Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2021/00388

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаад: Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С нь хариуцагч Д.О-ийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 28-нд 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар баталгаажуулсан. Хариуцагч Д.О нь гэрээний хугацаанд нийт 14.750.000 төгрөгийг буцааж төлсөн нь хүүгийн төлбөр юм. Иймд хариуцагч Д.О-аас зээлийн үндсэн төлбөр 15.000.000 төгрөг, алдангийн төлбөр 2.700.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С-аас 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Харин зээлийн хүүгийн талаар талууд бичгээр тохиролцоогүй, бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй. Энэ төлбөрөөс 14.750.000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 250.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь зээлийн төлбөрт 15.000.000 төгрөг, алдангийн төлбөрт 2.700.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөгийг хариуцагч Д.О-аас шаарджээ. Хариуцагч Д.О нь зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс 250.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 15.000.000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар хариуцагч Д.О-д зээлдүүлэх, хариуцагч Д.О нь зээлийн хүүгийн төлбөрийг орон сууцны хөлс байдлаар буцаан төлөхөөр талууд бичгээр харилцан тохиролцжээ. Талууд зээлийн үүрэгтэй холбоотой асуудлаар маргаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарах юм.

Хариуцагч буюу зээлдэгч Д.О нь дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөр 15.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 7.200.000 төгрөг /12 сарын хүүгийн төлбөр/, нийт 22.200.000 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б.С-д буцаан төлөх үүрэгтэй байжээ. Гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.О нь зээлдүүлэгч Б.С-д нийт 14.750.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд зээлдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 7.450.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн, зээлдэгч зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр талууд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.7-д тохиролцжээ. Зээлдэгч Д.О нь зээлийн төлбөр болох 7.450.000 төгрөгийг төлөөгүй тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар нийт 3.725.000 төгрөгийг шаардах эрхтэй боловч 2.700.000 төгрөгийн алданги шаардсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлын хэмжээнд хэргийг шийдвэрлэдэг тул хариуцагч Д.О-аас 2.700.000 төгрөгийн алдангийг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч тал 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ гэх бичмэл баримтад гарын үсэг зураагүй, хүү тохиролцоогүй хэмээн маргаж байх боловч тус баримтад хариуцагч Д.О гарын үсэг зурсан болох нь Баянгол дүүргийн нотариатч О.А-аас шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн, талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ гэх бичмэл баримт үйлджээ. Хэдийгээр энэ баримт нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, өмнөх зээлийн гэрээг цаашид сунгасан гэж үзэх үндэслэлгүй боловч хариуцагчийн зүгээс 14.750.000 төгрөг нэхэмжлэгчид төлсний дараа дахин 15.000.000 төгрөг түүнд төлөх тухай баримт үйлдсэн нь, талууд өмнө хүү төлөхөөр бичгээр тохиролцоогүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Мөн талууд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, энэ гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дууссан тул хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ-г цааш сунгасан гэж үзэж, энэ хугацааны хүүг хариуцагч буюу зээлдэгчээс гаргуулах үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч Д.О-аас зээлийн төлбөрт 7.450.000 төгрөг, алдангийн төлбөрт 2.700.000 төгрөг, нийт 10.150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.О-аас 10.150.000 төгрөгийг гаргуулан Б.С-д олгож, нэхэмжлэлээс 7.550.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас 177.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР