Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00602

 

 

 

 

 

 

 

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/00253 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гийн хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, хариуцагч А.Б,түүний өмгөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 04 сарын 09-ний өдөр Хөрөнгө орлуулалтын банкнаас 3 500 000 төгрөгийн зээл авсан. Гэтэл надтай хамт ажилладаг А.Б, Ч.Нандингарав нар 1 хоногийн хугацаатай мөнгө зээлэхийг хүссэн. Ингээд Ч.Нарангаравт 2 400 000 төгрөг, А.Бт 1 000 000 төгрөг зээлсэн. Ч.Нандингарав нь 2 400 000 төгрөгийг буцааж өгсөн, харин А.Б 1 000 000 төгрөгөө буцааж өгөөгүй. Иймд хариуцагч А.Бээс 1 000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Гээс 1 000 000 төгрөгийг зээлж, 2019 оны 4 сарын 10-ны өдөр Драгон салбарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 4 000 000 төгрөг авч гарч ирээд хэсгийн ахлагч Ч.Нандингарав, Б.Ихбаяр нарын хажууд 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Жил гаруй хугацааны дараа Д.Гээс 100 000 төгрөг авч, 105 000 төгрөг болгож буцааж өгсөн. Буцааж төлсөн мөнгийг жил гарангийн дараа нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан А.Бээс 1 000 000 төгрөгийг гаргуулан Д.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс 29 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Д.Гээс               1 000 000 төгрөгийг зээлж, 2019 оны 4 сарын 10-ны өдөр Драгон салбарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 4 000 000 төгрөг авч гарч ирээд хэсгийн ахлагч Ч.Нандингарав, Б.Ихбаяр нарын хажууд 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Жил гаруй хугацааны дараа Д.Гээс 100 000 төгрөг авч, 105 000 төгрөг болгож буцааж өгсөн. Гэрч Б.Ихбаяр мэдүүлэгтээ Д.Г нь А.Бээс 1 жил 7 сарын хугацаанд мөнгө нэхэж харагдаагүй. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр машин дотор мөнгө өгснийг харсан атлаа мөнгө буцааж өгсөнийг санахгүй байна гэсэн нь хоорондоо үгсэн тохиролцсоноо илэрхийлж, мөнгө авсан бичиг баримт байхгүйгээр далимдуулж нэхэмжлэл гаргасан. Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн. 2020 оны 9 дүгээр сард А.Б Ч.Нандингарав руу утсаар ярихад жил гарангийн үйл явдал санахгүй байна гэж хэлсэн байдаг. Ч.Нандингарав нь шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэхэд сандарч өөрийн гаргасан худал тодорхойлолтоо дэмжсэн. Гэрчүүд мөнгийг буцаан өгсөнийг харсан атлаа яагаад худал мэдүүлэг өгсөн болохыг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр амаар зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөгийг хүүгүй, 1 хоногийн хугацаатай хариуцагчид зээлдүүлж, тус өдрөө 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагчаас зээлсэн 1 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ихбаяр, Ч.Нандингарав нарын дэргэд бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх татгалзсан тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, хариуцагчийн дээрх тайлбар гэрч Б.Ихбаяр, Ч.Нандингарав нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Хариуцагчаас гэрчийн мэдүүлэг худал, зөрүүтэй гэсэн давж заалдах гомдол гаргаж байх боловч гэрч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж, мэдүүлгийг авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу бүрдүүлсэн үнэн, зөв нотлох баримт гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           С.ЭНХТӨР