Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1208

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян модот” ХХК-иар хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ хийлгэсэн. Уг үнэлгээгээр миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хорооолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133 596 458 төгрөгөөр, 29 тоотод байрлах 79.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118 353 909 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай, 128 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 186 514 980 төгрөгөөр, Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөгийг 28 153 103 төгрөгөөр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 518 470 төгрөгөөр, нийт 410 995 845 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний 70 хувиар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаанд оруулбал 410 995 845 төгрөг, хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар орвол 205 497 299 төгрөгөөр нийт 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Иймд “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.М-гээс 527 045 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 693 176 төгрөг гаргуулж “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Манай байгууллагаас барьцаа хөрөнгийг битүүмжилж хураагаад, дуудлага худалдаанд оруулахаар төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Төлбөр гаргуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгчөөс үнийн дүнг авч төлбөр авагч талд танилцуулахад талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон. Манай байгууллагаас үнэлгээ хийгээгүй бөгөөд үнэлгээний компанийн гаргасан үнэлгээтэй холбогдсон гомдлоо манайд холбогдуулж гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Манай талаас үнэлгээг хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баян модот” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би шүүхэд 5 үл хөдлөх хөрөнгийг Баянгол дүүргийн шүүхэд зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 5 үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлсэн “Баян модот” ХХК-ийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-гээс 613 236 083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 тоот тогтоолоор хариуцагч Д.М-гээс нийт 527 045 208 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ- 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 29 тоотод байрлах 79.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-12 үйлчилгээний зориулалттай, 128 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 189/02, 189/01 тоот тогтоолоор битүүмжилж, мөн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/01, 189/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан байна. /хэргийн 117-122 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Д.М- нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар санал өгсөн ба түүний үнийн саналыг төлбөр авагч “Есөн дэлбээ” ХЗХ зөвшөөрөөгүй болох нь түүний хариуцагч байгууллагад гаргасан үнийн санал өгөх тухай баримтаар тогтоогдож байна. /хэргийн 134 дүгээр тал/

 

Иймд хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай 281 тоот тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн байх бөгөөд шинжээч барьцааны зүйл болох 5 үл хөдлөх эд хөрөнгийг 587 136 922 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 132-134, 137-151 дүгээр тал/

 

Гэвч хариуцагч байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Д.М-д 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, төлбөр авагч “Есөн дэлбээ” ХЗХ-д 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэсэн журмыг зөрчсөн байх тул уг үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, дээрх үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хариуцагч давж заалдах гомдол гаргаж маргаагүй шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.

 

Түүнчлэн, “Баян модот” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн замд байршилтай 3 өрөө орон сууцыг худалдах 10 гаруй мэдээллээс харьцуулалт хийсэн гэсэн атлаа мэдээллийн эх сурвалжаа заагаагүй болон үнэлгээг гаргахдаа өмчлөх эрхийн, хөрөнгийн биет байдлын, цаг хугацааны гэх мэт хүчин зүйлсийн тохиргоог хийсэн гэх атлаа хэдэн онд ашиглалтад орсон, ямар материалаар баригдсан байрыг харьцуулах обьектоор сонгосон, элэгдэл хорогдлыг хэдэн хувиар тооцсон, харьцуулах обьектийн хаягийг огт дурдаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Мөн дээрх дүгнэлтийг гаргасан “Баян модот” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг зохигч болон тус компаний зүгээс гаргаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

Шийдвэр гүйцтгэх байгууллагаас Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах ажиллагааны явцад шүүх үнэлгээ хийлгэх эрхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээч томилох ажиллагаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр барагдуулах ажиллагаанд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                   С.ЭНХТӨР