Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю.Б, ТТ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БӨ” ХХК-д холбогдох,

Алданги 11,314,810 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,  өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сарын 20-ны өдөр “БӨ” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүрэг 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун талд баригдаж буй 88 айлын орон сууцны барилгын 1-р орц, 2-р давхрын Д айл 41,93 м.кв талбайтай 2 өрөө, 205 тоот хаягт байршилтай орон сууцны байрыг захиалж, байрны нийт төлбөр нь 44.026.500 төгрөг байхаар тохиролцож төлбөрөө бүрэн төлсөн. Улмаар 2018 оны 01 сарын 13-ны өдөр тухайн орон сууцыг хугацаа хожимдуулан хүлээлгэн өгсөн ба орон сууцны гэрчилгээг авахыг хүсэхэд гаргаж өгөх боломжгүй гэсэн.

Гэрээний 4.1-д зааснаар 2017 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч гэрээнд заасан хугацаанаас хэтэрч 2018 оны 01 сарын 13-ны өдөр уг байрыг хүлээлгэн өгсөн.

Иймд гэрээний 4.15-д заасны дагуу 0,1 хувиар алданги тооцно гэж заасны дагуу төлбөр төлсөн 44.026.500 төгрөгийн алдангийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн 257 хоногт бодож 11,314,810 төгрөг гаргуулах, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү.

Алданги тооцсон огноо 2016.05.01-2017.01.12.

“БӨ” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээ бол талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр харилцан итгэлцлийн үндсэн дээр байгуулагддаг.

Нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хугцаанд орон сууцаа хүлээж авна гэж бодож байсан бөгөөд төлбөрөө 100 хувь төлсөн. Тухайн хугацаанд барилга ашиглалтанд ороогүй.  Хэрэв “Бүрэн өргөө” ХХК  2017 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд хүлээлгэн өгнө гэж гэрээнд тусгаагүй байсан бол төлбөрийг нэхэмжлэгч нар ямар нэгэн байдлаар хэсэгчлэн өгөх боломжтой байсан.  Гэтэл “Бүрэн өргөө” ХХК нь 2017 оны 5 сарын 01-нд ашиглалтанд орно гэж гэрээнд тусгаад өгсөн учир уг гэрээг байгуулсан.

Мөн тухайн орон сууцыг 2018 оны 01 сард хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсөн боловч байрны гэрчилгээг өгөөгүй. Учир  нь тухайн барилга маань ийм ийм нөхцөл байдлын улмаас хугацаандаа ашиглалтанд ороогүй гэсэн тайлбар өгсөн. 

Ашиглалтанд хүлээлгэж өгсний дараа мэдэгдэл өгсөн байдаг. Мэдэгдэлд ямар нэгэн өр авлагагүй, тооцоогүй тохиолдолд байрны гэрчилгээг өгнө гээд  мэдэгдлийн гол агуулга нь алданги тооцохгүй гэсэн утгатай байсан.

Гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон байтал алданги тооцохгүй гэсэн мэдэгдэл өгч байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж чадахгүй байгаагийн нэг илэрхийлэл мөн.

Гэрээнд төлбөр мөнгийг бүрэн төлснөр гэрчилгээ гаргаж өгнө гэсэн заалт байгаа. Мөн ашиглалтанд орох хугацааг тодорхой заасан. Зөвхөн энэ компани өөрөө манайх төлбөр тооцоо дууссан гэдэг баримтаа баталгаажуулж аваад дараа нь маргаан үүсэхэд та нар төлбөр тооцоо дууссан гэсэн агуулгаар хэрэглэх зорилготой захиалагчдаар зуруулж авсан.

Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч тал ийм ийм асуудал байна, энэ асуудлыг шийдэж өгөөчээ гэхэд төлбөр тооцоогүй гэсэн актанд гарын үсгээ зураагүй бол гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар гаргадаг. Өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна.

Иймд гэрээнд заасны дагуу алданги 11,314,810 төгрөг гаргуулах, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт, мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг шийдвэрлүүлэхээр нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БӨ’’ ХХК нь Баянгол дүүргийн 20-р хороо, Номин худалдааны төвтэй байрны баруун /Цамбагаравын урд/ талд үйлчилгээтэй 12 давхар 88 айлын орон сууц барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 01 сарын 25-ны №63/2016 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл аван үйл ажиллагаа эхэлсэн. Уг барилга хугацаа хэтэрч ашиглалтанд өгсөн 3 шалтгаан байна.

1.Төлөвлөгөө ёсоор уг барилга нь 2017 оны 5 сарын 01-нд ашиглалтанд орох байсан бөгөөд бид 2016 оны 10 сарын 15 хүртэл төлөвлөгөө ёсоор ажлаа гүйцэтгэж гадна фасадны ажлыг 100% дуусган дулаанд холбогдож дотор заслын ажлыг хийхэд бэлэн болгосон. Баянгол дүүргийн 20-р хороонд дулааны төвийн шугамын өргөтгөл засварын ажил хийгдэх болсонтой холбогдон тус барилгыг дулааны шугамд холбох техникийн нөхцөл хойшилсон. Иймд 2016 оны 10 сараас 2017 оны 4 сар дуустал дотор заслын ажил зогссон. Үүнтэй холбоотой 8  сарын хугацаа алдах буюу 240 хоногоор хойшилж, 2018 оны 01 сарын 04-нд улсын комисс ажиллаж хүлээн авсан.

“Бүрэн өргөө” ХХК-ийн хувьд барилгын ажлыг санаатайгаар хойшлуулсан зүйл байхгүй бөгөөд дулаан холбогдоогүйн улмаас барилгын ажил хугацаа хэтэрч байгааг захиалагчдын хурал дээр удаа дараа тайлбарлаж байсан. Барилгын ажил нь улирлын чанартай учир Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит компаний олгох дулааны техникийн нөхцөлтэй шууд хамааралтай ажил явагддаг.

 “Бүрэн өргөө” ХХК нь дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрийг өөрчлөх, ямар нэг байдлаар түргэсгэх боломжгүй юм. Бид барилгын ажлын төлөвлөгөөний дагуу удаа дараа хүсэлт өгч шаардлага тавьсан. Мөн бидэнд албан ёсоор тайлбар хариу өгч 2017 онд дулааны төв магистрал шугам шинэчлэл засварын ажил хийгдсэний дараа холбож өгөхөөр албан бичиг хүргүүлж байсан. Үүний дагуу 2017 оны 6 сарын 23-нд техникийн нөхцөл № 93/2017 олгосон.

2.Номин 45 СӨХ нь суурь ухаж эхлэх үеэс эрх бүхий байгууллагаас барилгын бүх зөвшөөрөл олгогдсон байхад барилгын зай хэмжээ ойрхон байна, орон сууцны нар хаалаа гэх мэт огт үндэслэлгүй зүйлээр оршин  суугчдыг турхиран Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Авлигатай тэмцэх газарт удаа дараа хандаж тухайн байгууллагуудын шийдвэрийг гартал түр ажлаа зогсоо гэдэг байдлаар 2016 оны 5 сарын 01-ээс эхлэн 6  сарын 20 хүртэл ажлыг түр зогсоож графикт ажлыг 45 хоногоор хугацаа алдуулсан.

3.“Бүрэн өргөө” ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын өгсөн координат цэгийн дагуу барилгынхаа 4 буланг тавьж /норм дүрмийн дагуу/ барилгаа барьсан байхад барилгын баруун талд орших “Мастер нэт” ХХК нь уг барилгыг өөрсдийн эзэмшлийн газрын хил зөрчсөн гэж шүүхэд өгч ажил зогсоож, удаа дараа саад болсон. 2017 оны 11 сарын 21-нд эвлэрч энэ асуудал дуусгавар болсон.

Иймд хугацаа хэтэрсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн залтыг үндэслэн “Бүрэн өргөө” ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь гэрээний дагуу алдангаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Б, Т.Т нар нь хариуцагч “БӨ” ХХК-д холбогдуулан, гэрээнд заасны дагуу алданги 11,314,810 төгрөг гаргуулах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт, мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд 2016 оны 10 сарын 20-ны өдөр №53 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Номин худалданы төвийн баруун талд баригдаж буй орон сууцны барилгын 1-р орц, 2-р давхрын Д айл, 41,93 м.кв талбайтай орон  сууцыг захиалан бариулах, нэхэмжлэгч орон сууцны төлбөр болох 44.026.500 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр төлөх, хариуцагч нь орон сууцыг 2017 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцон талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хавсралт баримтаас үзэхэд захиалагч нь зураг төсөлд тусгагдсан, санал болгож буй өрөөний тодорхойлолт бүхий орон сууцнаас сонгож захиалга өгч гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний зүйл болох орон сууцыг батлагдсан зургийн дагуу барьж тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1., 2.2.-т  1 м.кв талбайг үнийг 1,050,000 төгрөгөөр, нийт үнэ 44,026,500 төгрөг байхаар, 3.1.-д захиалагч уг төлбөрийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр 44,026,500 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон, захиалагч 2016 оны 10 сарын 20-ны өдөр 44,026,500 төгрөгийг “БӨ” ХХК-д төлсөн болох нь хэрэгт  авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

Мөн гэрээний 4.1.-д хариуцагч тал орон сууцны барилгыг 2017 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх, гэрээний 4.15.-д хариуцагч  ашиглалтанд өгөх хугацааг гэрээний 4.1.-д заасан дээрх хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд орон сууцны төлбөрийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцон захиалагч талд төлөхөөр тохиролцсон.

Хэрэгт авагдсан Орон сууц хүлээлцэх акт баримтаар хариуцагч нь захиалагчид орон сууцыг 2018 оны 01 сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд зааснаар 2017оны 1-р улиралд багтаан орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2018 оны 01 сарын 13-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.15.-д төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1.-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутамд 0,1 хувиар тооцон алданги захиалагч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанаас эхлэн хариуцагчийг үүргээ гүйцэтгэн өгөх хүртэл хугацаагаар тооцон алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч "БӨ” ХХК нь өөрийн компаний 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 16/29, 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 16/42 дугаартай Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хүргүүлсэн албан бичгүүд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 2/1529, 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 2/1725 дугаартай “Бүрэн өргөө” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд  баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар гаргаж  байгаа боловч энэ талаар захиалагчид тухайн үед нь мэдэгдээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.-ийн б/-д заасан ажлын үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учир мөн зүйлийн 350.1.1.-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй  байна гэж үзнэ.

Гэрээний “Долоо”-д зааснаар гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож өөрчлөх боломжтой байсныг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

 Хариуцагчийн төлөөлөгч нь УБДС ТӨХК-иас Барилгын дулааны зөвшөөрлийг манай хүсэлт гаргасан хугацаанд олгоогүйгээс барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд хүргэсэн, энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн үндэслэлд хамаарна гэж тайлбар гаргаж байгаа боловч ажил гүйцэтгэгчийн хувьд хугацаанд нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх хууль, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх тайлбар, үндэслэл нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 “БӨ” ХХК-ийн техникийн нөхцөл хүссэн 2016 оны 6 сарын 23-ны өдрийн 2/1529, 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 16/42 тоот албан бичгүүдэд УБДС ТӨХК-иас тодорхой шалтгааны улмаас техникийн нөхцөл 2017 оны 3 сарын 01-нээс хойш олгох болсон тухай хариу өгсөн баримт, УБДС ТӨХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн хурлаар зөвшөөрсөн Техникийн нөхцөл № 93/2017 баримт зэргээс үзэхэд хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэж өгөөгүй нь “Бүрэн өргөө” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болохыг харгалзан гэрээнд заасны дагуу хариуцагчийн орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, алданги тооцох  хугацааг 2017 оны 07 сарын 24-ний өдрөөс тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч нь 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс орон сууцны барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн 2018 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл хугацааны буюу 171 хоногийн алдангийг гэрээнд заасан хувиар тооцсон /44026500 төгрөгийн 0.1 хувь болох 44026,5 төгрөг х 171 хоног= 7.528.531 төгрөг/  7.528.531 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд хариуцагч улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон орон сууцны харьяа дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт захиалагчийн жагсаалт гарган өгөх үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт, мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

Шүүх гэрээний хугацаа хэтрүүлсний алданги тооцох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  хариуцагчаас 7.528.531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 3.786.279                              төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг баримтлан хариуцагч “БӨ” ХХК-иас 7.528.531 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Б, Т.Т нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын  3.786.279 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,190  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “БӨ” ХХК-иас 135,406 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР