Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1138

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.Б-, Т.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00625 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Б-, Т.Т- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б ү” ХХК-д холбогдох

 

Алданги 11 314 810 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Д.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Б ү” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун талд баригдаж буй 88 айлын орон сууцны барилгын 1 дүгээр орц, 2 давхрын Д айл 41,93 м.кв талбайтай 2 өрөө, 205 тоот хаягт байршилтай орон сууцны байрыг захиалж, байрны нийт төлбөр нь 44 026 500 төгрөг байхаар тохиролцож төлбөрөө бүрэн төлсөн. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тухайн орон сууцыг хугацаа хожимдуулан хүлээлгэн өгсөн ба орон сууцны гэрчилгээг авахыг хүсэхэд гаргаж өгөх боломжгүй гэсэн. Гэрээний 4.1-д зааснаар 2017 оны 1 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч гэрээнд заасан хугацаанаас хэтэрч 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уг байрыг хүлээлгэн өгсөн.

Иймд гэрээний 4.15-д заасны дагуу 0,1 хувиар алданги тооцно гэж заасны дагуу төлбөр төлсөн 44 026 500 төгрөгийн алдангийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн 257 хоног буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх алданги 11 314 810 төгрөг гаргуулах, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү.

Ашиглалтанд хүлээлгэж өгсний дараа мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд ямар нэгэн өр авлагагүй, тооцоогүй тохиолдолд байрны гэрчилгээг өгөхөөр заасан тул алданги тооцохгүй гэсэн утгатай байсан. Гэрээнд төлбөр мөнгийг бүрэн төлснөөр гэрчилгээ гаргаж өгөх заалт байгаа. Мөн ашиглалтанд орох хугацааг тодорхой заасан. Компани өөрөө төлбөр тооцоо дууссан гэсэн баримтаа баталгаажуулаад дараа нь маргаан үүсэхэд та нар төлбөр тооцоо дууссан гэсэн агуулгаар хэрэглэх зорилготой захиалагчдаар зуруулж авсан. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч тал асуудал байгаа, уг асуудлыг шийдэж өгөхийг хүсэхэд төлбөр тооцоогүй гэсэн актанд гарын үсгээ зураагүй бол гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна тайлбарладаг.

Иймд гэрээнд заасны дагуу алданги 11 314 810 төгрөг гаргуулах, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт, мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг шийдвэрлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ү” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 12 давхар 88 айлын орон сууц барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны 63/2016 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл аван үйл ажиллагаа эхэлсэн. Уг барилга хугацаа хэтэрч ашиглалтанд өгсөн 3 шалтгаан байгаа.

1. Төлөвлөгөө ёсоор уг барилга нь 2017 оны 05 дугаар сарын 01-нд ашиглалтанд орох байсан бөгөөд бид 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлөвлөгөө ёсоор ажлаа гүйцэтгэж гадна фасадны ажлыг 100 хувь дуусган дулаанд холбогдож дотор заслын ажлыг хийхэд бэлэн болгосон. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны төвийн шугамын өргөтгөл засварын ажил хийгдэх болсонтой холбогдон тус барилгыг дулааны шугамд холбох техникийн нөхцөл хойшилсон. Иймд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 сар дуустал дотор заслын ажил зогссон. Үүнтэй холбоотой 8 сарын хугацаа алдах буюу 240 хоногоор хойшилж, 2018 оны 01 дүгээр сарын 04-нд улсын комисс хүлээн авсан.

“Б ү” ХХК-ийн хувьд барилгын ажлыг санаатайгаар хойшлуулсан зүйл байхгүй бөгөөд дулаан холбогдоогүйн улмаас барилгын ажил хугацаа хэтэрч байгааг захиалагчдын хурал дээр удаа дараа тайлбарлаж байсан. Барилгын ажил нь улирлын чанартай учир Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит компаний олгох дулааны техникийн нөхцөлтэй шууд хамааралтай ажил явагддаг.

“Б ү” ХХК нь дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрийг өөрчлөх, ямар нэг байдлаар түргэсгэх боломжгүй юм. Бид барилгын ажлын төлөвлөгөөний дагуу удаа дараа хүсэлт өгч шаардлага тавьсан. Мөн бидэнд албан ёсоор тайлбар хариу өгч 2017 онд дулааны төв магистрал шугам шинэчлэл засварын ажил хийгдсэний дараа холбож өгөхөөр албан бичиг хүргүүлж байсан. Үүний дагуу 2017 оны 06 дугаар сарын 23-нд техникийн нөхцөл 93/2017 олгосон.

2. “Номин 45” СӨХ нь суурь ухаж эхлэх үеэс эрх бүхий байгууллагаас барилгын бүх зөвшөөрөл олгогдсон байхад барилгын зай хэмжээ ойрхон байна, орон сууцны нар хаалаа гэх мэт огт үндэслэлгүй зүйлээр оршин суугчдыг турхиран Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Авлигатай тэмцэх газарт удаа дараа хандаж тухайн байгууллагуудын шийдвэрийг гартал түр ажлаа зогсоо гэдэг байдлаар 2016 оны 05 дугаар сарын 01-ээс эхлэн 06 дугаар сарын 20-ныг хүртэл ажлыг түр зогсоож графикт ажлыг 45 хоногоор хугацаа алдуулсан.

3. “Б ү” ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын өгсөн координат цэгийн дагуу барилгынхаа 4 буланг тавьж /норм дүрмийн дагуу/ барилгаа барьсан байхад барилгын баруун талд орших “Мастер нэт” ХХК нь уг барилгыг өөрсдийн эзэмшлийн газрын хил зөрчсөн гэж шүүхэд өгч ажил зогсоож, удаа дараа саад болсон. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрч энэ асуудал дуусгавар болсон.

Иймд хугацаа хэтэрсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтыг үндэслэн “Б ү” ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь гэрээний дагуу алдангаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч “Б ү” ХХК-иас 7 528 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Б-, Т.Т- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3 786 279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б ү” ХХК-иас 135 406 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00625 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

“Б ү” ХХК нь нэхэмжлэгч нартай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр захиалагч нарын захиалсан 41,93 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, энэхүү хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор тухайн орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, энэхүү хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх буюу 2017 оны 05 дугаар сарын 01-нээс хэтрүүлэхгүй байхаар тохирсон.

Бид барилгын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн бөгөөд захиалагч нартай гэрээ байгуулах үед манай барилгын каркас цутгалт, дүүргэлт, гадна  фасадны ажил ерөнхийдөө дууссан байсан.

Манай компани төлөвлөгөө ёсоор гадна ажлаа дуусгаж дотор засал, сантехник, цахилгааны холболтын ажлыг графикийн дагуу өвлийн улиралд дулаан авсны дараа 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд гүйцэтгэх ёстой байсан бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16/42 тоот албан бичгээр дулаан авах техникийн нөхцөлийн саналаа хүргүүлсэн. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/1725 тоот албан бичгээр “2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шинэ хэрэглэгч дулааны шугамд холбох боломжгүй” гэдэг хариу ирүүлсэн. Ингэснээр барилгын ажлын графикийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 7 сарын хугацаанд халаалтгүй учир дотор заслын ямар ч ажил хийх боломжгүй болж манай барилгын ажил энэ хугацаанд үндсэндээ зогссон. Улмаар дулааны улирал эхэлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өмнө хийх ёстой байсан ажлаа нөхөн гүйцэтгэж 2017 оны 12 сард барилгын ажил үндсэндээ дуусаж улсын комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгыг комисс хүлээж авсан.

Анхан шатны шүүх шийдвэртээ “..хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэж өгөөгүй нь “Б ү” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болохыг харгалзан гэрээнд заасны дагуу хариуцагчийн орон сууцыг ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцох хугацааг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс тооцох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн. Үүнийг хариуцагч байгууллагын зүгээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас дулаан авах зөвшөөрөл олгох техникийн нөхцөлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон, гэрээнд 30 хоногийн хугацаанд алданги тооцохгүй заалтыг үндэслэп 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тооцож байна гэж ойлгож байна.

Дулаанд холбох техникийн нөхцөл олгож байгааг орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа гэж ойлгож болохгүй. Манай компани өвлийн улиралд дулаан өгөхөөс эрх бүхий байгууллага татгалзсан учир барилгын ажил эхлүүлэх цаг агаарын хувьд тохиромжтой хугацаа болох 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дотор заслын ажлаа эхлүүлчихсэн байсан бөгөөд дулаанд холбох техникийн нөхцөл гарч байх хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаа маань үргэлжлээд явж байсан. Гэтэл шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дулаанд холбох техникийн нөхцөл гарсан хугацааг барилга ашиглалтад оруулах хугацаа гэж тооцсон нь ямар ч үндэслэлгүй дүгнэлт.

Бид барилгын ажлаа эхлүүлэхээс өмнө холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авдаг бөгөөд анх дулаан холбох боломжтой гэдэг техникийн нөхцөл гарсан учир дулааны улирал буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 сар хүртэл гадна ажлаа дуусгаж дулаанд холбосны дараа дотор ажлаа гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гаргасан байсан. Гэтэл 2016 оны 11 сард эрх бүхий байгууллагаас дулаанаар хангах боломжгүй гэдэг хариуг өгснөөр барилгын төлөвлөгөөт ажил 7 сараар тасарсан. Энэхүү нөхцөл байдал нь бид гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтад оруулж чадаагүй гол шалтгаан болсон. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт нийцэж байна гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Мөн анхан шатны шүүх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг захиалагчид мэдэгдээгүй гэж биднийг буруутгасан. Гэтэл орон сууцны барилга ашиглалтад орох хугацаа хэтэрлээ гэж бүх захиалагч бидэнд шаардлага ирүүлж байсан бөгөөд 3-4 удаа хурал хийж энэхүү нөхцөл байдлыг тайлбарласан. Ийм учир нийт 88 захиалагчийн 87 нь биднээс алданги нэхэмжлэхгүй байгаа бөгөөд эдгээр хүмүүс барилга ашиглалтад ороогүй шалтгааныг ойлгож байгаа гэсэн үг. Нэхэмжлэгч нар ч мөн адил маш сайн мэдэж байгаа ба өнөөдрийг хүртэл захиалсан орон сууцаа хүлээн авч манай компанитай акт үйлдэхгүй байгаа. Нэгэнт захиалсан орон сууцаа хүлээн авч акт үйлдэхгүй байгаа учир бид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах материалыг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад явуулж чадахгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой энэ асуудлыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заагаагүй учир бид шийдвэрлээгүй гэж ойлгож байгаа.

Иймд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн асуудалд хариуцагч байгууллага буруугүй  тул  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ю.Б-, Т.Т- нар нь хариуцагч “Б ү” ХХК-д холбогдуулан гэрээний алданги 11 314 810 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт, мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 2 давхрын Д айл, 41.93 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж, 2017 оны 01 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр 44 026 500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. /4-6 дугаар тал/ Учир нь хариуцагч өөрийн зураг төсөл, материалаар барьж байгаа барилгаас нэхэмжлэгч орон сууцны зориулалттай талбай худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн сонгосон байршил, хэмжээ бүхий орон сууцыг тодорхой хугацааны дараа хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч Т.Т- нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 44 026 500 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хэргийн 6 дугаар талын ар тал/

 

Мөн хариуцагч нь гэрээний 4.1-д “орон сууцны барилгыг 2017 оны 1 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх”, 4.15-д “хариуцагч ашиглалтанд өгөх хугацааг гэрээний 4.1.-д заасан дээрх хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд орон сууцны төлбөрийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцон захиалагч талд төлөхөөр” тус тус тохиролцсон байх бөгөөд орон сууц хүлээлцэх актаар орон сууцыг хугацаа хэтрүүлж 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 7 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд зааснаар 2017 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хугацаанаас эхлэн хариуцагчийг үүргээ гүйцэтгэн өгөх хүртэл хугацаагаар тооцон алданги шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “Б ү” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Барилгын ажлыг санаатайгаар хойшлуулсан зүйл байхгүй, дулаан холбогдоогүйн улмаас барилгын ажил хугацаа хэтэрсэн, барилгын ажил нь улирлын чанартай учир “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн олгох дулааны техникийн нөхцөлтэй шууд хамааралтай ажил явагддаг” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар дээрх гэрээний 4.7 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид тухайн үед нь мэдэгдээгүй, мөн 7.1, 7.2-д заасны дагуу бичгээр өөрчлөлт оруулж хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. /хэргийн 5 дугаар тал/ Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв болжээ.  

 

Хариуцагч “Б ү” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх талаар хууль, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх тайлбар, үндэслэл нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэх үндэслэлтэй боловч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тодорхой шалтгааны улмаас техникийн нөхцөл 2017 оны 03 дугаар сарын 01-нээс хойш олгох болсон, тус байгууллагын Техникийн нөхцөл олгох комиссын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар зөвшөөрсөн баримт зэргийг шүүх үндэслэж хариуцагчийн орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааг хэтрүүлсэн алданги тооцох хугацааг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс тооцож хариуцагчаас 7 528 531 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нарын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанаас авахад шаардлагатай баримт, мэдээллийг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлэхийг шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэхээр дүгнэсэн атлаа шийдвэрлэлгүй орхигдуулсан болон уг харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00625 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ү” ХХК-иас 7 528 531 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Б-, Т.Т- нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 786 279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                             ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

 

                                                           С.ЭНХТӨР