Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/00233

 

 

 

 

 

 

 

    2021           01             26                                                   184/ШШ2021/00233

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

“Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг, Ц.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ө би “Даймонд-Очир” ББСБ-аас өөрийн өмчлөлийн Ү-2204076230 улсын бүртгэлийн дугаартай, БЗД-ийн 5 хороо, Монел 8 дугаар гудамж,149 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалан зээл авсан. Харин зээлээ хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй учраас “Даймонд-Очир” ББСБ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020.05.06-ны өдрийн 1532 дугаар шүүгчийн захирамжаар 12,267,714 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. НШШГГ-аас төлбөр төлөгч миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 зүйлд заасны дагуу үнэлүүлсэн үнэлгээчний гаргасан үнэ болох 26.438.000 төгрөгөөр үнэлснийг НШШГГ-ын 2020.10.02-ны өдрийн 4-132/36041 дугаарын мэдэгдлийг 2020.10.05-ны өдрийн шуудангаар хүргүүлснийг хүлээн авч мэдсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчиж, миний өмчийг үнэгүйдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: шүүгчийн захирамжаар 12,267,714 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр

төлөгч Г.Өы өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үнэлүүлсэн. Үнэлгээчин 26,438,000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/1323631 дугаарын мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргэснийг хүлээн авч мэдсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргасан. Хоёр тусдаа гэрчилгээтэй байсан. Газар, үл хөдлөх хөрөнгө гээд үнэлгээ хийлгэсэн. Гэтэл зөвхөн газрыг тусад нь үнэлсэн үнэ нь зах зээлийн ханшаар, жишиг үнэлгээгээр 10,142,000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу хувийн сууцыг 16,296,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас өнөөдөр тайлбарлаж ярьж байгаа нь 26,438,000 төгрөгөөр үнэлсэн юм шиг яриад байна. Үнэлгээний хүснэгт 11 дээр хувийн сууцны зах зээлийн жишиг үнийг 20,737,000 төгрөг байна гэсэн үнэлгээ гаргасан. Гэтэл хаашаа орж гарсан нь мэдэгдэхгүй үнийн зөрүү гаргаад газрыг л гэхэд зөвхөн 10 сая төгрөгөөр, хувийн сууцыг 16 сая төгрөгөөр үнэлсэн байдлаар ямар ч үндэслэлгүйгээр үнэлгээ гаргаад ирсэн. Аравхан сая төгрөгийн үнэтэй байна гэсэн үнэлгээ хаана байх вэ дээ. Бүхэл бүтэн байр, байшинг зах зээлийн ханшаар хэт доогуур үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 77 хувиар бууруулаад төлбөрт нь л тохируулаад үнэлчихсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамжны 149 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн ханшаар 45,000,000 төгрөгийн үнэтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/01532 дугаар захирамжаар Галсанцэрэнгийн Өлзийсайхан, Дугарын Тамир нараас 12,267,714 төгрөг гаргуулж “Даймонд-Очир ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076230 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076230 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж, 149 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20270523/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20271201/4 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 26.438.000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Тамир, Г.Ө нарын оршин суугаа хаягаар мэдэгдэхээр очиход эзэнгүй байсан учир утсаар мессежээр мэдэгдэж, баталгаат шуудангаар

явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа

тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номин шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх бичиг баримтыг хүлээн авч үйлдээд төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир нарт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сайн дураараа биелүүлэх хугацаа олгосон байдаг.Тэгэхээр мэдэгдсэн гэсэн үг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилсэн.  Үүнээс хойш 7 хоногийн хугацаа олгосон боловч төлбөр төлөгч нар нь төлбөрөө төлөөгүй учир 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийг хураасан. Үүнээс хойш Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд  харилцан тохиролцож тогтоосон үнийн дагуу төлбөр төлөгч Д.Тамир нь өөрийн барьцаа хөрөнгөө 45,000,000 төгрөгөөр үнэлсэн хүсэлтээ ирүүлсэн байдаг. Г.Өаас Д.Тамирт итгэмжлэлээ өгсний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр барьцаа хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн дүнг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байдаг. Төлбөр авагч талаас үнийн дүнг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Үүний дагуу шинжээч томилж холбогдох үнэлгээний компанийг томилж үнэлгээг гаргасан байдаг. Шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 26,448,000 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт удаа дараа ирж мэдэгдсэн боловч тухайн үед өөрсдөө авахаас зайлсхийж оршин суугаа газартай байхгүй гэдэг шалтгаанаар тухайн мэдэгдлийг төлбөр төлөгч нарын оршин суугаа хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн. Үнийг тухайн төлбөр төлөгч нарын гар утас болон мэйл хаягаар мэдэгдсэн байдаг. Үнэлгээ гарснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдааны тогтоол болон 4/13237712 мэдэгдлээр мэдэгдсэн.Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Үнэлгээний хувьд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компаниар үнэлэгдсэн бөгөөд тусгай сертификаттай үнэлгээчин үнэлсэн.  Үүнээс хойш шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг  үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах “ тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч тал  эс зөвшөөрч  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэв.

 

          Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны  өдрийн 184/ШШ2020/01532 дугаартай захирамжаар “Даймонд-Очир ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ө, Д.Тамир нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 12.127.114 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож  эвлэрсэн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн ба  2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/07078 дугаар захирамжаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн 0707  тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов./хх 22-25/ 

  

           Нэхэмжлэгч талаас: Хоёр тусдаа гэрчилгээтэй байсан. Газар, үл хөдлөх хөрөнгө гээд үнэлгээ хийлгэсэн.Газрыг зах зээлийн ханшаар, жишиг үнэлгээгээр 10,142,000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байрыг нь 16,296,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас өнөөдөр тайлбарлаж ярьж байгаа нь 26,438,000 төгрөгөөр үнэлсэн юм шиг яриад байна. Үнэлгээний хүснэгт 11 дээр хувийн сууцны зах зээлийн жишиг үнийг 20,737,000 төгрөг байна гэсэн үнэлгээ гаргасан. Гэтэл хаашаа орж гарсан нь мэдэгдэхгүй үнийн зөрүү гаргаад хувийн сууцыг 16,296,000 сая төгрөгөөр үнэлж ямар ч үндэслэлгүйгээр үнэлгээ гаргаад ирсэн. Бүхэл бүтэн байр, байшинг зах зээлийн ханшаар хэт доогуур үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг заасан байдаг.  Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар олон улсын үнэлгээний стандартын зарчим болон хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг удирдлага болгох ёстой байсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 77 хувиар бууруулаад төлбөрт нь тохируулаад үнэлсэн  хэмээн тайлбарлав.

    Хариуцагч талаас: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх бичиг баримтыг хүлээн авч үйлдээд төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир нарт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сайн дураараа биелүүлэх хугацаа олгосон байдаг. Тэгэхээр мэдэгдсэн гэсэн үг. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилсэн.  Үүнээс хойш 7 хоногийн хугацаа олгосон боловч төлбөр төлөгч нар нь төлбөрөө төлөөгүй учир 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийг хураасан. төлбөр төлөгч Д.Тамир, Г.Ө нараас өөрийн барьцаа хөрөнгөө 45,000,000 төгрөгөөр үнэлсэн хүсэлтээ ирүүлсэн.Төлбөр авагчаас үнийн дүнг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсний  дагуу шинжээч томилж холбогдох үнэлгээний компанийг томилж үнэлгээг гаргасан. Шинжээчийн  үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 26,448,000 төгрөг гэж үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч тухайн үед өөрсдөө авахаас зайлсхийсэн.Тухайн мэдэгдлийг төлбөр төлөгч нарын оршин суугаа хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн. Үнийг тухайн төлбөр төлөгч нарын гар утас болон мэйл хаягаар мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Үнэлгээний хувьд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компаниар үнэлэгдсэн бөгөөд тусгай сертификаттай үнэлгээчин үнэлсэн.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэмээн тайлбарлаж байна.

         Шүүхээс 0707 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хувийн хэрэг нээсэн ба  тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс  2020 оны 06 дугаар сарын 10-нд төлбөр төлөгч болох Г.Өы оршин суудаг хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо,

Өнөр хороолол, 29 дүгээр байр, 13 тоот хаягаар очиж тухайн байрыг түрээслэгч Г.Жаргалмаатай уулзаж, 20270523/1 болон 2027523/2 тоот зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгч, мэдэгдэлд шүүгчийн захирамжид заасан 12.127.114  төгрөгийн төлбөрийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2020 оны 06 сарын 12-ны өдөр Төрийн банкны дансанд төлөхийг  Г.Өд дамжуулан 

хүргүүлэх талаар тэмдэглэл үйлдсэн. /хх 26-27/

            Улмаар 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 20270523/3  тоот тогтоолоор “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг  байранд оршин суугч Б.Есөнтөмөрт даалгасан боловч үл хөдлөх эд хөрөнгүүд битүүмжилсэн талаар төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир нарт мэдэгдээгүй байна. /хх 28-30/ 

 

           Тэрээр 2020 оны 09 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 20270523/4 тоот тогтоолоор...56 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хураахдаа төлбөр төлөгч нарыг оролцуулаагүй тухайн байранд амьдарч байсан иргэн Б.Есөнтөмөр, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан төлбөрийг 2020 оны 09 сарын 23-нд төлөхийг Г.Ө, Д.Тамир нарт мэдэгдэв гэж тогтоолд дурдсан боловч  2020 оны 09 сарын 16-нд 20270723/5 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд 12.127.114 төгрөгийн төлбөрийг төлөх хугацааг тогтоохгүйгээр Төрийн банкны дансанд тушаахыг мэдэгдсэн баримтыг  Б.Есөнтөмөрт гардуулан өгч Өлзийсайханд дамжуулан мэдэгдэхийг  даалгажээ. /хх31-32/

           Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанаас үзэхэд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж, төлбөр төлөгч Г.Ө /өмчлөгч/, Д.Тамир  нарт хуулиар олгогдсон  эрх, үүргийг  хэрэгжүүлээгүй байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах шаардлага хангаж ажилласан гэж үзэх боломжгүй тул хариуцагч талын тайлбар үгүйсгэгдэж байна.

          Учир нь дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд иргэний  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр төлөгч нарыг биечлэн  оролцуулаагүй, төлбөр төлөгч, өмчлөгч Г.Өы оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 29 дүгээр байр, 13 тоот байранд очиж тухайн байрыг түрээслэгч Г.Жаргалмаатай уулзсан мөн зээлийн барьцаанд  барьцаалсан орон сууц болох “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод очиж тухайн байранд амьдарч байгаа Б.Есөнтөмөр гэх иргэнийг байлцуулан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2-т ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн...мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах...үүрэгтэй” гэсэн,

        энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” гэсэн заалтыг зөрчсөн,  төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир  нартай нэг ч удаа  биечлэн уулзаагүй, зөвхөн 2020 оны 10-р сарын 02-ны өдөр  л барьцаа хөрөнгийг үнэлсэн талаар шуудангаар хүргүүлжээ./хх46-48/

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3-т ”  Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж ,  14.6-д ”Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж  тус тус зохицуулсны дагуу хамт амьдардаг хүнд бус байрыг нь хөлслөн сууж буй Жаргалмаа, Есөнтөмөр нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч төлбөр төлөгч нарт дамжуулан хэлэхийг мэдэгдсэн байгааг нь төлбөр төлөгч Г.Ө, Д.Тамир  нарт өөрт нь мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, 

         2020 оны 10-р сарын 02-ны өдөр л  барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газрыг 26,438,000 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн бөгөөд үүнээс өмнө  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар төлбөр төлөгч нарт шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн болон хорооны Засаг дарга, ажлын албанд  мэдэгдэл өгч байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.   

         Иймээс хариуцагч талын шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх татгалзал нь  нотлогдоогүй болно.

 

        Хэрэгт авагдсан баримтаар бол төлбөр төлөгч Г.Өаас Д.Тамирт итгэмжлэл  олгосны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, 2020 оны 09 сарын 19-нд  “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг  зах зээлийн ханшаар 45,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг,  төлбөр авагч Даймонд-Очир ББСБ ХХК нь 2020.09.17-нд ...149 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газарт хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх 35,36, 40/

 

         Үүний дагуу  2020 оны 09 сарын 23-ны өдрийн 9/466 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрын үнэлгээг гаргуулахаар  “Файн Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 2020 оны 09 сарын 30-нд  дээрх хувийн сууцыг 16,296,000 төгрөгөөр,  өмчлөлийн газрыг 10,142,000 төгрөгөөр нийт 26,438,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон дүгнэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хүргүүлсэн.  /хх41, 43,49-74/

 

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42 2 дах хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална “ гэж 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн  8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно “ гэж, энэ хуулийн  8.2-т ”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан.

 

         “Файн Эстимэйт” ХХК  нь “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв. талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрын үнэлгээ гаргасан тайландаа: зах зээлийн харьцуулан /жиших/ зэрэгцүүлэх аргыг сонгож авсан буюу ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс  худалдаалагдсан тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш www.unegui.mn, www.ezar.mn. www.negdoor.mn. www.zarmedee.mn. www.refmax.mn. www.centuty 21.mn. www.osmo.mn. www.mmgproperties.com. www.facebook.com/ болон  сонин дээрх зарууд, үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниудын сайт дээрх зарын мэдээлэл нэг бүрчлэн бүгд www.unegui.mn сайтад давхар бүртгэгдсэн байсан,үл хөдлөх зуучийн компаниуд дээр тус бүр бэлэн байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллийг багтаасан, үнэлж буй газартай ойр байршилд, үнэлгээний өдрийн ойролцоо арилжаалсан байгаа /шинэхэн/  3 арилжааны мэдээллийг жишиг үнийн мэдээллээр сонгон авсан гэж зарын мэдээллийг хавсаргаж эдгээр авсан үнийн мэдээлэл нь газар эзэмших эрхийн зах зээлийн өнөөгийн бодит үнэ цэнийг тогтооход чиглэгдсэн, үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйлсийн тохируулга бага хийгдэх шаардлагыг хамгийн сайн хангана гэжээ.

            Гэтэл  тухайн 274 м.кв газар эзэмших биш өмчлөх эрхтэй  байхад эзэмших эрхийн зах зээлийн бодит үнэ цэнийг тогтооход чиглэгдсэн  гэсэн бөгөөд газрын зах зээлийн жишиг үнийн тооцоолол гаргахдаа жишиг хөрөнгө №2-т заагдсан БЗД 5-р хороо Монелд байрлалтай үнэлэгдэж байгаа хөрөнгөөс баруун урд зүгт 360 м зайд байрлаж буй зарагдах үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан хамгийн бага үнэтэй зарагдах эд хөрөнгөөр тооцож 10,142,000 төгрөгөөр үнэлэхдээ жишиг хөрөнгө №1,№3-т байгаа үл хөдлөх эд хөрөнгийн  үнэтэй  яагаад  харьцуулаагүй зөвхөн бага хийгдэх шаардлагыг хамгийн сайн хангана гэж үзсэн  талаар тайландаа тодорхой тусгаагүй байна. / хх 57-61/

         Өөрөөр хэлбэл №1,№3-т байгаа зарагдах буюу борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээлэл нь №2-т тавигдсан зарын үнийн мэдээллээс  өндөр үнэтэй байхад багаар үнэлсэн үнийн мэдээллийн зарыг жишиг болгон сонгож авсан нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр үнийг багаар тооцох болсон шалтгаан нь тодорхойгүй, үндэслэл муутай, мөн хувийн сууцны зах зээлийн үнийг 20,737,000 төгрөг байна гэсэн үнэлгээ гаргасан атлаа дүгнэлтэд 16,296,000 төгрөгөөр үнэлэхдээ яагаад үнийг бууруулан багасгасан нь тодорхойгүй энэ талаар дурдаагүй болно. /хх57-60/

        Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцсэн  гэж шинжээчийн дүгнэлтийг   үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй  байна.    

       Шүүх хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотолж чадаагүй  гэж үзсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.          

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, зохигч нараас, төлбөр авагчаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  төлбөр авагч болох “ Даймонд-Очир“ ББСБ ХХК-ийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт  гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу  шүүх  хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв.  

       

         Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  184/ШЗ2020/12757  дугаар захирамжаар төлбөр төлөгч Г.Ө нарт холбогдуулан гүйцэтгэгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав.  

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон                                                                                           

 

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7дах хэсэгт заасныг баримтлан  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/466 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Г.Өы өмчлөлийн “Баянзүрх дүүргийн  5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 149 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн  газрыг үнэлсэн “Файн Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Г.Өаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

             3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ.