Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 1026

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/01026

Улаанбаатар хот

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүгээс илүү төлсөн 18,052,462 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 02 сарын 01-ний өдрийн “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                18,052,462 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Д нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г байгуулан *******,*******,*******,******* тоотод 52,4 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авсан. Үүний дагуу 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот гэрчилгээг гаргуулж авсан. Дээрх 66 тоот “Орон сууц захиалгаар барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-ний дагуу байрны 1 м.кв-ийн үнийг 1,550,000 төгрөгөөр тооцож, нийт 81,220,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд хүлээлцэхдээ ямар нэгэн хэмжилт хийлгүй хүлээн авсан. Байрны оршин суугчдын зүгээс байрны хэмжээг буруу тооцож биднээс илүү мөнгө авсан байна гэх маргаан гарснаас хойш сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах “Бидний сууц” нийгэмлэгт хандаж хэмжилт хийлгэхэд гэрээнд болон гэрчилгээнд дурдсан хэмжээ болох 52,4 м.кв-аас 7,95 м.кв дутуу буюу сууцны нийт талбайн хэмжээг 44,45 м.кв болохыг тооцож гаргасан байна. Тухайн байрны хэмжээ буруугаас болж 7,95 м.кв-ийн үнэ болох 12,322,500 төгрөгийг илүү төлсөн. Миний бие уг орон сууцыг ******* банкны Ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд дээрх орон сууцны хэмжилтийн зөрүүнд ногдох зээлийн хүү, байрны халаалтын хөлс зэргийг илүү төлж, хохирол учраад байна. Энэ талаар “З” ХХК-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хандсан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гээд өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл төлсөн зээлийн хүү болох 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг З ХХК-аас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

            Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлсэн гэж бодохгүй байна. Д.Дийн хувьд Н.Цтэй харилцаж байсан удаагүй, танихгүй гэдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тухайн үед байгууллага дотооддоо Н.Цэд байр өгсөн гэх баримт гаргаж өгсөн нь нэг талыг барьсан баримт гэж үзэж байна. Учир нь Н.Ц одоо хүртэл тухайн байгууллагатай холбоотой байдаг. Тиймээс хэрэгт ач холбогдолтой баримт биш гэж үзэж байна. Дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг нотлох ёстой. Хариуцагч талын гаргасан баримт нотлох боломжтой баримт биш байна. Бидний гаргаж өгсөн баримт дээр “З” ХХК болон Д.Д нарын хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдсэн. Гагцхүү тэр нь худалдах, худалдан авах гэрээ байсан уу эсвэл ажил гүйцэтгэх гэрээ байсан уу гэдгийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн харилцааг тодорхойлох ёстой. Бидний хувьд ашиглалтад орсон байрыг худалдаж авсан. Компаниас гаргаж өгсөн загвар дээр гэрээ хийгдсэн, тиймээс ажил гүйцэтгэх гэрээг орон сууц хөлслөх гэрээ гэж тайлбарлаж байна. Бидний хувьд худалдах худалдан авах гэрээг үндэслэж “З” ХХК-аас худалдан авсан. Тиймээс худалдагч компани биет байдлын доголдолтой буюу м.кв-ийн дутуу барилгыг нийлүүлсэн. Бид нар худалдан авахдаа гэрээ байгуулан, түүний дагуу төлбөрийг ******* банкнаас зээл авч “З” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотой баримт байгаа. “З” ХХК-ийн хувьд тухайн мөнгө манай компанийн данс руу орж ирсэн хэдий ч Н.Ц рүү буцааж өгсөн гэж тайлбарладаг. Хэрвээ Н.Ц болон Д.Д нарын гуйлтаар тухайн компани гэрээг дүр үзүүлэн хийж бодитоор төлбөрийг Н.Ц гэх хүний данс руу буцаан шилжүүлсэнийг нотолсон тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж болно. Тиймээс нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Харин худалдах худалдан авах гэрээ эсвэл, ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг шүүхээс тодорхойлох боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Д нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ байрыг манай компаниас худалдаж авсан мэтээр ярьж байна. Гэрээний 2/а-д уг барилгыг 2011 оны 05 дугаар сард барьж эхлэн 2012 оны 12 дугаар сард багтааж хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэтэл гэрээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэнээр манайхаас барилга захиалж бариулаагүй нь харагдаж байна. Нэхэмжлэгч 52,4 м.кв-аас 7,95 м.кв дутсан мэтээр тайлбарладаг боловч энэ барилга 2012 оны 11 дүгээр сарын 22-нд ашиглалтад орж дууссаны дараа байрыг Н.Ц гэх хүнээс худалдаж авсан. Худалдаж авах болсон шалтгаан нь Н.Ц нь “З” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан. Захирлын тушаалаар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр барилгыг барьж ашиглалтад оруулахаас өмнө 2 өрөө 2 ширхэг байрыг Н.Цэд олгохоор захирал шийдвэрлэсэн. Байр ашиглалтад орсны дараа Н.Ц 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байрыг хүлээж авч, хана өрж засвар хийсэн. Түүний дараа Д.Д гэх хүнтэй ярилцаж тохиролцоод байрыг худалдахаар болсон. Н.Ц тухайн байрыг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргачихаад Д.Дид шилжүүлэх юм бол цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хэцүү байна гэж Д.Дтой хамт захиралтай уулзан байрыг шууд “З” ХХК-аас Д.Дид шилжүүлсэнээр тохирч төлбөрийг Н.Цэд төлсөн. Д.Д нь тухайн байрыг манайхаас захиалж бариулаагүй, Н.Цээс худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай барилга 2002 оны 06 дугаар сарын 03-наас барилга барих зөвшөөрлийн дагуу *******,*******,*******, 85/б байрыг барьж эхэлсэн. Тухайн байрыг барьж эхлэх явцад өөрийн барилга дээр ерөнхий инженерээр удаан хугацаанд ажиллаж байсан Н.Цэд 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баригдаж байгаа барилгаас 2 өрөө 2 ширхэг байрыг үнэ төлбөргүй олгож, урамшуулах захирлын шийдвэр гарсан. Барилга 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баригдаж, ашиглалтад орсон. Түүний дараагаар 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Ц байрыг хүлээж авч засвар үйлчилгээ хийж, ханаа тусгаарлан Д.Дид худалдсан. Д.Д, Н.Ц нар нь гэрээ хийсэн бөгөөд Д.Д нь өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргуулахын тулд компанитай дүр үзүүлэн гэрээ хийсэн. Харин худалдах, худалдан авах гэрээг Н.Цтэй байгуулсан. Төлбөрийг Н.Ц авсан. Энэ барилгыг манайх Д.Д гэх хүнд захиалгаар барьж өгөөгүй, Н.Цээс худалдаж авсан. Тиймээс өөрсдийнхөө хооронд хийсэн хэлцлийг манай компанитай хийсэн мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн байна. Иймд Иргэний  хуулийн 56.1.2-т зааснаар 2013 оны 02 сарын 01-ний өдрийн “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч           Д.Дид холбогдуулан 2013 оны 02 сарын 01-ний өдрийн “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

1/ Хариуцагч “З” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн нийт 18,052,462 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

           

Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “З” ХХК нь 2013 оны 02 сарын 01-ний өдөр 66 дугаартай “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г байгуулж, уг гэрээнд 85/б байрны 2 дугаар давхарт 10 тоот, 2 өрөө, 52.4 м.кв орон сууцыг худалдан авах, барилгыг 2011 оны 05 сард эхлэн 2012 оны 12 сард багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. Уг гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь тус компани нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй, Д.Д, Н.Ц нарын орон сууц худалдах, худалдан авах асуудалд тэдний гуйлтын дагуу гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан. /хх1-7-8/

 

“З” ХХК болон Н.Ц нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр******* тоот, 2 өрөө, 52.4 м.кв орон сууцыг Н.Цэд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх2-32/ Н.Ц нь “З” ХХК-д 2013 оны 02 сарын 04-ний өдөр хүсэлт  гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд “Миний бие компаниас надад өгсөн 85б байрны 10 тоот 2 өрөө байрыг 2012 оны 10 сарын 4-нд агуулахын материалыг гаргаж, нэмэлт дулаалга засвар хийж гэрчилгээгээ гаргуулаагүй байгаа. Д.Д гэдэг хүн худалдан авахаар болсон тул энэ хүний нэр дээр ордер бичиж өгч гэрчилгээ гаргуулах материалыг бүрдүүлж өгөхийг хүсье...” гэжээ. /хх2-33/

 

Шүүхэд дуудагдсан гэрч Н.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ “...Энэ байрыг “З” ХХК-ийн ерөнхий инженерээр хавсарч ажиллаж байхад надад 2 байр өгсөн. Нэг нь 4 өрөөтэй, нөгөө нь 2 өрөөтэй. 4 өрөөтэй байрандаа би өөрөө амьдарсан. 10 тоотын 2 өрөө байрныхаа өрөөг янзалсан. Ашиглалтад өгөхөд агуулах байсан. Надад өөрөө янзалж ав гэхээр нь ашиглалтад өгсний дараа янзалсан. ... Д.Дийг нэг л удаа манай байранд зогсож байхыг харсан. Д.Дийн хадам эгчтэй хоёр удаа уулзсан. Аавтай нь, ахтай нь бас уулзсан. Би танай байранд орж үзлээ, чи надад энэ байраа өгөөч, яагаад гэвэл тааз нь өндөр юм гэсэн. Нэг давхар гэхэд өндөр таазтай юм, охиндоо зориулаад өөрөө мөнгийг нь нэмээд авъя гэсэн, өөрсдөө тохиролцоод авбал ав, надад бүх бичиг баримт нь байна гэсэн. Тэгэхэд надад ордерийг хурдан гаргах хэрэгтэй байна, зээл гаргах хэрэгтэй байна гэж ах нь надад хэлсэн. Тэгээд яах юм гэхэд “З” ХХК-ийн нэр дээр ордер хурдан гарах юм байна гэдгийг судаллаа. Хувь хүнээс илүү компанийн нэр дээр хурдан гэсэн. Тэгээд маргааш нь 81 сая төгрөгөөр тохиролцох уу гэж аав нь бил үү, ах нь бил үү, Д.Д л лав биш тохирлцъё гээд ...компанид урьдчилгаагаа өг, тэгээд энэ компанийн дансаар мөнгөө бүтнээр авна гээд л гарсан. ...Би Д.Доос нэг ч төгрөг аваагүй, Намжилдорж гуай 80 сая төгрөгийг ...яг тоолж өгч байсан...” гэж мэдүүлсэн.

 

Дээр дурдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд *******,*******,*******,******* тоот, 52,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах харилцаа Д.Д, Н.Ц нарын хооронд хийгдсэн, “З” ХХК-ийн дансаар шилжүүлсэн орон сууцны төлбөрийг Н.Ц нэхэмжлэгч Д.Доос авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий орон сууцанд өрөөний тусгаарлалтын хамар хана, салхивчийн ханыг Н.Ц орон сууцыг хүлээн авсны дараа өөрөө хийсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд “З” ХХК-ийн барьсан үйлчилгээтэй, 58 айлын орон сууцны барилгыг 2012 оны 11 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байх бөгөөд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний “...барилгыг 2011 оны 05 сард эхлэн 2012 оны 12 сард багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгнө...” гэсэн заалтаас үзэхэд “З” ХХК болон Д.Д нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах харилцаа бодитоор үүсээгүй байна.  /хх1-138-140/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул Д.Д, Н.Ц нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах харилцаанд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүднээс нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан 66 дугаартай “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгч Д.Д нь Н.Цтэй харилцаж байсан удаагүй, танихгүй гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Д нь маргаан бүхий орон сууцыг ******* банкны Ипотекийн зээлээр худалдан авсан, орон сууцны хэмжилтийн зөрүүнд ногдох зээлийн хүү, байрны халаалтын хөлс зэргийг илүү төлж, хохирсон гэж орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөгийг хариуцагч “З” ХХК-оос гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд хохирсон этгээд нь буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “З” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй, мөн  маргаан бүхий орон сууцанд өрөөний тусгаарлалтын хамар хана, салхивчийн хана хийснээс орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа асуудалд “З” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “З” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “З” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Д нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

2/ Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч “З” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Д.Дид орон сууц захиалгаар барьж өгөөгүй, худалдаагүй, Д.Д, Н.Ц нарын хооронд хийсэн орон сууц худалдах, худалдан авах тухай хийсэн хэлцлийг “З” ХХК-тай хийсэн мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.Д нь Н.Цтэй харилцаж байсан удаагүй, танихгүй,  “З” ХХК болон Д.Д нарын хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдсэн гэх тайлбарыг гаргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, Д.Д, Н.Ц нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах харилцаанд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүднээс нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан 66 дугаартай “Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г байгуулсан гэж үзэн, уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-ний дагуу орон сууц худалдах, худалдан авах харилцаа зохигчдын хооронд бодитоор үүсээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үүргийн харилцаа үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “З” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнээс илүү төлсөн 12,322,500 төгрөг, түүнд ногдох орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү 5,729,962 төгрөг, нийт 18,052,462 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч “З” ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,220 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Доос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 563,950 төгрөгийг гаргуулж хариуцагч “З” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР