Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00808

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00808

 

Х.А, Х.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00584 дугаар шийдвэртэй

Х.А, Х.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.А, Н.Д нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 35 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Б.Агийн өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х.М, Х.А нар А ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.А, 50 хувийн хувьцаа эзэмшигч Н.Д нартай А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу Х.М нь Б.Агийн 40 хувийн хувьцааг 14 000 000 төгрөгөөр, Х.А нь Б.Агийн үлдсэн 10 хувийн хувьцаа дээр Н.Ды 50 хувийн хувьцаа, нийт 60 хувийн хувьцааг 21 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч нийт 100 хувийн хувьцааны үнэ 35 000 000 төгрөгийг төлөх, Б.А, Н.Д нар нь А ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг тусгай зөвшөөрлийг сунгуулж, сунгалтын хамт хүлээлгэж өгөх үүргийг харилцан хүлээсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарт хэлэлцэн тохирсон нийт 35 000 000 төгрөгийг төлсөн. Итгэмжлэлээр Н.Дыг төлөөлж Б.А, Х.А нарын хооронд байгуулсан А ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд татвараас зайлсхийх зорилгоор 21 000 000 төгрөгийг 17 500 000 төгрөг гэж тусгасан. Дээрх гэрээг байгуулах үед хувьцаа эзэмшигч Б.А, Н.Д нар нь А ХХК-ийг өөр бусад аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, тусгай зөвшөөрөл нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болно. Гэхдээ бид замын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ компанийн гэрчилгээний хамт холбогдох баримтаа бүрдүүлээд Монголын Авто замчдын холбоонд өгчихсөн, 2019 оны нэг сардаа багтаагаад тусгай зөвшөөрлийг нь сунгаад гэрчилгээний хамт та нарт ямар нэгэн эрхийн зөрчилгүй, замын үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хүлээлгэж өгнө гэж хэлсний дагуу тохиролцон. Учир нь замын ажил нь улирлын чанартай хийгддэг ажил тул гэрээ байгуулах үед өвлийн улирал таарч, тусгай зөвшөөрлийн хугацаа замын ажил эхлэх үе буюу 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болж таарсан. Гэрээний дагуу тохирсон гол зүйл нь тусгай зөвшөөрлийг сунгаж өгөх, замын туслан гүйцэтгэх ажил олгох явдал байсан. Хариуцагч Б.А, Н.Д нар нь тохиролцсон хугацаандаа компанийн гэрчилгээг болон тусгай зөвшөөрлийг сунгуулж, сунгалтын хамт хүлээлгэж өгөөгүй тул бидний зүгээс удаа дараа утсаар болон биечлэн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд ...гэрчилгээг чинь аваачиж өгнө, тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа, түр хүлээж бай, замын ажил эхлээгүй байна. Замын ажил эхлэхээр замын туслан гүйцэтгэх ажил олж өгнө гэж итгүүлж, худал ярьж явсаар өдийг хүрсэн. Улмаар хариуцагч нар нь тохирсон хугацаандаа компанийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийг сунгуулж сунгалтын хамт хүлээлгэж өгөхгүй байсан тул бидний зүгээс холбогдох байгууллагад хүсэлт гаргаж шалгуулахад Монголын Авто замчдын холбоонд Б.А, Н.Д нар нь А ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар холбогдох материалаа бүрдүүлэн өгөөгүй, бидэнд худлаа ярьж итгүүлэн эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан болох нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч Б.А, Н.Д нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд тусгай зөвшөөрлийг сунгуулж өгөх талаар нарийвчлан заагаагүй боловч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр замын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг худалдах талаар тохиролцоо хийгдсэн. Мөн хариуцагч Б.А, Н.Д нар нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ буюу худалдахаас өмнөх, компанийн өрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс Б ХХК нь А ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт 67 027 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний үүрэгт бусдад 34 527 150 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Иймд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, уг гэрээг мөн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК нь Б.А гэдэг хүний хувь өмчлөлд байсан. 2015 онд компанийн 50 хувийг над руу шилжүүлсэн. Миний зүгээс ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй 2018 оны 12 дугаар сард А ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа авъя чамтай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хэлж шилжүүлж авснаар эрх үүрэг дууссан. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа нэхэмжлэл дээр Н.Дд удаа дараа мэдэгдэж гэрээ хэлцэл хийсэн гэж байна. Би нэхэмжлэгч Х.А, Х.М нарыг танихгүй огт уулзаж байгаагүй. Миний А ХХК-ийн эрх 2018 оны 12 дугаар сард итгэмжлэл бичиж өгснөөр дуусгавар болсон. Нотлох баримтаас харж байхад 23 000 000 төгрөг болон 13 000 000 төгрөг өгсөн гэж байгаа боловч хэнд өгсөн гэдэг талаар баримт байхгүй байна. Хувьцаа зарсан талаар би мэдэхгүй, ямар ч мөнгө аваагүй учир миний хувьд өөрийгөө хариуцагч биш гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Б.Баттулга, Д.Хишигбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хоёр тал харилцан тохиролцож А ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт эрхийн доголдолгүй компанийн хувьцааг шилжүүлсэн. Дээрх гэрээгээр хариуцагч тал нэхэмжлэгчид автозамын тусгай зөвшөөрлийг сунгах, ажил олж өгөх талаар тусгаагүй. Авто замын ажил авахын тулд тухайн компани эзэмшигч этгээд нь өөрөө холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн хууль, журмын дагуу тендер сонгон шалгаруулалт оролцож, шалгарсан тохиолдолд авто замын ажил гүйцэтгэх гэрээг холбогдох Төрийн захиргааны байгууллагатай байгуулдаг. Мөн тухайн гэрээг байгуулах үед компанийн авто замын тусгай зөвшөөрөл дуусаагүй, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. А ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяр нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Гэрэлт-Одтой машин механизм түрээсээр ажиллуулах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэх хуурамч гэрээг Б ХХК-иас гаргаж, А ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 34 527 150 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь хуурамч нотлох баримт үйлдэж шүүхийн шийдвэр гаргуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ад холбогдох 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.М, хариуцагч Н.Дд холбогдох 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.А нарын, хариуцагч Б.А, хариуцагч Н.Д нарт холбогдох, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1947 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1948 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1949 дугаартай, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буй гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Х.М, Х.А нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг ...Талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд тусгай зөвшөөрлийг сунгуулж өгөх талаар нарийвчлан заагаагүй боловч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр замын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг худалдах талаар тохиролцоо хийгдсэн. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн гол нөхцөл нь А ХХК-ийн эрхээс гадна үйл ажиллагаа, бусдын өмнө хүлээх үүрэггүй, өр төлбөргүй компани худалдах байсан... гэвч худалдагч талаас тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь өгсөн гэж төөрөгдөлд оруулсан, мөн Б ХХК болон Б.Төгс-Эрдэнэ нарт гэрээний үүргийн дагуу өр төлбөртэйгөө нуун дарагдуулж, худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд заасан компани худалдахтай холбоотой өр төлбөрийг мэдэгдэх, хариуцах талаар хүлээсэн үүргээ буюу гэрээний 4.2, 4.6 дахь заалтуудыг зөрчиж худалдсан гэдгийг олж мэдсэн, ...дээрх этгээдүүд А ХХК-с өр төлбөрийг шаардаж, мэдэгдэж, шүүхэд хандаж байсныг худалдах үедээ хэлээгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон. Монголын Авто замчдын холбооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-125 дугаар албан тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/02864 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн албан тоот, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт, гэрээ дүгнэж, төлбөр барагдуулах акт, түрээсийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн /хх-ийн 20, 47-50, 72-74, 76-78, 79-81, 94-95, 104, 105, 107-108. 109. 110, 111-112/ байхад шүүх дээрх баримтуудыг үнэлж дүгнээгүй. Тодруулбал, хариуцагч нар нь маргааны зүйл болох компанийг нэхэмжлэгч нарт худалдахдаа Б ХХК нь А ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 03, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний үүрэгт 67 027 100 төгрөг, Б.Төгс-Эрдэнэ 2017 оны машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 34 000 000 төгрөг тус тус гаргуулахаар мэдэгдэж шаардаж байсан эсэх, улмаар шүүхэд удаа дараа хандсан эсэх үйл баримтыг дүгнэх шаардлагатай байсан. Хариуцагч нар бусдад төлөх өр төлбөртэй байсан гэдгээ мэдэж байсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ түүнийгээ нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан. Тухайн үед А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Гүнбаатар мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн, мөн шүүхэд гэрчээр асуугдсан Г.Ганчимэг ...2017 онд Б.Төгс-Эрдэнэ болон А ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн дагуу төлөх 34 000 000 төгрөгийг төлүүлэхээр утсаар болон биечлэн удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч удахгүй төлнө гэж хэлээд төлөхгүй байсан тул 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжлуулах зэргээр гэрээний үүргийг хангуулахаар бүхий л арга хэмжээг авсан, А ХХК-ийн удирдлага, хувьцаа эзэмшигч нар өр төлбөрийг төлөхгүйн тулд бусдад худалдсан гэж үзэж байгаагаа хэлж холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад үүнд шүүх дүгнэлт хийгээгүй. Тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь өгсөн, нэг сардаа багтаагаад сунгуулаад өгнө, бусдын өмнө хүлээх үүрэггүй, ямар ч өр төлбөргүй гэж худал хэлж худалдсан нь хууран мэхэлсэн үйлдэл болсон. Энэ талаар нэхэмжлэгч Монголын авто замчдын холбоо болон Б ХХК, Б.Төгс-Эрдэнэ нараас хожим олж мэдсэн нь шаардах эрхийн үндэслэл болсон. Нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзаж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасныг шүүх худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй. Хариуцагч нар нь А ХХК-ийг худалдахдаа Б ХХК болон Б.Төгс-Эрдэнэ нарын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр тооцооны өртэй байсан талаар гэрчийн мэдүүлэг болон тайлбартаа дурдсан байхад энэ талаар хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байж болохоор байгааг шүүх анхаараагүй. Хариуцагч Б.А, Н.Д нар нь анхнаасаа А ХХК-ийн талаар үнэн бодитой мэдээллүүдийг өгөлгүй, хууран мэхэлж, биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй, зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэдэг нь гэрч М.Ибрай, Г.Ганчимэг нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагч нар нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь гаргаагүй гэж, мөн бусдад төлөх өр төлбөртэй буюу Б ХХК болон Б.Төгс-Эрдэнэ нарын зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага гаргаж байсныг худалдах үедээ хариуцагч нар хэлээгүй, хэрвээ энэ талаар хэлж мэдэгдсэн бол худалдах, худалдан авах гэрээг байгуулахгүй, А ХХК-ийг худалдан авахгүй байсан. Дээрх байдлыг нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч үүнийг нуун дарагдуулсныг хожим мэдсэн гэж үзэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.А Х.М нар нь хариуцагч Н.Д, Б.А нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч тал доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бусдад төлөх өр төлбөртэй байснаа нуун дарагдуулсан, авто замын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад өгөөгүйгээс зөвшөөрлийн хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хариуцагч Б.А, нэхэмжлэгч Х.М нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.А нь А ХХК-ийн 40 хувийн хувьцааг 14 000 000 төгрөгөөр худалдсан, Б.А нь хувьцаа эзэмшигч Н.Даас түүнд олгосон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 969 дугаар итгэмжлэлийн дагуу Б.А, Х.А нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ байгуулж, уг гэрээгээр Н.Ды 50 хувийн хувьцааг 17 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, Б.А, Х.А нар Худалдах-худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ байгуулж, 10 хувийн хувьцааг 3 500 000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авахаар тохиролцсон. Мөн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эрх шилжүүлэгч Н.Дыг төлөөлж Б.А, эрх хүлээн авагч Х.А нар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрөө эрх шилжүүлэгч Б.А, эрх хүлээн авагч Х.А нар Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулсан байна. /1хх.209-212, 213-220, 223-226/

Нэхэмжлэгч Х.А, Х.М нар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тодруулахдаа ...доголдолтой эд хөрөнгө худалдсан нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаана гэсэн агуулгаар тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдэж А ХХК-ийн нийт хувьцааны 40%-ийн хувьцаа эзэмшигчээр Х.М, үлдэх 60%-ийн хувьцаа эзэмшигчээр Х.А нар бүртгэгдсэн, бүртгэл 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн, худалдан авагч тал худалдагчид гэрээний дагуу төлөх 35 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

Гэрээний 4.1-т худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үеийн өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь компанийн хувьцаа худалдах, худалдан авахтай холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж, 2.1-т гэрээний зүйлийн талаарх мэдээлэл тусгасан байх бөгөөд гэрээний зүйл нь А ХХК-ийн хувьцаа байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд худалдан авагч худалдан авсан зүйлээ доголдолтой гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нар худалдах-худалдан авах гэрээг цуцлах шаардлагын нэг үндэслэлээ ...тусгай зөвшөөрлийг сунгах, сунгалтын хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдагч тал худалдан авагчид тусгай зөвшөөрөл-ийг сунгаж өгөх үүрэг хүлээсэн талаарх заалт тусгагдаагүй байх тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийг сунгаагүйд хариуцагч нарыг буруутгахгүй, хариуцагч нар сунгах үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар Монголын Авто Замчдын холбооны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А260 тоот албан бичиг авагдсан, уг бичигт ...А ХХК нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажлын тусгай зөвшөөрөл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар гурван жилийн хугацаатай олгогдож 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүчинтэй хугацаа дууссан бөгөөд хойш сунгагдаагүй, материал бүрдүүлж ирээгүй талаар дурдсан байх бөгөөд талуудыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж байх үед тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан байна. /хх.173/

Мөн нэхэмжлэгч талаас ...хариуцагч нар бусдад төлөх өр төлбөртэй байснаа нуун дарагдуулсан нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарлаж, гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэгч нарт өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсэн гэжээ.

Гэрээний 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02864 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр А ХХК болон Б ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ-ний үүрэгт хариуцагч А ХХК-иас 34 527 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /1хх.47-50/

Анхан шатны шүүх талууд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дээрх гэрээний харилцаатай холбоотой үүрэг нь гэрээний 4.2-т заасан өр төлбөрт тооцогдохгүй. Энэхүү үүргийн харилцааны маргаан хожим шүүхийн шийдвэрээр А ХХК нь бусдад төлөх өр төлбөртэй болсон нь гэрээний 4.2-т заасан компанийн өр төлбөр хамаарахгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг биет байдлын доголдолтой, Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний дагуу төлсөн 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагч нар нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ холбогдох газарт нь гаргаагүй, мөн бусдад төлөх өр төлбөртэй талаар хариуцагч нар хэлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, худалдагч тал тусгай зөвшөөрлийг сунгах үүрэг хүлээсэн, өр төлбөрийн талаар мэдэгдээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүчин төгөлдөр бус хэлцэл гэхийг ...хүчин төгөлдөр буй хэлцэл гэж бичсэн нь техникийн алдаа байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО