Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2023/00019

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 208/МА2022/00049 дүгээр магадлалтай,

Д.Оийн нэхэмжлэлтэй,

МОХННУБТЗ болон Б.Рд холбогдох,

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Дулаан зөрлөгт байрлах 165 м.кв талбай  бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч МОХННУБТЗ болон Б.Рд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг  Дулаан зөрлөгт байрлах 165 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Р нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам эс зөвшөөрч маргажээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын хуучин ажилчдын байр буюу .................т байрлах Төмөр замын ажилчдын 165 м.кв бүхий орон сууцны өмчлөгч нь Д.О болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 208/МА2022/00049 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Б.Р нарт холбогдох Улаанбаатар төмөр замын хуучин ажилчдын байр буюу .................т байрлах төмөр замын ажилчдын 165 м.кв бүхий орон сууцны өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэж шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдолтой байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай:

Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. /2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 21 Улсын дээд шүүхийн тогтоолын 2.2 хэсэг/ гэж заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал бодит байдалд нийцээгүй төдийгүй хууль хэрэглээний хувьд маш том алдаа хийж нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.

Шүүх магадлалын үндэслэх хэсэгт тухайн орон сууцыг Б.Р нь мөнгө тушааж өөрийн эзэмшилдээ авч уг байшинг худалдан авсан мэтээр дүгнэжээ.

Гэтэл тухайн үед миний бие Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс уг орон сууцыг худалдаж авсан бөгөөд Улаанбаатар төмөр замын нэгдүгээр ангийн 3 дугаар хэсгийн замын мастер албан тушаал бүхий Б.Р гэх хүнтэй харилцаж, орон сууцны мөнгийг шилжүүлэн, орон сууцны гэрчилгээ, эх загвар зураг болон бусад зүйлийг хүлээн авсан нь Б.Рын тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл би Б.Ртай гэрээ хийсэн биш Б.Рын ажилладаг УБТЗ ТӨХК-тай гэрээ хийсэн. Харин Б.Р миний төлсөн мөнгийг дамжуулж өгсөн хүн юм. Б.Рыг хариуцагчаар оролцуулж байгаа шалтгаан нь Б.Р гэх хүнд мөнгө шилжүүлж өгснийг хариуцагч өөрийн ажилдаг хуулийн этгээдэд албан ёсоор шилжүүлээгүй байж болзошгүй гэж үзээд хариуцагчаар оролцуулсан төдий.

4.2.Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар:

Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт Д.О болон УБТЗ ТӨХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн. Чухам ямар үндэслэлээр талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаагаа тайлбарлаагүй. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэхэд Иргэний хуулийн 195 дүгээр зүйлийн 195.1, 40 дугаар зүйлийн 40.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, гэрээ байгуулах санал болон бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, дүгнэлт хийдэг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл гэж тайлбарласан юм. Миний хувьд орон сууцны эзэмшлийг шилжүүлж авснаас хойш ийнхүү 13 жил болж байгаа билээ. Анхан шатны шүүх ч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж орон сууцыг худалдах худалдан авах хэлцэл бидний хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль ёсны юм.

Хэргийн үйл баримтад Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий хорооны 2009.05.04-ны өдрийн хурлын протокол, хурлаар 15 асуудлыг хэлэлцэхээр баталсан бөгөөд уг жагсаалтын 10-рт ... Замын нэгдүгээр ангийн балансаас 6,135,974 төгрөгийн анхны өртөгтэй, олон жилийн ашиглалтаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах, худалдан борлуулалтаас үүсэж болзошгүй 1,245,000 төгрөгийн орлогыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь миний төлсөн баримтыг нэгэнт УБТЗ нийгэмлэг өөрсдийн дансанд татан төвлөрүүлсэн, тэр ч байтугай өөрсдийн бүртгэлээсээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хассан юм. Тодруулбал “УБТЗ” ХНН-ийн замын нэгдүгээр ангийн балансаас хасагдах үндсэн хөрөнгийн жагсаалтыг 2009.02.17-ны өдрийн байдлаар гаргахдаа худалдан борлуулах эд хөрөнгийн 9-рт маргаан бүхий орон сууцны барилга гэж тодорхойлжээ. Ийнхүү худалдан борлуулагдахаар актлагдсан хөрөнгийг миний бие худалдан авах тухай хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний санал гаргаж, гэрээний зүйлийн үнийг шилжүүлж, нөгөө талаас гэрээний саналыг хүлээн авч орон сууцны эх загвар зураг болон бусад баримт бичгийг хүлээлгэн өгч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн.

Хуульд заасан хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ. /2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол 1.2 дахь хэсэгт/ хэмээн тайлбарласан бөгөөд тухайн үед “УБТЗ” ХНН нь орон сууцыг худалдан авах тухай хүсэл зоригийг ойлгож, ухамсарлаж орон сууц болон холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь илэрхий тул гэрээний санал, хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзнэ.

Иймд талууд харилцан тохиролцож гэрээний зүйлийг шилжүүлж, хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн нь хэрэгт буй нотлох баримтаар тогтоогддог тул талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан юм.

4.3.Шүүх магадлалын үндэслэх хэсэгт тухайн хөрөнгийг худалдан авсан юм бол улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Энэ талаар нэхэмжлэгч төөрөгдсөн гэдэг дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл бидний хооронд эд хөрөнгийн шилжүүлэг нэгэнт хийгдсэн харин бүртгэлийн асуудал байгааг шийдвэрлүүлэх зорилгоор би шүүхэд хандаж байгаа. Энэ ч үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар нэг байдлаар няцаагаагүй харин нэхэмжлэгч өөрөө бүртгэлийн байгууллагаар дамжуулж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж аваагүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болжээ. Учир нь нэгэнт талууд хэлцэл хийж эд хөрөнгийг шилжүүлж байгаа бол эд хөрөнгийн бүртгэлийг ч шилжүүлэх үүрэг нь хариуцагч УБТЗ нийгэмлэгт бий. Гэтэл одоо хариуцагчийн зүгээс анхнаасаа эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Чулуу, мод нэхэмжлэгч надад худалдсан гэх илт үндэслэлгүй тайлбар өгснийг ийнхүү давж заалдах шатны шүүх зөвтгөөд байгааг ойлгохгүй байна.

4.4.Шүүх магадлалын үндэслэх хэсэгт уг орон сууцыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн эзэмшилдээ авсан акталсан хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн.

Газар болон орон сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг мөн. Орон сууц нь газраас салгаж болохгүй бүрдэл хэсэг болохынхоо хувьд Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө мөн. Газраас салгаж үл болох бүрдэл хэсэг тул газар дээрх орон сууц үл хөдлөх хөрөнгө биш гэж үзэх нь хэтэрхий туйлширсан хэрэг бөгөөд өргөн утгаараа орон сууц үл хөдлөх хөрөнгө биш гэсэн байж боломгүй дүгнэлт хийсэн. Ийнхүү шүүх нь дээрх хуулийн заалтуудыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль дээдлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүх энэ хэсэгт үнэн зөв дүгнэсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн чанартай гэдэг дүгнэлт хийсэн.

4.5.Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болно. Учир нь хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар ямар ч ойлголтгүй байсан ба Иргэний хуулийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” 2022.03.29-өөс эхлэн байшинг хууль бусаар буулгаад эхэлсэн тул шаардлага гаргах болсон юм.

Тэр хүртэл хугацаанд ямар ч асуудал гараагүй. Ийнхүү урьд нь анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байхад Давж заалдах шатны шүүх ноцтой алдаа гаргаж иргэн миний эрх ашгийг хохироож, хууль ёсоор эзэмшигч ашиглаж байсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж тогтоосонд гомдолтой байна.

Төрийн байгууллага нь шүүхээр дамжуулж худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг маань буулгаж, нураах, чөлөөлүүлэх эрхийг олж авсанд туйлын харамсалтай байна. Энгийн иргэн би хууль ёсны дагуу худалдаж аваад тухайн үед багагүй мөнгө төлсөн байхад шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ хэт өнгөц хандаж хууль ёсны анхан шатны шүүхээс өөр шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

5.Нэхэмжлэгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.01.05-ны өдрийн 001/ШХТ2023/00018 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Д.Оийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч МОХННУБТЗ болон Б.Рд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Дулаан зөрлөгт байрлах 165 м.кв талбай бүхий сууц, 1800 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “...тухайн үеийн удирдлага байсан 3-р хэсгийн замын мастер Б.Рын санал болгосноор Дулаан зөрлөгт байгаа сууц, түүнд хамаарах газрыг 500,000 төгрөгөөр худалдан авсан, удирдлагын зүгээс холбогдох бичиг баримтыг өгсөн, гэтэл замын нэгдүгээр ангийн 2022.03.29-ний өдрийн албан бичгээр сууцыг буулгаж, газрыг чөлөөлөхийг шаардсан нь хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, цаашид сууцыг засаж сайжруулан эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа” гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...төмөр замын дагуух зурваст газар нь хамаарч хариуцагч МОХННУБТЗын эзэмшилд бүртгэлтэй болохыг мэдлээ, иймээс хувийн сууцыг өмчлөх эрхтэйг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэжээ.

Хариуцагч Б.Р нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “замын нэгдүгээр ангиас актлагдсан сууцыг Д.О худалдан авахаар болж би түүний өмнөөс мөнгийг тушаасан” гэсэн, хариуцагч МОХННУБТЗ нэхэмжлэлийг эс зөвшөөрч “сууц нь 1950 онд төмөр замын ажилчдад зориулж баригдсан, цаашид ашиглагдах боломжгүй болсон тул мод, чулуу, тоосгыг тодорхой үнээр үнэлж худалдсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдаагүй, газрыг чөлөөлөх шаардлага бий болсон тул зохих мэдэгдэл өгсөн” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ, “Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны 2009.06.04-ний өдрийн хурлын тогтоолоор...замын нэгдүгээр ангийн балансаас 31 нэрийн 6,135,974 төгрөгийн анхны өртөгтэй олон жил ашиглалтаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах, худалдан борлуулалтаас үүсч болзошгүй 1,245,000 төгрөгийн орлогыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн, ...худалдан борлуулах эд хөрөнгийн жагсаалтын 9-рт маргаан бүхий чулуун сууц орсон, үүнийг Б.Р 2009.09.23-ны өдөр 164,000 төгрөгөөр худалдан авч, улмаар Д.От 500,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэдгээ 2021 оны 12 дугаар сард мэдсэн, хариуцагч нь хөрөнгийг данснаас хасах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг хэрэгжүүлэх, хянах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, хөрөнгийг хууль ёсоор шударгаар эзэмшиж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ, мөн эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч тэргүүн ээлжинд өмчлөх эрхийг олж авах давуу эрх үүснэ, иймд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...1950 онд баригдсан чулуун байшинг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хороо хуралдаж тогтоол гарган 2009.09.23-ны өдөр акталж үндсэн хөрөнгийг 164,000 төгрөгөөр, барилгын тоосгыг 336,000 төгрөгөөр худалдаж, нийт 500,000 төгрөгийг Б.Р кассын орлогод тушааж авсан болох нь тогтоогдож байна, маргаан бүхий байшинг акталж, хөрөнгийн жагсаалтаас хассан талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч уг барилгыг эзэмшилдээ авсан гэх Б.Р нь тухайн үедээ өөрийн удирдлагад байсан Д.От авахыг санал болгож түүний өмнөөс мөнгийг тушаасан талаар маргаагүй, Д.О 2009 оноос эзэмшилдээ авсан боловч...өмчлөлдөө авсан гэж ташаа ойлгосон, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан нөхцөлд өмчлөгч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээг байгуулж хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж бий болох ёстой... хуульд зааснаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авах ба нэхэмжлэгч хуулийг ойлгоогүй төөрөгдсөн, ...хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид өмчлөх эрх үүснэ, маргаан бүхий орон сууцны газар нь хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон, газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, иймээс нэхэмжлэгчийн эзэмшилдээ авсан акталсан хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд албан ёсоор шилжиж ирээгүй тул түүний гаргасан шаардлага үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

9.Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүх маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн өөр өөр зохицуулалтыг хэрэглэжээ.

10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, хууль хэрэглээний асуудлаар магадлалд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

11.Анхан шатны шүүх хариуцагч Б.Р нь маргааны зүйл болсон сууцыг МОХННУБТЗаас худалдан авч, улмаар цааш Д.От худалдсан, иймээс Б.Р ба МОХННУБТЗын хооронд, Б.Р, Д.О нарын хооронд тус тус худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Б.Р тухайн үед өөрийн удирдлагад байсан Д.От сууцыг авахыг санал болгож түүний өмнөөс мөнгийг тушаасан үйл баримт тогтоогдсон гэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн боловч Д.О болон МОХННУБТЗын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна.

Учир нь хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч Б.Рын (тухайн үед Улаанбаатар төмөр замын орон нутгийн удирдлага 3 дугаар хэсгийн замын мастерын ажил эрхэлж байсан) санал болгосноор нэхэмжлэгч Д.О нь МОХННУБТЗын харьяа Замын нэгдүгээр ангийн балансад бүртгэлтэй байсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг, Дулаан зөрлөгт байрлах 165 м.кв талбай бүхий сууцыг 2009.09.23-ны өдөр 164,000 төгрөг, уг сууцны цонхыг битүүлэх тоосгоны үнэд 336,000 төгрөг, нийт 500,000 төгрөг төлж худалдан авахаар болж, мөнгийг Б.Рар тушаалгасан байх тул МОХННУБТЗ болон Д.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Дээрх гэрээний дагуу сууцыг болон холбогдох баримтыг (эскиз зураг, техникийн паспорт) хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эзэмшилд өгсөн нь тогтоогджээ.

12.1.Гэрээний зүйл болсон сууцны доорх газрын талаар.

а/Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байдаг.

Маргааны зүйл болсон сууцны доорх газар нь өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогджээ.

б/Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7-д заасан зохицуулалтаас үзэхэд “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг олгохыг тус тус ойлгодог байна.

Тодруулбал, газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар ашиглахыг хориглохыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.4-т заажээ.

Сууцны доорх газар нь МОХННУБТЗ нийгэмлэгийг байгуулах тухай 1949 оны хэлэлцээр, уг хэлэлцээрийн протоколыг баталсан Монгол Улсын засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар тогтоолд зааснаар төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлэх газарт хамаарсан, улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тус нийгэмлэг нь төмөр замын зурвас газрын зориулалтаар газар эзэмших гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

в/.Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Д.О нь сууцны доорх газрыг эзэмших эрхгүй байна.

12.2.Гэрээний зүйл болсон сууцыг “үл хөдлөх эд хөрөнгө” эсхүл “хөдлөх хөрөнгө” гэж үзэх талаар зохигч маргаж өөр өөрийн тайлбарыг өгсөн байх бөгөөд хоёр шатны шүүх мөн энэ талаар зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх сууцыг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхдээ тухайн хөрөнгийн чанар байдлыг анхаараагүй, гагцхүү газарт бэхлэгдсэн гэх шинжийг үндэслэсэн байна.

Давж заалдах шатны шүүх газрын эзэмших эрх болоод сууцны өмчлөх эрх хэрхэн үүсэх талаар хуульд нийцсэн зохих дүгнэлт хийсэн, гэвч сууц нь акталсан тул үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй гэсэн атлаа үндэслэлээ тодорхой заагаагүй, түүнчлэн “үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд албан ёсоор шилжиж ирээгүй” гэсэн нь гэрээ байгуулах хэлбэр, гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбон тайлбарласан агуулгатай байгаа нь хоорондоо зөрчилтэй болжээ.

12.3.Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оийн худалдан авсан сууц нь анх 1950 онд төмөр замын ажилчдын сууцны зориулалтаар баригдаж, тухайн үедээ хэрэгцээ шаардлагыг хангаж зориулалтын дагуу ашиглагдаж байсан боловч олон жилийн ашиглалтаас үүдэн цаашид шаардлага хангахгүй болсноос 2009 онд актлагдсан, үнэ цэнээ алдсан болох нь тогтоогджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг газар дээрх тодорхой хилээр хязгаарлагдсан орон зай гэж ойлгож болох бөгөөд газарт бэхлэгдсэн үл хөдлөх физик шинжээр нь газраас салгавал эдийн засгийн зориулалтаа алдана, иймээс газраас салгаж үл болох гэж тодорхойлдог байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийг эдийн засгийн үүднээс авч үзвэл, амьдрах хэрэгцээг хангах, өмчлөгч, эзэмшигч этгээддээ үр шимээ өгөх хэрэглээний чанартай байдал нь тухайн хөрөнгийн шинжийг мөн тодорхойлно. Тодруулбал, чанар байдлын хувьд зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах бодит боломжтой бол тухайн хөрөнгө нь хөрөнгийн мөн чанараа, өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг хадгалах юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д ашиглах хугацаа нь дууссан ...засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно гэж заажээ.

Өмнө дурдсанаар маргааны зүйл болсон сууц нь 1950 онд чулуугаар баригдсан бөгөөд олон жилийн туршид ашиглагдсанаас чанар байдал нь муудаж, цаашид ашиглах боломжгүй болсны улмаас 2009 онд акт тогтоон зохих үнээр буюу 164,000 төгрөгөөр, цонхыг битүүлэх тоосгоны үнийг 336,000 төгрөгөөр бодож нийт 500,000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэж үзэхээргүй ба уг хугацаанаас хойш 12 жилийн туршид аливаа зориулалтаар ашигласан, чанар байдлыг сайжруулж зассан, өөрчилсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хэрэгт байгаа фото зургаас үзэхэд эвдэрсэн, балгас байдалтай болжээ.

Иймээс тухайн зүйл нь хэрэгцээ хангаж, ашиглагдах боломжгүйгээс үл хөдлөх хөрөнгийн шинжээ алдсан, иймээс зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй.

12.4.Нөгөөтэйгүүр, гэрээний зүйл болсон сууц улсын бүртгэлээр баталгаажаагүй хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч нь сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй зорилгоо улсын бүртгэлд бүртгүүлэх гэж тодорхойлсон байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.” гэж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна.” гэж тус тус заасан.

Түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас үзэхэд Иргэн, хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэжээ.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д хуульчилжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас аливаа этгээд дангаар оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улсын бүртгэлээр өмчлөх эрхээ баталгаажуулахын тулд уг хөрөнгийн байрлаж буй газрын эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эсхүл гэрээний үндсэн дээр шилжүүлэн авахгүйгээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүсэх бололцоогүй байна.

Гэрээний зүйл болсон сууцны доорх газар нь хариуцагч МОХННУБТЗын эзэмшлийнх ба тус байгууллага нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй, иймээс нэхэмжлэгч нь тухайн газарт байгаа сууцыг нурааж шинээр байшин барьж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө бий болгон өмчлөх эрхийг олж авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

13. Харин хариуцагч МОХННУБТЗ орон сууцны шаардлага хангахгүй түвшинд байгаа актлагдсан сууцыг худалдахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч уг сууцны үндсэн хөрөнгийн үнэ гэж 164,000 төгрөг, онгорхой цонхыг битүүлэх тоосгоны үнэ гэж 336,000 төгрөг тус тус төлснөөс үзэхэд зохигчийн хооронд хөдлөх эд хөрөнгө буюу актлагдсан сууцнаас ашиглагдаж болох чулуу, мод, тоосго зэргийг худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчихгүй байна.

Хэргийн баримтад авагдсан Улаанбаатар төмөр замын нэгдүгээр ангийн 2022.03.29-ний өдөр 73/218 тоот албан бичигт маргаан бүхий сууц нь төмөр замын зурвас газарт байгаа, мөн...нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуучин байшинг буулгаж газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэдэгдлийг өгчээ.

Ийм тохиолдолд нэхэмжлэгч Д.О нь худалдан авсан хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд ашиглагдах хөрөнгөө буулган авах эрх нээлттэй ба үүнд энэ тогтоол саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 208/МА2022/00049 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 709 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,” гэсний дараа “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Оийн 2022.12.16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД