Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00477

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/00086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Сийн хариуцагч М.Өд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь хариуцагч М.Өтай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 12 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээнд хугацаа хэтэрвэл хоног дутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Хүүг 6 сараар, сарын 3 хувиар тооцоход 2 250 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүй тооцож, 6 250 000 төгрөг, үндсэн зээл 12 500 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь дээрх зээлсэн мөнгөөр нэхэмжлэгч болон Х.И нартай хамтран байгуулсан “А М Ч” ХХК-д хөрөнгө оруулалт хийх хувиа гаргуулсан юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байдаг. Гэрээний 7 дах хэсэгт М.Өы Хас банкны дансанд мөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Шилжүүлсэн мөнгө нь Ж.Сээс шилжиж ирээгүй тул гэрээний үүргийг шаардах эрхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Өаас зээлийн гэрээний үүрэгт 21.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 262.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ст олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... зээлийн гэрээний дагуу мөнгийг М.Өы Хас банкны дансанд шилжүүлсэн болон бэлнээр хүлээлгэж өгсөн баримт байхгүй боловч “А М Ч” ХХК-ийн чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд шаардагдах хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваан гаргах үүргээ зээлийн гэрээ байгуулах замаар хариуцагч биелүүлсэн байна. Хувьцаа эзэмшигчид Хятад улсад зорчиж, чихэр үйлдвэрлэх төхөөрөмж оруулж ирснээр хөрөнгө оруулах гэрээ бүрэн хэрэгжсэн байна. М.Ө нь компанид 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулах гэрээний үүргээ Ж.Сээс гаргуулж, энэ үүргээ зээлийн гэрээний үүргээр сольсон байна" гэжээ. Хөрөнгө оруулах гэрээ нь хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж гаргасан учир хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дэгуу маргасан. Талуудын маргааны гол зүйл нь зээлийн гэрээ юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч талаас “А М Ч' ХХК-ийн дүрмийг гзргаж өгсөн. Тус дүрмийн 1.3-д компанийн 34 хувийг Ж.С, 33 хувийг М.Ө, 33 хувийг Х.И гэсэн 3 хувьцаа эзэмшигчтэйгээс гадна талуудын хооронд “компанийн хөрөнгө оруулалттай холбоотой маргаан буюу нэхэмжпэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальсан нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийхгүйгээр, талуудын үүргийг солихоор тохиролцсон гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М.Өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт мөнгө хүлээн аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А М Ч” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахын тулд чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятад улсаас оруулж ирэхэд шаардагдах хөрөнгийг хуваан гаргахаар тохиролцож, М.Өы компанид хөрөнгө оруулах хувь болох 12 500 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс гаргуулсан гэж тайлбарлажээ.

 

Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, чихрийн тоног төхөөрөмж нь зохигчид буюу “А М Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн эргэлтийн хөрөнгөд хамаарах эсэх, хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй холбоотой үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэхийг тодруулах шаардлагатай. Тодруулбал, тухайн тоног төхөөмжийг худалдан авахад хэн, хэдэн төгрөг гаргасан болон тухайн тоног төхөөрөмж нь одоо хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор хуулийн аль зохицуулалтыг хэрэглэхээс хамааран талуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд мэтгэлцүүлэх ажиллагааг явуулах нь нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө ямар эрх зүйн харилцааны дагуу үүрэг үүсэх, эсхүл үүсэхгүй болох нь тодорхойгүй ба нэхэмжлэгч аль үүргийг, ямар үүргээр сольсон болох нь хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Түүнчлэн, өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дээрх компанийн хувьцааг эзэмшигч Х.Иын гаргасан тайлбарыг шүүх ямар нотлох баримтад тооцож үнэлсэн нь тодорхойгүй ба тухайн тайлбарын агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 68 дугаар тал/

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/00086 дугаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 262 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                      С.ЭНХТӨР