Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00024

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Соёл-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01962 дугаар магадлалтай,

 А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох

 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах, гэрээний дагуу төлсөн төлбөр 105,600,000 төгрөг, зураг төсөл боловсруулах гэрээний төлбөр 13,090,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 128,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч А ХХК-иас хариуцагч Б холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах, гэрээний дагуу төлсөн төлбөр 105,600,000 төгрөг, зураг төсөл боловсруулах гэрээний төлбөр 13,090,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 128,690,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Б-с 118,690,000 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-с улсын тэмдэгтийн хураамжид 751,400 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01962 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-с 105,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,090,000 төгрөг гаргуулах болон Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 751,400 гэснийг 685,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б-н 2018 оны А/76 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар ашиглах эрх дуусгавар болно гэж, мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасныг удирдлага болгон, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.03.20-ны өдрийн 250 тоот саналыг тус тус үндэслэн гаргасан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон тухай асуудал биш юм.

Хэрэв нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Б-н /хуучин нэрээр/ 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байсан бол ЗЕХ-ийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасны дагуу А ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр болох Б-ын 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг хүчингүй болгох байсан.

Түүнчлэн Б нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл бүрдсэн бол газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл биш бөгөөд Иргэний хуулийн 227.1-т заасан хохирол гэж үзэх үндэслэл биш юм. Түүнчлэн газрын төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт ордог бөгөөд Б өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасныхаа төлөө их хэмжээний хохирол төлөх төлбөрт орж, улсын төсөвт үргүй зардал гарах эрсдэлтэй юм.

Иймд Б-ын /хуучин нэрээр/ 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй буюу сайд хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.01.05-ны өдрийн 001/ШХТ2023/00019 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 7. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан 128,690,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Тус компани Б-н /хуучин нэрээр/ 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар ...тусгай хамгаалалттай газар нутаг болох ... нэртэй газарт 4.0 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, ... дугаар гэрээ байгуулж, ... дугаар гэрчилгээ авч хуулийн хүрээнд газраа ашиглахаар бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байсан. Гэтэл Б-н 2018.03.29-ний өдрийн А/76 тушаалаар манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, энэ тушаалыг ...Б-н 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгох ёсгүй газарт газар олгосон, энэ алдаагаа*******, аялал жуулчлалын сайд засч 2018.03.29-ний А/76 тушаал гаргасныг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй... гэж үзсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. ...Тус компани Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/082 дугаартай гэрээний дагуу газрын төлбөрт нийт 105,600,000 төгрөгийг, мөн өөрийн эзэмшлийн газрыг ашиглаж барилга, байгууламж барихаар зураг төсөл боловсруулахад 13,090,000 төгрөгийг Т ХХК-д, Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 128,690,000 төгрөгөөр хохироод байгаа тул энэ төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарласан,

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу А ХХК нь газар ашиглах 3 талт гэрээ байгуулсан, гэрээний 2.4-т газар ашиглагч жилд 52,800,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөхөөр тусгасан ба гэрээний 4.2-т газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх үүргийг хүлээсэн. Иймд газрын төлбөрийг ашигласан эсэхээс үл хамаарч төлөх тул газрын төлбөрийг нэхэмжлэх эрхгүй, ...түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар газрыг тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, ...хугацааг сунгах болон хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг заасан. Иймд 2015-2018 онуудад газраа ашиглаж байсан гэх зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж байсан, өмгөөллийн үйлчилгээ авсан зэрэг үйлдэл нь яамнаас болон сайдаас үл шалтгаалах буюу газар ашиглагчийн хуулиар хүлээсэн үүрэг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 8. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл: Б-н /хуучин нэрээр/ 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар А ХХК-д ... газарт 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн 2015.12.25-ны өдөр 2015/767 дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон, 2016.06.06-ны өдөр З, Д, А ХХК хамтран гурван талт Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/082 гэрээг байгуулсан, гэрээнд зааснаар А ХХК тухайн газар дээр зориулалтын дагуу Б, БХТөлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглах, газрын төлбөрт жилд 52,800,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний дагуу газрын төлбөрт 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд нийт 105,600,000 төгрөгийг төлсөн байна.

 Түүнчлэн гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр өөрийн эзэмшлийн газар дээр баригдах үйлчилгээний барилгын, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга архитектур, барилга бүтээц, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан холбоо, дохиолол, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг, автомат удирдлагын ажлын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ авахаар 2016.12.05-ны өдөр Тэнүүн асар ХХК-тай Зураг төсөл боловсруулах №16-05 тоот гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 13,090,000 төгрөгийг төлжээ.

 Б-н 2018.03.29-ний өдрийн А/76 тушаалаар ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2-т заасныг үндэслэн А ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, дээрх тушаалыг эс зөвшөөрч А ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2020.05.13-ны өдрийн 169 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

 Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчийг анхнаасаа бусдын эзэмшилд ашиглах боломжгүй газарт газар ашиглах эрх олгож, захиргааны хууль бус шийдвэр гаргаснаас газрын төлбөр, гэрээний төлбөр, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид хөлс төлж хохирол учирсан гэх үндэслэлээр өөрөөс гарсан зардал, төлбөрийг хохиролд тооцон, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 9. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Б-н 2015 оны А/433 дугаар тушаал хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй, харин дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол үндэслэлтэй эсэх, уг хохирол хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийнэ, ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу яам хариуцан арилгана, ...нэхэмжлэгчид олгогдсон газар ашиглах эрх цуцлагдсанаар түүнийг газрын төлбөрт төлсөн төлбөр, газраа ашиглах зорилгоор Зураг төсөл боловсруулах гэрээний үүрэгт төлсөн төлбөрөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй, харин өмгөөлөгчид төлсөн төлбөрийг хохиролд тооцохгүй... гэж дүгнэж, хариуцагчаас 118,690,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн,

 Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүхийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх дүгнэлт үндэслэлтэй, харин Т ХХК-д Зураг төсөл боловсруулах гэрээний үүрэгт төлсөн 13,090,000 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчийн кассын зарлагын ордер-оос өөр бусад баримтаар нотлогдоогүй, нэг талын баримт тул дээрх зардал гарсан нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй... гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс 13,090,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 105,600,000 төгрөгийг гаргуулахаар, Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 10. Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2015 оны А/433 тоот тушаал нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоогүй, Б хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан гэм буруутай үйлдэл гэж үзэхгүй, ...мөн газрын төлбөр нь хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт ордог тул сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаснаар хохирол төлөх төлбөрт орж, улсын төсөвт үргүй зардал гарах эрсдэлтэй, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 12. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй байна.

 Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, зөвтгөх боломжтой гэж дүгнэв.

 13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс ...Б /хуучин нэрээр/ 2015 оны А/433 тушаалаар А ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохдоо хууль зөрчсөн буруутай... гэж дүгнэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 онд олгосон шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авсан, улмаар газрын төлбөр төлсөн боловч хожим буюу 2018 онд А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор тэрээр тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 Харин анхан болон давж заалдах шатны шүүх анхны газар эзэмших эрх олгосон 2015 оны А/433 дугаар тушаалыг хариуцагч хууль бусаар гаргасан, улмаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм буруутай гэж гэм хорын хохирол төлөх агуулгаар дүгнэлт хийсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж дүгнэв.

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 14. Иймд газрын төлбөрт төлсөн 105,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул ...газар эзэмшигч нь газрыг эзэмшсэн эсэхээс үл хамаарч газрын төлбөрийг төлөх үүрэгтэй, ...нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино, харин магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн алдааг залруулна.

 15. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01962 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД           М.БАТСУУРЬ

                                          Н.БАЯРМАА

                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                 Х.ЭРДЭНЭСУВД