Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01962

 

 

 

............-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...............- болон тус ........-д холбогдох улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, гэрээний дагуу төлсөн төлбөр 105,600,000 төгрөг, зураг төсөл боловсруулах гэрээний төлбөр 13,090,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 128,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ............-ХХК нь Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын (хуучин нэрээр) 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутаг болох Хүүшийн зүүн богины ам нэртэй газарт 4.0 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2016/082 дугаар гэрээ байгуулж, 2015/767 дугаар гэрчилгээ авч хуулийн хүрээнд газраа ашиглахаар бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байсан. Гэтэл ..............-аас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүх .....................-ын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгох ёсгүй газарт ашиглах эрх олгосон, алдаагаа ..............- засч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар тушаалыг гаргасан гэж дүгнэсэн.

Манай компани 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/082 дугаартай гэрээний дагуу газар ашиглах гэрээний төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 39,600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13,200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13,200,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13,200,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,400,000 төгрөг, нийт 105,600,000 төгрөг төлсөн.

1.2. ............-ХХК-ийн нэхэмжлэлтэй ..............-ад холбогдох захиргааны хэргийн маргаанд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн. Иймд ...............-наас 128,690,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар ............-ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Хүүшийн зүүн богины аманд 4 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 2018 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал тогтоол батлаад Туул голын сав газрын хамгаалалтын энгийн болон онцгой хамгаалалттай харьяа газарт хамаарч байна. Иймээс газар ашиглагч нарыг байрлуулах нь буруу, уулыг нураах голын усыг бохирдуулах юм байна гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Сайдын буруутай үйлдлээс газрыг ашиглах эрхийг дуусгавар болгоогүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу ............-ХХК нь газар ашиглах 3 талт гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.4-т газар ашиглагч нь жилд 52,800,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөхөөр тусгасан ба гэрээний 4.2-т газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийг дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх үүргийг хүлээсэн тул газрын төлбөрийг газар ашигласан эсэхээс үл хамаарна. Нэхэмжлэгч нь 105,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

2.2. ...............-ны үйл ажиллагааны улмаас болж нэхэмжлэгч нь өмгөөлөгч авсан асуудал байхгүй тул өмгөөлөгчийн хөлс гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар ...............-наас 118,690,000 төгрөг гаргуулж ............-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............-наас улсын тэмдэгтийн хураамжид 751,400 төгрөг гаргуулж ............-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ............-ХХК Байгал орчин, аялал жуулчлалын сайдыг хууль зөрчсөн тушаалын улмаас хохирсон гэж дүгнэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т заасныг удирдлага болгон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн ноцтой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэн гаргасан. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгоогүй. .....................-ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ............-ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр болох Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг хүчингүй болгох байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл бүрдсэн бол газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхийн хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл биш юм.

4.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаал гарах хүртэл ............-ХХК үйл ажиллагаа явуулж байсны хувьд төлбөр төлөх үүрэгтэй. ............-ХХК газар ашиглах 3 талт гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.4-т газар ашиглагч нь жилд 52,800,000 төгрөг төлөхөөр тусгасан ба гэрээний 4.2-т газрыг төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран төлөхөөр заасан. Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн газар ашиглаж байх хугацааны төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх 2018 оны А/76, 2018 оны А/433 дугаар тушаалын талаарх асуудлыг шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Усны тухай хуулийг зөрчсөн тул гарсан гэж тайлбарладаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх 2018 оны А/76 дугаар тушаал өмнө нь гаргасан 2015 оны А/433 дугаар тушаалын алдааг залруулж гарсан тул танай эрх ашгийг хөндөөгүй тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бүрэн тусгагдсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч тайлбар өгсөн. Нэхэмжлэгч аливаа хэлбэрээр зөрчил гаргаж байгаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн нь ............-ХХК 2015 оноос 2018 он хүртэл газар ашиглахдаа аливаа зөрчил гаргаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд тайлбарласан. Анхан шатны шүүх А/433 тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон нь хууль зөрчсөн байх алдааг залруулсан гэж дүгнэсэн.

5.2. Гурван талт гэрээ нь 5 жилийн хугацаанд газрыг ашигласан бол төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, анх ашиглах эрхийн хугацаа дуусаагүй байхад 2018 онд цуцалсан тул гэм хорын хохирол үүссэн. Газрын төлбөрийг Дардан говь ХХК-ийн данснаас төлсөн. Гэхдээ гүйлгээний утгад ............-ХХК-ийн регистрийн дугаар, газрын төлбөрт гэж тушаасан баримтууд хэрэгт авагдсан. Төлбөрийг хэн нэгнээр төлүүлэх эрх нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ............-ХХК хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад болон тус яаманд холбогдуулан гэм хорын хохирол 128,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (хуучин нэрээр) сайдын 2015 оны А-27 тоот тушаалаар ............-ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн зүүн богины аманд 4,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлсөн талаар талууд маргаагүй. Харин газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлөгдсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч буруутай эсэх нь маргааны зүйл болсон байна. (хх-ийн 8-11)

 

............-ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 19-26)

 

Дээрх шийдвэрт ... Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг анх олгохдоо хууль зөрчсөн буюу дархан цаазат газрын уулын энгэр налуу (уруу) байршилтай уул нураах, байгалийн унаган төрхийг алдагдуулах, байгалийн төлөв байдлыг өөрчлөх эрсдэлтэй, хуулиар хориглосон, олгох ёсгүй газарт газар ашиглах эрх олгосон нь хууль бус ... дүгнэсэн байна. (хх-ийн 71)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид олгосон газар ашиглах эрх олгосон 2015 оны А/433 дугаар тушаал хууль бус буюу хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй юм.

 

1.в. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар нэхэмжлэгч ............-ХХК нь хариуцагчаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

............-ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 2016/082 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрт 1 жилд 52,800,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 10-11)

 

Хариуцагч ...............- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч ............-ХХК газрын төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13,200,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13,200,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 26,400,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13,200,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 39,600,000 төгрөг, нийт 105,600,000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн даалгавар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. (хх-ийн 12-17)

 

1.г. Нэхэмжлэгч ............-ХХК болон Тэнүүн асар ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж төлбөрт 13,090,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримтаар тус гэрээ, кассын зарлагын ордер ирүүлжээ. Уг кассын зарлагын ордер гэх зарлагын баримт нь нэг талын буюу ............-ХХК-ийн зарлагын баримт ба өөр бусад нотолгооны хэрэгслээр дээрх зардлыг гаргасан гэх байдал нотлогдоогүй, эргэлзээтэй байна.

 

1.д. Хэрэгт авагдсан төлбөрийн баримтад төлөгч Дардан говь ХХК гэсэн боловч төлбөрийн зориулалт ............-ХХК газрын төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцсэн.

 

1.е. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ............-ХХК-ийг сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 10,000,000 төгрөг төлсөн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль зөрчсөн тушаалын улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч ...............-наас 105,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............-ХХК-д олгох нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч ............-ХХК-ийн гэм хорын нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариуцах нь үндэслэлтэй боловч хохирлын төлбөрийг яамнаас гаргуулах нь хуульд нийцэх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2.    Давж заалдах гомдлын талаар

2.а. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг анх олгохдоо хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тул төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл биш гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

2.б. Нэхэмжлэгч ............-ХХК Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн зүүн богины аманд 4,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглуулах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан боловч хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газар ашиглах эрх дуусгавар болсон тул газрын төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг гэм хохиролд тооцон шаардах эрхтэй. Иймд газар ашиглах эрхийн хүрээнд татварын байгууллагад төлсөн төлбөрийг буцаан гаргуулж буй маргаан биш харин хариуцагчийн байгууллагын гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол шаардаж байгаа тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Чулуунгэрэлд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...............-наас 105,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,090,000 төгрөг гаргуулах болон ...............-ны сайдад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 751,400 гэснийг 685,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ