Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00584

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00584

Улаанбаатар хот

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Төлек овогт*******,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,, тоотод оршин суух, Бахат ахтай овогт нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,о, Хувьсгалчид г-11 дүгээр гудамж, 115б тоотод оршин суух, Боржигон овогт Балжиннямын Алтантариа /РД: АЭ78032209/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тэм 105 дугаар байр, 19 тоотод оршин суух, Их богд овогт Нямдаваагийн Дэлгэрсайхан /РД: ВЮ71082176/ нарт холбогдох,

 

35 000 000 төгрөг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, хариуцагч Б.Алтантариагийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, Д.Баттулга, гэрч Х.Гүнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х.Мамбет, Х.Ахжархын нар “Аптангүн төгс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Алтантариа, 50 хувийн хувьцаа эзэмшигч Н.Дэлгэрсайхан нартай “Аптангүн төгс” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээний дагуу Х.Мамбет нь Б.Алтантариагийн 40 хувийн хувьцааг 14 000 000 төгрөгөөр, Х.Ахжархын нь Б.Алтантариагийн үлдсэн 10 хувийн хувьцаа дээр Н.Дэлгэрсайханы 50 хувийн хувьцаа, нийт 60 хувийн хувьцааг 21 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч, нийт 100 хувийн хувьцааны үнэ 35 000 000 төгрөгийг төлөх, Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь “Аптангүн төгс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг тусгай зөвшөөрлийг сунгуулж, сунгалтын хамт хүлээлгэж өгөх үүргийг харилцан хүлээсэн.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарт хэлэлцэн тохирсон нийт 35 000 000 төгрөгийг төлсөн. Итгэмжлэлээр Н.Дэлгэрсайханыг төлөөлж Б.Алтантариа, Х.Ахжархын нарын хооронд байгуулсан “Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд татвараас зайлсхийх зорилгоор 21 000 000 төгрөгийг 17 500 000 төгрөг гэж тусгасан. Дээрх гэрээг байгуулах үед хувьцаа эзэмшигч Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь “Алтангүн төгс” ХХК-ийг өөр бусад аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, тусгай зөвшөөрөл нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болно. Гэхдээ бид замын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ компанийн гэрчилгээний хамт холбогдох баримтаа бүрдүүлээд Монголын Авто замчдын холбоонд өгчихсөн, 2019 оны нэг сардаа багтаагаад тусгай зөвшөөрлийг нь сунгаад гэрчилгээний хамт та нарт ямар нэгэн эрхийн зөрчилгүй, замын үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хүлээлгэж өгнө гэж хэлсний дагуу тохиролцон. Учир нь замын ажил нь улирлын чанартай хийгддэг ажил тул гэрээ байгуулах үед өвлийн улирал таарч, тусгай зөвшөөрлийн хугацаа замын ажил эхлэх үе буюу 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болж таарсан. Гэрээний дагуу тохирсон гол зүйл нь тусгай зөвшөөрлийг сунгаж өгөх, замын туслан гүйцэтгэх ажил олгох явдал байсан.

 

Хариуцагч Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь тохиролцсон хугацаандаа компанийн гэрчилгээг болон тусгай зөвшөөрлийг сунгуулж, сунгалтын хамт хүлээлгэж өгөөгүй тул бидний зүгээс удаа дараа утсаар болон биечлэн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд “...гэрчилгээг чинь аваачиж өгнө, тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа, түр хүлээж бай, замын ажил эхлээгүй байна. Замын ажил эхлэхээр замын туслан гүйцэтгэх ажил олж өгнө” гэж итгүүлж, худал ярьж явсаар өдийг хүрсэн. Улмаар хариуцагч нар нь тохирсон хугацаандаа компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг сунгуулж сунгалтын хамт хүлээлгэж өгөхгүй байсан тул бидний зүгээс холбогдох байгууллагад хүсэлт гаргаж шалгуулахад Монголын Авто замчдын холбоонд Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь “Алтангүн төгс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар холбогдох материалаа бүрдүүлэн өгөөгүй, бидэнд худлаа ярьж итгүүлэн эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан болох нь баримтаар тогтоогдсон.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хариуцагч талтай дахин холбогдон дээрх байдлыг мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлж компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж, гэрээнээс татгалзаж байгаагаа утсаар болон биечлэн мэдэгдсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй, гэрээний харилцаа цааш үргэлжлэх боломжгүй болсон. Хариуцагч Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд тусгай зөвшөөрлийг сунгуулж өгөх талаар нарийвчлан заагаагүй боловч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр замын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг худалдах талаар тохиролцоо хийгдсэн. Хариуцагч нар нь уг тохиролцооны дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой компанийг шилжүүлж өгөх үүргээ зөрчсөнөөс бид гэрээний дагуу тодорхой үр дүнд хүрэх боломжгүй болж маш их хохирч байна.

 

Мөн хариуцагч Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нар нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ буюу худалдахаас өмнөх, компанийн өрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс “Бэстрөүд групп” ХХК нь “Алтангүн төгс” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт 67 027 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний үүрэгт бусдад 34 527 150 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гэрээнд зааснаар бусдад төлөх өр төлбөрийг мэдэгдэх ёстой байсан боловч түүнийгээ нуун дарагдуулж, нэхэмжлэгч нарыг хуурч мэхэлсэн.

 

Иймд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж, уг гэрээг мөн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Алтангүн төгс” ХХК нь Б.Алтантариа гэдэг хүний хувь өмчлөлд байсан. 2015 онд компанийн 50 хувийг над руу шилжүүлсэн. Миний зүгээс ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй 2018 оны 12 дугаар сард “Алтангүн төгс” ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа авъя чамтай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хэлж шилжүүлж авснаар эрх үүрэг дууссан. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа нэхэмжлэл дээр Н.Дэлгэрсайханд удаа дараа мэдэгдэж гэрээ хэлцэл хийсэн гэж байна. Би нэхэмжлэгч Х.Ахжархын, Х.Мамбет нарыг танихгүй огт уулзаж байгаагүй. Миний “Алтангүн төгс” ХХК-ийн эрх 2018 оны 12 дугаар сард итгэмжлэл бичиж өгснөөр дуусгавар болсон. Ямар гэрээ хийсэн эсэх талаар мэдэх зүйл байхгүй, итгэмжлэл өгсний дараа болсон асуудал байна. Нотлох баримтаас харж байхад 23 000 000 төгрөг болон 13 000 000 төгрөг өгсөн гэж байгаа боловч хэнд өгсөн гэдэг талаар баримт байхгүй байна. Хувьцаа зарсан талаар би мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй учир миний хувьд өөрийгөө хариуцагч биш гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч Б.Алтантариа шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хоёр тал харилцан тохиролцож “Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт эрхийн доголдолгүй компанийн хувьцааг шилжүүлсэн.

 

Дээрх гэрээгээр хариуцагч тал нэхэмжлэгчид автозамын тусгай зөвшөөрлийг сунгах, ажил олж өгөх талаар тусгаагүй. Авто замын ажил авахын тулд тухайн компани эзэмшигч этгээд нь өөрөө холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн хууль, журмын дагуу тендер сонгон шалгаруулалт оролцож, шалгарсан тохиолдолд авто замын ажил гүйцэтгэх гэрээг холбогдох Төрийн захиргааны байгууллагатай байгуулдаг. Гэтэл нэхэмжлэгч тал илт хууль бус биелэгдэх боломжгүй зүйлийг шаардсан гэж үзэхээр. Мөн тухайн гэрээг байгуулах үед компанийн авто замын тусгай зөвшөөрөл дуусаагүй, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй байсан.

 

“Алтангүн төгс” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяр нь “Бэстрөүд групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Гэрэлт-Одтой машин механизм түрээсээр ажиллуулах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэх хуурамч гэрээг “Бэстрөүд групп” ХХК-иас гаргаж, “Алтангүн төгс” ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 34 527 150 төгрөгийг гаргуулж “Бэстрөүд групп” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь хуурамч нотлох баримт үйлдэж шүүхийн шийдвэр гаргуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Мамбет нь хариуцагч Б.Алтантариад холбогдуулан 14 000 000 төгрөг, нэхэмжлэгч Х.Ахжархын нь хариуцагч Н.Дэлгэрсайханд холбогдуулан 21 000 000 төгрөг тус тус гаргуулах, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар нь гэрээнд заасан бусдад төлөх өр төлбөрөө нэхэмжлэгч нарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулж хуурч мэхэлсэн, ...автозамын тусгай зөвшөөрлийг сунгуулах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад өгөөгүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, биет байдлын доголдолтой эд зүйл шилжүүлсэн, ...нэхэмжлэгч нарыг хуурч мэхэлсэн” гэж тодорхойлсон. Хариуцагч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэн маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 35 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

“Алтангүн төгс” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15/01 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан “Алтангүн төгс” ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн нийт хувьцааны 50 хувийг Н.Дэлгэрсайхан, үлдэх 50 хувийг Б.Алтантариа нар тус тус эзэмшиж байсан /1хх 206-208 дугаар тал/.

 

Улмаар “Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Алтантариа болон нэхэмжлэгч Х.Мамбет нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1947 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Алтантариа нь өөрийн эзэмшлийн нийт 50 хувийн хувьцааны 40 хувийг нэхэмжлэгч Х.Мамбетэд 14 000 000 төгрөгөөр, үлдэх 10 хувийг Б.Алтантариа болон нэхэмжлэгч Х.Ахжархын нарын хооронд байгуулсан мөн өдрийн 1948 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр Х.Ахжархынд 3 500 000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авахаар, хувьцаа эзэмшигч Б.Алтантариа нь хувьцаа эзэмшигч Н.Дэлгэрсайханаас түүнд олгосон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 969 дугаар итгэмжлэлийн дагуу Б.Алтантариа болон Х.Ахжархын нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1949 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр Б.Алтантариа нь хувьцаа эзэмшигч Н.Дэлгэрсайханы эзэмшлийн нийт 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Х.Ахжархынд 17 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирчээ /1хх 209-212, 213-220, 223-226 дугаар тал/. Гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Мамбет нь гэрээний төлбөрт 14 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Ахжархын нь 21 000 000 төгрөгийг буюу нэхэмжлэгч нар нь нийт 35 000 000 төгрөгийг хариуцагч Б.Алтантариад шилжүүлсэн, хариуцагч нар нь “Алтангүн төгс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх худалдах-худалдан авах гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт төлснөөр мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу улсын бүртгэлд “Алтангүн төгс” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Мамбет, үлдэх 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Ахжархын нар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус бүртгэгдсэн байна. /1хх 190-191, 206-208, 213-214, 221-222, 227-230 дугаар тал/

 

1.1 Нэхэмжлэгч Х.Мамбетэд, Х.Ахжархын болон хариуцагч Б.Алтантариа, Н.Дэлгэрсайхан нарын хооронд байгуулагдсан дээрх 1947 дугаар, 1948 дугаар, 1949 дугаар хувьцаа худалдах-худалдан авах гэрээний зүйл, нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь гэрээнд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хувьцаа, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хувьцааг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний 2-т зааснаар гэрээний зүйл нь “Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа байх бөгөөд гэрээний 4-т зааснаар хариуцагч нар нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн маргаангүй хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, мөн компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг нэхэмжлэгч нарт үнэн зөв гаргаж өгөх, компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх, уг гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг хариуцагч нар төлөх үүргийг, харин нэхэмжлэгч нар нь гэрээний 3.1-д заасан төлбөрийг төлөх, хувьцаа хариуцагч нарын өмчлөлийн, эзэмшлийнх мөн болохыг шалгаж авах, компанийн хувьцаа эзэмшигчийн шинэчилсэн бүртгэлийг холбогдох хууль, журамд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь гэрээний зүйл болох “Алтангүн төгс” ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлэхэд тухайн хувьцааг эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 251.2-т зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж, харин мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж тус тус үзнэ. Түүнчлэн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээний зүйл нь эд хөрөнгийн доголдолтой бол худалдан авагч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02864 дугаар шийдвэрээр “Алтангүн төгс” ХХК болон “Бэстрөүд групп” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ”-ний үүрэгт хариуцагч “Алтангүн төгс” ХХК-иас 34 527 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бэстрөүд групп” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх 47-50 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын хувьцааг нь худалдан авсан “Алтангүн төгс” ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөртэй болжээ. Ийнхүү “Алтангүн төгс” ХХК нь бусдад төлөх төлбөртэй болсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох хувьцааг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч нар эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

1.2 Түүнчлэн, хариуцагч нарыг “Алтангүн төгс” ХХК-тай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг нэхэмжлэгч нарт үнэн зөв гаргаж өгөөгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

1.3 Гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02864 дугаар шийдвэрээр “Алтангүн төгс” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээний үндсэн дээр “Бэстрөүд групп” ХХК-тай иргэний эрх зүйн гэрээний харилцаанд оролцсон үйл баримт тогтоогдсон. Энэхүү үүргийн харилцааны маргаан хожим шүүхийн шийдвэрээр Алтангүн төгс” ХХК нь бусдад төлөх өр төлбөртэй болсон нь гэрээний 4.2-т заасан компанийн өр төлбөр хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, талууд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дээрх гэрээний харилцаатай холбоотой үүрэг нь гэрээний 4.2-т заасан өр төлбөрт тооцогдохгүй, харин гэрээг байгуулах үед “Алтангүн төгс” ХХК нь бусдад төлөх өр төлбөртэй байсан бол гэрээний 4.2 дахь заалтад хамаарна. Иймд хариуцагч нарыг гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

1.4 Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа байх бөгөөд талууд гэрээгээр Алтангүн төгс” ХХК-ийн авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажлын тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч нар сунгуулах талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар “Алтангүн төгс” ХХК-д авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажлын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусаж, үүнээс хойш хугацаа сунгагдаагүй байна. /1хх 113-180 дугаар тал/ Ийнхүү дээрх тусгаа зөвшөөрөл сунгагдаагүйд хариуцагч нарыг буруутгах, мөн гэрээ болон хэлцлээр хариуцагч нар нь уг тусгай зөвшөөрлийг сунгуулах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлд заасны дагуу Алтангүн төгс” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний төлбөр төлсөн 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардах эрхгүй байна.

 

2. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа компанийн хувьцааг худалдах-худалдан авах дээрх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцуулах агуулгаар тодруулсан гэх боловч энэ нь бие даасан шаардлагад хамаарч байна.

 

Нэхэмжлэгч нар нь уг шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь “Алтангүн төгс” ХХК бусдад өр төлбөртэй гэдгийг, мөн тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй гэдгийг буюу хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар зориуд нуун дарагдуулж, хууран мэхэлсэн” гэж тодорхойлсон.

 

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1947 дугаар, 1948 дугаар, 1949 дугаар хувьцаа худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хэлцэл хийсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсан хэлцлийн нөгөө тал нь хууран мэхэлсэн буюу худал зүйлийг үнэн болгож баталсан буюу бодит үнэн нөхцөл байдлыг далдалсан, түүнийг нуун дарагдуулж хэлцлийн нөгөө талыг хууран мэхэлсэн нөхцөл байдал үүссэн байхыг шаардана. Түүнчлэн, үр дүнд нь хэлцлийн нөгөө тал төөрөгдөлд орсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь дээрх компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нарыг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь “Алтангүн төгс” ХХК-ийг бусдад өр төлбөртэй гэдгийг нуун дарагдуулсан, автозамын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй атлаа гаргасан мэтээр худал хэлж, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар зориуд нуун дарагдуулж, хууран мэхэлсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нар нь тухайн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Алтантариад холбогдох 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Мамбет, хариуцагч Н.Дэлгэрсайханд холбогдох 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Ахжархын нарын, хариуцагч Б.Алтантариа, хариуцагч Н.Дэлгэрсайхан нарт холбогдох, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1947 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, мөн өдрийн 1948 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, мөн өдрийн 1949 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буй гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Мамбет, Х.Ахжархын нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Н.Дэлгэрсайхан нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Алтантариад холбогдох 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Мамбет, хариуцагч Н.Дэлгэрсайханд холбогдох 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Ахжархын нарын, хариуцагч Б.Алтантариа, хариуцагч Н.Дэлгэрсайхан нарт холбогдох, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1947 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1948 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1949 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буй гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Мамбет, Х.Ахжархын нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН