Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “З б” ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүүгээс илүү төлсөн 18 052 462 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 85/6 байрны 10 тоотод 52,4 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авсан ба 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ү-2204047641 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000232289 тоот гэрчилгээг авсан. Уг орон сууцыг гэрээний дагуу 1 м.кв-ийн үнийг 1 550 000 төгрөгөөр тооцож, нийт 81 220 000 төгрөгөөр худалдан авсан ба хүлээлцэхдээ ямар нэгэн хэмжилт хийлгүй хүлээн авсан. “Бидний сууц” нийгэмлэгээр хэмжилт хийлгэхэд гэрээнд болон гэрчилгээнд дурдсан хэмжээ болох 52.4 м.кв-аас 7.95 м.кв дутуу буюу сууцны нийт талбайн хэмжээг 44.45 м.кв болохыг тооцож гаргасан. Тухайн байрны хэмжээ буруугаас болж 7.95 м.кв-ийн үнэ болох 12 322 500 төгрөгийг илүү төлсөн. Миний бие уг орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны Ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд дээрх орон сууцны хэмжилтийн зөрүүнд ногдох зээлийн хүү, байрны халаалтын хөлс зэргийг илүү төлж, хохирол учраад байна. Энэ талаар “З б” ХХК-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хандсан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гээд өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12 322 500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл төлсөн зээлийн хүү болох 5 729 962 төгрөг, нийт 18 052 462 төгрөгийг “З б” ХХК-аас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Д-ийн хувьд Н.Цэндтэй харилцаж байсан удаагүй, танихгүй гэдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тухайн үед байгууллага дотооддоо Н.Цэндэд байр өгсөн гэх баримт гаргаж өгсөн нь нэг талыг барьсан баримт гэж үзэж байна. Учир нь Н.Цэнд одоо хүртэл тухайн байгууллагатай холбоотой. Хариуцагч талын гаргасан баримт нотлох боломжтой баримт биш байна. Бидний гаргаж өгсөн баримт дээр “З б” ХХК болон Д.Д- нарын хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдсэн. Гагцхүү тэр нь худалдах, худалдан авах гэрээ байсан уу эсвэл ажил гүйцэтгэх гэрээ байсан уу гэдгийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн харилцааг тодорхойлох ёстой. Бидний хувьд ашиглалтад орсон байрыг худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээг үндэслэж “З б” ХХК-аас худалдан авсан ба худалдагч компани биет байдлын доголдолтой буюу м.кв-ийн дутуу барилгыг нийлүүлсэн. Бид худалдан авахдаа гэрээ байгуулан, түүний дагуу төлбөрийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч “З б” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Хэрвээ Н.Цэнд болон Д.Д- нарын гуйлтаар тухайн компани гэрээг дүр үзүүлэн хийж бодитоор төлбөрийг Н.Цэнд гэх хүний данс руу буцаан шилжүүлсэнийг нотолсон тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж болно. Тиймээс нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Харин худалдах, худалдан авах гэрээ эсвэл ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг шүүхээс тодорхойлох боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 2/а-д уг барилгыг 2011 оны 05 дугаар сард барьж эхлэн 2012 оны 12 дугаар сард багтааж хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл гэрээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэнээр манайхаас барилга захиалж бариулаагүй нь харагдаж байна. Нэхэмжлэгч 52.4 м.кв-аас 7.95 м.кв дутсан мэтээр тайлбарладаг боловч барилга 2012 оны 11 дүгээр сарын 22-нд ашиглалтад орж дууссаны дараа байрыг Н.Цэнд гэх хүнээс худалдаж авсан. Худалдаж авах болсон шалтгаан нь Н.Цэнд нь “З б” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан ба захирлын тушаалаар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр барилгыг барьж ашиглалтад оруулахаас өмнө 2 өрөө 2 байрыг Н.Цэндэд олгохоор шийдвэрлэсэн. Байр ашиглалтад орсны дараа Н.Цэнд 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байрыг хүлээж авч, хана өрж засвар хийсэн ба Д.Д-той ярилцаж тохиролцоод байрыг “З б” ХХК-аас Д.Д-ид шилжүүлсэнээр төлбөрийг Н.Цэндэд төлсөн. Д.Д- нь тухайн байрыг манайхаас захиалж бариулаагүй, Н.Цэндээс худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилга 2002 оны 06 дугаар сарын 03-наас барилга барих зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 85/6 байрыг барьж эхэлсэн. Тухайн байрыг барьж эхлэх явцад ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Цэндэд 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баригдаж байгаа барилгаас 2 өрөө 2 байрыг үнэ төлбөргүй олгож, урамшуулах захирлын шийдвэр гарсан. Барилга 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баригдаж, ашиглалтад орсон ба 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Цэнд байрыг хүлээж авч засвар үйлчилгээ хийж, ханаа тусгаарлан Д.Д-ид худалдсан. Д.Д-, Н.Цэнд нар нь гэрээ хийсэн бөгөөд Д.Д- нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахын тулд компанитай дүр үзүүлэн гэрээ хийсэн. Барилгыг Д.Д- гэх хүнд захиалгаар барьж өгөөгүй, Н.Цэндээс худалдаж авсан. Тиймээс тэдгээрийн хооронд хийсэн хэлцлийг манай компанитай хийсэн мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага. хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “З б” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12 322 500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5 729 962 төгрөг, нийт 18 052 462 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д- болон хариуцагч “З б” ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 220 төгрөг. хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д-оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 563 950 төгрөгийг гаргуулж хариуцагч “З б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01026 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

1. “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ” нь анх байгуулахад хариуцагч талаас гаргаж өгөхдөө өмнө бусадтай байгуулж байсан захиалгын гэрээний загвар дээр зөвхөн тухайн байрны хаяг байршил, талбайн хэмжээ, үнэ төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцож тусгасан. Түүнээс биш нэгэнт ашиглалтад орсон байрыг дээрх заалтад дурдсан шиг ашиглалтад өгөх хугацааг дахин тохиролцох ач холбогдолгүй бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй гэж дүгнэх нь хэт өрөөсгөл, үндэслэлгүй юм.

2. Д.Д-, Н.Цэнд нарын хооронд худалдах, худалдан авах харилцаа огт үүсээгүй, ямар нэгэн бичгээр эсхүл аман хэлцэл ч байгуулагдаагүй. Энэ талаар Н.Цэндийн гэрчийн мэдүүлэгт Д.Д-той уулзсан зүйлгүй гэдэг. Мөн орон сууцны үнийн талаар хэлсэн гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар илтэд зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Н.Цэндэд орон сууцны үнэ төлсөн зүйлгүй, гагцхүү “З б” ХХК-д гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлж байсан.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, гаргаж өгсөн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр П.Цэндэд орон сууц олгохоор шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл гаргаж өгсөн нь урьд нь гаргаж өгч байсан, одоо шүүхийн архивт хадгалагдаж буй хурлын тэмдэглэлд засвар хийж, нөхөж үйлдсэн баримт байсан бөгөөд энэ тухай баримтыг шалгуулахаар хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн гаргаж өгсөн баримт нь үнэн бодит бус нэг талын баримт байх бөгөөд гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Цэнд нь тус байгууллагад ажиллаж байсан, одоо ч хамааралтай этгээдүүд юм. Гэтэл шүүх дээрх баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01026 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, иэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч “З б” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12 322 500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5 729 962 төгрөг, нийт 18 052 462 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 02 сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 66 дугаартай “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлийн А-д 85/б байрны 2 давхрын 10 тоот, 2 өрөө, 52.4 м.кв орон сууцыг гэрээ багуулагдахаас өмнө буюу 2011 оны 5 дугаар эхлэн 2012 оны 12 сард багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр заажээ. /хэргийн 1 дэх хавтас 7-8 дугаар тал/

 

Хариуцагч компани нь нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй, нэхэмжлэгч нь Н.Цэндээс уг орон сууцыг худалдан авсан ба тэднийг гуйсан тул 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэрээг байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

Мөн хариуцагч “З б” ХХК нь өөрийн барьсан дээрх маргааны зүйл болох орон сууцыг тус компанийн ерөнхий инженер Н.Цэндэд үнэ төлбөргүй шилжүүлэхээр 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар шийдвэрлэж 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г түүнтэй байгуулж, уг гэрээгээр зохигчдын маргааны зүйл болох 85/б байрны 10 тоот, 2 өрөө, 52.4 м.кв орон сууцыг Н.Цэндэд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байх ба уг барилгыг  2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426/2012 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах актаар улсын комисс хүлээн авсан байна. Худалдан авагч Н.Цэнд нь хариуцагч компанид 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтэндээ орон сууцыг Д.Д-ид худалдахаар болсон тул түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах материалыг бүрдүүлж өгөхийг хүсчээ. Тэрээр гэрчээр шүүх хуралдаанд оролцохдоо 52.4 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч компаниас надад өгснийг би Д.Д-ид худалдсан гэж мэдүүлсэн нь дээрх баримтуудтай тохирч байна. /хэргийн 2 дахь хавтас 30, 33,  59-60 дугаар тал/

 

Дээрх баримтуудаас үзэхэд Д.Д-, Н.Цэнд нарын хооронд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 85/б байрны 10 тоот, 52,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч “З б” ХХК нь 58 айлын орон сууцны барилгыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж Н.Цэндийн хүсэлтээр нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах зорилгоор түүнтэй 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт хариуцагчид бэлэн бусаар буюу дансаар шилжүүлсэн мөнгийг Н.Цэнд хүлээн авсан талаар шүүх хуралдааны шатанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө хэлжээ. Түүнчлэн, зохигчид 2013 онд гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 оны 05 сард барилгын ажлыг эхлэн 2012 оны 12 сард багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр бичсэн зэрэг нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа бодитоор үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 1 дэх хавтас 138-140 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Д-, Н.Цэнд нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах харилцаа үүссэн байхад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нь гаргуулах зорилгоор зохигчдын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 тоот Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай гэрээ байгуулагдсан байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох тул нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцанд өрөөний тусгаарлалтын хамар хана, салхивчийн хана хийснээс орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй гэх байдалд хариуцагчийг буруутгах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 12 322 500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5 729 962 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “З б” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 170 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       С.ЭНХТӨР