Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01363/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух ... овогт О.Э /РД:...., утас: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Д.О /РД:...., утас: ..../,

“6,350,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Д.О-тай харилцан ярилцаж байгаад түүний гуйснаар 2019 оны 11-р сарын 24-нд 10,500,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Д.О нь зээлсэн мөнгөний хүүгээ эхний саруудад өгч яваад нийт 4,150,000 төгрөг өгсөн. Сүүлдээ мөнгө байхгүй байна. Удахгүй өгнө, цалин буухаар өгнө гэж худал хэлээд, ядаж хүүгээ өгөөчээ хүнээс зээлж авч өгсөн мөнгөнийхээ хүүг яваж цаад хүндээ өгмөөр байх юм гэж би удаа дараа хэлж байсан, зарим үед би өөрөө хүүг нь өмнөөс нь төлж байсан. Д.О сүүлдээ “хүүгээ үндсэн зээл дээрээ нэмээд тооцчихоо би төлнө” гэж хэлж намайг хуурч явсаар өнөөг хүрлээ. Түүний хэрэглэсэн мөнгөний хүүг би өөрөөсөө 2-3 удаа мөнгөний эзэнд төлж хохирч ирсэн байхад огт санаа зовохгүй, хэнэгч үгүй байгаад байсан ба хэрэгцээтэй үедээ гуйж хүнээс мөнгө зээлүүлж авчихаад жил шахам хугацаанд санаа зовсон юмгүй яваад байгаад нь би түүнд маш их гомдож байна. Би одоо түүнээс хүү энэ тэр гэхээ болъё үндсэн зээлээсээ өгсөн мөнгийг нь хасаад нийт 6,350,000 төгрөг гаргуулж авна гэж нэхэмжилж байна. Энэ мөнгийг аваад цааш нь мөнгө зээлсэн хүндээ өгөх юм. Иймд Д.О-аас 6,350,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Д.О-аас зээл буюу зээлийн хүүд 6.350.000 төгрөг гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралд хэлсэн тайлбартай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөд 6.350.000 төгрөг гаргуулах үнийн дүн хэвээрээ явж байгаа. Ямар учиртай вэ гэхлээр Д.О-тай анх ярилцаж тохиролцоод 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдүүлэхдээ зээлийн гэрээ бичгээр хийгээгүй ч амаар ярилцаад 1.500.000 төгрөгийг Д.О-ы хаан банкны эзэмших дансанд хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.335.000 төгрөг нийт 11.535.000 төгрөгийг Д.О-ы дансанд хийсэн байдаг. Эдгээр мөнгийг зээлэхдээ бүгдийн 10 хувийн хүүтэй гэж анх тохиролцсон. Буцааж авсан мөнгөө тооцоод үзэхэд 6.655.999 төгрөгийг буцааж авсан. Үндсэн зээлээс 4.879.000 төгрөг дутуу байна гэж үзсэн. Нийт нэхэмжилж байгаа 6.350.000 төгрөгийг 4.879.000 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл гэж тооцоод 1.471.000 төгрөгийг хүүд тооцож авч байгаа. Ямар учраас хүүд тооцож байгаа гэхлээр анх ярихдаа 10 хувийн хүүтэй гэж тохирсон байдаг. Гэтэл тохиролцоог албан ёсны бичгээр хийгээгүй хүү авах эрхээ алдан гэдэг утгаар 10 хувийг авахаа байг гэж бодоход Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк болон Монгол банкны хадгаламжийн хүүтэй уялдуулаад 1.471.000 төгрөгийг хүүд тооцож авъя гээд Д.О-д холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “... Өмгөөлөгч зээлийн хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан хохирол гэж үзэн нэхэмжилж байгаа талаар тайлбарлалаа. Хохирол хүү хоёр нь өөр хоорондоо ялгаатай зүйл. Хэрэв хүү нэхэмжилж байгаа тул зээлийн бичгээр байгуулсан гэрээний дагуу шаардана. Хохирол гэж байгаа бол хохирол учирсан талаар баримт байх ёстой. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэрнээ банкны хүүгийн аргачлалаар хүү тооцох нь буруу юм. Өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн 4.5 сая төгрөг өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны 1.5 сая төгрөг, 5 дугаар сарын 20-ны 1 сая төгрөг, 6 дугаар сарын 20-ны 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4.335.000 төгрөг нь нийт 7.035.000 төгрөгийн гүйлгээг манай үйлчлүүлэгч авсан. Үүн дээр гэрчийн гэрчилсэн 2 сая төгрөгийг авсан гэж үзэхээр нийт 9.035.000 төгрөгийн зээлийг хариуцагч авсан нь тогтоогдож байна. Өмнө нь зээлийн хүү тооцсон асуудал яригддаг. Хариуцагчийн хариу тайлбарт 10 сая төгрөгийн 10 хувийн хүүтэй гэх утгатай гүйлгээг зээл олгож байгаа нь бичсэн тул 11 дүгээр сарын 24-ний өдрийн тооцооллоор талуудын хооронд 10 сая төгрөгийн тооцоо байна гэдгийг илэрхийлж байна. Үүнийг дансаар тогтоогдсон 7.035.000 төгрөг, гэрчийн гэрчилсэн 2 сая төгрөг нотолж байна. 2019 оны 03 дугаар сарын 23-ны 100.000 төгрөгийн авсан өгсөн талаар үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Тэгэхээр нь өмнө нь авсан мөнгөнөөс сүүлд өгсөн мөнгийг суутгах нь зүйтэй. Тиймээс дээрх мөнгөнөөс 100.000 төгрөгийг хасах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч 10 сая төгрөг зээлсэн ба үүнээс 7.405.999 төгрөг төлөгдсөн гэж үзэж 2.594.001 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:

“... Д овогтой О миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ... хороолол, .... байрны ... тоот байранд амьдардаг. Миний бие О.Э-аас цувуулан 10,000,000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 7,450,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлөх нь үнэн болно. Д.О миний бие өөрийн нэр дээрх хаан банкны /...., .../ тоот данснаас шилжүүлсэн.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Хариуцагчийн өмгөөлөгч: Миний тооцоолсноор 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөг орсон байсныг буцаалт хийж андуурагдсан гүйлгээ гэж үзэн тооцоонд оруулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны  11 дүгээр сарын 14-ний 450.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 100.000 төгрөг миний тооцоонд ороогүй тул энэ талаар яригдахгүй байх. Миний гаргаснаар хариуцагч нарын данснуудад хийгдсэн орлого зарлагад тооцоо хийсэн. Миний гаргасан тооцооллоор 10 сая төгрөг авсан гэж үзэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1.000.000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны 200.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4.335.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  7 дугаар сарын 09-ний өдрийн 4.500.000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 11.535.000 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагч 10 сая төгрөг зээлсэн гэж тайлбараа өгсөн тул хариуцагчийг 10 сая төгрөг зээлсэн гэх байрь суурьтай шүүх хуралд оролцож байна. 2019 оны 3 сарын 23-ны өдрөөс 2020 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл нийт 23 гүйлгээгээр буцааж олгосон гүйлгээ нь 7.405.999 төгрөг байгаа тул 10 сая төгрөгөөс 7.405.999 төгрөг төлөгдсөн гэж үзэж 2.594.001 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Өнөөдрийн байдлаар тэмдэглэгдээгүй гүйлгээ байсан тул өмнөх хурал дээр төлсөн дүн 6 сая гэж гарсан байсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гэхдээ уг гэрээгээр зээлийн хүүг тохирсон гэж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд хэрэв зээлийн гэрээг хүүтэй байгуулж байгаа бол бичгээр байгуулах талаар заасан. Талууд тухайн үедээ хүү гэж ойлголцож байсан боловч хуулийн шаардлага хангасан бичгээр байгуулсан гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхээ алдаж байгаа тул нэхэмжлэгч талаас хариуцагч талд өгсөн мөнгөнөөс хариуцагчийн буцаан төлсөн мөнгийг хасаж үлдсэн мөнгийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Тэгэхээр хүүг тодорхойлохдоо Монгол банкны тооцооллоор тооцож 1.400.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 11.535.000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн дансаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө шилжүүлэхдээ 4.335.000 төгрөгийг шилжүүлсэн утга дээр “Э-аас нийт 10 сая 10 хувийн хүүтэй” гэсэн байгаа. Тэгэхээр энэнээс өмнө тооцоо нь 10 сая төгрөг болсон гэдгийг уг гүйлгээний утгаас харж болно. Тэгэхээр нэхэмжлэлээ 11.535.000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Д.О-д холбогдуулан  “6,350,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 11 535 000 төгрөг зээлдүүлснээс хүүнд гэж өгсөн 6 655 999 төгрөгийг хасаж, үндсэн зээлэнд 4 879 000 төгрөг, 1 жил 8 сар мөнгөө хэрэглүүлснийхээ хүүнд Монгол банкны 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээр дүйцүүлэн 1 471 000 төгрөгийг хүүд тооцон гаргуулна гэжээ.

 

Харицагч, хариуцагчийн өмгөөлөгч ... 10 000 000 төгрөг авсан, төлсөн мөнгөө хасаад үлдэгдэлийг төлнө, хүү тооцсон гэрээг бичгээр хийгээгүй тул өгөх үндэслэлгүй .. гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, нотлох баримтаар нэхэмжлэгч  О.Э хариуцагч Д.О-д 11 535 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Д.О 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 7 405 999 төгрөг шилжүүлсэн байна. /хэргийн 5-21, 31-57, 61, 72-73 дугаар хуудас /

Хариуцагч Д.О 2019 оны 07 дугаар сарын 20-ноос нэхэмжлэгч О.Э руу тодорхой хугацаанд давтамжтайгаар мөнгө шиллжүүлж байсан нь талуудыг зээлийн гэрээг амаар тохиролцсоны дагуу хүү гэж шилжүүлж байсан байхаар боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т  зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдах учиртай.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д ... мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс нийт хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг өөрт учирсан хохиролд тооцож шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор 1 471 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Харин хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөг шилжүүлсэн хугацаанаас мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх байсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 120 хоногийн хүү шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Э-ийн шилжүүлсэн 11 535 000 төгрөгөөс буцаан төлсөн 7 305 999 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 4 229 001 төгрөгт тохирох хүүг Монгол банкны хугацаагүй хадгаламжийн 5,6 хүүгээр тооцон  /4 229 001 х 5,6 хувь : 365 хоног х 120 хоног/ 74 860 төгрөгийг тус тус хариуцагч Д.О-аас гаргуулан нэхэмжлэгч         О.Э-д олгож 2,046,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 116,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 83,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1 -д зааснаар хариуцагч  Д.О-аас 4 229 001 төгрөг, тохирох хүү 74 860 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, 2,046,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 83,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ