Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00483

 

ГБХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/00153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГБХХК-ийн хариуцагч Б.Цт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 600 621.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Ц нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай КР170131019 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсны 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай кредит картын эрх авсан. Зээлдэгч нь 2020 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 20 сарын хугацаа хэтрүүлэн, бэлэн бус гүйлгээний төлбөрт 2 078 895. 47 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 823 057.47 төгрөг, лимит хэтрүүлсэний төлбөрийн хүү 282 238.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 416 429.91 төгрөг, нийт 3 600 621.70 төгрөг төлөөгүй тул, улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Б.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай кредит картын 2 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үндсэн хүү 707 618.82 төгрөг төлөхөөс 562 660 төгрөг төлж, үлдэгдэл 144 958 төгрөг байна. Хугацаа хэтрүүлсэн хүүг яаж тооцсоныг мэдэхгүй байна. 823 000 төгрөг нь кредит картын хугацаа дууссанаас хойш тооцсон юм уу. Хариуцагчийн тооцооллоор 144 958 төгрөгийн үндсэн хүү төлөгдөөгүй байгаа. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 280 000 төгрөгийн орлого хийсэн. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 5 717 340 төгрөг хэрэглэсэн. Дунджаар 562 000 төгрөгийн хүүг аваагүй үлдээсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс картны хугацаа дуусах хүртэл хүү 707 618 төгрөг болно. 562 000 төгрөг үлдсэн учир үндсэн хүүгийн төлбөрт 144 000 төгрөг үлдэнэ. Мөн зээлийн гэрээнд эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэж 2 удаа бодсон байна. Хариуцагч нь 2 263 230 төгрөг төлөх үүрэгтэй, 1 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг төлөхгүй. Үндсэн зээл 1 925 000 төгрөгийг хэрэглэсэн. 78 000 төгрөг яаж гаргаж ирснийг ойлгохгүй байгаад хүлээн зөвшөөрнө. 144 958 төгрөгийн үндсэн хүү, 144 958 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 28 991 төгрөг, лимит хэтрүүлсэн хүү 9 399. 20 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 987.38 төгрөг, нийт 2 263 230 төгрөг болно гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Цаас 2.777.702 төгрөг 03 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч ГБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 822.919 төгрөг 67 мөнгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.559 төгрөг 95 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59.393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Кредит картын гэрээний хугацаа 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байсан. Гэрээний хугацааг сунгаагүй байхад хугацаа хэтэрсний хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Кредит карт ашиглаж байсан хугацааныхаа үндсэн хүүгийн төлбөр, лимит хэтрүүлсэн хүүний төлбөр болох 2 263 220 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин үлдэгдэл 514 427 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ГБХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан үндсэн зээл 2 078 895.47 төгрөг, зээлийн хүү 823 057.47 төгрөг, лимит хэтрүүлсэн хүү 282 238.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 416 429.91 төгрөг, нийт 3 600 621.70 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 2 263 220 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэргийн нөхцөл байдлыг нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан дүгнэж үзээгүйгээс хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг буруу тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хариуцагчийн гүйцэтгэх төлбөрийн дүнг тогтоов.

 

Талууд 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан, 2 000 000 төгрөг бэлэн бус гүйлгээний сарын 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцож хариуцагч нь уг картнаас 7 677 340 төгрөг зарцуулж, 6 315 000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх6-8/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөрийн хэмжээнд маргаж байна.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний 5.2.1-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг бөгөөд гэрээний 2.1-д зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байна гэх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасанд нийцээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь урьдчилан тогтоосон нөхцөл бүхий Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Хэдийгээр талууд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг гэрээнд тусгасан ч энэ нь хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх талаар мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан. Иймд зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлд 2 010 057.97 төгрөг, зээлийн хүүд 763 822.03 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч зээлийн эрх хэтрүүлсэн хүүд 3 822.03 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1 дэх хэсгийн зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 2 хувийн нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон тохиролцоог үндэслэн нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн хэмжээг гэрээнд заан хүүг урьдчилан тохиролцсон атлаа зээлийн хэмжээ хэтэрсэн гэж хүүг өөрөөр тогтоосон нь хариуцлага буюу нэмэлт үүрэг тогтоосон шинжтэй байна. Зээлдүүлэгч 2 000 000 төгрөгийн зээлийн эрхийн зарцуулалтыг хянах байтал зээлдэгчид эрх хэтрүүлэн ашиглах боломж олгосон нь нэхэмжлэгчийн буруу тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 2 010 057 төгрөг, зээлийн хүү 763 822 төгрөг /2 010 057*2%*19 сар/, нийт 2 773 879 төгрөг төлөх болно. Хариуцагчийн хэтэрсэн хугацааны хүүгийн талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүх зээлийн үлдэгдлээс гэрээгээр тохирсон 24 сарын хугацаанд сар тутамд 2 хувиар хүү тооцоолон зээлийн хүүд нийт 763 822.03 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээт хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр зээлийн эрх хэтрүүлсний хүү 3 822.03 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчаас нийт 2 773 879 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/00153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2.777.702 төгрөг 03 мөнгө гэснийг 2 773 879 төгрөг гэж, 822.919 төгрөг 67 мөнгийг гэснийг 826 742 төгрөг гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 59.393 гэснийг 59 332 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 16 084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                    А.МӨНХЗУЛ