Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00026

 

 С.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч М.Батсуурь, П.Соёл-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэр,

 Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226/МА2022/00033 дугаар магадлалтай,

 С.О-н нэхэмжлэлтэй

Д.Ө-д холбогдох

 19,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

12,517,418 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч С.О-с хариуцагч Д.Ө-д холбогдуулан 19,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 12,517,418 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ө-аас 19,400,000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-т олгож, нэхэмжлэгч С.О-с 4,352,419 /дөрвөн сая гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Ө-д олгож, хариуцагчийн нэхэмжлэлээс 8,165,000 /найман сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө-с нийт 15,047,581 /арван таван сая дөчин долоон мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,229 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө-с 349,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т, нэхэмжлэгч С.О-с 4,352,419 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84,589 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ө-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226/МА2022/00033 дугаар магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтын ...хариуцагч Ө-с 19,400,000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-т олгож... гэснийг ...нэхэмжлэгч О-н гаргасан 19,400,000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож... гэж, 3 дахь заалтын ...хариуцагч Д.Ө-с 349,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т... гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нар журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалын Үндэслэх хэсэгт ...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзаж тэдний хооронд үүссэн гэрээний үүрэг хожим дуусгавар болсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан ойлголтод хамруулах боломжтой юм.

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үр шим хүртсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүгээгдэхүүн нь эд юмсын үр шим байна гэж тодорхойлсон бөгөөд орон сууцыг эзэмших хугацаанд шинээр бий болсон буюу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн гэх зүйл байхгүй байгаа ба хариуцагч үр шим олсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Ө нь гэр бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраагүй бол хэн нэгэн иргэнд байраа хөлслөх байсан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж байгааг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл гэх ойлголтуудад хамааруулах үндэслэлгүй ба хариуцагч нь орон сууцыг хөлсөлж орлого олох зорилгоор худалдан авсан болон бусдад хөлсөлж бодитойгоор орлого олсон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.... гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Д.Ө нь гэр бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраагүй бол хэн нэгэн иргэнд байраа хөлслөх байсан гэж тодорхойлоогүй, давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүй, худал дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндсэн гурван хэсэгтэй. Үүнд:

- Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар 25-ны өдрийг дуустал маргаж буй 16 тоотод байршилтай гурван өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсныг тогтоосон,

- Хариуцагч Д.Ө нь нийт 32 сарын хугацаанд гурван өрөө орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Учир нь Д.Ө уг орон сууцыг дээр дурдсан хугацаанд хууль бусаар эзэмшиж амьдраагүй бол өөр байр, орон сууц хөлслөн амьдрах байсан,

- Шүүхийн захирамжийн дагуу томилогдсон үнэлгээний компанийн тогтоосноор гурван өрөө орон сууцны нэг сарын түрээс буюу хөлслүүлэх үнэ 500,000-650,000 төгрөг.

Нэхэмжлэгч тал хариуцагч Д.Ө-г Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн үзэж байгаа болно. Тиймээс магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.12.23-ны өдрийн 001/ШХТ2023/00001 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 7. Нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ: ...өөрийн өмчлөлийн ...... орон сууцыг Д.Ө-д худалдахаар тохирч 2014.01.17-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлсэн боловч Д.Ө нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилж шүүхэд хандсанаар шүүх нэхэмжлэлийг хангаж, орон сууцаа буцаан авахаар болсон. ...хариуцагч нь өнөөдрийг хүртэл миний орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч, үндэслэлгүй хөрөнгөжиж байна. ...миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраагүй бол өөр хэн нэгэнд хөлсөлж орлого олох боломжтой байсан. ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар Д.Ө нь 2022.04.25-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн, ..иймд анх шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгэсэн 2019.06.25-наас 2020.12.25-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгөөр тооцож 9,000,000 төгрөг, 2020.12.25-наас 2022.04.25-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд сарын 650,000 төгрөгөөр /шинжээчийн дүгнэлтээр/ тооцож 10,400,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

сөрөг нэхэмжлэлийн хувьд: ...байранд засвар хийхдээ энэ талаар надад хэлж байгаагүй тул засвар хийсэн эсэхийг мэдэхгүй, энэ төлбөрийг төлөхгүй, ...энэ хугацаанд орон сууцанд үнэ төлбөргүй суусан тул Хас банкинд төлсөн 4,297,419 төгрөг болон 220,000 төгрөгийг шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Хариуцагч Д.Ө хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...бидний дунд түрээсийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...харин байрыг худалдаж аваад 8,000,000 төгрөгийн засвар хийсэн, мөн худалдах-худалдан авах гэрээний үнэд 4,297,419 төгрөгийг Хас банкинд, нэхэмжлэгчийн цалингийн зээлд 220,000 төгрөгийг тус тус төлсөн тул нийт 12,517,419 төгрөгийг нэхэмжилнэ... гэжээ.

 8. Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн 2021.09.28-ны өдрийн 001/ХТ2021/01147 дугаартай тогтоол авагдсан байх ба тус тогтоолоор зохигчийн хооронд өмнө нь үүссэн орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн байна.

 Уг тогтоолоос үзвэл: талууд 2014.01.17-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, С.О өөрийн өмчлөлийн ....... орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдах, Д.Ө 5,222,916 төгрөгийг бэлнээр, үлдэх 16,777,084 төгрөгийг С.О-н Хас банктай байгуулсан гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдмөгц өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээний дагуу ******* орон сууцыг Д.Ө-н эзэмшилд шилжүүлсэн боловч хариуцагч төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр С.О 2019 онд гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, 2016.04.20-ноос 2019.04.20-ыг хүртэлх 36 сарын хугацаанд бусдын орон сууцыг түрээслэн хохирол учирсан үндэслэлээр 16,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан,

 Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2021.09.28-ны өдрийн 001/ХТ2021/01147 дугаартай тогтоолоор ...хариуцагч Д.Ө-с 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 16,798,587 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэлээс 16,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.

 Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцанд хууль бусаар амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 19,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь орон сууцанд засвар хийсэн, орон сууцны төлбөр төлсөн үндэслэлээр өөрт учирсан хохиролд 12,517,419 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэхдээ: ...нэхэмжлэгч нь орон сууцаа худалдах зорилгоор хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тэдний хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, буцаан шаардах шаардлагад шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон үр шим хамаарах тул хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үр шим хүртсэн гэж үзэж Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэлийг хангана, ...хариуцагч нь орон сууцыг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлээгүй тул тухайн орон сууцыг бүрмөсөн өөрийн болгосон гэж үзэж засвар хийж, хохирол учирсан гэх зардлыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д нийцэхгүй, харин нэхэмжлэгчийн Хас банкин дахь дансанд төлсөн төлбөр, цалингийн зээлд төлсөн төлбөрийг баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу нийт 4,352,419 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэж, улмаар зохигчийн гаргасан шаардлагууд ижил төрлийн буюу мөнгөн төлбөрийн шаардлага, мөн гүйцэтгэх хугацаа нь адил тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан тооцож дуусгавар болгох нь зүйтэй гээд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасаж, үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй... гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх: ...нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан ...өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөр авах бүх зүйл... гэх ойлголтуудад хамааруулах үндэслэлгүй ба хариуцагч нь орон сууцыг хөлсөлж орлого олох зорилгоор худалдан авсан болон болон бусдад хөлсөлж бодитойгоор орлого олсон гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн үндэслэл бүхий болжээ... гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 10. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүлээн авч хянан хэлэлцсэн болно.

 11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...хариуцагч нь орон сууцанд хууль бусаар амьдарч, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хэрэв дээр дурдсан хугацаанд хууль бусаар амьдраагүй бол өөр байр, орон сууцыг хөлслөн амьдрах байсан тул энэ хугацааны түрээс буюу орон сууцны хөлс гаргуулна... гэж тайлбарлажээ.

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсэд өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйлс хамаарна гэж тодорхойлсон,

 Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна, 88.2-т эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ гэж тус тус заажээ.

 12. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан шилжүүлж авсан нь гэрээг хүчин төгөлдөр бус болсон, эсхүл зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буюу гэрээнээс татгалзсаны үр дагавар юм.

 Иймд хариуцагчийг орон сууцанд хууль бусаар сууж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 Улмаар нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй болно.

 13. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо хариуцагчийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэжээ.

 Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих ойлголтыг зохицуулсан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж, 496.2-т хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэжээ.

 14. Нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс ямар төлбөр төлж зардал гаргаснаар хариуцагчийг бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний дагуу орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, амьдарч байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, энэ хугацаанд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 15. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс талуудын диспозитив зарчимд үндэслэн гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 16. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн алдааг залруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 17. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226/МА2022/00033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.О-с 2022.12.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БАЯРМАА

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД          М.БАТСУУРЬ

                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                     Х.ЭРДЭНЭСУВД