Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

2020          6              25                                             2020/ДШМ/825

 

Ө.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,   

иргэний хариуцагч Г.Даваасамбуу,

шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Сүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ат холбогдох 1903014220056 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хиад Боржигон овгийн Ө.А, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа-Нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Хьюндэ Элеватор Монгол” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 54 дүгээр байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧЛ87101716/;

Ө.А нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ-3” цахилгаан станцын хойд талын замд “Тоёота Приус” загварын 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.Сүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ө.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хиад Боржигон овгийн Ө.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хиад Боржигон овогт Ө.Аыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ат оногдуулсан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ө.Ат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг, шүүгдэгч Ө.А нь хохирогч Б.Сүрэнд 2.360.531 төгрөг нөхөн төлснийг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ө.Ат сануулж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Сүрэн давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэл дундуур байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Г.Даваасамбуу “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ө.А “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Ө.Аын хувийн байдал нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй, хохирлыг төлөх тул анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ө.А нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ-3 цахилгаан станц”-ын хойд талын замд “Тоёота Приус” загварын 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.Сүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сүрэнгийн “...Тухайн өдөр зам хөндлөн гарч байтал төв замаар зүүн гар тийш эргэж байсан машин миний зүүн хөлний өвдөг рүү мөргөсөн. ...Би тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Би өөрөө гаргасан зардлаа жолоочоос гаргуулах хүсэлтэй байна. ...” /хх 14-19, 20/,

иргэний хариуцагч Г.Даваасамбуугийн “...Уг машин нь манай байгууллагын эзэмшлийн машин. Манай төслийн багийн хүмүүс албан хэрэгцээндээ унаж хэрэглэдэг. Ө.А нь энэ ослын талаар байгууллагад өөрөө мэдэгдсэн. Тухайн ослоос болж манай байгууллагын автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Манай ажилтан Ө.А нь бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулна. ...” /хх 32-33/,

Ө.Аын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед зүүн гар тийш эргэж байсан машины араас нэг эмэгтэй хүн зүүн талаас зам хөндлөн гарч ирэхэд нь тормоз гишгэхэд тэр хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөж зогссон. Тэр эмэгтэй зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байсан. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 74-76/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Сүрэнгийн биед зүүн шилбэний шаант ясны доторх хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна. ...”  467 дугаартай /хх 39-42/ гэх дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10/ Б.Сүрэнгийн өвчний түүх /хх 45-54/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 22/, хохирлын баримтууд /хх 23-28, 116-119, 142-143/, хохирол төлсөн баримт /хх 139/, Автотээврийн Үндэсний төвийн хяналтын үзлэгийн дүгнэлт /хх 58-61/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 62-64/, Тээврийн цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /хх 64-65/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолож чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Аын “Тоёота Приус” загварын 78-67 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай Б.Сүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ө.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Хохирогч Б.Сүрэнгийн “...Анхан шатны шийтгэх тогтоолд сэтгэл дундуур байна. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримт, түүнд тусгагдсан мөнгөн дүнгийн хэмжээгээр шүүгдэгч Ө.А нь хохирогч Б.Сүрэнд 2.360.531 төгрөгийг нөхөн төлсөн байх ба шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Б.Сүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Б.Сүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Сүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ