Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/00086

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/00086

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Серик нь хариуцагч М.Өнөрсайхантай 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 2019 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 12.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээнд хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Хүүг 6 сараар сарын 3 хувиар тооцоход 2.250.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүй тооцож, 6.250.000 төгрөг, үндсэн зээл 12.500.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь дээрх зээлсэн мөнгөөр нэхэмжлэгч болон******* нартай хамтран байгуулсан ******* ХХК-д хөрөнгө оруулалт хийх хувиа гаргуулсан юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байдаг. Гэрээний 7 дахь хэсэгт М.Өнөрсайханы Хас банкны дансанд мөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Мөнгө нь Ж.Серикээс шилжиж ирээгүй тул гэрээний үүргийг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Серик нь хариуцагч М.Өнөрсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь мөнгийг хүлээж аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Серик, хариуцагч М.Өнөрсайхан нар нь*******тай хамтран 20.000 төгрөгийн дүрмийн сан бүхий ******* ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь чихрийн үйлдвэрлэл, худалдаа байна.

******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятад улсаас оруулж ирэхэд шаардагдах хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваан гаргахаар тохиролцсон бөгөөд*******, М.Өнөрсайхан нар нь өөрсдийн оруулах 12.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Серикээс зээлийн гэрээний дагуу гаргуулсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч М.Өнөрсайханаас өөрийн оруулах хөрөнгө оруулалтын 12.500.000 төгрөгийг өөрөөсөө гаргаагүй гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ж.Серикийн нэхэмжлэлтэй,*******т холбогдох хэрэгт*******ын гаргасан чихрийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр хувьцаа эзэмшигчид 12.500.000 төгрөг гаргах болсон, бид 3 Хятад руу явж тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Гар дээр мөнгө өгөөгүй гэсэн тайлбараар мөн нотлогдож байна.

Хэдийгээр зээлийн гэрээний дагуу мөнгийг М.Өнөрсайханы Хас банкны дансанд шилжүүлсэн болон бэлнээр хүлээлгэн өгсөн баримт байхгүй боловч ******* ХХК-ийн чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд шаардагдах хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваан гаргах үүргээ зээлийн гэрээ байгуулах замаар хариуцагч биелүүлсэн байна. Хувьцаа эзэмшигчид Хятад улсад зорчиж, чихэр үйлдвэрлэх төхөөрөмжөө оруулж ирснээр дээрх хөрөнгө оруулах гэрээ бүрэн хэрэгжсэн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасны дагуу М.Өнөрсайхан нь компанид 12.500.000 төгрөгийн хөрөнгө оруулах гэрээний үүргээ Ж.Серикээс гаргуулж, энэ үүргээ зээлийн гэрээний үүргээр сольсон байна.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 12.500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тохирсон бол бичгээр байгуулах, 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулах гэсэн шаардлагыг хангасан байх тул энэхүү гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусч, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцох боломжтой байх бөгөөд гүйцэтгээгүй үндсэн зээл 12.500.000 төгрөгөөс хоногийн 0.5 хувиар тооцоход 62.500 төгрөг, хэтэрсэн хугацаа 504 хоног, алданги 31.500.000 төгрөг болж, хуульд нийцүүлэн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцон 6.250.000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 12.500.000 төгрөг, 6 сарын зээлийн хүүнд 2.250.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангид 6.250.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Өнөрсайханаас зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Серикт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Өнөрсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 262.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Серикт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 



 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ