Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2021/00253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Г, гэрч Б.И, Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороонд хэсгийн ахлагчийн ажил эрхэлдэг. 2019 оны 2 сарын сүүлээр Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авах зорилгоор хөөцөлдөж 2019 оны 04 сарын 09-ний өдөр тус банкнаас 3.500.000 төгрөг авахаар болсон. Гэтэл надтай хамт ажилладаг А.Б, Ч.Н нар эгч ээ бид хоёр банк бусаас зээл авчихсан юм. Гэтэл цалингийн зээл авах гэхээр заавал зээлээ хааж байж авах болоод байна. Та авсан мөнгөө бид хоёрт 1 хоногийн хугацаатай зээлчих. Бид хоёр банк бусын зээлээ хаагаад цалингийн зээлээ аваад танд мөнгийг буцаагаад өгье гэж гуйгаад байхаар 3.400.000 төгрөгийг заавал гэрчтэй зээлүүлнэ, буцааж авахдаа мөн тэр гэрчээ байлгана гэж хэлээд хэсгийн ахлагч Б.И-ыг байлцуулан мөнгийг өгсөн. Ингээд Б.И, Ч.Н, А.Б бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн Драгон салбарын Хөрөнгө оруулалтын банкнаас 3.400.000 төгрөгийг авч Ч.Н-т 2.400.000 төгрөг, А.Б-т 1.000.000 төгрөг өгсөн. Ингээд тэд банк бусынхаа зээлийг хаасан. Хоёр хоногийн дараа гэрч Б.И-ыг байлцуулан Ч.Н, А.Б бид дөрөв машинд уулзсан. Ч.Н надаас авсан 2.400.000 төгрөгийг буцааж өгсөн, харин А.Б 1.000.000 төгрөгөө буцааж өгөөгүй. Ингээд А.Б мөнгөө өгөхгүй удаад байхаар нь чи авсан 1.000.000 төгрөгөө өгөөч гэж удаа дараа шаардсан боловч А.Б чамд ганцаараа байхад чинь өгчихсөн, гээд хэн ч итгэмээргүй худал зүйл яриад миний сайхан сэтгэлийг ашиглан надад хүндрэл учруулж байна. Иймд хариуцагч А.Б-ээс 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б нь нэхэмжлэгч Д.Г-тэй 2010 оны 10 сараас хамт ажиллаж байгаа. 2019 оны 4 сарын 10-ны өдөр Драгон салбарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 4.000.000 төгрөг авч гарч ирээд мөн хэсгийн ахлагч Ч.Н-ын машинд жолоочийн суудал дээр хэсгийн ахлагч Б.И, хажууд нь Д.Г, мөн миний бие хамт сууж байгаад мөнгөө тоолж өгчхөөд 10 дугаар хороололд байрлах Хишиг-Монгол зоогийн газар орж хоол идээд тухайн үед 24 дүгээр хороон дээр очиж хурууны хээгээ уншуулаад тарсан. Ингээд 2020 оны 6 дугаар сард хамт ажилладаг хэсгийн ахлагч О надад: -Чи Д.Г-т өртэй юм уу гэхэд үгүй гэтэл -Тэгж яриад байна гэж жил гаруй хугацааны дараа сонссон. Нэг удаа Д.Г-тэй ярьж үзэх гэтэл тодорхой юм яриагүй чи надад мөнгө өгсөн юм бол ямар мөнгөн дэвсгэрт өгсөн юм гэхэд нь 10, 20 мянгатын дэвсгэрт өгсөн гэхэд үгүй надад тийм мөнгө байхгүй гэж хэлсэн. Би Н, И нар мэдэж байгаа гэхэд хэдийн тэр хоёртой үгсэн тохиролцсон байсан. Н-тай би утсаар ярихад би сайн санахгүй байна гэж хэлсэн. Жил гаруй хугацааны дараа Д.Г-ээс 100.000 төгрөг авч, 105.000 төгрөг болгож өгсөн. Тухайн үед 1.000.000 төгрөгийн тухай ердөө яриагүй байж жил гаруйн дараа хамт ажиллагсдад ярьж байгаа нь сонин. Д.Г-тэй ярилцахдаа үнэхээр би өгөөгүй юм бол 1 сар, 2 сар болгоод нэхэхгүй яасан юм бэ гэхэд дугараагүй билээ. Миний бодлоор бид бүгд адил амьдралтай, 1 сая төгрөг хүнд өгөөд мартах чинээний баян хүмүүс биш. Би ч бас хүнээс 1 сая төгрөг авчхаад 1 жил гаруй хугацаа болоход өгөхгүй байх сэтгэлтэй, мартах хүн биш. Уг байдлыг харгалзан үзэж, үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсье гэв.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлдүүлсэн гэх 1.000.000 төгрөгийг хариуцагч А.Б-ээс буцаан шаардсан. Хариуцагч А.Б нь зээлийн төлбөр болох 1.000.000 төгрөгийг 1 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.И, Ч.Н нарын дэргэд, бэлнээр төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Б-т 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн.

Дээрх хугацаанд талууд Б.И, Ч.Н нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Мөн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор Ч.Н, Б.И нарын гарын үсэг бүхий бичмэл баримт, Д.Г-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 3.500.000 төгрөгийн зээл авсан бичмэл баримт, Д.Г-ийн Хаан банк дахь 5005544521 дугаартай дансны хуулга, Д.Г-ийн 2909002289 дугаартай зээлийн дансны хуулга, А.Б болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ, А.Б-ийн 2909000555 дугаартай зээлийн дансны хуулга, Б.Б-ын Хаан банк дахь 5018665201 дугаартай дансны хуулга, Ч.Н-ын 2909003120 дугаартай зээлийн дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 1.000.000 төгрөгийг, хүүгүй, 1 хоногийн хугацаатай хариуцагч А.Б-т зээлдүүлэхээр амаар тохиролцсон, мөн өдөртөө 1.000.000 төгрөгийг А.Б-т хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Талуудын хоорондын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд хамаарна.

Хариуцагч А.Б нь дээрх зээлийн төлбөр болох 1.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Ч.Н, Б.И нарын дэргэд, машин дотор, бэлнээр Д.Г-т хүлээлгэж өгсөн хэмээн тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг ба энэ үүргээ биелүүлсэн эсэх нь бусад баримтаар давхар нотлогдох ёстой. Гэтэл гэрч Ч.Н: ... А.Б машин дотор, миний дэргэд мөнгө төлөөгүй... гэж мэдүүлсэн бол гэрч Б.И: ... А.Б нэг хонуулаад мөнгийг өгье гэж хэлж байсныг санаж байна, гэхдээ энэ үгийг хэзээ хэлснийг санахгүй байна, А.Б нь Д.Г-т мөнгө төлсөн эсэхийг санахгүй байна... хэмээн мэдүүлжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, ... зээлсэн 1.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Б.И, Ч.Н нарын дэргэд, машинд, бэлнээр Д.Г-т хүлээлгэж өгсөн ... гэх хариуцагчийн хариу тайлбар нь тухайн үед дэргэд нь байсан гэх Б.И, Ч.Н нарын мэдүүлгээс өөр нотолгооны хэрэгслээр батлагдах боломжгүй байна.

Гэтэл ... зээлсэн 1.000.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Б.И, Ч.Н нарын дэргэд, машинд, бэлнээр Д.Г-т хүлээлгэж өгсөн ... гэх хариуцагчийн хариу тайлбар нь гэрч Ч.Н-ын мэдүүлгээр няцаагдсан болно. Гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагддаг тул Ч.Н-ын мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм.

Нөгөө талаас, хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, Б.И, Ч.Н нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Ч.Н-аас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсаныг хариуцагч эс зөвшөөрч, улмаар Ч.Н-аас гэрчийн мэдүүлэг авхуулахаар бие даасан хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагч талын хүсэлтээр Ч.Н-аас гэрчийн мэдүүлэг авсан. Иймд, гэрч Ч.Н-т нэхэмжлэгч талаас нөлөөлсөн гэж үзэх нь учир зүйн холбоогүй юм.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болох Д.Г, Ч.Н нарын зээлийн дансны хуулга, А.Б-ийн зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч дансандаа 2.000.000 төгрөгийн орлого хийсэн талаарх бичмэл баримтууд нь талуудын маргаж буй үйл баримт болох 2019 оны 04 сарын 10-ны өдөр, машин дотор, Б.И, Ч.Н нарын дэргэд А.Б 1.000.000 төгрөгийг Д.Г-т төлсөн, эсэх-ийг тогтоож буй шууд нотлох баримт биш юм.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Г-ийн охин 100.000 төгрөгийг хариуцагч А.Б-т зээлдүүлж, 2020 оны 04 сарын 25-ны өдөр 105.000 төгрөг болгон буцааж авсан талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Шүүхийн зүгээс, нэхэмжлэгчийн охин 100.000 төгрөгийг хариуцагчид нэмж зээлдүүлсэн тул нэхэмжлэгч өмнөх зээлийн төлбөрөө хариуцагчид төлж барагдуулсан байна гэж дүгнэхэд эргэлзээтэй, түүнчлэн, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг буцааж авсан тул 1 жил 6 сарын дараа шүүхэд хандсан байна гэж дүгнэх нь мөн л эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Талуудын хоорондын 1.000.000 төгрөг зээлдүүлсэн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч 1.000.000 төгрөгийг буцааж төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул хариуцагч А.Б-ээс 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Гэрчүүдээс шүүх хуралдаанд мэдүүлэг авсантай холбогдуулан зохигчид нэмэлт нотлох баримт цуглуулахаас татгалзсан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан А.Б-ээс 1.000.000 төгрөгийг гаргуулан Д.Г-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-ээс 29.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР