Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 837

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 4 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Хөх тайж овогт Доржготовын Мягмарсүрэн /РД: ШЕ60011012/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн миний бие 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол /17120/, Морингийн зам 60/1 тоот байрыг барьж, улсын комиссын 32/2009 актаар онц дүнтэй хүлээлгэн өгсөн. Энэ барилга төмөр бетон цутгамал, өнгөт тоосгоор өнгөлсөн, 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай, төв зам дагуу байрлалтай 5, 6 дугаар давхар нь хаусын зориулалтай сүүлийн үеийн зургаар хийсэн чанартай барилга юм. Энэ барилгаас 5, 6 дугаар давхарт байрлах хаусын зориулалттай 2 ширхэг орон сууц, мөн хотын төвийн зам дагуу байрлалтай, супер засвар хийгдсэн 1 ширхэг орон сууц, мөн өөр хүний өмчлөлийн 2 давхар хаусын зориулалттай орон сууц 1 ширхэг нийт 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж миний бие нь Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршооноос 240,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй аваад, 350,000,000 төгрөгийн хүү төлсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Д.Мягмарсүрэнтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанд байгаа эд хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргаж байсан. Гэвч Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо нь бүх зүйлийг мөнгөөр шийдэж Дээд шүүх дээр шийдвэрийг өөрийн талд гаргуулсан билээ.

 

Одоо мөн Баян модот ХХК-иар хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ хийлгэсэн байна. Тухайлбал:

 

Баян модот ХХК нь миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133,596,458 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 29 тоотод байрлах 79.2 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118,353,909 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-12 үйлчилгээний зориулалттай, 128 м/кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 186,514,980 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөгийг 28,153,103 төгрөгөөр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120,518,470 төгрөгөөр, нийт 410,995,845 төгрөгөөр үнэлжээ.

 

Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээний 70 хувиар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаанд оруулбал 410,995,845 төгрөг, хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар орвол 205,497,299 төгрөгөөр нийт 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Иймд Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Оюунаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №3308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Доржготовын Мягмарсүрэнгээс 527,045,208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,693,176 төгрөг гаргуулж Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх хуудас, баримт бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Манай байгууллагаас барьцаа хөрөнгийг битүүмжилж хураагаад, дуудлага худалдаанд оруулахаар төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Төлбөр гаргуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгчөөс үнийн дүнг авч төлбөр авагч талд танилцуулахад талууд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилсон. Ингээд шинжээчийн тогтоосон үнэлгээний дүнд төлбөр төлөгч тал гомдол гаргаад байгаа. Манай байгууллагаас үнэлгээ хийгээгүй бөгөөд үнэлгээний компанийн гаргасан үнэлгээтэй холбогдсон гомдлоо манайд холбогдуулж гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Манай талаас үнэлгээг хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 613,236,083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгож, Д.Мягмарсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 125,200,842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1068 тоот тогтоолоор хариуцагч Д.Мягмарсүрэнгээс нийт 527,045,208 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 668 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 17250542 дугаар тогтоолоор Д.Мягмарсүрэнд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Мягмарсүрэнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Мөн төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 29 тоотод байрлах 79.2 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-12 үйлчилгээний зориулалттай, 128 м/кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөгийг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус 2017 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 189/2 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/1 тоот тогтоолоор хураасан байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний асуудлаар санал зөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Баян модот ХХК-г шинжээчээр томилсон. Шинжээч Баян модот ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 17/0114 тоот үнэлгээний тайланд:

 

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 46 тоотод байрлах 89.4 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133,596,458.64 төгрөгөөр,

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны 29 тоотод байрлах 79.2 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118,353,909.67 төгрөгөөр,

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-12 үйлчилгээний зориулалттай, 128 м/кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 186,514,980.25 төгрөгөөр,

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн зам 60/1 дүгээр байрны Ү-4 тоот үйлчилгээний зориулалттай 39.6 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөгийг 28,153,103.19 төгрөгөөр,

-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49-10 тоотод байрлах 71 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120,518,470.44 төгрөгөөр буюу нийт 587,136,922.20 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, мөн зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө. гэжээ.

 

Баян модот ХХК нь шинжээч томилсон тогтоолын дагуу 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дүгнэлтээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Мягмарсүрэнд, мөн сарын 24-ний өдөр төлбөр авагч Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо ХХК-д тус тус танилцуулсан, мөн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаад төлбөр төлөгч, төлбөр авагч нараас санал хүсэлт гаргасан эсэх, гаргаагүй эсэх талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан журмыг ноцтой зөрчжээ.

 

Шинжээч Баян модот ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот дүгнэлтийн 3.4-д Зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоололд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, Морингийн замд байршилтай 3 өрөө орон сууцыг худалдах 10 гаруй мэдээллээс гэсэн атлаа мэдээллийн эх сурвалжаа заагаагүй, үнэлгээг гаргахдаа өмчлөх эрхийн, хөрөнгийн биет байдлын, цаг хугацааны гэх мэт хүчин зүйлсийн тохиргоог хийсэн гэх атлаа хэдэн онд ашиглалтад орсон, ямар материалаар баригдсан байрыг харьцуулах обьектоор сонгосон, элэгдэл хорогдлыг хэдэн хувиар тооцсон, харьцуулах обьектийн хаягийг огт дурдаагүй байна.

 

Ийнхүү шинжээч нь 281 дүгээр тогтоолд заасан нэр бүхий 5 үл хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан хөрөнгө албадан борлуулах тодорхой ажиллагаа явуулах, энэ ажиллагаатай хамт хийгддэг бусад ажиллагааг /албадан дуудлага худалдааны үнэ, дэнчингийн хэмжээг тодохойлох гэх мэт/ хийх боломжгүйд хүргэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян модот ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөө 2, 250,000,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээч 587,136,922.20 төгрөгөөр үнэлж, хэт үнэгүйдүүлсэн гэх гомдлыг үндэслэлгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын энэ үндэслэлээ нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян модот ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/0114 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,2000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР