Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00691

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00691

 

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00388 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.О-гийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар баталгаажуулсан. Д.О- нь гэрээний хугацаанд нийт 14 750 000 төгрөгийг буцааж төлсөн нь хүүгийн төлбөр юм. Иймд хариуцагч Д.О-гаас зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, алданги 2 700 000 төгрөг, нийт 17 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.О- нь Б.С-гаас 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн хүүгийн талаар талууд бичгээр тохиролцоогүй, бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй. Энэ төлбөрөөс 14 750 000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.О-гаас 10 150 000 төгрөгийг гаргуулан Б.С-д олгож, нэхэмжлэлээс 7 550 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гаас 177 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дүгнэж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул гэрээг сунгах хүсэл зоригийг илэрхийлэн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл шүүх дээрх 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг үндсэн зээлийн гэрээтэй ямар нэгэн хамааралгүй гэж үзэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хэлцэл болох бөгөөд энэ тохиолдолд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг байгуулах болсон нь зээлийн гэрээний хугацааг сунгах байсан гэдгийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс талуудын хороонд зээлийн гэрээний харилцаа үүссэн мэтээр зээлийн гэрээний үүрэгт 7 450 000 төгрөг, алданги 2 700 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл бүрдээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу авсан бөгөөд талуудын хороонд бичгээр гэрээ байгуулаагүй гэдгийг шүүх анхаарч үзэлгүй зээлийн гэрээг бичгээр байгуулсан мэтээр шийдвэрлэсэн үндэслэлгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар захирамж гарсан байдаг. Гэвч Баянгол дүүргийн нотариатч О.Амартуяа нь тус захирамжид заасан нотлох баримт хүргүүлэхдээ бүртгэлийн дэвтэр, бичмэл тайлбар, зээлийн гэрээ гэх баримт ирүүлсэн нь хариуцагчийг зээлийн гэрээ байгуулсан мэтээр төөрөгдүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, алданги 2 700 000 төгрөг, нийт 17 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай хариуцагч Д.О-д зээлдүүлэх, хариуцагч Д.О- нь зээлийн хүүгийн төлбөрийг орон сууцны хөлс байдлаар буцаан төлөхөөр талууд бичгээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 67-69/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 7 200 000 төгрөг нийт 22 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүссэн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Харин хариуцагч Д.О- нь нэхэмжлэгч Б.С-д нийт 14 750 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй боловч дээрх зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 500 000 төгрөг буюу үндсэн зээлээс 5 300 000 төгрөг, зээлийн хүү 7 200 000 төгрөг төлөгдсөн байгааг /хх-ийн 29-32/ шүүх анхаараагүй, мөн талуудын хооронд хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл байхад уг гэрээг сунгасан гэж үзэхгүй хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл дээрх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй зээл 9 700 000 төгрөг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хүүг үргэлжлүүлэн тооцох агуулгатай байна. Уг гэрээ нь хэлбэрийн хувьд шинээр байгуулагдсан мэт боловч гэрээний зүйл нь өмнөх гэрээгээр олгосон зээл байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нөхцөлийг бусад нөхцөлтэй харьцуулан тодорхойлох шаардлагатай байжээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хариуцагч Д.О-д зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4/

Гэвч өмнөх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй зээл 9 700 000 төгрөг үлдсэн байхад зээлийн хэмжээг 15 000 000 төгрөг байхаар тусгасан нь буруу байх тул 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг нь 9 700 000 төгрөг байна.

 

Мөн зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүү 5 хувийн хүүтэй гэсэн заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд 1 жилийн хугацаанд 5 хувийн хүү 1 удаа төлөхөөр тохиролцсон гэсэн агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, өмнөх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 3.6-д эргэн төлөх нөхцөл сар бүрийн хүү болох 4 хувь буюу 600 000 төгрөгийг сар бүрийн 30-нд төлж байх гэж заасан бол 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд ийнхүү тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэж заасан.

 

Иймд хариуцагч Д.О- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 9 700 000 төгрөгийг, нэг удаа төлөх 5 хувийн хүү 485 000 төгрөг, нийт 10 185 000 төгрөг буцаан төлөх үүрэгтэй байх бөгөөд энэ гэрээний хугацаанд 2 250 000 төгрөг төлсөн /хх-ийн 33/ тул түүний гүйцэтгээгүй үүрэг нь 7 935 000 төгрөг байна.

Зээлийн гэрээний 3.7-д зээлдэгч зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөх-өөр талууд тохиролцсон ба хариуцагч Д.О- нь зээлийн гэрээний үүрэгт 7 935 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 3 967 500 төгрөгийг шаардах эрх үүссэн байх боловч нэхэмжлэгч 2 700 000 төгрөгийн алданги шаардсан тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг нь 7 935 000 төгрөг, алданги 2 700 000 төгрөгийн хамт нийт 10 635 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлагаа өөрөө бие даан тодорхойлох эрхтэй.

 

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан талаар маргаагүй, харин 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хүү тохиролцоогүй гэж маргаж байгаа боловч түүний тайлбар Баянгол дүүргийн нотариатч О.Амартуяагаас шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар үгүйсгэгджээ. /хх-ийн 4, 56, 67-69/

 

Зээлийн гэрээний төгсгөлийн хуудаст буюу гэрээний талуудын иргэний үнэмлэхийн хуулбар хэсэгт болон нотариатын бүртгэлийн дэвтрийн 1373-т хариуцагч Д.О- гарын үсэг зурсан /хх-ийн 67-69/ байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00388 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 10 150 000 гэснийг 10 635 000 гэж, 7 550 000 гэснийг 7 065 000 гэж, 2 дахь заалтын 177 350 гэснийг 185 110 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 173 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 131 852 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОЛОО

Н.БАТЗОРИГ