Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 28

 

О.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01363/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-д холбогдох

“6.350.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Д.О-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.О-тай харилцан ярилцаж байгаад түүний гуйснаар 2019 оны 11 дүгээр сарын 24-нд 10.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Д.О- нь зээлсэн мөнгөний хүүгээ эхний саруудад өгсөн нь нийт 4.150.000 төгрөг болсон. Сүүлдээ мөнгө байхгүй, удахгүй өгнө гэж худал хэлээд, ядаж хүүгээ өгөөч хүнээс зээлж авч өгсөн мөнгөнийхөө хүүг өгмөөр байна гэж удаа дараа хэлж нэхэж сүүлдээ хүүгээ үндсэн зээл дээрээ нэмээд тооцчихоо би төлнө гэж хэлж намайг хуурч явсаар өнөөг хүрсэн бөгөөд би өөрөө 2-3 удаа өмнөөс нь хүү төлсөн.

Д.О- нь хэрэгцээтэй үедээ гуйж хүнээс мөнгө зээлүүлж авчхаад жил шахам хугацаанд санаа зовсон юмгүй яваад байгаад нь би түүнд маш их гомдож байна.

Хүү тооцож авахгүй, үндсэн зээлээсээ өгсөн мөнгийг нь хасаад нийт 6.350.000 төгрөг гаргуулж авна. Иймд Д.О-аас 6.350.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Э- нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Д.О- нь надтай ярилцаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж авч байсан гэсэн ойлголтыг төрүүлэн увуулж, цувуулж 11.535.000 төгрөг авсан. Зээлсэн мөнгөний хүү өгч байна гээд нэг жил гаруйн хугацаанд нийт 6.655.999 төгрөг буцааж өгсөн.

Хэрэгцээ шаардлагатай үедээ тэтгэврийн зээл хүртэл авхуулж хэрэглэчхээд тохирсон хүүгээ өгөхгүй гэж байгаа бол Монгол банкны нийтэд зарласан хугацаатай, хугацаагүй хадгаламжийн жилийн 10 хувийн хүүгээр тооцож хүү авна.

Нийт зээлдүүлсэн 11.535.000 төгрөгөөс буцаан авсан 6.655.999 төгрөгийг хасаад үндсэн зээлдээ 4.879.000 төгрөг, 1 жил 8 сар мөнгө хэрэглүүлсний хүүд Монгол банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр нийцүүлэн хүүд 1.471.000 төгрөгийг  төгрөгийг тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.879.000 төгрөг, хүү 1.471.000 төгрөг, нийт 6.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О-аас зээл буюу зээлийн хүүд 6.350.000 төгрөг гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралд хэлсэн тайлбартай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөд 6.350.000 төгрөг гаргуулах үнийн дүн хэвээрээ байгаа. Ямар учиртай вэ гэхээр Д.О-тай анх ярилцаж тохиролцоод 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдүүлэхдээ зээлийн гэрээ бичгээр хийгээгүй ч амаар ярилцаад 1.500.000 төгрөгийг Д.О-ы Хаан банкны эзэмших дансанд хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.335.000 төгрөг нийт 11.535.000 төгрөгийг Д.О-ы дансанд хийсэн байдаг. Эдгээр мөнгийг зээлэхдээ 10 хувийн хүүтэй гэж анх тохиролцсон. Буцааж авсан мөнгөө тооцоод үзэхэд 6.655.999 төгрөгийг буцааж авсан. Үндсэн зээлээс 4.879.000 төгрөг дутуу байна гэж үзсэн. Нийт нэхэмжилж байгаа 6.350.000 төгрөгийг 4.879.000 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл гэж тооцоод 1.471.000 төгрөгийг хүүд тооцож авч байгаа. Ямар учраас хүүд тооцож байгаа гэхлээр анх ярихдаа 10 хувийн хүүтэй гэж тохирсон байдаг. Гэтэл тохиролцоог албан ёсны бичгээр хийгээгүй хүү авах эрхээ алдана гэдэг утгаар 10 хувийг авахаа байг гэж бодоход Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк болон Монгол банкны хадгаламжийн хүүтэй уялдуулаад 1.471.000 төгрөгийг хүүд тооцож авъя гэж Д.О-д холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа 11.535.000 төгрөг гэж тодорхойлсон, үүнийгээ дэмжиж байна. Нотлох баримт шинжлэн судлахад тооцоолол дээр алдаа гаргасан байх боломжтой байна. 100.000 төгрөгийн тухайд нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнө байгаа учраас оруулан тооцохгүй гэж үзэж байна. Хүүгийн төлбөрийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т заасныг үндэслэн хүү төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа:

Дорлиг овогтой О- миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 хороолол, 45а байрны 36 тоот байранд амьдардаг. Миний бие О-ын Э-гаас цувуулан 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 7.450.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөх нь үнэн болно. Д.О- миний бие өөрийн нэр дээрх хаан банкны /5108020258, 5055157452/ тоот данснаас шилжүүлсэн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан хохирол гэж үзэн нэхэмжилж байгаа талаар тайлбарлалаа. Хохирол хүү хоёр нь өөр хоорондоо ялгаатай зүйл. Хэрэв хүү нэхэмжилж байгаа бол зээлийг бичгээр байгуулсан гэрээний дагуу шаардана. Хохирол гэж байгаа бол хохирол учирсан талаар баримт байх ёстой. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй атлаа банкны хүүгийн аргачлалаар хүү тооцох нь буруу юм. Өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна.

Нэхэмжлэгчийн 4.500.000 төгрөг өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны 1.500.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны 1.000.000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4.335.000 төгрөг нь нийт 7.035.000 төгрөгийг манай үйлчлүүлэгч авсан. Үүн дээр гэрчийн гэрчилсэн 2.000.000 сая төгрөгийг авсан гэж үзэхээр нийт 9.035.000 төгрөгийн зээлийг хариуцагч авсан нь тогтоогдож байна. Өмнө нь зээлийн хүү тооцсон асуудал яригддаг. Хариуцагчийн хариу тайлбарт 10.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй гэх утгатай гүйлгээг зээл олгож байгаа нь бичсэн тул 11 дүгээр сарын 24-ний өдрийн тооцооллоор талуудын хооронд 10.000.000 төгрөгийн тооцоо байна гэдгийг илэрхийлж байна.

Үүнийг дансаар тогтоогдсон 7.035.000 төгрөг, гэрчийн гэрчилсэн 2.000.000 сая төгрөг нотолж байна. 2019 оны 03 дугаар сарын 23-ны 100.000 төгрөгийг авсан өгсөн талаар үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Тэгэхээр нь өмнө нь авсан мөнгөнөөс сүүлд өгсөн мөнгийг суутгах нь зүйтэй. Тиймээс дээрх мөнгөнөөс 100.000 төгрөгийг хасах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч 10 сая төгрөг зээлсэн ба үүнээс 7.405.999 төгрөг төлөгдсөн гэж үзэж 2.594.001 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний тооцоолсноор 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөг орсон байсныг буцаалт хийж андуурагдсан гүйлгээ гэж үзэн тооцоонд оруулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 450.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100.000 төгрөг миний тооцоонд ороогүй тул энэ талаар яригдахгүй байх. Миний гаргаснаар хариуцагч нарын данснуудад хийгдсэн орлого зарлагад тооцоо хийсэн. Миний гаргасан тооцооллоор 10.000.000 төгрөг авсан гэж үзэж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1.000.000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны 200.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4.335.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

07 дугаар сарын 09-ний өдрийн 4.500.000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 11.535.000 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагч 10.000.000 төгрөг зээлсэн гэж тайлбараа өгсөн тул уг байр сууринаас шүүх хуралд оролцож байна. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 23 гүйлгээгээр буцааж олгосон гүйлгээ нь 7.405.999 төгрөг байгаа тул 10.000.000 төгрөгөөс 7.405.999 төгрөг төлөгдсөн гэж үзэж 2.594.001 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Өнөөдрийн байдлаар тэмдэглэгдээгүй гүйлгээ байсан тул өмнөх хурал дээр төлсөн дүн 6.000.000 гэж гарсан байсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гэхдээ уг гэрээгээр зээлийн хүүг тохирсон гэж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд хэрэв зээлийн гэрээг хүүтэй байгуулж байгаа бол бичгээр байгуулах талаар заасан. Талууд тухайн үедээ хүү гэж ойлголцож байсан боловч хуулийн шаардлага хангасан бичгээр байгуулсан гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхээ алдсан.

Нэхэмжлэгч талаас хариуцагч талд өгсөн мөнгөнөөс хариуцагчийн буцаан төлсөн мөнгийг хасаж үлдсэн мөнгийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хүүг тодорхойлохдоо Монгол банкны тооцооллоор тооцож 1.400.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 11.535.000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн дансаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө шилжүүлэхдээ 4.335.000 төгрөгийг шилжүүлсэн утга дээр Э-гаас нийт 10.000.000 сая 10 хувийн хүүтэй гэсэн байгаа. Өмнө тооцоо нь 10.000.000 төгрөг болсон гэдгийг уг гүйлгээний утгаас харж болно. Нэхэмжлэлээ 11.535.000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.О-аас 4.229.001 төгрөг, тохирох хүү 74.860 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, 2.046.139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 83.812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.О-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй байна.

Нэг: Нэхэмжлэгч О.Э- хариуцагч Д.О-д 11.535.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Д.О- 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 7.405.999 төгрөг шилжүүлсэн байна” гэж дүгнээд тус дүгнэлтээ /хэргийн 5-21, 31-57, 61, 71-73 дугаар хуудас/ дахь баримтуудаар нотлогдоно хэмээжээ.

Дээрх заасан нотлох баримтууд нь нэхэмжлэгч болон хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж байсан өөр өөрсдийн дансны хуулганууд байгаа бөгөөд тэдгээр нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн 7.035.000 төгрөг

Задаргаа: /2019 оны 04 дүгээр сарын 20-ны 1.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны 1.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны 200.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ны 4.335.000 төгрөг/ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид буцаан төлсөн 7.405.999 төгрөг

Тайлбар: /Д.О-ы данснаас О.Э-гийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 23-аас 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 23 удаагийн гүйлгээ хийгдэж 7.405.999 төгрөг буцаан төлөгдсөн байдаг/ мөн хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дансны хуулга зэргээр нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийн зээл авсан, хүү төлөхөөр бичгээр гэрээ байгуулаагүй тул буцаан төлсөн 7.405.999 төгрөгөө хасаж 2.594.001 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тухай байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүх дээрх баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдал хариуцагчийн байр суурийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ямар ч баримтаар нотлогдоогүй дүн болох 11.535.000 төгрөгийг Д.О-д зээлсэн нь тогтоогдож байна гэж илт үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн байна.

Үүний зэрэгцээ дээрх нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.535.000 төгрөг гэх дүнг үгүйсгэж буй хэрэгт цугларсан дараах баримтыг хэрхэн үнэлсэн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлээгүй бол яагаад үнэлээгүй тухайгаа дурдаагүй байна. Үүнд:

1. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх О.Э-гийн Хаан банкны 5059081690 дугаартай дансны хуулгаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.О-ы Хаан банкны 5108020258 дугаар данс руу 4.335.000 төгрөгийг О.Э-гаас нийт 10 сая сарын 10 хувийн хүүтэй гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн баримтын талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Харин хариуцагч тал дээрх баримтыг ишилж нийтдээ нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 10.000.000 төгрөг зээлж авсан. Тус хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг нэмж зээлж аваагүй гэж мэтгэлцдэг. Дээрх баримтаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь нотлогдож байна.

2. Хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр асуусан гэрч Г.Х-ын мэдүүлэг авагдсан байна. Тус гэрчийг нэхэмжлэгч тал хариуцагчид хэдэн төгрөг зээлсэн тухай ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчлэх гэрч гэж асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл гэрчийн мэдүүлгээр Д.О- нь О.Э-гаас 2.000.000 төгрөгийг бэлнээр авч байсан тухай гэрчилдэг боловч хэдийд тус үйл явдал болсон тухай тодорхойгүй байдаг. Гэрчийн дээрх мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн болох нь ойлгомжгүй. Мөн хариуцагч тал шүүх хуралдаанд оролцохдоо гэрчийн мэдүүлгийг иш татаж нэхэмжлэгчээс дансаар авсан 7.035.000 төгрөг, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан 2.000.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагын нотлогдож буй хэмжээнд гэж үзвэл 9.035.000 төгрөг л нотлогдож байна гэж үзэж болохоор байгаа тухай тайлбарлаж мэтгэлцсэн байдаг.

Хариуцагчийн татгалзлыг нотлох дээр нотлох баримтуудыг шүүх эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хэрхэн үнэлсэн эсвэл яагаад үнэлээгүй тухай дурдаагүй нь анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Хоёр: Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан тухай:

Төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс нийт хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг өөрт учирсан хохиролд тооцож шаардах эрхтэй”  гэж хохирол буюу хүүд тооцож 74.860 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн байна. Хуулийн дээрх заалтад дурдагдсан мөнгөн төлбөр гэдэг нь үүргийн аль төрөлд хамаарагдах талаар шүүх анхаарах учиртай байсан. Харин нэхэмжлэгч О.Э- болон хариуцагч Д.О- нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байгаа нь маргаангүй тодорхой байгаа бөгөөд энэ төрлийн зээлийн эрх зүйн харилцаанд хүү тооцох тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан гэрээг байгуулсан байхыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Зээлийн гэрээний хуулийн зохицуулалтад зааж өгсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн ерөнхий ангийн заалтыг ишилж хэрэглэх нь хууль хэрэглээний алдаа юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн эрх зүйн харилцаанд нарийвчилсан зохицуулалтад тооцогдох бөгөөд хүү авах эрхээ алдах тодорхой зохицуулалт байсаар байхад тус заалтыг хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн заалтын үлдэгдэл төлбөр 2.594.001 төгрөгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн 1.709.860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Э- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Э- миний бие нь хариуцагч талын тус шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн зөв зүйтэй үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Д.О- нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж өгөхдөө 10.000.000 төгрөг надаас авсан гэж зөвшөөрөөд тайлбартаа надад өгсөн гэх мөнгөний жагсаалтыг хавсаргаж надад 7.550.000 өгсөн гэсэн байсан.

Би түүний шүүхэд өгсөн жагсаалт болон дансны хуулгыг өөрийн дансны хуулгатайгаа тулгаж нийлж бодож үзэхэд :

1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн гэх 100.000 төгрөг нь нэхэмжлэлтэй хамааралгүй өмнөх хугацаанд зээлсэн мөнгөтэй хамааралтай шилжсэн мөнгө байсан.

2. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу шилжүүлсэн гэх 150.000 төгрөг нь тэр дороо миний данснаас буцаад өөрийнх нь данс руу орсон мөнгө байсан.

3. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 450.000 төгрөг өгсөн гэсэн нь миний данс руу ороогүй өөр данс руу орсон мөнгө байсан.

4. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн гэх 100.000 төгрөг нь мөн ороогүй байсан.

5. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хийсэн гэх 200.000 төгрөг нь нэхэмжлэлд хамааралгүй Урангоо гэж хүний надад өгөх мөнгийг тэр дамжуулан өөрийнхөө дансаар өгсөн мөнгө байсан. Дээрх надад өгөөгүй гэх мөнгө нийлбэр дүнгээрээ 1.000.000 төгрөг болж байсан.

Ингээд би энэ тооцоогоо шүүхэд тайлбар гаргаж өгөхөд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хойшилсон хурал дээр Д.О- тооцоог нийлж бодож үзээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 450.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 23-ны 100.000 төгрөгийг надад өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Үүнээс өмнө 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хурал дээр 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буцаагдсан гэх 150.000 төгрөгийг өөрийнхөө данс руу буцаад орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байсан ба энэ нь хурлын тэмдэглэлүүдээс тодорхой харагдана Харин би 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний данс руу орсон Урангоогийн өгүүлсэн гэх 200.000 төгрөг дээр хариуцагч маргаад байсан учраас би тооцооноос хасахыг зөвшөөрсөн юм.

Д.О- нь ийнхүү тооцоо нийлсэн зөвшөөрлөө 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурал дээр оруулсан өмгөөлөгчдөө үнэн зөвөөр хэлэлгүй өөрөө хуралдаа оролгүй нүүрэн далд үлдчихээд давж заалдах шатны шүүхэд үндэслэлгүй гомдол гаргасан нь муухай байна. Хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй юм билээ. Гэтэл шүүхэд худлаа тайлбар өгч үндэслэлгүй гомдол гаргаж байна. Би Д.О-ы 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэсэн хүсэлтийнх дагуу өөрийн тэтгэврийн зээл, хүүхдийнхээ худаг гаргах гэж хадгалж байсан мөнгийг түүнд зээлдүүлж авсан хүү ч байхгүй мөнгөө ч гүйцэд авсан юмгүй хохирсон. Тиймээс ядаж л банкны хүүний жишгээр хүү тооцон авахыг хүссэн . Харин ч шүүх 74.860 төгрөг хүүд гаргаж өгсөн нь хохирсон надад чамлалттай л байна. Уг нь би түүнд мөнгө хэрэгтэй байна охиндоо явуулах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь тэтгэврийн зээл авч өгөөд мөн хамт ажилладаг Урангоо гэж хүнд 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд байх үед туслаад 2 удаа бэлэн мөнгө /4,5 сая төгрөг Урангоо гэгчид 2.000.000 төгрөг тус тус авсан/ хамт ажилладаг Г.Х- гэж хүний дэргэд өгч байсан.

Гэтэл гэрчийн мэдүүлгийг гуйвуулж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулахаар худал зүйл гомдолдоо бичсэн байна. Гэрчийн мэдүүлэгт дурдагдсан 2.000.000 төгрөг нэхэмжлэлд хамааралгүй учраас би гэрчээс энэ талаар тодруулсан асуулт тавиагүй билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Д.О-д холбогдуулан 6.350.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдийн хооронд 5 удаагийн банкны гүйлгээгээр 7.035.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 4.500.000 төгрөг өгсөн буюу нийт 11.535.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Дээрх зээлээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөрт 4.879.000 төгрөгийг, 1.471.000 төгрөгийг арилжааны болон Монгол банкны хадгаламжийн хүүтэй уялдуулан зээлийн хүүд тооцуулан нийт 6.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.О-, түүний өмгөөлөгч нараас нийт 10.000.000 төгрөг зээлж авсан, 7.405.999 төгрөгийг төлсөн, үүнээс үлдэх хэсгийг төлнө, харин хүү авах талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар, нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 11.535.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон, хариуцагч 7.405.999 төгрөгийг буцаан төлсөн учир үндсэн зээлийн үлдэгдэлд 4.229.001 төгрөг, уг мөнгөндөө шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаандаа хүү шаардах эрхтэй хэмээн дүгнэж Монгол банкны хугацаагүй хадгаламжийн 5.6 хувийн хүүгээр тооцон 120 хоногийн хүүд 74.860 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

   Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодит нөхцөлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Үндсэн зээлийн тухайд:

Хэрэгт авагдан шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Д.О-д 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.335.000 төгрөг буюу нийт 7.035.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5059081690, 5039306799 тоот данснуудаас хариуцагч Д.О-ы Хаан банкны 5108020258 тоот дансанд шилжүүлжээ. /хх-ийн 10, 33, 41, 47, 61-р тал/

Харин 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.500.000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 5.000.000 төгрөгийн “Тэтгэврийн зээл” авсан талаарх нотлох баримт болон 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь “бэлэн мөнгө өгч авалцсаныг нүдээрээ харсан, хэдэн төгрөг зээлснийг мэдэхгүй” гэх гэрч Г.Х-ын мэдүүлэг авагдсан хэдий ч уг баримтууд нь дангаараа 4.500.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх үйл баримтыг нотлох нотолгооны хэрэгсэл болж чадахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч нь өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Өөрөөр хэлбэл гэрч Г.Х-ын мэдүүлэг нь зохигчид хоорондоо мөнгө өгч авалцсаныг гэрчилж байгаа боловч тухайн үед хэдэн төгрөг байсан гэдгийг тодорхой гэрчилж чадаагүй байна. /хх-ийн 71-р тал/

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4.335.000 төгрөгийг Хаан банкаар дамжуулан хариуцагчид шилжүүлэхдээ “Э-гаас нийт 10 сая, сарын 10 хувь хүүтэй” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. /хх-ийн 10-р тал/

Үүнээс хойш хариуцагчид нэмж дахин мөнгө шилжүүлээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчид баримтаар нийт 7.035.000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн хэдий ч хариуцагч 10.000.000 төгрөг зээлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөг уг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нийцүүлэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу талуудын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна.

Хавтаст хэргийн 5-21, 31-57, 61, 72-73 дугаар талуудад авагдсан зохигчийн дансны хуулгануудаас үзвэл хариуцагч Д.О- нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 23 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч О.Э-д 7.455.999 төгрөгийг буцаан төлсөн байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд /10.000.000-7.455.999/=2.544.001 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2. Зээлийн хүүгийн тухайд:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдах талаар мөн зүйлийн 282.3-т хуульчилсан.

Зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбаруудаас үзвэл дээрх мөнгөн хөрөнгийг анх 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч хуульд заасан “хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангасан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчаас 1.471.000 төгрөгийг хүүд тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 200.000 шилжүүлсэн хугацаанаас мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх байсан гэж үзэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 120 хоногийн хүү шаардах эрхтэй хэмээн дүгнэж Монгол банкны хугацаагүй хадгаламжийн 5.6 хувийн хүүгээр тооцон хариуцагчаас 74.860 төгрөгийн хүү гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэжээ.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон мөнгөн төлбөрийн талаар өөрчлөлт оруулж хариуцагч Д.О-, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын хамтран гаргасан давж заалдсан хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхээс хуваарилсан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орсон болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.О-аас 4.229.001 төгрөг, тохирох хүү 74.860 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, 2.046.139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

            “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.О-аас 2.544.001 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3.805.999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 83.812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 55.654 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.308 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                       

                                                          ДАРГАЛАГЧ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА           

                                                                                                                       М.МӨНХДАВАА