Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 226/МА2022/00033

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04-ний өдөр            226/МА2022/00033                                      Хэрлэн сум

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Ө-ад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00033

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч С.О-,   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэртэй С.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох “19.400.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Д.Б “12.517.418 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-16 тоотод байршилтай 62.2 м2 талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд орон сууцаа Д.Ө-ад худалдахаар тохиролцож орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Д.Ө- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож, орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээний улмаас учирсан хохирол 16.200.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/01147 тоот тогтоол гарч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан  хариуцагч Д.Ө-аас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг 41 дүгээр байрны 16 тоотын 3 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч С.О-т, С.О-ээс 16.798.587 төгрөг гаргуулж Д.Ө-ад олгохоор шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Д.Ө-ыг маргаж буй 41-16 тоотод байршилтай гурван өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгааг тогтоосон гэж үзэж байна.

Д.Ө- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал буюу 27 сарын хугацаанд миний өмчлөлийн гурван өрөө орон сууцанд маань үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож нийт 13.500.000 төгрөгийг Д.Ө-аас нэхэмжилж байна” гэв.

Нэхэмжлэгч С.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч тал 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 3 өрөө байрны түрээсийн үнэ 2019-2022 онуудад хэдэн төгрөг байсан талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу хөрөнгийн үнэлгээний "Ф" ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан ба “3 өрөө байрны түрээс 2021 онд 650.000, 2019, 2020 онуудад түрээсийн үнийн мэдээлэл олдохгүй байгаа тул үнийн мэдээлэл гаргах боломжгүй, судалгаа хийх явцад 2 өрөө байр 250.000-450.000 төгрөг байгаа бөгөөд 3 өрөө байрны 1 сарын түрээсийн үнэ 100.000-150,000 төгрөгийн зөрүүтэй байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

- 2021.01.01-2021.02.25-ныг хүртэлх хугацааны зөрүү төлбөрт  2.100.000 төгрөг,

-2022.02.25-2022.04.25-ны хүртэл 2 сарын хугацаанд С.О- миний өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүйгээр, хууль бусаар амьдарсан тул нэг сарын 650.000 төгрөг, нийт  1.300.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 3.400.000 төгрөгөөр ихэсгэсэн тул улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн болно.

Иймд 2019.06.25-2020.12.25-ныг хүртэл буюу 18 сарын хугацааг нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож 9.000.000 төгрөг, 2020.12.25-2022.02.25-ныг хүртэл буюу 16 сарын хугацааг нэг сарын 650.000 төгрөгөөр тооцож 10.400.000 төгрөг, нийт 19.400.000 төгрөгийг Д.Ө-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Ө- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч миний бие нь С.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 1147 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч нь биелүүлээгүй, бидний дунд түрээсийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Олон ч шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сард С.О-т байрыг эргүүлэн өгөөд С.О-ээс байрны үнэ 16.000.000 төгрөгийг гаргуулж  бид нарт олгох талаар шүүхийн шийдвэр гарсан болохоос биш байрыг хууль бус эзэмшигч гэж үзээгүй. С.О- мөнгөө одоо болтол өгөөгүй. Түрээсийн талаар ойлголт байхгүй гэж бодож байна... гэв.

Хариуцагч Д.Ө- нь С.О-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1147 дугаартай улсын дээд шүүхийн тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 16 тоот орон сууцыг Д.Ө-аас гаргуулж С.О-т, С.О-ээс 16.798.587 төгрөгийг гаргуулж Д.Ө-ад олгохоор шийдвэрлэсэн... уг тогтоолоор 2014-2015 онд Хас банкинд төлсөн төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд байрны үнэд 2014-2015 онд Хас банкинд төлсөн 4.297.419 төгрөг, мөн байрны засварт зарцуулсан 8.000.000 төгрөг, байр худалдан авсны төлбөр суутгаж С.О-ийн цалингийн зээлд төлсөн 220.000 төгрөг, нийт  12.517.419 төгрөгийг С.О-ээс гаргуулж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Д.Ө-ын сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Д.Ө- нь 2014-2015 онуудад Хас банканд маргаж буй байрны лизинг болох төлбөр төлж байсан, үүнтэй маргахгүй. Харин Д.Ө- нь гэр бүлийн хамт 2014-2015 онд миний байранд үнэ төлбөргүй амьдарч байсан тул шаардаж буй 4.297.419 төгрөгийг өгөхгүй. Д.Ө- нь уг орон сууцанд засвар хийх гэж байгаа талаараа надад огт хэлж байгаагүй, засвар хийсэн эсэхийг нь миний бие мэдэхгүй тул шаардаж буй 8.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний цалингийн зээлийг Д.Ө- төлсөн гэж бодохгүй байгаа тул 220.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас 8 жил өнгөрсөн тул дээр дурьдсан 220.000 төгрөг, 4.297.419 төгрөгийг тус тус шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хоньчин овогт Дашнямын Д.Ө-аас 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Таван хонгор овогт Саарайн С.О-т олгож, нэхэмжлэгч С.О-ээс 4.352.419 /дөрвөн сая гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Ө-ад олгож, хариуцагчийн нэхэмжлэлээс 8.165.000 /найман сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө-аас нийт 15.047.581 /арван таван сая дөчин долоон мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349.750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.229 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө-аас 349.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т, нэхэмжлэгч С.О-ээс 4.352.419 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84.589 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ө-ад тус тус олгохоор заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх хуралдааны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм. Учир нь: Саарай овогтой С.О-ийн банкин даxь төлбөрийг 2014-2015 , 2019-2026 он xүртэл бүx төлбөрийг төлж дуусгасан болно. Гэвч С.О- нь аль муу арга болгоныг хэрэглэж /Жич: Түрээслэж байсан түрээсийн байранд амьдарч байсан гэх мэтчилэн/ манай авах ёстой мөнгийг өгөхгүй байгаа нь хэрээс хэтэрч байгаа юм. Уг байр нь маргаантай шүүхийн шийдвэртэй байсан. Харин манайх шүүхийн шийдвэрийн ажилтанг уг байрыг суллах шийдвэр өгөхөд даруй суллаж өгсөн. С.О- харин өмнөх шийдвэрийг биелүүлэхгүй одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй цаг хугацаа ашиглаж шамжигдуулж үнэгүйдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.             

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан “...миний өмчлөлийн гурван өрөө орон сууцанд маань үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул... 2019.06.25-2020.12.25-ныг хүртэл буюу 18 сарын хугацааг нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож 9.000.000 төгрөг, 2020.12.25-2022.02.25-ныг хүртэл буюу 16 сарын хугацааг нэг сарын 650.000 төгрөгөөр тооцож 10.400.000 төгрөг, нийт 19.400.000 төгрөгийг Д.Ө-аас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Д.Ө- нь “...бидний дунд түрээсийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байгаа бөгөөд “...байрны үнэд 2014-2015 онд Хас банкинд төлсөн 4.297.419 төгрөг, мөн байрны засварт зарцуулсан 8.000.000 төгрөг, байр худалдан авсны төлбөрт суутгаж С.О-ийн цалингийн зээлд төлсөн 220.000 төгрөг, нийт  12.517.419 төгрөгийг С.О-ээс гаргуулж өгнө үү...” гэж сөрөг нэхэмжлэл гаргасан,

Нэхэмжлэгч С.О- “Хариуцагч Д.Ө- нь 2014-2015 онуудад Хас банканд маргаж буй байрны лизинг болох төлбөр төлж байсан, үүнтэй маргахгүй. Харин Д.Ө- нь гэр бүлийн хамт 2014-2015 онд миний байранд үнэ төлбөргүй амьдарч байсан тул шаардаж буй 4.297.419 төгрөгийг өгөхгүй. Д.Ө- нь уг орон сууцанд засвар хийх гэж байгаа талаараа надад огт хэлж байгаагүй, засвар хийсэн эсэхийг нь миний бие мэдэхгүй тул шаардаж буй 8.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний цалингийн зээлийг Д.Ө- төлсөн гэж бодохгүй байгаа тул 220.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас 8 жил өнгөрсөн тул дээр дурьдсан 220.000 төгрөг, 4.297.419 төгрөгийг тус тус шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргаж байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх Д.Ө-аас 19.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгож, нэхэмжлэгч С.О-ээс 4.352.419 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Ө-ад олгож, хариуцагчийн нэхэмжлэлээс 8.165.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагчийн гомдолд: “Шүүх хуралдааны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм. Учир нь: С.О- нь аль муу арга болгоныг хэрэглэж /Жич: Түрээслэж байсан түрээсийн байранд амьдарч байсан гэх мэтчилэн/ манай авах ёстой мөнгийг өгөхгүй байгаа нь хэрээс хэтэрч байгаа юм... манайх шүүхийн шийдвэрийн ажилтанг уг байрыг суллах шийдвэр өгөхөд даруй суллаж өгсөн. С.О- харин өмнөх шийдвэрийг биелүүлэхгүй одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй цаг хугацаа ашиглаж шамжигдуулж үнэгүйдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-16 тоот орон сууцаа Д.Ө-ад худалдахаар тохиролцож орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Ө- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/01147 тоот тогтоолоор Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан  хариуцагч Д.Ө-аас орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч С.О-т, С.О-ээс 16.798.587 төгрөг гаргуулж Д.Ө-ад олгохоор шийдвэрлэжээ.

 

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзаж тэдний хооронд үүссэн гэрээний үүрэг хожим дуусгавар болсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан ойлголтод хамруулах боломжтой юм.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үр шим хүртсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна” гэж тодорхойлсон бөгөөд орон сууцыг эзэмших хугацаанд шинээр бий болсон буюу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн гэх зүйл байхгүй байгаа ба хариуцагч үр шим олсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч “Д.Ө- нь гэр бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраагүй бол хэн нэгэн иргэнд байраа хөлслөх байсан” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж байгааг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан “...өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл...” гэх ойлголтуудад хамааруулах үндэслэлгүй ба хариуцагч нь орон сууцыг хөлсөлж орлого олох зорилгоор худалдан авсан болон бусдад хөлсөлж бодитойгоор орлого олсон гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Талууд 2014-2015 онуудад Х банканд маргаж буй байрны лизинг болох 4.352.419 төгрөгийг төлж байсан байдал болон төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байна.

 

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/01147 тоот тогтоолоор нэхэмжлэгч С.О-ийг гэрээнээс татгалзсаныг баталж гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаахаар шийдвэрлэсэн тул Д.Ө-ын тус орон сууцыг худалдан авахад зарцуулсан мөнгөний зарим хэсэг болох 4.352.419 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа боловч Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн цалингийн зээлд 220,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилснийг баримтын хүрээнд 55,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан, мөн эд хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж үзэж тухайн орон сууцанд засвар хийснийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй засвар хийсэн гэх үндэслэлээр 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

1 дэх заалтын “...хариуцагч Д.Ө-аас 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгож...” гэснийг “...нэхэмжлэгч Таван хонгор овогт С.О-ийн гаргасан 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэж,

            3 дахь заалтын “...хариуцагч Д.Ө-аас 349.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-т...” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.БОЛОРМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Б.ДЭНСМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ