Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00462

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00462

 

 

Г.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00233 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ө-ы нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д ББСБ-аас өөрийн өмчлөлийн Ү-2204076230 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 хороо, Монел 8 дугаар гудамж,00 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалан зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй учраас Д ББСБ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020.5.6-ны өдрийн 1532 дугаар шүүгчийн захирамжаар 12 267 714 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. НШШГГ- төлбөр төлөгч миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 зүйлд заасны дагуу үнэлүүлсэн үнэлгээчний гаргасан үнэ болох 26 438 000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.10.02-ны өдрийн 4-132/36041 дугаарын мэдэгдлийг 2020.10.05-ны өдрийн шуудангаар хүргүүлснийг хүлээн авч мэдсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчиж, миний өмчийг үнэгүйдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.5.6-ны өдрийн 182/ШШ2020/01532 дугаар захирамжаар Г-гийн Ө-, Д-ын Т нараас 12 267 714 төгрөг гаргуулж Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076230 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Г.Ө-, Д.Т- нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020.6.10-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076230 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 2020.8.12-ны өдрийн 20270523/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.9.16-ны өдрийн 20271201/4 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 26 438 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2020.9.30-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Т-, Г.Ө- нарын оршин суугаа хаягаар мэдэгдэхээр очиход эзэнгүй байсан учир утсаар мессежээр мэдэгдэж, баталгаат шуудангаар явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.9.23-ны өдрийн 9/466 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Г.Ө-ы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж 00 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 274 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газрыг үнэлсэн ФЭ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ- 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураахдаа төлбөр төлөгч Г.Ө-, Д.Т- нарт мэдэгдээгүй, эрхээр хангаагүй гэж дүгнэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Ө- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно гэж заасны дагуу Д.Т-т итгэмжлэл олгосон бөгөөд төлбөр төлөгч Д.Т-т барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураасан тухай мэдэгдэж, үнийн санал авч 2020.9.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч Г.Ө-ы оршин суух бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, өнөр хороолол, 29 байрны 13 тоот хаягт, Д.Т-ын шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлсэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 9 дүгээр хэсэг гудамжны 959 тоот хаягт тус тус үнэлгээний 4-132/36041, 4-132/36042 тоот мэдэгдпийг хүргүүлсэн. Шинжээч тухайн хөрөнгийг үнэлэхдээ газрыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээ хийсэн. Бусад аргаар үнэлэх нь зохимжгүй тухай үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудсанд дурджээ. Жишиг арилжааны мэдээллийн дагуу сурвалжлагын аргаар үнэд нөлөөлөх бусад хүчин зүйлс болон арилжааны хэлцлийг хийж, газарт ногдох нэгж талбайн үнийг гаргасан байна. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар болон өртгийн хандлагаар үнэлгээг гаргаж хоёр аргын дунджаар хөрөнгийг үнэлсэн тухай үнэлгээний тайлангийн 19 дүгээр хуудсанд хавсаргажээ.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Ө- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/01532 дугаар захирамжаар Г.Ө-, Д.Т- нар 12 128 114 төгрөгийг Д ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрч, үүргийг барьцаа хөрөнгө болох Ү-2204076230 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 хороо, Монел 8 дугаар гудамж,00 тоот хаягт байрлах хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204024600 дугаартай гэр бүлийн зориулалттай газраар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 23/

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэр болон 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/07078 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 707 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлбөгч Г.Ө-ы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байрлах 56 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлалтай 275 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20270523/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20270523/4 дугаар тогтоолоор хураасан байна. /хх 22-24, 28,32/

Хэргийн 37 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ- 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ФЭ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 26 438 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 49-74/

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дээрх үнэлгээний тайланг нэхэмжлэгч Г.Ө-ы Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 29 байр, 13 тоот хаягаар мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн гэх боловч уг байрыг иргэн н.Жаргалмаа, н.Есөнтөмөр нар хөлслөн суудаг болох нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн н.Жаргалмаа, н.Есөнтөмөр нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч төлбөр төлөгчид дамжуулан хэлэхийг мэдэгдсэн байгааг нь төлбөр төлөгч Г.Ө-д мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасныг зөрчсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэргийн 49-74 дүгээр талд авагдсан хөрөнгө үнэлгээний тайланд зах зээлийн харьцуулан /жиших/ зэрэгцүүлэх аргыг сонгож авсан буюу ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалагдсан тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш, үнэлж буй газартай ойр байршилд, үнэлгээний өдрийн ойролцоо арилжаалсан байгаа /шинэхэн/ 3 арилжааны мэдээллийг жишиг үнийн мэдээллээр сонгон авсан. Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцсэн гэж шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Үнэлгээчин зөвхөн зах зээлийн харьцуулан /жиших/ зэрэгцүүлэх аргыг сонгож авсан нь учир дутагдалтай.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг хэлэх юм.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд үнэлэгдэж буй хөрөнгөөс газрыг тухайлан авч үзсэн байх бөгөөд байшин ямар материалаар баригдсан нийт үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ бүрэн тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн эсэх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэл бүхий, тодорхой байх зарчимд нийцсэн эсэх нь эргэлзээтэй тул үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Хариуцагчийн ...Шинжээч тухайн хөрөнгийг үнэлэхдээ газрыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээ хийсэн. Бусад аргаар үнэлэх нь зохимжгүй тухай үнэлгээний тайланд тусгасан. Жишиг арилжааны мэдээллийн дагуу газарт ногдох нэгж талбайн үнийг гаргасан байна. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар болон өртгийн хандлагаар үнэлгээг гаргаж хоёр аргын дунджаар хөрөнгийг үнэлсэн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2021/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД