Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/00153

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/00153

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлах, * ХХК /*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Горькийн * дугаар гудамж, * тоот хаягт оршин суух, *-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.600.621 төгрөг 70 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2017 оны 02 сарын 02-ны өдөр Голомт банктай КР170131019 дугаартай Кредит картын гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсны 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээн, кредит картын эрхээ авсан байгаа. Зээлдэгч нь 2020 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 20 сарын хугацаа хэтрүүлэн, бэлэн бус гүйлгээний төлбөрт 2.078.895 төгрөг 47 мөнгө, үндсэн хүүний төлбөрт 823.057 төгрөг 47 мөнгө, лимит хэтрүүлсэний төлбөрийн хүү нь 282.238 төгрөг 85 мөнгө, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь 416.429 төгрөг 91 мөнгө, нийт 3.600.621 төгрөг 70 мөнгийг улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн * нь 2017 оны 02 сарын 02-ний өдөр Голомт банктай кредит картын 2.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс үндсэн хүү 707.618 төгрөг 82 мөнгө төлөх ёстой байснаас төлсөн хүү нь 562.660 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 144.958 төгрөг нь үндсэн хүүний төлбөр байна. Хугацаа хэтрүүлсэн хүүгээ яаж бодсөныг мэдэхгүй байна. 823.000 төгрөг нь кредит карт дууссанаас хойш мөнгө юм уу мэдэхгүй байна. Миний бодсөноор 144.958 төгрөгийн үндсэн хүү л төлөгдөөгүй байгаа. Энийг яаж харах вэ гэвэл 2017 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлээд орлого хийгээд,буцаад зарлага гарсан байгаа. 2017 оны 03 сарын 21-нээс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 6.280.000 төгрөгийн орлого хийсэн байгаа. 2017 оны 04 сарын 04-нөөс 2019 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл 5.717.340 төгрөгийг хэрэглэсэн байгаа. Дундажаар 562.000 төгрөгийн хүүг аваагүй үлдээсэн байгаа. 2017 оны 02 сарын 01-нээс карт дуусах хүртэл төлбөрийн хүү нь 707.618 төгрөг л байгаа. 562.000 төгрөг үлдсэн учир 144.000 төгрөг үндсэн хүүгийн төлбөрт үлдэх ёстой. Мөн энэ зээлийн гэрээнд эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гээд 2 удаа бодсон байна. Иймээс * нь 2.263.230 төгрөгийг л төлөх ёстой. 1.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг төлөхгүй. Үндсэн зээл 1.925.000 төгрөгийг хэрэглэсэн. Үндсэн зээл 2.078.000 төгрөг гэж байсан 78.000 төгрөг хаанаас гаргаж ирснийг би ойлгохгүй байгаад хүлээн зөвшөөрнө. Дээр нь 144.958 төгрөгийн үндсэн хүү, 144.958 төгрөгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү 28.991 төгрөг, лимит хэтрүүлсэн хүү 9.399 төгрөг 20 мөнгө, хугацаа хэтрүүлсэн хүү 987 төгрөг 38 мөнгө нийт 2.263.230 төгрөг болж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.600.621 төгрөг 70 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал нь зээлийн гэрээний үүрэгт төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *-тай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан * тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2.000.000.000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний сарын 2%, бэлэн мөнгө авсны сарын 3.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй зээлийн эрхтэй карт олгожээ.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байх тул энэхүү гэрээний маргаантай асуудалд Иргэний хуулийн холбогдох заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалт хэрэглэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч * гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс * тоот кредит картын үндсэн зээлд 2.078.895 төгрөг 47 мөнгө, үндсэн хүү 823.057 төгрөг 47 мөнгө, лимит хэтрүүлсний хүү 282.238 төгрөг 85 мөнгө, хугацаа хэтрүүлсэн хүү 416.429 төгрөг 11 мөнгө, нийт 3.600.621 төгрөг 70 мөнгө гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан бол хариуцагч нь үндсэн зээлийн хэмжээг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаанд дутуу төлсөн үндсэн хүүнд 144.958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.991 төгрөг, лимит хэтрүүлсэн хүү 9.399 төгрөг 24 мөнгө, хугацаа хэтрүүлсэн хүү 987 төгрөг 38 мөнгө, нийт 2.263.230 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлалаа.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд хандах хүртэл хугацааны хүү тооцож шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн зээлийн эрхийн үндсэн нөхцөл хүснэгтийн 10-д зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1% байхаар заажээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээндээ нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүү 2%-ийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тусгах байтал 1 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан нь хуулийн эдгээр заалттай нийцээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн заалт орж байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан кредит карт эзэмших гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлийн картын тооцооллын хүснэгтээс харахад хариуцагч нь уг картаас 7.677.340 төгрөгийг зарцуулж, 6.315.000 төгрөгийн төлөлтийг хийжээ.

Гэрээний хугацаанд төлөх хүү нь 637.428 төгрөг 73 мөнгө, лимит хэтрүүлсэн хүү 9.399 төгрөг 24 мөнгө байх тул гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлсөн 6.315.000 төгрөгөөс хасч, үлдэх 5.667.282 төгрөг 03 мөнгийг зарцуулсан 7.667.340 төгрөгөөс хасч тооцоход картын үндсэн зээлд 2.010.057 төгрөг 97 мөнгийг дутуу төлсөн байна.

Үүнээс сарын 2%-ийн хүүг 19 сараар тооцоход 763.822 төгрөг 03 мөнгө, лимит хэтэрсэн 10.057 төгрөг 97 мөнгөнөөс сарын 2%-иар 19 сараар тооцоход 3.822 төгрөг 03 мөнгө шаардах эрхтэй байна.

Дээрхийг үндэслэн үндсэн зээл 2.010.057 төгрөг 97 мөнгө, үндсэн хүү 763.822 төгрөг 03 мөнгө, лимит хэтрүүлсний хүү 3.822 төгрөг 03 мөнгө, нийт 2.777.702 төгрөг 03 мөнгийг хариуцагч *-аас гаргуулж, нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 822.919 төгрөг 67 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангадсан дүнд тохиох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *-аас 2.777.702 төгрөг 03 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 822.919 төгрөг 67 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.559 төгрөг 95 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59.393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйн дурдсугай.

 

 

 

 

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ