайн зээлийн өр төлбөрийг шилжүүлэх гэдэг нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж заасан байдаг. 2019 оны 08 дугаар сард зээлдэгч нас бараад 10 дугаар сард ******* даатгалаас төлбөр төлөөд зээлийн гэрээ дуусгавар болсон.

Гэтэл 2020 оны 06 дугаар сард банкны өр төлбөр шилжүүлэх гэрээ гэсэн гэрээ байгуулж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг шилжүүлснээр өр төлбөр шилжүүлснээр хариуцагч У.Номин- Эрдэнийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа.

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөөд батлагдсан Төрөөс нэг удаагийн зээлийг төлөх хууль гарсан байдаг. Хэвийн төлөгдөж байсан зээлийг “******* даатгал” ХХК дундаас нь төлчхөөд тэр хуульд хамрагдах боломжгүй болгож хохироочхоод дараа нь төлбөрөө У.*******эс нэхэж байгаа нь хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

 Өр төлбөр шаардах эрх шилжүүлэх гэсэн гэрээ хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн тухайн гэрээний 1 дэх зүйлд эргэн төлөгдөөгүй цалингийн зээлийг зээлдэгчээр нэхэмжлэх эрхийг даатгалд шилжүүлэх гэж заасан. Үүнд цалингийн зээл авсан зүйл байхгүй тэтгэврийн зээл Ц.******* авсан.

У.******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон байгаа. Тийм учраас шаардах эрх шилжүүлэх гэсэн нь үндэслэлгүй байна. Банкнаас зээл авсныг хүлээн зөвшөөрч байгаа.

“******* даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээн дээр нас барсан бол даатгалын тохиолдол бий болно гэж заасан байдаг. Хоёулаа нас бараагүй нэг нь нас барсан учраас зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан учраас даатгалын тохиолдол бий болоогүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг үндэслээд нэхэмжлэл шаардаж байна гэж ярьдаг. Энэ хэсэгт буруутай эсэх нь тогтоогдож буруутай этгээдээс нэхэмжилнэ гэж заасан байдаг.

 У.Номин-Эрдэнийн хувьд энэ даатгалын тохиолдолд үндсэн зээлдэгч нас барахад У.******* ямар буруутай юм. Тогтоогдсон зүйл байхгүй учраас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байна гэж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах  2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасанчлан энэхүү гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байгаа. Гэтэл уг гэрээний 10.6 дахь заалтыг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах 1 жилийн хугацаанд байгуулсан гэрээний хугацаа дуусчихсан байхад дууссан гэрээний заалтыг үндэслэн өр зээлийг шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн өр төлбөр шаардах эрх шилжүүлэх гэрээний нийтлэг үндэслэлд цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрх шилжүүлж байна.

Даатгалын төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн байдаг. Даатгалын төлбөр шилжүүлснээр зээлдэгч Ц.******* “******* банк”-ны хооронд байгуулсан тэтгэврийн зээлийн харилцааны өр төлбөр дуусчихсан.

Тэгэхээр “******* банк”-нд зээлийн өр төлбөр дуусчихсан байхад эрх шилжүүлэх гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж тогтоогдож байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэрээ учраас хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ биш байна гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр даатгалын төлбөр шилжүүлсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээлдэгч нас барсан байдаг. Түүнээс хойш 9, 10 сард зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу У.******* төлж байсан байдаг. Гэтэл үндсэн зээлдэгч нас барсан гэж үзээд даатгалын тохиолдол бий боллоо гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Хамтран зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хэвийн төлөөд явж байхад хажуугаас нь өр төлбөр төлчихсөн. Уг төлж байгаа асуудал нь тухайн компанитай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлсэн асуудал байгаа. Үүнийг хамтран зээлдэгч У.*******эс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. У.*******эс нэхэмжилж байгаа нь хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж хөндөж байна.

Төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 15-нд төлсөн. Үүнээс хойш 12 сард Улсын их хурлаас тэтгэврийн зээлийг тэглэх хууль гарсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сард өр төлбөр шилжүүлэх гэрээ байгуулаад үүнийг үндэслээд 2020 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Шаардах эрхээс харахад даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхийг “******* банк” ХХК “******* даатгал” ХХК-д олгож байгаа гэж ойлгож байгаа. Даатгалын нөхөн төлбөрийг “******* банк” ХХК нэхэмжлэх эрхтэй юу гэдгийг анхаарч үзэх ёстой. “******* банк” ХХК даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх байхгүй. Мөн “******* даатгал” ХХК-д шилжүүлэх эрхгүй учраас “******* даатгал” ХХК-аас нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 242.2, 242.3 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* даатгал” ХХК-ийн гаргасан хариуцагч У.*******д холбогдох 4366246.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “........ дугаартай зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 4.5.1-д “нас барсан” нь даатгалын эрсдэлд хамаарахыг заасан боловч зөвхөн нэг зээлдэгч нас барсан нь даатгалын тохиолдлыг бий болгосон буюу зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Гэвч “******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан СОА/07-19/01 дугаартай “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 3.5-т цалингийн зээлийн даатгалын тохиолдол, 4.5-т тэтгэврийн зээлийн даатгалын тохиолдлыг тус тусад нь зохицуулсан.

Цалингийн зээлийн даатгалын тохиолдолд гэрээний 3.5.1-3.5.2-т заасны дагуу үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь нас барсан тохиолдол хамаарч байна. Өөрөөр хэлбэл хоёул нас барсан тохиолдолд даатгалын тохиолдол үүснэ.

Харин тэтгэврийн зээлийн даатгалын тохиолдолд гэрээний 4.5.1-т зөвхөн “нас барсан” гэх нөхцөлийг оруулсан бөгөөд бусад даатгалын тохиолдлууд нь зөвхөн үндсэн зээлдэгчийн тэтгэвэртэй холбогдсон нөхцөлүүд орсон юм. Өөрөөр хэлбэл, талууд үндсэн зээлдэгч нас барснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон юм.

Харин шүүхийн дүгнэсэн шиг зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөр даатгалын тохиолдол үүсэх тухай талууд тохироогүй, гэрээнд заагаагүй.

Даатгалын гэрээгээр “******* банк” ХХК нь өөрийн эрсдэлийг даатгуулах (эрсдэлүүдээ даатгалын тохиолдол гэж гэрээнд заасан), “******* даатгал” ХХК нь гэрээнд заасан эрсдэлээс даатгуулагчийг хамгаалж, даатгалын нөхөн төлбөр өгөхөөр хоорондоо тохиролцсон байдаг.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж тодорхойлсон.

Шүүхээс талуудын хүсэл зоригоос өөр нөхцөл буюу “гэрээний үүрэг зөрчигдсөн байх” гэх нэмэлт нөхцөл оруулж даатгалын тохиолдол үүсээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

“******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан СОА/07- 19/01 дугаартай ”3ээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-д заасан даатгалын тохиолдол үүсч, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөрт олгосон мөнгөө хэрхэн эргүүлж авах вэ гэдгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн өр төлбөрт нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ‘‘-р зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан гэрээ юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.3. 123.6 дахь хэсгүүдийг дурдсан ч тодорхой дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талаас шаардах эрх шилжүүлж буй гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж маргадаг.

Гэвч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, ******* банк болон зээлдэгч нар хоорондоо байгуулсан “Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ”-ээр шаардах эрх шилжүүлэхийг хязгаарлах байсан. Ийнхүү шаардах эрхийг хязгаарласан зүйл байхгүй.

Зээлдэгчийн хувьд “******* банк” ХХК-д гүйцэтгэдэг байсан үүргээ ”******* даатгал” ХХК-д гүйцэтгэхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй.

Мөн шүүхээс “Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт ..., гэж зааснаар даатгалын тохиолдол бий болоход хариуцагч У.Номин-Эрдэнийн буруутай үйлдэл тогтоогдоогүй байна” гэж үзсэн байдаг.

Гэвч Даатгалын тухай хуулийн дээрх зохицуулалт нь гэм хороос учирсан даатгалын тохиолдолд хэрэглэгддэг зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг даатгуулагчид гэм хор учруулсан буруутай этгээдээс шаардах боломжийг олгох зохицуулалт юм.

Харин гэм хороос бусад тохиолдолд шаардах эрхийг шилжүүлэх гэрээгээр даатгагчид шаардах эрхийг олгодог. Үүний дагуу “******* банк” ХХК нь У.*******эс шаардах эрхээ “******* даатгал” ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 123 дугаар зүйл, “******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан ...... дугаартай “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан "Зээлийн өр төлбөрт нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ”-нүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

“******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан ........ дугаартай "Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-д заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тул “Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний дагуу *******даатгал ХХК нь У.*******эс зээлийг шаардах эрхтэй болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч У.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 272867.7 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 273787.17 төгрөг нийт 546654,87 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна ” гэсэн байдаг.

Гэвч шүүхээс үндсэн зээлдэгч нас барахаас өмнө төлөлт болон нас барсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлдэгч зээлийн төлөлтийг хэрхэн хийсэн талаар анхаараагүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн төлөлтөд дүгнэлт хийж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй байна гэж дүгнэх нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 144/ШШ2023/000... дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу “******* даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй У.*******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Анандын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “******* даатгал” ХХК нь хариуцагч У.*******д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4366246.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У.******* нь үндсэн зээлдэгч Ц.******* нас барсан ч зээлийг хамтран зээлдэгчийн хувьд хуваарийн дагуу хэвийн төлж байхад мэдэгдэлгүй “******* даатгал” ХХК нь “******* банк” ХХК-д зээлийг бүхэлд нь төлснөөр тухайн зээлийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд хамрагдах боломжгүй болгож, У.Номин-Эрдэнийн эрх ашгийг хохироосон, “******* даатгал” ХХК нь зээлийг нэхэмжлэх эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 242.2, 242.3 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай” давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Зээлдэгч Ц.******* нь “******* банк” ХХК-наас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1000000 төгрөг,  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5000000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2400000 төгрөгийн зээлийг авахад У.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж зээл авсан, зээлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан болох нь тэтгэврийн зээлийн хүсэлт, Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ /хх 14-27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 2.4-т “Зээлдэгч” гэж банктай зээлийн гэрээ байгуулж цалин болон тэтгэврийн зээл авсан иргэнийг гэж, мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээний “1.6.4-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч-энэхүү гэрээний дагуу үүсч буй үүргийн гүйцэтгэлийг банкинд хүлээлгэн өгөх үүрэг бүхий, Иргэний хуулийн 242.1-т тодорхойлсон хамтран үүрэг гүйцэтгэгч иргэнийг”, “5.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж /5.2.4-өөс бусад/ үүргийг хүлээнэ.“ гэж тус тус зааснаас үзэхэд адил үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлж, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгч нас барсан гэж зээлийн гэрээний 5.3 дахь заалтыг бүхэлд нь үгүйсгэж даатгалын тохиолдол бий болсон гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэгэнт зээлдэгчийн адил эрх, үүрэгтэй гэрээний нэг тал болох хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлж байхад эрсдэл үүссэн гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан эсэх нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай.

Нэхэмжлэгч тал нь эрсдэл үүссэн, энэ эрсдэлийг банкинд төлж, шаардах эрхээ шилжүүлж авсан учир У.*******эс зээлийн гэрээний үүрэгт 4366246.69 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар буюу зээл төлөгдөхгүй болсон, эрсдэл бодьтой үүссэн гэж үзэх боломжгүй. У.******* зээлийг төлж байсан талаарх баримт хэрэгт авагдсан.

Харин гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх нь гэрээний талуудын хоорондох харилцаагаар зохицуулагддаг. Энэ асуудал “******* даатгал” ХХК-д хамааралгүй байна.

Анхан шатны шүүхийн “******* банк” ХХК болон “******* даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 4.5.1-д “нас барсан” нь даатгалын эрсдэлд хамаарахыг заасан боловч зөвхөн нэг зээлдэгч нас барсан нь даатгалын тохиолдлыг бий болгосон буюу зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.”, “Хариуцагч буюу хамтран зээлдэгч У.******* нь хуваарийн дагуу cap бүр зээлийн төлбөрийг зээлдэгч “******* банк” ХХК-д төлж байсан тул барьцаат тэтгэврийн зээлийн гэрээг зөрчөөгүй, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.”, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг төлөх хуульд заасан боломжийг нь хязгаарлаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2023/000..... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Анандын гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Анандын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                       Л.НЯМДОРЖ

                                                                                      Г.ТЭГШСУУРЬ